| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2020/0066/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-04-29 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 36
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2020/0066/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Энхтуяа
Хохирогчийн хууль ёсны
төлөөлөгч М.О-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ын Э-д холбогдох, 1918000000543 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ын Э-.
Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 2019 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ архи уун согтуурч, улмаар хамт архи уусан Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч С- овогт Б-ын Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 10 /арав/ жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Б.Э-ын цагдан хоригдсон 90 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг гарын мөр бүхий баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, цагаан өнгийн даавуу 2 ширхэг, цамц 3 ширхэг, футболк 2 ширхэг, гутал 1 хос, хутга 1 ширхэг, “Түмний хишиг" нэртэй архины шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж,
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.д зааснаар хохирогч М.О-ийн О.Ж-. О.Т-, О.Ц- нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:
Шийтгэх тогтоолд Б.Э- талийгаач нарын хооронд ямар маргаан үүссэний улмаас хүний амь хохирсон талаар бичигдээгүй, “...шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Ж.Ш-... ” гэж тэмдэглэсэн нь ташаа болжээ.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч А.Г-ийн мөрдөн байцаалтаар өгсөн “... гэртээ байлгахгүй гэж ярьсан” гэх мэдүүлэг гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д- гадуур хог ухаж, архи уудаг...” гэх мэдүүлгүүдээр талийгаачийн оршин суух хаягийн бүртгэлтэй боловч заасан хаягтаа амьдардаг эсэх нь эргэлзээтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Э-ынд очиж танайд байя гэж хэлснээс маргаан үүссэн.
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусанд 1,3 промилль, ходоодны агууламжид 5 промилль спирт илэрсэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогджээ.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүйд гомдолтой байна.
Шүүгдэгч Б.Э- анх удаа гэмт хэрэгт холбогдсон, талийгаачийн оршуулгын зардалд 1 987 050 төгрөг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5 дугаар зүйлийн 1.4.т заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг баримтлан ял оногдуулж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:
Анхан шатны шүүх шүүгдэгч, хохирогч нар харилцан маргалдсаны улмаас тухайн гэмт хэрэг гарсан болохыг огт дурдаагүйд гомдолтой байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ял шийтгэлээс хасч өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.О- тайлбартаа:
Ахыг маань ямар нэгэн шалтгаангүйгээр амь насыг нь хөнөөж, түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүйд гомдолтой байна. Түүнд ялын дээд хэмжээ 15 жилийн ялыг оногдуулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн буруутай үйлдэл тогтоогддогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяагийн ...хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч А.Г-, Х.Б- нарын мэдүүлгээр ...хохирогч гадуур хог ухаж, архи уудаг., оршин суух хаягийн бүртгэлтэй боловч заасан хаягтаа амьдардаг эсэх нь эргэлзээтэй., түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 1,3 промилль, ходоодны агууламжид 5 промилль спирт илэрсэн нь согтуу байсан нь тогтоогдсон буюу шүүх гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлснийг анхаараагүй, мөн оршуулгын зардалд 1.987.050 төгрөг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5 дугаар зүйлийн 1.4.т заасныг үндэслэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 6.7 дугаар зүйлийн 1.4.т заасныг баримтлан ял оногдуулж өгнө үү... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасны дагуу хэргийн нөхцөл байдал болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б-ын Э-ыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сум, Малчин баг, Хөтөл хорооллын задгайд өөрийн гэртээ архи уун согтуурч, улмаар хамт архи уусан Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгаар нэг удаа хутгалж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгчид 10 жил хорих ял оногдуулж ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-ын үйлдлийн талаарх мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, эд зүйлд үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан, тэдний эрх зөрчигдөөгүй бөгөөд шүүх шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон., түүнчлэн шүүх тухайн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн., зүйлчлэлийн талаар хэргийн ороцогчид ямар нэг маргаан гаргаагүй байна.
Харин шүүгдэгч нь Б.Э- нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт байсан Ж.Д-тэй маргалдан түүний цээжин тус газар хутгалж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг гарсан үйл баримт, нөхцөл байдлаас үзэхэд тухайн тохиолдолд хохирогчид тусламж үзүүлэх, ямр нэг үйлдэл хийгээгүй., хохирогчид оршуулгын үйл ажиллагаатай холбоотой зардал гэж 1.599.350 төгрөг төлсөн, хохирогч гомдолтой байхад шүүх “... шүүгдэгч тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй., хэргийн нийгмийн аюул, хор уршиг, хувийн байдлыг...” харгалзан үзэж гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээний ял оногдуулсан нь шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, ял шийтгэлийг шүүгдэгчийн гэм буруугаас гадна учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж оногдуулаагүй нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ын Э-д холбогдох, 1918000000543 дугаартай, 2 хавтастай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Ж.Туяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА