Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 24

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:  180/2017/0026/Э                    
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  хаалттай хийсэн хуралдаанд
Шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга         Н.Болор-Уянга,
Улсын яллагч              Ч.Батбаяр,
Шүүгдэгч өмгөөлөгч         Ж.Батбаатар,Г.Дэлгэрцэцэг, Д.Оюунцэцэг
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын
хууль ёсны төлөөлөгч         М.Ган-Эрдэнэ,Б.Ундрах, М.Лхажав 
Насанд хүрээгүй шүүгдэгч    Н.Одбаяр, Б.Долгион, Л.Сумъяабазар нарыг оролцуулан

Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Одбаяр, Б.Долгион, Л.Сумъяабазар нарт холбогдох эрүүгийн 201623000297 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын  биеийн байцаалт
 1.Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургуулийн 9А ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А55-46 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, Хардал овогт Лхажавын Сумъяабазар (РД:СИ02261312),
2. Монгол улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хэрлэн сумын 4 дүгээр сургуулийн 8Б ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Холбооны 8 айлын  7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Орлой овогт Наранбаатарын Одбаяр (РД:СТ02262811),
3. Монгол улсын иргэн, 2002 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 9В ангид сурдаг, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сангийн аж ахуйн Т172-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Хоролдой овогт Бэхбаатарын Долгион (РД:СЮ02241615),
          Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд дурдсанаар)    
     Яллагдагч Л.Сумъяабазар нь:
1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн хороолол А60 дугаар байрны баруун талын авто зогсоолд байрлуулсан иргэн Б.Болор-Эрдэнийн 10-40 ХЭҮ улсын дугаартай хар саарал өнгийн “Субару” маркын автомашины зүүн талын буюу жолоочийн эсрэг талын толийг гараараа цохин хугалж 85.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
2. Мөн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороолол А57-22 тоотод байрлах иргэн С.Цогтжавхлангийн ажиллуулдаг өдөр өнжүүлэхийн цонхыг чулуугаар шидэн хагалж 200.000 төгрөгийг хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн.
Яллагдагч Н.Одбаяр нь:
1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А52 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан хохирогч Б.Ган-Эрдэнийн 24-24 ХЭҮ улсын дугаартай мөнгөлөн өнгийн “Toyoto-Premio” маркын автомашины баруун талын толийг хөлөөрөө өшиглөн хугалж 102.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
2. Мөн 2016 оны 9 дүгээр сард  Хэрлэн сумын 4 дүгээр баг А60 дугаар байрны баруун талын авто зогсоол дээр байрлуулсан хохирогч С.Жагдагийн эзэмшлийн 85-79 УБЧ улсын дугаартай “Мазда-Демо” маркийн автомашины баруун талын толийг хөлөөрөө өшиглөн хугалж 68.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
3. Мөн  2016 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэрийн байр болон А52 дугаар байрны голд байрлуулсан хохирогч Г.Амгалангийн 49-93 УНГ улсын дугаартай “Toyoto-Fielder” маркийн автомашины жолоочийн эсрэг талын толийг хөлөөрөө өшиглөн хугалж 297.500 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
4. Мөн 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А12-14 тоотод оршин суух иргэн Д.Алтансувдын гэрийн вакум цонхыг яллагдагч Б.Долгионы хамт чулуугаар шидэн хагалж 88.650 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн,
Яллагдагч Б.Долгион нь:
1. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А12-14 тоотод оршин суух иргэн Б.Алтансувдын гэрийн вакум цонхыг яллагдагч Н.Одбаярын хамт чулуугаар шидэн хагалж 88.650 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
2. Мөн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах А51 дүгээр байрны зүүн урд талын зогсоолд байрлуулсан Б.Мягмаржавын 74-85 УБИ улсын дугаартай “Toyoto-Raum” маркын машины 2 толийг хөлөөрөө өшиглөн хугалж 156.300 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
3. Мөн 2016 оны 9 дүгээр сарын эхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А51 дүгээр байранд байрлах Их Засаг их сургуулийн салбар сургууль болон VIP кино театрыг ажиллуулдаг хохирогч Д.Гэрэлтуяагийн хичээлийн танхимын цонхыг чулуугаар шидэн хагалж 94.308 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн, 
4. Мөн  2016 оны 9 сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг С80 дугаар байрны хойд талд буюу “Соёолж” худалдааны төвийн урд зогсоолд байрлуулсан хохирогч Б.Галбадрахын 53-25 УБЯ улсын дугаартай автомашины баруун талын толийг хөлөөрөө өшиглөн хагалж 200.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн,
5.Мөн 2016 оны 10 дугаар сарын дундуур Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А57 дугаар байрны урд талын зогсоол дээр байрлуулсан хохирогч Д.Ганбаярын 30-74 ХЭҮ улсын дугаартай “Тоёото-Приус-11” маркийн автомашины зүүн талын толийг хөлөөрөө өшиглөн хугалж 186.300 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд: 
Л.Сумъяабазарын холбогдсон хэрэгт: хохирогчоор Б.Болор-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: ... 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 07 цаг 40 минутын орчимд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд гэрээсээ гарахад миний “Субару” маркийн 10-49 ХЭҮ улсын дугаартай автомашины жолоочийн эсрэг талын хажуугийн толь сууриараа хугараад утсан дээрээ унжчихсан байдалтай байсан гэсэн  мэдүүлэг /1-р хх-ийн 53-55 тал/,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын эхээр Төгөлдөр-Онон, Сумъяабазар бид гурав сагс тоглочихоод Хэрлэн хорооллын дунд байж байтал Сумъяабазар Одбаяр, Сундуйжав хоёр машины толь хугалдаг, хэдүүлээ сонирхож үзье” гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр Хэрлэн хорооллын хамгийн зүүн талын хөндлөн байрны зүүн талын байрны зогсоол руу явсан. Би тэр 2-той явалгүй үлдсэн. Тэгээд  тэр 2 эргэж ирээд “бид 2 машины толь өшиглөөд толь нь утаснаасаа унжаад үлдсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 144-145 тал/,
Гэрч З.Эрдэнэ-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сард Сумъяабазар, Төгөлдөр-Онон, Санчир, Хонгор нарын хамт Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын сагсны талбай дээр сагс тоголчихоод хамт алхаад явахад Сумъяабазар нь А60 дугаар байрны машины зогсоол дээр байсан нэг машины толийг хугалчих шиг болсон, би яг хугалсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 164-165 тал/,
Яллагдагч Л.Сумъяабазарын мэдүүлэг “... 2016 оны 10 дугаар сарын эхээр би найзууд болох Төгөлдөр-Онон, Отгонбаяр ах нар болох Эрдэнэ-Очир, Хонгор нарын хамт сагсны талбайн урд талын 6-н давхарын урд шороон дээр тавиастай байсан машинууд дээр би очоод нэг машиных нь хажуугийн зүүн талын толийг гараараа цохиод хугалчихсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 194-198 тал/,
Хохирогчоор С.Цогтжавхлангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би өдөр өнжүүлэх дээрээ байж байхад манай өдөр өнжүүлэхийн зүүн талын вакум цонхыг хүн чулуугаар шидээд хагалчихсан, тэгэхээр нь би гараад харахад надад ямар нэгэн сэжигтэй хүн ажиглагдаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 112-114 тал/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Сумъяабазарыг яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ... 2016 оны 10 дугаар сард яг хэдний өдрийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрлэн хороололд байдаг. Ийм алдаа гаргасандаа харамсаж гэмшиж байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198 тал/, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Сумъяабазараас хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 129-130 тал/, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаярын холбогдсон хэрэгт: хохирогчоор Б.Ган-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр А52 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан машин дээрээ очиход миний 24-24 ХЭҮ улсын дугаартай “Тоёото-Премио” маркын машины жолоочийн талын толийг хугалаад унжуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62 тал/, Насанд хүрээгүй шүүгдэгч  Н.Одбаярыг мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сард хэдний өдөр болохыг нь санахгүй байна. А52 дугаар байрны машины зогсоол дээр байсан “Верна” машины маркыг андуурсан байж магадгүй маркын автомашины баруун талын толийг хөлөөрөө өшиглөхөд уг толь нь эвхэгдчихсэн юм, би уг толийг яг хугалсан эсэхээ сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 223-224 тал/, 
 Хохирогч С.Жагдагийн мөрдөн байцаалтанд өгсөн : ... 2016 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна, өөрийн оршин суудаг А60 дугаар байрны зогсоол дээр байрлуулсан 85-79 УБЧ улсын дугаартай “Мазда-Демо” маркын машины баруун талын буюу жолооч талын хажуугийн толийг сууриар нь хугалчихсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 130-131 тал/, 
 Гэрч Б.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сард шиг санагдаж байна А/60 дугаар байрны баруун талын машины зогсоол дээр байсан цагаан өнгийн Мазда-Демо маркын машины баруун талын толийг манай найз Одбаяр хөлөөрөө өшиглөж хугалсан...” гэсэн  мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 тал/, 
Гэрч Х.Мөнгөлжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сард миний таньдаг Одбаяр гэх хүүхэд А/60 дугаар байрны зогсоол дээр байсан Мазда-Демо маркийн автомашины баруун талын толийг хөлөөрөө өшиглөж хугалж байхын би холоос харсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-151 тал/,
Гэрч О.Ханбүргэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Миний таньдаг Одбаяр гэх хүүхэд Хэрлэн сумын 4 дүгээр баг  А/60 дугаар байрны баруун талын зогсоол дээр байсан цагаан өнгийн Мазда маркийн машины хажуугийн толийг хөлөөрөө өшиглөөд хугалчихсан. Би яг аль талын толь болохыг нь одоо санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 тал/, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаярыг мөрдөн байцаалтанд өгсөн:  ...2016 оны 9 дүгээр сард найзууд болох Эрдэнэ-Очир, Ханбүргэд, Сундуйжав, Сумъяабазар нарын хамт гадуур явж байгаад А/60 дугаар байрны баруун талын автомашины зогсоол дээр байсан цагаан өнгийн “Мазда-Демо” маркийн автомашины баруун талын толийг нь өшиглөөд хугалчихсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 224-225 тал/, 
Хохирогч Г.Амгалангийн мөрдөн байцаалтанд өгсөн: ..2016 оны 10 дугаар сарын 1-ны өдөр өөрийн оршин суудаг А52 дугаар байрны хажууд 49-93 УНГ улсын дугаартай “Toyoto-Fielder” маркийн машинаа байрлуулчихаад орой нь машин дээрээ очиход миний машины жолоочийн эсрэг талын толийг сууриар нь хугалаад унжуулаад хаячихсан байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74 тал/,
А.Жанчивын сэжигтэн өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг Шүүхийн шийдвэрийн байр болон А52 дугаар байрны голд байсан “Тоёото-Филдэр” маркийн автомашин байхаар нь манай найз Одбаяр уг машины жолоочийн эсрэг талын хажуугийн толийг хөлөөрөө өшиглөн хугалсан… гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 214 тал/, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:  ..2016 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Мустафа, Сумъяабазар, Жанчив, Ханбүргэд, Сундуйжав нарын хамт сагс тоглож дуусаад явж байгаад А52 дугаар байрны голд байсан Тоёото-Королла Филдэр маркийн машины жолоочийн эсрэг талын толийг нь би хөлөөрөө өшиглөөд хугалсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 225 тал/,
Хохирогч Д.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг, А12-14 тоотод оршин суудаг. Манайх нэг давхарт байдаг юм. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр 20 цагийн үед намайг ажил дээр байж байхад манай нөхөр над руу залгаад манай том өрөөний баруун тийшээ харсан вакум цонхыг маань давхараар нь хүүхдүүд чулуу шидээд хагалчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-109 тал/,
Сэжигтэн Б.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сард танил болох Одбаярын хамт ойролцоогоор 20-21 цагийн үед гадуур явж байгаад Г шар байрны урд талын давхарын цонх руу би газраас чулуу аваад шидэж хагалсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242 тал/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ..2016 оны 9 дүгээр сард Хэрлэн сумын 4 дүгээр баг Гшар байрны 1 давхарын айлын цонхыг найз Долгионы хамт хагалсан, бид хоёр чулуу шидээд хагалсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 228 тал/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Долгионы холбогдсон хэрэгт: хохирогчоор Д.Алтансувдын мөрдөн байцаалтанд өгсөн: Би Хэрлэн сумын 4 дүгээр баг, А12-14 тоотод оршин суудаг. Манайх нэг давхарт байдаг юм. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр 20 цагийн үед намайг ажил дээрэ байж байхад манай нөхөр надруу залгаад манай том өрөөний баруун тийшээ харсан вакум цонхыг маань давхараар нь хүүхдүүд чулуу шидээд хагалчихлаа гэж хэлсэн. Нөхөр бид хоёр цагдаад энэ талаар мэдэгдээгүй өнгөрсөн. Тухайн үед хүүхдүүд чулуу шидээд хагалчихлаа л гэж бодоод өнгөрсөн. Хагарсан цонхоо 150,000 төгрөгөөр үнэлнэ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 107-108 тал/. 
Гэрч Б.Сундуйжавын мөрдөн байцаалтанд өгсөн...2016 оны 9 дүгээр сард миний найз болох Долгион нь Г шар байрны А/12 дугаар байрны 1 давхарын цонхыг чулуу шидээд хагалчихсан, би уг айлыг хэнийх болохыг нь сайн хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 148-149 тал/,
Гэрч О.Ханбүргэдийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сард Г шар байрны орчмоор явж байхад Долгион нь газраас чулуу аваад Г шар байрны урд талын 1 давхарын айлын цонхийг хагалчихсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 тал/,
Сэжигтэн Ж.Мустафагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Г-шар байрны 1 давхарын хойд талын цонхийг Долгион чулуугаар шидэж хагалсан, энэ үед Сундуйжав, Сумъяа, Ханбүргэд, Одбаяр нар байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 234 тал/,
Хохирогч Б.Мягмаржавын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн оршин суудаг А51 дүгээр байрны зүүн урд талд өөрийн 74-85 УБИ дугаартай машинаа байрлуулчихаад маргааш өглөө нь хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд гэрээсээ гараад машиндаа суутал машины хоёр хажуугийн толийг сууриар нь хугалаад утсан дээр нь санжигнуулаад орхичихсон байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Долгионыг мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчим найзууд болох Сумъяабазар, Жанчив, танилууд болох Ханбүргэд, Одбаяр, Сундуйжав нарын хамтаар гадуур явж байгаад Их Засаг их сургуулийн зүүн талын зогсоолын урд талын шороон дээр байсан “Raum” маркийн нэг машин зогсож байхаар нь уг автомашины баруун талын толийг хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 242 тал/,
Хохирогч Д.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороололын А51 дүгээр байранд байрлах Их Засаг их сургуулийн Хэнтий аймаг дахь салбар сургуулийг хариуцан ажиллуулдаг юм. Мөн хажуугаар нь уг байранд VIP кино театрыг ажиллуулдаг. 2016 оны 9 дүгээр сарын эхээр манай хичээлийн танхимын 2 өрөөний урд талын 2 том, 1 жижиг цонхыг дангаар нь хагалчихсан байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 126-127 тал/,
Гэрч О.Ханбүргэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Долгион 2016 оны 9 дүгээр сард яг хэдний өдөр болохыг сайн хэлж мэдэхгүй байна. ИЗИС-н салбар болох  VIP кино театртай байрны урд талын хэдэн цонхыг чулуу шидээд хагалж байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 160-161 тал/,
Сэжигтнээр Ж.Мустафаг мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын сүүлээр  Хэрлэн хорооллын А51 дүгээр байранд байрлах Их Засаг их сургуулийн кино театрын урд талын цонхыг Долгион чулуугаар шидэж хагалсан, энэ үед Ханбүргэд, Жанчив, Отгонмөнх, Сундуйжав нар байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 234 тал/, 
Сэжигтнээр Б.Долгионы өгсөн “...2016 оны 9 дүгээр сард 21 цагийн үед найзууд болох Мустафа, Жанчив, Сумъяабазар танил болох Сундуйжав, Сайнболд нарын хамт явж байгаад Хэрлэн хорооллын VIP кино театрын урд талын зүүн талаасаа 2 дахь цонхыг газраас чулуу авч шидэж хагалсан, тэгээд бид нар зугтаад яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 242 тал/, 
.Хохирогч Б.Галбадрахыг мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 9 дүгээр сард Хэрлэн сумын 3 дугаар баг С80 дугаар байрны хойд талд буюу “Соёолж” худалдааны төвийн урд өөрийн 53-25 УБЯ улсын дугаартай автомашинаа байрлуулж тавьчихаад 20-21 цагийн үед гарч ирээд машиндаа суух гэтэл миний машины баруун талын толь буюу жолооч талын хажуугийн толийг сууриар нь хугалаад унжуулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 66-71 тал/,
Сэжигтэн Б.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сард найз болох Жанчив танилууд болох Одбаяр, Сайнболд нарын хамтаар ойролцоогоор 21 цагийн үед гадуур явж байгаад “Соёолж” худалдааны төвийн урд нэг жижиг суудлийн автомашин зогсож байхаар нь Одбаяр бид хоёр зүүн, баруун талын толийг нь хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 243 тал/,
Хохирогч Д.Ганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын дундуур Хэрлэн хорооллын А/57 дугаар байрны урд талын зогсоол дээр автомашинаа байрлуулж тавьчихаад маргааш нь машинаа  анзаарч харахад миний 30-47 ХЭҮ улсын дугаартай “Приус-11” маркийн автомашины жолоочийн эсрэг талын хажуугийн толийг сууриар нь хугалаад унжуулаад хаячихсан байсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90 тал/, 
Сэжигтэн Б.Долгионы мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын дундуур найз болох Сумъяабазар танил болох Одбаяр нарын хамт 21 цагийн үед Хэрлэн хороололын А/57 дугаар байрны урд талын зогсоол дээр байсан саарал өнгийн Приус-11 маркын автомашины зүүн талын толийг хөлөөрөө өшиглөж хугалсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 243 тал/,
Хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 125, 128, 130, 131 тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд: Автомашиныг толийг хугалсан байдлыг харуулсан тухай /1-р хх-ийн 13-17 тал/, 
Эд зүйлийн үнэлгээ 1-р хавтас хэргийн 71, 57-59, 51, 76, 81,, 88-89, 95-96, 128, 115, 105 тал/, 
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 
Хэнтий аймаг, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс шүүхэд хандан ирүүлсэн хүсэлт , 
Хохирогч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тухай баримтууд зэрэг болно. 
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаяр, Б.Долгион, Л.Сумъяабазар нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар утсгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл халдаах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 
Насанд хүрээгүй шүүгдэгч Л.Сумъяабазар 2 удаагийн үйлдлээр, насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаяр 4 удаагийн үйлдлээр, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Долгион 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг буюу автомашины толийг хөлөөрөө өшиглөн хагалж, орон сууцны цонхны шилийг чулуу шидэн хагалсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон насанд хүрээгүй шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна гэж шүүх үзлээ. 
Гэмт хэрэг үйлдэгдэн гарахад  насанд хүрээгүй шүүгдэгч нарын эцэг эхийн хараа хяналт муу, хүмүүжилгүй зан байдал нөлөөлсөн ба тэдгээр нь уг гэмт хэргийг өш хонзон болон шунахайн зорилгоор үйлдэгдээгүй байна гэж шүүх үзэв. 
Иймээс шүүх насанд хүрээгүй шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол, хор уршиг арилсан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт засарч хүмүүжихийг даалган, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан албадлагын арга хэмжээг ялгамжтай оногдуулах нь зүйтэй. 
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид болох М.Ган-Эрдэнэ, Б.Ундрах, М.Лхажав нар нь цаашид хүүхдийнхээ зан байдал, хүмүүжилд илүүтэйгээр анхаарч, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй, хараа хяналтандаа бүрэн байлгаж чадахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүх насанд хүрээгүй шүүгдэгч нарыг эцэг, эхийн хараа хяналтанд өгч ял оногдуулахгүй байх нь зохистой байна. 
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 301, 303, 374 дүгээр зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      
ТОГТООХ НЬ:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Хардал овогт Лхажавын Сумъяабазар, Орлой овогт Наранбаатарын Одбаяр, Хоролдой овогт Бэхбаатарын Долгион нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Л.Сумъяабазарыг 06 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, эцэг М.Лхажавын хяналтанд, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Одбаярыг 08 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж эх М.Ган-Эрдэний хяналтанд, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Долгионыг 08 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж эх Б.Ундрахын хяналтанд тус тус байлгасугай. 
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй ба  тэдгээрийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Одбаяр, Б.Долгион, Л.Сумъяабазар нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                            


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА