Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 144

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын Баянсудал багт оршин суух, РД:       , Т  овогт А ийн Х т холбогдох

Зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнсор, А.Мөнхбаатар, хариуцагч А.Х  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/21 дугаар захирамжаар Баянсудал багийн иргэн Т  овогт А ийн Х ийн татсан торыг буулгаж нүүдлийн зам дагуух бэлчээрийн газрыг чөлөөлөх тухай шийдвэр гарсан.

Энэхүү газар нь Булган гол Их онгогийн улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамрагддаг тул зөвшөөрөлгүй татсан тор бүхий газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайнсор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянсудал багийн иргэн А.Х  нь Баянгол багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй 5-6 га газар торлосон байгаа. Зөвшөөрөлгүй татсан торыг буулгах талаар хариуцагч А.Х т хандаж байсан. Энэ торлосон газар нь улсын тусгай хамгаалалттай газрын Б бүсэд хамаарч байгаа учраас энэ зөрчлийг арилгаж, газрыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрхи газрыг 2019 оны 05 сарын 04-ны өдрийн УИХ-ын 41 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байгаа. Энэ газарт эзэмшил, өмчлөлийн гэрчилгээ олгох боломжгүй. Хэдэн онд тэр тор татсаныг нь мэдэхгүй байна. Улсын тусгай хамгаалалттай бүсийн дэглэмээр торлож хамгаалахыг хориглосон байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд дэлгэрэнгүй хуульчилсан байгаа гэв.

Хариуцагч А.Х  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1957-1993 он хүртэл миний аав энэ газар нутагт амьдарч байсан. Би одоо 1600 малтай, ам бүл 14. Тэр газарт малаа хамгаалахын тулд би тор татсан. Тор татахад зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй тор татсан миний буруу. Урт нь 1500 алхам газар байгаа. Тэр тор татахын тулд би 5-6 сая төгрөг зарцуулсан. Миний татсан торны зарим хэсгийг хулгай авсан. Ингэж тор татсанаар би 3 машин өвс авдаг болсон. Миний байгаа тэр газар зуслан нүүж байгаа бүх мал дайрч өнгөрдөг тул торыг буулгасны дараа газрыг ашиглах ямарч боломжгүй юм. УИХ-ын тогтоол гараад миний татсан торыг буулгах шаардлагатай байгааг би ойлгож байна. Гэхдээ энэ газрыг торлох зөвшөөрөл олгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ховд аймгийн Булган сумын Засаг дарга нь А.Х т холбогдуулан зөвшөөрөлгүй ашиглаж буй газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үнэдэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан байна.

Хариуцагч А.Х  нь нэхэмжлэлд дурдагдсан Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхгүй атлаа Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булган гол-Их онгогийн байгалийн цогцолбор газарт хадлангийн зориулалтаар тор татаж, хууль бусаар газар эзэмшиж, дээрх хуулийн заалтыг зөрчсөн болох нь хариуцагч А.Х ийн ...тор татахад зөвшөөрөл авах ёстойг мэдээгүй байсан. Зөвшөөрөлгүй тор татсан миний буруу ...Миний татсан торыг буулгах шаардлагатай байгааг би ойлгож байна гэх тайлбар, Ховд аймгийн Булган сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/120 дугаартай Газар чөлөөлөх тухай захирамж, Х ийн торлосон газрын байршил тогтоосон кадастрын зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын Их хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын 2 дахь хэсгийн 5-д: Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган, Үенч сумын зарим хэсгийг хамруулан уг байгалийн цогцолборт газрын хилийн заагийг 5 дугаар хавсралтаар тогтоосон байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Ховд аймгийн Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрах нь хариуцагчийг зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байгаа учир газар чөлөөлөх тухай захирамж, мэдэгдлийг өгсөн бөгөөд иргэн А.Х  нь газрыг чөлөөлөх үүргээ биелүүлээгүй байна.

Энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Х ийн Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булган гол-Их онгогийн байгалийн цогцолбор газарт хадлангийн зориулалтаар хууль бусаар эзэмшиж буй газрыг чөлөөлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Х ээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.