Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00952

 

 

 

 

 2022          10           20                                          001/ХТ2022/00952

 

... гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02099 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1920 дугаар магадлалтай,                                                                                                                                  

... гийн нэхэмжлэлтэй

... т холбогдох

7,256,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... т холбогдуулан 7,256,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02099 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ийн ... аас 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ... олгож, нэхэмжлэлээс 756,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,046 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ... аас улсын тэмдэгтийн хураамжид 118,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1920 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.09-ний өдрийн 1920 тоот магадлалыг 2020.10.23-ны өдөр хүлээн аваад зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Бичиг баримт, гарал үүслийг тодорхойлох тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй комбайныг хариуцагч тал ямар бичиг баримт, гэрээг үндэслэн зохих байгууллагад тээврийн хэрэгслээ бүртгүүлэх вэ. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч ...  нь хариуцагч ... т холбогдуулан комбайны үлдэгдэл төлбөр 6,500,000 төгрөг, 320 литр түлшний үнэ 576,000 төгрөг, 2 ширхэг реминий үнэ 180,000 төгрөг, нийт 7,256,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, эрхийн доголдолтой хөрөнгө шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нийт 3,500,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн, одоо доголдолтой хөрөнгийг нь буцааж өгнө, түлш болон сэлбэгийн үнийг комбайны үнэд оруулаад өгсөн гэж маргасан байна.

6. Анхан шатны шүүх хариуцагч ... аас 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ... д олгож, нэхэмжлэлээс 756,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. 

7. Хэргийн баримтаас үзэхэд талууд ОХУ-д үйлдвэрлэгдсэн үр тариа хураах зориулалт бүхий комбайныг 9,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшилд гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.         

8. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-д зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх олж байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэнд тооцож, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, хариуцагч нь комбайныг өмчлөх эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

9. Авто тээврийн тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ, Монгол Улсын Шадар сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 2.5.2-т механизмын улсын дугаарыг бүх төрлийн дугуйт трактор, өөрөө явагч машин механизмд бүртгэнэ гэж тус тус заажээ.

10. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг холбогдох газарт бүртгүүлж гэрчилгээ авалгүйгээр бусдад худалдсан нь худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн доголдолгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зөрчсөн гэх агуулгаар тайлбарлажээ.

11. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. Гэтэл худалдан авагч нь гэрээгээр эд хөрөнгийн эрхийн доголдолтой холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, энэ талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргаж байсан эсэх нь баримтаар нотлогдоогүй тухай хоёр шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

12. Хариуцагч гэрээний төлбөрт нийт 3,500,000 төгрөг шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хэмжээ, хэрэгт авагдсан дансны хуулга зэргийг харьцуулан үзэж хариуцагчийг гэрээний төлбөрт нийт 2,500,000 төгрөг төлсөн гэж үзэж гэрээний үүрэгт хариуцагчаас 6,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, түлшний болон 2 ширхэг реминий үнийг шаардсан үндэслэлээ эргэлзээгүй баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас эдгээртэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...хэргийг анхан шатны шүүхэд буцаан дахин хэлэлцүүлж өгнө үү” гэсэн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02099 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1920 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ        

                                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН