Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2022/00693

 

Б.Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дүгээр шийдвэр,   

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2020/19 дүгээр магадлалтай,

Б.Б гийн нэхэмжлэлтэй,

Б.М эд холбогдох,

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Б  нь Б.М эд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М ээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар хариуцагч Б.М ээс улсын тэмдэгтийн хураамжид 110,950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ө.Б ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ө.Б ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.М ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б  би Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дугаар шийдвэр, 2020.06.26-ны өдрийн 201/МА2020/19 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна.

Дорнод аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М ээс эрүүл мэндэд учирсан хохирол 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгуулахаар шийдвэрлэж байгаа нь буруу бөгөөд хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт зааснаар ...нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ заах ёстой юм. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гагцхүү Эвада гэх шүдний эмчийн тодорхойлолтыг анхан болон давж заалдах шатны шүүх нотолгооны эх үндсээ болгон хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй юм. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх үүнийг зөвтгүүлж дахин хэлэлцүүлэх анхан шатны шүүхэд буцаагаагүй алдааг гаргажээ. Тухайлбал ИХШХШТХ-ийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд 3 хүртэл иргэдийн төлөөлөгчийг оролцуулна. Мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн эрх үүрэг, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчдын эрх эдэлж үүрэг хүлээх боломжийг анхан шатны шүүхээс эдлүүлээгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэлгүй шийдвэр гаргахаас гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг хангаагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн явдалд гомдолтой байна. Мөн хариуцагчийн зүгээс хохирогч Б д 2,000,000 төгрөг төлж барагдуулж болно гэсэн учир түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд уг саналын хүрээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Б.Б  нь Б.М эд холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг ...Б.М эд зодуулснаас үүдэн талын 3 шүд булгарч унасан, унасан шүдийг эргүүлж тогтоох боломжгүй, инфлант шүд хийлгэх хүсэлтэй байгаа. ...шүдний эмнэлэгт үзүүлэхэд 3 шүдийг хамгийн багадаа 6,200,000 төгрөгөөр хийнэ гэсэн. ...эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад бид эвлэрч, хариуцагч нь эмчилгээний зардалд 6,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, уг мөнгийг гаргуулна... гэж тодорхойлсон байна.

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Эвада гэх шүдний эмчийн тодорхойлолтыг үндэслэн шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй, ...хариуцагчийн зүгээс хохирогч Б.Б д 2,000,000 төгрөг төлж ...нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой, иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.    

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.М  нь 2019.12.17-ны өдөр 23 цагийн орчим Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар баг, “SMS” ХХК-ийн ажилчдын байранд согтуугаар Э.Наранбаяр, Б.Б  нарыг зодож, Б.Б гийн биед ...зүүн дээд төвийн үүдэн шүдний хугарал, зүүн дээд захын үүдэн шүдний булгарал, зүүн дээд 3 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хөнгөн гэмтэл учирч, эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогджээ. /хх-ийн 3-9 тал/

11. Мөн зохигч эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад буюу 2020.01.07-ны өдөр төлбөр барагдуулах хэлцлийг бичгээр байгуулж, уг хэлцлээр Б.М  нь хохирогч Б.Б гийн эрүүл мэндэд учруулсан хохиролд буюу эмчилгээний зардлын төлбөрт 6,000,000 төгрөгийг 2020.01.24-ний дотор төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 2 тал/

12. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Б.Б д учирсан хохирлыг хариуцагч Б.М  хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагчаас нэхэмжилсэн гэм хорын хохирол болох хиймэл шүд хийлгэх зардалд 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1заасанд нийцжээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, ...давж заалдах шатны шүүх ...хуралдаанд оролцох боломжийг хангалгүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн... гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй, түүний давж заалдах шатны шүүхэд “...эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хуульд заасан журмын дагуу хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

14. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 138/ШШ2020/00531 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 201/МА2020/19 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.20-ны өдөр төлсөн нийт 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                        Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН