Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02099

 

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/02099

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо  тоотод оршин суух С Б /РД:УХ67121117, утасны дугаар: 99051854/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо тоотод оршин суух Г Э /РД:**, утасны дугаар: **/

 

7,256,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А

                             хариуцагчийн төлөөлөгч К.С

                             нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т А нь нэхэмжлэгч С.Бгаас 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр олгогдсон итгэмжлэлийн дагуу хариуцагч Г.Эт холбогдох иргэний маргаанд дараах нэхэмжлэлийг гаргаж байна С.Б нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр, Хар нүдэн гэх газарт улаан буудайн тариалан эрхэлдэг бөгөөд 2016 оны 8 дугаар сард Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн үр тариа хураах зориулалт бүхий комбайныг 9,000,000 төгрөгөөр иргэн Г.Эын удаа дараагийн хүсэлтээр худалдаж, шилжүүлэн өгсөн байдаг. Г.Эаас С.Бд ердөө 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд комбайны үнээс 6,500,000 төгрөг одоогоор төлөгдөөгүй байгаа болно. Тухайн үед комбайныг авч явахдаа Г.Э нь комбайныг Архангай аймаг руу өөрөөр нь /тээвэрлэж биш/ явуулж хүргэсэн бөгөөд замын холд эвдрэл гэмтэл гарч магадгүй гэж үзэн С.Б өөрт байсан шинэ сэлбэг болох явах ремин /вариатирын ремин/-ээс хоёр ширхэгийг Г.Эын эзэмшилд шилжүүлэн өгч явуулсан бөгөөд замдаа эвдэрч гэмтээгүй тул уг сэлбэгийг буцааж өгөх ёстой байсан хэдий ч буцаан өгөөгүй. Мөн тухайн үед комбайныг авч явахдаа Г.Э нь С. Бгаас 320 литр түлш зээлж авч явсан бөгөөд одоо хүртэл уг түлшний мөнгийг эргүүлэн өгөөгүй Төлөх ёстой комбайны үнэ болон эзэмшилд нь түр зуур шилжүүлсэн сэлбэг, зээлж авсан түлшний мөнгө зэргийг төлөлгүй маш их цаг хугацаа авсан тул тухайн үйл баримтыг Эрүүгийн хуульд заасан залилангийн үйлдэл хийж байна гэж үзэн Г.Б 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Эрдэмбилэг хянаж, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр дугаар 5/49 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол үйлдсэн. Энэхүү тогтоолд Г.Э нь комбайныг худалдаж авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрөн, комбайны үнийг төлж барагдуулаагүй байгаа тухай мэдүүлэг, мөн тогтоолын тогтоох хэсгийн 2-т төлбөр барагдуулах талаарх ажиллагааг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй тухай тус тус дурьджээ. Иймээс дээрх төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хандаж байна. Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Г.Эын худалдан авсан комбайны үнийн үлдэгдэл төлбөр болох 6,500,000 төгрөг, Монгол Улсын Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн тухайн үед хариуцагч Г.Э нэхэмжлэгч С.Бгаас 320 литр түлш зээлсэн үнэ 576,000 төгрөг, Монгол улсын Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэн Г.Эын эзэмшилд түр шилжүүлсэн сэлбэг болох явах ремин 2 ширхэгийг, эсвэл уг сэлбэгийг үнэ болох 180, 000 төгрөг нийт 7,256,000 төгрөгийг Г.Эаас гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 сард Г.Э нь С.Бгаас комбайныг худалдан авч явсан. Худалдан авч явах үедээ комбайныг ачиж яваагүй өөрөөр нь авч явсан бөгөөд 300,000 төгрөгийн түлш зээлж авсан, мөн 2 ширхэг ремэн сэлбэгэнд авъя гээд авч явсан. 2018 онд 1 сард 1,000,000 төгрөг, 2018 оны 11 сард 1,500,000 төгрөг төлсөн байдаг. Ингээд мөнгөө өгөхгүй болохоор нь цагдаад 2019 оны 4 дүгээр сард хандсан боловч 2019 оны 8 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Энэ үйл баримтын дагуу иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас комбайн үнийн үлдэгдэл 6,500,000 төгрөг, зээлж авсан түлшний үнэ 576,000 төгрөг, 2 ширхэг ремэний үнэ 180,000 төгрөг нийт 7,256,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч К.Султанбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 8 сард Г.Э нь Хөтөлд явж байхдаа тэр комбайныг худалдаж авахаар хоорондоо ярилцаж байгаад тохиролцож үнийг боломжоороо төлж бай гэсэн байдаг. Харин түлш болон ремэнийг нэхэмжлэгч би өөрөө өгнө гээд өгсөн байдаг юм. 2018 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2018 оны 11 сард 1,500,000 төгрөг, 2019 онд 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 3,500,000 төгрөг шилжүүлчихлээ бичиг баримтаа бүрдүүлээд аваад ирээч гэхэд цагдаагийн байгууллагад хандсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 15-нд хандсан боловч прокурорын тогтоол гарсан. Нотлох баримт байхгүй, юу өгч авалцсан нь мэдэгдэхгүй болохоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би С.Бтай утсаар яриад бичиг баримтаа аваад ирээч тэгвэл үнэлгээнд оруулъя гэхэд юун бичиг баримт юу яриад байгаа юм гэдэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар ‘’Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Тээврийн хэрэгслийн бичиг баримт нь ирээгүй болохоор бид нар ямар машин техник хэрэгсэл худалдаж авсан гэдгээ үнэлүүлэх боломжгүй болсон. Манай хүсэлтээр Автотээврийн үндэсний газраас тодорхойлолт ирүүлсэн байгаа, хөдөө аж ахуйн техник хэрэгсэл нь өөрөө явагч тээврийн хэрэгсэлд хамаарна, техникийн гэрчилгээтэй байх ёстой гэсэн байна. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй, гэрчилгээгээ өгөөгүй болохоор манайх энэ комбайныг буцааж өгье гэсэн байр суурьтай байна. Дараа нь хулгайн эд зүйл болох юм уу ямар ч тодорхойлох зүйл байхгүй. Хүн эхээс төрөхдөө гэрчилгээ авдаг, үл хөдлөх хөрөнгө мөн адил гэрчилгээтэй байдаг үүнтэй адил техник хэрэгсэл ч мөн адил гэрчилгээтэй байх ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Г.Эт холбогдуулан комбайны үлдэгдэл төлбөр 6,500,000 төгрөг, зээлээр авсан 320 литр түлшний үнэ 576,000 төгрөг, сэлбэгийн үнэ 180,000 төгрөг, нийт 7,256,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Г.Э нь үр тариа хураах зориулалт бүхий комбайныг нэхэмжлэгч С.Бгаас 9,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, тухайн эд хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад зохигч маргахгүй байна. Иймд дээрх гэрээний агуулга,нөхцөл, шинж, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Энэхүү гэрээний үүргээ нэхэмжлэгчийг зохих ёсоор биелүүлээгүй буюу комбайны тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй /улсын бүртгэлд бүртгүүлээгүй/ үндэслэлээр хариуцагч гэрээнээс татгалзаж байх ба түлш болон сэлбэгийг зээлээр аваагүй, нэхэмжлэгч өөрөө өгсөн гэж маргав.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Дээрх комбайныг хариуцагчид шилжүүлэх үед улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу улсын дугаар аваагүй байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Автотээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь комбайныг улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол түүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ шаардах үндэслэлгүй бөгөөд дээрх хууль болон   Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд заасны дагуу холбогдох баримтыг бүрдүүлж бүртгүүлнэ. Энэхүү бүртгэлийг зохигчийн хэн аль нь хийлгэх боломжтой. Иймд Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгийг шилжүүлж, Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт зааснаар комбайныг өмчлөх эрх хариуцагчид үүсжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгчийг биелүүлсэн гэж үзэх бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ өгөөгүй үндэслэлээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзах, гэрээнээс татгалзах эрхгүй байна. Хариуцагч нь гэрээний төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн болохоо нотлох үүргээ биелүүлээгүй тул гэрээний үнэд хариуцагчийг 2,500,000 төгрөг төлсөн гэж үзэв. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагчаас 6,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин сэлбэг болон түлшийг хариуцагчид зээлээр өгсөн болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул тэдгээрийн үнийг хариуцагчийг төлөх үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлээс 756,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Барнууд овогт Гансэлэмийн Эаас 6,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цанжид овогт Сүрьеэгийн Бд олгож, нэхэмжлэлээс 756,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,046 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.ГАНДИЙМАА