Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01692

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2020/01692

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо “Е А М” ХХК /РД:**, утасны дугаар: **/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг * дугаар хороо “Д М” ХХК /РД:**, утасны дугаар: **/

 

36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г

                              хариуцагчийн төлөөлөгч С.М

                                хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б

                              нарийн бичгийн дарга Г.Зулаа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Е А М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Е А М” ХХК болон “Д М” ХХК нь харилцан тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 05/30-01 дугаартай “Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Д М” ХХК- ийн захиалгын дагуу Завхан аймгийн Завханмандал сумын нутагт байрлах “Зүрхийн хуудас” алтны уурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэл, Төслийн талбайн төлөв байдпын судалгаа, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдпын нарийвчилсан үнэлгээг боловсруулсан. “Е А М” ХХК нь дээр дурдсан ажлуудыг гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр захиалагч “Д М” ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэвч гэрээгээр тохирсон ажлын хөлсний үлдэгдэл 24,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Талууд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах гэрээний нэмэлтийг баталсан бөгөөд уг нэмэлтийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт захиалагч гэрээний төлбөрийг цаг хугацаандөө шилжүүлээгүй тохиолдолд гэрээний төлегдөөгүй үнийн дүнгээс хоногт 0,5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж заасан бөгөөд нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 24,000,000        төгрөгийг хугацаандаа төлөөгүй алданги 12,000,000 төгрөг болсон байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөрт

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын сарын 30-ны өдөр талууд гэрээ харилцан тохиролцож байгуулсан. Үүнээс хойш 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр бичиг баримтын бүрдэлт боловсруулах нэмэлт гэрээ байгуулаад, гэрээнд заасан ажлуудыг хийхээр харилцан тохиролцсон байдаг. Эдгээр гэрээнд заасан ажлыг хариуцагчид хүлээлгэж өгсөн. Эхний ажил яагаад хугацаа алдаж хүлээлгэж өгсөн гэхээр талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд захиалагч талаас бичиг баримт боловсруулахад шаардлагатай материалуудыг ирүүлэхгүй байсаар байгаад сүүлд ирээд 2018 оны 4 дүгээр сарын 13 -ны өдөр акт бичиж хүлээлгэн өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлбөрийн акт үйлдсэн. Энэ актанд 2 гэрээний үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг 2018 оны 7 сард багтаан төлнө гэж тохирсон. Нэмэлт гэрээгээр захиалагчийн хүсэлтээр уулын ажлын төлөвлөгөөг хийж батлуулахаар тохирч энэ ажлын хөлсийг 3 сая төгрөгөөр тохирсон байсан. Эхний гэрээний төлбөрөөс 1 сая төгрөг төлж, нэмэлт гэрээний төлбөртэйгээ 24,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс хойш төлбөрөө төлөхгүй яваад байсан тул 24,000,000 төгрөгөөс гэрээнд зааснаар 0,5 хувиар алданги бодож 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөг нэхэмжилж байна.

 

Хариуцагч “Д М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Танай шүүхэд "Е А М" ХХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү нэхэлллэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь гэвэл нэхэмжлэгчтэй 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 05/30-01 гэдэг дугаартай "Орд газрын бичиг баримт боловсруулах гэрээ” байгуулсан. Гэрээний 2.3-т зааснаар нэхэмжлэгч "Е А М" ХХК нь хийж гүйцэтгэх ажлаа 45 хоногийн хугацаанд хийж гүйцэх ёстой. Мөн гэрээний 4.2.2-т “гүйцэтгэгч болон захиалагч тал үүргээ биелүүлээгүй 7 өдөр хэтэрсэн тохиолдолд түүнээс хойш хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээрээ нэмж буюу хасаж тооцно” гэж гэрээ байгуулсан. Гэтэл "Е А М" ХХК нь гэрээний хугацаагаа маш удаан хугацаагүй тасалдуулж, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр боловсруулсан бичиг баримтаа хүлээлгэн өгсөн билээ. Энэ тухай нэхэмжлэгч тал бичиг баримт хүлээлгэн өгсөн акт, хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ гэрээгээр хүлээж боловсруулсан баримт бичгийн хугацааг 2 жил шахам хэтрүүлсэнээр бид банкнаас авах санхүүжилт цуцлагдаж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч гэрээгээ цуцлаж маш их алдагдалд орсон бөгөөд одоо ч энэ уурхайгаа ажиллуулж чадаагүй байна. Иймд бид ч бас алданги тооцож энэ нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжлэх эрх нээлттэй байгаа билээ. Гэвч бид гэрээнд заасан шигээ аливаа асуудлаа тохиролцох үндсэн дээр шийдвэрлэх хүсэлтэй байна. Аль аль тал нь алданги тооцохоо болиод одоог хүртэл үйл ажиллагаа явуулж чадаагүй байгаа хариуцагч "Д М" ХХК ихээхэн хохиролтой байгааг харгалзан үзэж төлбөрөөсөө 4,000,000 төгрөгийг хасч 20,000,000 төгрөгийг тодорхой үе шаттайгаар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэх санал гаргаж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулсан. Техник эдийн засгийн үндэслэлийг 45 хоногийн дотор хийж өгнө гэсэн гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн төлбөр 55,000,000 төгрөг байсан. Үүнээс 33,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл нь 22,000,000 төгрөг үлдсэн байсан. Гэтэл 45 хоногийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч “Е А М” ХХК-иас болж маш их хугацаа алдсан. 2 жилийн хугацаа алдсан. Захиалагч маш их алдагдалд орсон. Бүх үйл ажиллагаа сааталд орж одоог хүртэл үйл ажиллагаа зогссон байдалтай байгаа. 22,000,000 төгрөг дутуу байсан бөгөөд гэрээний дагуу алданги адилхан тооцох ёстой. Манайх хасаж тооцож, нэхэмжлэгч тал нэмж тооцох ёстой байсан. Энэ бүх байдлуудыг үнэлж дүгнээд, гэрээ цуцлах буюу хохирлоо тооцож нэхэмжлэгчээс нэхэмжлэх эрх манайд нээлттэй байгаа. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг өгье гэсэн саналтай байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

Нэхэмжлэгч “Е А М” ХХК нь хариуцагч “Д М” ХХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг, алданги 12,000,000 төгрөг нийт 36,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Ордын бичиг баримтын бүрдэл боловсруулан батлуулах гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр хариуцагч нь Завхан аймгийн Завханмандал сумын нутаг дэвсгэрт Зүрхийн хуудас нэртэй газарт орших алтны уурхайг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, төслийн талбайн төлөв байдлын судалгаа, байгаль орчны ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргуулах, бичиг баримтын бүрдэл боловсруулах ажлыг гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дотор гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлсөнд 55,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Мөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уулын ажлын төлөвлөгөө хийж батлуулах нэмэлт ажил гүйцэтгэхээр тохирч, тухайн ажлын хөлсийг 3,000,000 төгрөгөөр тохирсон байна.  

 

Дээрх гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Тухайн гэрээг байгуулсан асуудлаар болон төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд зохигч маргаагүй, харин хариуцагч “нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаандаа ажлаа гүйцэтгээгүйгээс банк болон хөрөнгө оруулагч нар гэрээгээ цуцлаж алдагдалд орсон, 2016 оны гэрээнд заасан ажлаас нэг ажлыг гүйцэтгээгүй өөр этгээдээр гүйцэтгүүлсэн үндэслэлээр гэрээний үүргээс 4 сая төгрөг болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн юм. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасныг гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр тохирсон ажлын үр дүнг ажил гүйцэтгэгч нь захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж ойлгоно. Ийнхүү ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр ажлын хөлс авах эрх үүсэх болохыг Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, захиалагчийн хөлс төлөх үүргийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж  зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй, ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын үр дүнг хүлээн авсан бол захиалагчид хөлс төлөх үүрэг үүснэ. Иймд ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөх гэрээнд заасан хугацааг хожимдуулсан нь захиалагчийг хөлс төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж ойлгоно.  

 

“Е А М” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч “Д М” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн байх ба энэ талаар зохигч маргахгүй байсан боловч хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч “гэрээнд заасан 4 ажлаас нэг ажлыг огт хийгээгүй” гэж тайлбар гаргав. Уг тайлбар, татгалзлаа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба тухайн тайлбартай холбогдуулан нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар хариуцагчийн татгалзал нотлогдоогүй болно. Мөн 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний ажлын үр дүн болох уулын ажлын төлөвлөгөөг хийж батлуулах ажлыг хүлээн авсан болохоо хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна. Үүнээс гадна 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2 гэрээний үлдэгдэл төлбөрт 24,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болохоо хариуцагч хүлээн зөвшөөрсөн баримт үйлдэн гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан үүргийг буюу гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг нэхэмжлэгч биелүүлж Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хөлс шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.  

 

Талууд гэрээгээр ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөс өмнө урьдчилгаа хөлс 33,000,000 төгрөг байхаар тохирч, уг хөлсийг нэхэмжлэгч хүлээн авсан, энэ талаар зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Д М” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 24,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Зохигч 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээгээр 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний үлдэгдэл төлбөр төлөх журмыг тогтоож, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохирсон боловч 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тохиролцоогоор 2 гэрээний үлдэгдэл төлбөр болох 24,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сард багтааж төлөхөөр тохирч, тухайн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд алданги буюу хариуцлага тооцохоор тохироогүй байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлагыг хариуцагчаас шаардах эрхгүй тул алданги 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д М” ХХК-иас 24,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е А М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Д М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 277,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Е А М” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНДИЙМАА