Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 34

 

Б.Н-, М.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0026/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.А- нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Г.Уянга

Хохирогчийн өмгөөлөгч               Р.Лхамсүрэн

Шүүгдэгч                                       М.Г-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Эрдэнэбаатар

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолтой Б-гийн Н-, М-ын Г- нарт холбогдох, 1918000000559 дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.А-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1., 239 дүгээр зүйлийн 239.3.д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3.т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-гийн Н-,

-Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ********** регистрийн дугаартай, О- овогт М-ын Г-.

Шүүгдэгч Б.Н- нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Төрийн банкны хойд хэсэгт автобусны буудал дээр иргэн М.Г-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан,

-мөн согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар байрны ** тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Н.Н-ийг зодож эрүүл мэндэд нь доод эрүүний хоёрлосон хугарал, нүүрний шарх, нүүр, зүүн гуя, ташаа, хонго, баруун гуя, нурууны баруун тал, зүүн бугуй, сарвуу, баруун гарын шууны зөөлөн эдийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.Г- нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Төрийн банкны хойд хэсэгт автобусны буудал дээр иргэн Б.Н-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь дух, дээд уруулд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- овогт Б-гийн Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан,

-мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч О- овогт М-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н-ыг хоёр жилийн хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Н-, М.Г- нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3., 7.3 дугаар зүйлийн 2.3., 2.5.д зааснаар шүүгдэгч Б.Н-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Н- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Н-, М.Г- нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр нэг зуун мянган төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Н-, М.Г- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Хохирогч М.Г- нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.д зааснаар шүүгдэгч Б.Н-, М.Г- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогооны тагны төмөр хүрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-, М.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.т заасан “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргээс гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан агуулгатай нийцээгүй буюу ял хөнгөдсөн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Шүүгдэгч Б.Н- нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр М.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар хүү А.А-, эхнэр Н.Н- нарыг зодож, Н.Н-ийн эрүүл мэндэд “доод эрүүний хоёрлосон хугарал, нүүрний шарх, нүүр, зүүн гуя, ташаа, хонго, баруун гуя, нурууны баруун тал, зүүн бугуй, сарвуу, баруун гарын шууны зөөлөн эдийн цус хуралт” гэх хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2.т зааснаар “ ... нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” буюу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцогдож байхад, мөн шүүгдэгч нь урьд бусдын эрх, эрх чөлөөнд халдаж, шүүхээр 2 удаа хорих ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэлгүйгээр шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй. Шүүх шүүгдэгч Б.Н-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж эсэргүүцэл бичсэн. Мөн шүүгдэгч Б.Н- нь нэг бүлэгт заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн, урьд ял шийтгүүлж байсан зэрэг хувийн байдлыг харгалзаж үзээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:

Прокурорын гаргасан эсэргүүцэлтэй танилцлаа. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах юм. Одоо ялтай байдал гэдэг зүйлийг Эрүүгийн хуулиас хассан. Хохирогчийн хувьд одоо эдгэрсэн, ямар нэгэн гомдол гэдгээ мэдэгдсэн байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Г- тайлбартаа:

Миний бие шүүгдэгч Б.Н-аас эмчилгээний зардлаа гаргуулж авах саналтай гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн тайлбартаа:

Миний бие хохирогчийн өмгөөлөгч хэдий шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгчийн хувьд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. Урьд ял шийтгэл эдлэж байсан гэдэг зүйлийг одоо ярих буруу. Улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг дэмжихгүй байна. Иймд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж өгнө үү гомдолгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Н-, М.Г- нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзвэл:

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Н-ыг согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Төрийн банкны хойд талд автобусны буудал дээр иргэн М.Г-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, доод эрүүнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан,

-мөн согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 13 дугаар байрны 58 тоотод гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Н.Н-ийг зодож, эрүүл мэндэд нь доод эрүүний хоёрлосон хугарал, нүүрний шарх, нүүр, зүүн гуя, ташаа, хонго, баруун гуя, нурууны баруун тал, зүүн бугуй, сарвуу, баруун гарын шууны зөөлөн эдийн цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт.,

-Шүүгдэгч М.Г-ийг согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах Төрийн банкны хойд хэсэгт байрлах автобусны буудал дээр иргэн Б.Н-тай харилцан зодолдож эрүүл мэндэд нь дух, дээд уруулд шарх, дагзны хуйх, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамар, баруун гуяны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1.д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Н-, М.Г- нарт тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийдвэрлэжээ

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Б.Н-, М.Г- нарын үйлдэл  нь тэдний өөрсдийн мэдүүлгээс гадна хохирогч Н.Н-, насанд хүрээгүй гэрч А.А- нарын мэдүүлэг, хохирогч Н.Н-ийн биед шинжилгээ хийсэн Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019-11-25-ны өдрийн 1000 дугаар дүгнэлт /х.х-ийн 34-р хуудас/, шүүгдэгч Б.Н- болон М.Г-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 895., 890 дугаартай дүгнэлтүүд /х.х-ийн 89, 96-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 5, 64-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /х.х-ийн 7, 8, 10, 65-р хуудас/, аюулын зэргийн үнэлгээ /х.х-ийн 15-р хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Мөн шүүх шүүгдэгч М.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  түүнд  500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь  үйлдсэн хэргийн шинж байдалд тохирчээ.

Харин шүүгдэгч Б.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1., мөн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.д заасныг зөрчиж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн  зүйл,  хэсэг, заалтыг буруу  тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ М.Г- нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө Б.Н-т зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хамар, доод эрүүнд цус хуралт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба түүний биед хөнгөн гэмтэл учирсан гэхэд эргэлзээтэй, энэ гэмтлүүд нь үйл баримт болсноос хойш өдий хүртэл 6 сарын хугацаанд бүрэн эдгэрээгүй, улмаар хамрандаа мэс ажилбар хийлгэсэн, цаашид дахин эмчлүүлэх шаардлагатай талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласныг хэрэг хянан шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй.  

Шүүгдэгч Б.Н- нь урьд 2000, 2003 онуудад шүүхээр 2 удаа хорих ял шийтгүүлсэн байх боловч ялаа бүрэн эдэлж дууссан, гэмт хэрэг үйлдсэнээс хойш 17 жил өнгөрсөн байхад прокурор эсэргүүцэлдээ энэ хувийн байдлыг ял оногдуулахдаа анхаараагүй, ял хөнгөдсөн гэсэн нь үндэслэлгүй, харин эсэргүүцлийн...шүүгдэгч  Б.Н- нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2.т зааснаар... Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн..., хэргийг дахин хэлэлцүүлэх... гэснийг хүлээн авах үндэслэлтэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.,   39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,             шүүгдэгч М.Г-, Б.Н- нарт холбогдох, 1918000000559 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

            2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Г-, Б.Н- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

4.Давж заалдах шатны шүүхийн мгадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                             ШҮҮГЧИД                                   Ц.ТУЯА

                                                                                                                 Ц.АМАРЖАРГАЛ