Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 182/2019/02944/И |
Дугаар | 001/ХТ2022/00688 |
Огноо | 2022-06-02 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2022/00688
Л.А гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00750 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1227 дугаар магадлалтай,
Л.А гийн нэхэмжлэлтэй,
О.М д холбогдох,
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 76,425,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А , түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч О.М д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 76,425,229 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00750 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч О.М аас 74,222,924 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,202,305 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар уг нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар О.М аас тэмдэгтийн хураамжид 529,064.62 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1227 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2020/00750 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “74,222,924” гэснийг “73,556,924” гэж, “2,202,305” гэснийг “2,868,305” гэж, 2 дахь заалтын “529,064.62” гэснийг “525,735” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 530,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Л.А гийн нэхэмжлэлтэй, О.М д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.09-ний өдрийн 182/ШШ2020/00750 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.08-ны өдрийн 1227 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь 2019.04 сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд МУ-д эмчилгээ хийлгэхэд 578,924 төгрөг, БНСУ-д явахад 2,202,305 төгрөг, БНСУ руу явах, буцах нислэгийн төлбөрт 2,619,400 төгрөг, зочид буудлын төлбөрт 3,729,600 төгрөг, хиймэл хөл хийлгэхэд 67,200,000 төгрөг, орчуулгын зардал 95,000 төгрөг, нийт 76,425,229 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж шүүхэд гаргасан нотлох баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахад учир дутагдалтай баримтууд байхад шүүх бүхэлд нь үнэлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь:
4.1. Л.А гийн 2019.04 сараас нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд МУ-д эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 578,924 төгрөгийн шаардлагын тухайд: Эмчилгээ хийлгэхэд зарцуулсан баримтуудын нийт үнийн дүн болох 578,924 төгрөгийн баримтууд нь нэхэмжлэгчийн эмчилгээнд зарцуулагдсан эм, тариа бусад зүйлийг авсан гэдгийг нотлох боломжтой баримтууд биш байсан. Тухайлбал: хавтаст хэргийн 14-27 дугаар талд авагдсан эмчилгээ хийлгэхэд зарцуулсан гэх нотлох баримтууд нь Л.А д зарцуулагдсан болох нь нотлогдвол уг баримтуудыг шүүх бүрэн үнэлэх ёстой. Хуульд зааснаар эдгээр баримтууд нь нэхэмжлэгчид хариуцагчаас гэм хор учруулсантай холбоотойгоор зарцуулагдсан зайлшгүй эмчилгээний зардалтай шалтгаант холбоотой байх ёстой боловч уг баримтуудаар энэ байдал нь хангалттай нотлогдоогүй. Уг баримтуудад тусгагдсан эм тариаг М ын гэм хор учруулсан үйлдэлтэй хамааралтайгаар нэхэмжлэгчид зайлшгүй хэрэглэгдэх ёстой зүйл байсныг нотлох шаардлага нь нэхэмжлэгчид байсан боловч үүнийг нотлох баримт байхгүй байсан. Ядаж л эмчийн жороор буюу зөвшөөрлөөр хэрэглэснийг нотлох баримт байхгүй байхад шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4.2. БНСУ руу явах, буцах нислэгийн төлбөрт нэхэмжилсэн 2,619,400 төгрөгийн тухайд: хавтаст хэргийн 62 дугаар талд 2,619,400 төгрөг онгоцны тийзний төлбөрт төлсөн баримт, мөн 63 дугаар талд онгоцны билет захиалсан хуудас зэрэг байсан. Хэргийн 64 дүгээр талд авагдсан тийз захиалсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан. Тийз захиалсан болон төлбөр төлсөн баримтаас харахад 2 хүний билетийг захиалсан байдаг. Иргэний хуулийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчид учруулсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэсэн байх тул хохирогчоос бусад этгээдийн онгоцны төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч Л.А болон тийзний төлбөрт бичигдсэн Л.Басан гэдэг хүнийг БНСУ руу тухайн үед явсан гэдгийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байсан. Тодруулбал нэхэмжлэгч нь БНСУ руу үнэхээр билет захиалсан хугацаанд явчихаад ирсэн үү гэдэг нь маргаангүй нотлогдож байх ёстой бөгөөд ганц билетийн төлбөр төлсөн, билет захиалсан хуудас зэргээр бол түүнийг гадагшаа явсныг нотлох боломж байхгүй гэж үзэж байна. Үнэхээр явсан эсэх нь, эмчилгээ хийлгэсэн эсэх нь эргэлзээгүй тогтоогдох ёстой. Гэтэл гадагшаа явсан нь нотлогдоогүй байхад билет захиалсан, мөн төлбөр төлсөн гэх баримтыг үндэслэж шаардлагыг хангасныг эс зөвшөөрч байна.
4.3. Хиймэл хөл хийлгэхэд гарсан 67,200,000 төгрөгийн тухайд: Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн хиймэл хөл хийлгэсэн гэдгийг нотлох 2 баримтыг хавсаргасан байсан. Үүнээс 29 дүгээр талд авагдсан хиймэл хөлний үнийн санал гэсэн баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй баримт тул үнэлэх боломжгүй, мөн үнийн санал нь шууд уг үнийг төлсөн гэх байдлыг нотлох баримт болохгүй. Хэргийн 31 дүгээр талд авагдсан протезийн төлбөрт 30,000,000 вон төлсөн гэх баримт байсан. Гэхдээ уг протезийн төлбөрт төлсөн гэсэн ганц баримтаар шууд хиймэл хөл хийлгүүлснийг нотлоход учир дутагдалтай бөгөөд ядахдаа БНСУ-ын эмнэлгээр хиймэл хөл хийлгэснийг тодорхойлсон өөр бусад баримтууд байх ёстой гэж үзэж байгаа. Мөн БНСУ руу хиймэл хөл хийлгэхээр явсан гэдэг нь бүрэн нотлогдоогүй байхад түүнтэй холбоотой бусад зардлыг шүүх шууд гаргаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй байхад шүүх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. О.М миний бие гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан асуудалд маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Харин хэрэгт цугларсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж байгаа баримтууд нь хохирогчид зарцуулагдсан зайлшгүй гарсан зардал гэдгийг хангалттай нотолж чадахгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн. Дээрх байдлаар нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага нь хангалттай нотлогдоогүй байхад эргэлзээ бүхий нотлох баримтуудыг шүүх үнэлж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир шүүхийн шийдвэр, магадлалыг хянаж, алдаанд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч О.М д холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 76,425,229 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...хүнд гэмтлийн улмаас хоёр хөлөө тайруулж, эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэн, сэтгэл зүйн болон эд хөрөнгийн хүнд хохирол амсаад байна. ...2019 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд Монгол улсад эмчлүүлсэн эм, тарианы төлбөрт 578,924 төгрөг, хиймэл хөл хийлгэсэн болон түүнтэй холбогдох зардалд 67,200,000 төгрөг, БНСУ руу явсан 2 талын онгоцны тийзний үнэд 2,619,400 төгрөг, БНСУ-д байрласан зочид буудлын хөлсөнд 3,729,600 төгрөг, хоол хүнсний зардалд 2,202,305 төгрөг, орчуулгын хөлсөнд 95,000 төгрөг төлж, нийт 76,425,229 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилнэ гэж тодорхойлсон.
8. Анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохиролд 74,222,924 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 2,202,305 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт “...хариуцагчаас хохиролд 73,556,924 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 2,868,305 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулсан байна.
9. Хоёр шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзлээ.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, .../-д/ хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Хуулийн энэ зохицуулалтаар бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсантай холбогдон гарсан бүх зардлыг хариуцан төлөх үүрэгтэй болно.
11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч О.М нь 2018.12.05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны хуучин эцсийн буудлын урд замд “Тоёота марк-2” маркийн, 48-40 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.2 дахь заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, хохирогч Л.А гийн биед хоёр талын дунд чөмөг, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, хоёр талын тахимны ард шарх, хоёр талын шилбэний арын судас мэдрэл шөрмөсний бүрэн тасрал, булчингийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулснаас хохирогч хоёр гуяны дунд хэсгээр тайрах мэс засал хийлгэжээ. Тодруулбал, хариуцагч О.М ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.А гийн биед хүнд гэмтэл учирч, эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг хариуцан төлөх үүрэгтэй байна.
12. Иймд хоёр шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгчийн эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхтэй холбогдон гарсан зардлын баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас гэм хорын хохиролд 73,556,924 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 2,868,305 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.
13. Харин анхан шатны шүүх нэхэмжилсэн төлбөрөөс, нэхэмжлэгчийн БНСУ-д байхдаа хэрэглэсэн хоол, хүнс, бараа бүтээгдэхүүнд зарцуулсан 2,202,305 төгрөгийн зардлыг эмчийн хяналт зааврын дагуу нэмэлт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн гэж үзэх боломжгүй гэж үзэн, мөн давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч БНСУ-д эмчилгээнд байхдаа зочид буудлын өрөө хөлсөлсөн, 5 хоногийн төлбөрт 666,000 төгрөг илүү нэхэмжилснийг шүүх харьцуулан үнэлээгүйг зөвтгөх боломжтой гэж дүгнэн, нэхэмжилсэн төлбөрөөс шүүхүүд нийт 2,868,305 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна.
14. Хариуцагчийн ...нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтууд түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангахад учир дутагдалтай байхад шүүх бүхэлд нь үнэлж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. ...Л.А гийн Монгол улсад эмчилгээ хийлгэхэд зарцуулсан 578,924 төгрөгийн баримтууд нь түүний эмчилгээнд зарцуулагдсан эм, тариа бусад зүйлийг авсан гэдгийг нотлох баримт биш байсан. ...БНСУ руу явах, буцах нислэгийн төлбөрт нэхэмжилсэн 2,619,400 төгрөгийн тухайд, ...нэхэмжлэгч Л.А болон тийзний төлбөрт бичигдсэн Л.Басан гэдэг хүнийг БНСУ руу явсан гэдгийг билетийн төлбөр төлсөн баримт, билет захиалсан хуудас зэргээр нотлох боломжгүй. ...хиймэл хөл хийлгэхэд гарсан 67,200,000 төгрөгийн тухайд, ...протезийн төлбөрт 30,000,000 вон төлсөн гэх ганц баримтаар хиймэл хөл хийлгүүлснийг нотлоход учир дутагдалтай, өөр бусад баримтууд байх ёстой... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
15. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1227 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.07.08-ны өдөр төлсөн 530,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН