Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01804

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  тоот “П ББСБ” ХХК /РД:***, утасны дугаар: **/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг  тоотод оршин суух Тайжууд овогт Баасанжавын Ц /РД:**, утасны дугаар:**

 

27,091,165 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э

                                   нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У

                                   хариуцагч Б.Ц

                                   хариуцагчийн өмгөөлөгч Л.Б

                                           нарийн бичгийн дарга М.Баттулга нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “рогресскаитал ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр манай Банк бус санхүүгийн байгууллагад биечлэн хандаж, өөрийн эзэмшлийн Toyota alphard маркийн ANH258002121 арлын дугаартай, 17-37 УНХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн суудлын автомашин, Toyota land cruiser 100 маркийн HDJ1010021337 арлын дугаартай, 88-10 УНС улсын дугаартай Саарал өнгийн суудал зориулалттай автомашинуудыг барьцаалж 30,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг бид хүлээн авч судлаад иргэн Б.Ц өөрийнх нь хүссэн 30,000,000 төгрөгийг зээлийн сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 14-18051360 дугаартай зээлийн болон фидуцийн гэрээг талууд харилцан тохирч хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт олгосон болно. Гэвч хариуцагч Б.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа зээлийн төлөлт хийгдээгүй өдий хүрлээ. Хариуцагч Б.Цт зээлээ яаралтай төлөх талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж очиж уулзаж байсан боловч хариуцагч тал нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж сайн дураараа зээлээ төлөхгүй гэдэг нь тодорхой болсон. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хураагдсан байсан Toyota alphard маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр зарж нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлнээс нийт 15,000,000 төгрөг хассан болно. Иймд нэхэмжилж байгаа мөнгөн дүн шүүхийн журмаар гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Toyota land cruiser 100 маркийн HDJ1010021337 арлын дугаартай 88-10 УНС улсын дугаартай саарал өнгийн суудлын зориулалтта авто машин болох хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхээс гарах шийдвэрт тусгаж өгнө үү. Үндсэн зээлийн үлдэгдэл 20,085,000 төгрөг, зээлийн хүү 1,943,060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243,698 төгрөг нийт 22,271,758 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус дүүргийн шүүхэд иргэн Б.Цд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гаргасан 14/1755 тоот нэхэмжлэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 20,085,000 төгрөг, зээлийн хүү 1,943,060 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243,698 төгрөг, нийт 22,271,758 төгрөг байсныг нэмэгдүүлж 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,085,000 төгрөг, зээлийн хүү 4,544,067.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 763,899.5 төгрөг, нийт дүн 25,392,967 төгрөг болгож нэмэгдүүлсэн байсныг дахин нэмэгдүүлж 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн хүүг 7,426,265 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагыг 2,882,198 төгрөгөөр нэмэгдүүлж зээлийн үндсэн төлбөр 20,085,000 төгрөг, хүү 7,426,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 763,899 төгрөг нийт 28,275,165 төгрөг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Цтой 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөг бэлнээр олгосон байдаг. Зээлдэгч Б.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс сар болгон 4 сар хүү төлөхөөр тохиролцсон байдаг. Гэтэл Б.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр эхний төлөлтийг хийсний дараа байнгын хугацаа хэтрэлттэй хүүг төлж явж байгаад 2018 оны 12 сард тоёота алфард автомашиныг өөрөө манайд авчирч автомашиныг зогсоолд байршуулсан байдаг. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр үнэлгээ хийж 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр худалдан борлуулах зөвшөөрлийг өгч зарсан. Үүнээс хойш Б.Ц нь зээлийг хэвийн үргэлжлүүлээд төлнө гэж хэлээд явсан боловч 2019 оны 4 сарын 20-ны өдрөөс хойш төлөлт орж ирээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Машины үнэ 15,000,000 төгрөгөөс автомашины татвар, зогсооолын төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон суутгаж, үлдсэнийг үндсэн зээлээс хасаж тооцсон байгаа. Гэрээгээр автомашиныг зогсоолд байршуулсан тохиолдолд төлбөрийг төлөхөөр тохирсон байгаа, машиныг бусдад шилжүүлэхэд төлбөрийн зөрчилгүй байх ёстой учраас 2018, 2019 оны татварыг төлсөн байгаа. Иймд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 20,085,000 төгрөг, хүү 7,426,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 763,899 төгрөг, нийт 28,275,165 төгрөг нэхэмжилж байгаагаас шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн зөрүү 1,184,000 төгрөгийг хасаад нийт 27,091,165 төгрөг нэхэмжилж байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Талууд зээл авсантай маргадаггүй бөгөөд фидуцийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байгаа. Үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрэлттэй маргадаггүй бөгөөд хариуцагч нь барьцаа хөрөнгийг 30,000,000 төгрөг байтал нэхэмжлэгч тал 15,000,000 төгрөгт зарчихлаа гэж маргадаг. Талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээнд барьцааны зүйл болох автомашинуудын түргэн борлогдох үнийг тоёота алфард маркийн автомашиныг 15,000,000 төгрөг, тоёота ландкруйзер-100 маркийн автомашиныг 16,000,000 төгрөгт худалдан борлуулахаар харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Манай байгууллагын хувьд барьцааны зүйл болох тоёота алфард маркийн автомашиныг шууд 15,000,000 төгрөгт зараагүй. Манайх уг автомашиныг худалдан борлуулахаас өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр зээлийн хугацаа хэтрэлттэй байх үед нь үнэлгээ тогтоох эрх бүхий байгууллагаар үнэлүүлэхэд 14,800,000 төгрөг гэж үнэлгээ гарсан байдаг. Ингээд Б.Цийг дуудаж хугацаа хэтрэлт болон автомашины үнэлгээний талаар хэлж, шинжээчийн дүгнэлтийн үнийн дүнгээр худалдан борлуулалт хийж, үндсэн зээлийн төлбөрөөс хасна гэдгийг хэлэхэд Б.Ц хүлээн зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрөө бичгээр бичиж өгсөн. Уг бичигт “...Автомашины зах зээлийн үнэлгээг гаргаад, үндсэн зээлээс хасаж тооцуулъя...” гэж бичсэн байдаг. Уг бичгийн дагуу автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулж, үндсэн зээл болон төлөгдөөгүй хүү, нэмэгдүүлсэн хүүнээс тооцож хассан бөгөөд одоо үндсэн зээлийн төлбөрт 20 гаруй сая төгрөг үлдсэн байгаа. Манай зүгээс “Итгэлт эстимэйт” ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,184,000 төгрөгийг хасч, 27,091,165 төгрөг нэхэмжилж байгаа. Талуудын хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготойгоор фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд заавал худалдан борлуулах үүрэг хүлээдэггүйг дурдах нь зүйтэй. Гэтэл Б.Ц нь надад мэдэгдэхгүйгээр худалдан борлуулсан гэх мэтээр маргаад байдаг хэдий ч өөрөө 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүрч ирээд зөвшөөрөл олгосон бичиг хийж өгч байсан. Б.Цийн хувьд н.Галхүү гэдэг хүнээр дамжуулж зээл авч байсан бөгөөд н.Галхүү нь манай байнгын зээлдэгч, зээлийн гэрээний үүргээ маш сайн биелүүлдэг байсан учраас бид итгээд Б.Цд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангахгүй автомашиныг барьцаалж зээл олгож байсан. Түүнээс биш уг 2 барьцаа эд хөрөнгө нь яагаад ч 30,000,000 төгрөгт үнэлэгдэх боломжгүй хөрөнгө байсан. Нөгөө машин нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байдалтай байгаа. Энэ байдлыг Б.Ц өөрөө мэдэж байгаа. Гэтэл шүүхэд ямар ч үндэслэлгүй зүйл яриад байгааг ойлгохгүй байна. Манай зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.11, 3 дугаар зүйлийн 3.5.1, 3.5.10-т заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Иймд хариуцагч Б.Цоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 27,091,165 төгрөг гаргуулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Б.Цийн анх зээл хүсэхдээ бөглөсөн анкетийг ярьж байх шиг байна. Бодит байдал дээр ямар нэг этгээд 35,000,000 төгрөгөөр худалдаж авсан автомашинаа авчирч ирээд худалдаж авсан үнийн дүнгээр зээл авъя гэвэл ямар ч байгууллага зээл олгохгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж буй хөрөнгө нь хөдлөх эд хөрөнө байна. Тухайн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлнэ гээд харилцан тохиролцсон үнэ буюу тоёота алфард маркийн автомашины үнэлгээг 15,000,000, тоёота ландкруйзер-100 маркийн автомашины үнэлгээг 16,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож тусгаж өгсөн байдаг. Тэгээд ч зээл хүсэгчийн анкет нь талуудын хооронд хийгдсэн хэлцэл биш, нэг талын өөрийн эд хөрөнгийг үнэлж, зээл авах гэсэн хүсэлт юм. Иймд зээл хүсэгчийн анкетан дээрх үнэлгээг үнэлэх боломжгүй бөгөөд уг автомашиныг 35,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байдаг. Мөн хариуцагч талаас зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад 1 сарын хүү төлөөгүй гэх үндэслэлээр тоёота алфард маркийн автомашиныг хурааж авсан гэсэн тайлбар нь үндэслэлгүй байдаг. Манай зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахад талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа аль хэдийнэ дууссан байх бөгөөд манай зүгээс гэрээ цуцалсан, татгалзсан зүйл байдаггүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Манай зүгээс Б.Цийг өөрийн өмчлөлийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр үнэлсэнд маргах зүйл байдаггүй. Гэхдээ зээл олгохдоо уг машины зах зээлийн ханш болон түргэн борлогдох үнэ 15,000,000 болон 16,000,000 төгрөг байна гэдгийг тайлбарлаж өгсөн. Хариуцагчийн өмгөөлөгчөөс Б.Цийг цаг хугацаанд нь зээлээ төлж байсан гэж тайлбар гаргаж байгаа хэдий ч Б.Ц нь дандаа хугацаа хэтрэлттэй, 900,000 төгрөгийн торгуультай буюу нэмэгдүүлсэн хүү төлж байсан ба хугацаандаа төлж байсан эсэх нь нотлох баримт шинжлэн судлах үед тогтоогдоно гэж үзэж байна. Мөн 1 сарын хүү төлөөгүй үндэслэлээр тоёота алфард маркийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа хэдий ч үнэн хэрэгтээ тийм зүйл байхгүй үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Б.Цийн хувьд зээлийн төлбөр болон хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсан, асар их хугацаа хэтрэлттэй байсан. Манайх дотоод журмаараа 3 сар хүлээгээд гэрээний дагуу төлөлт хийхгүй бол холбогдох газарт нь ханддаг. Харин тухайн 3 сард багтааж зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа сунгалтаа хийж явдаг. Б.Цийн хувьд хугацаа сунгах талаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд шууд хугацаа хэтрэлттэй байсан нь нотлох баримтаас харагдана. Мөн уг автомашиныг 12 сард шилжүүлж аваад өөрсдийн үзэмжээр захиран зарцуулсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд манай зүгээс “Ашид билгүүн” ХХК буюу хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлсэн ба тухайн байгууллагаас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр уг автомашиныг 14,800,000 төгрөгөөр үнэлж уг дүгнэлтийн дагуу 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан тул өөрсдийн үзэмжээр захиран зарцуулсан гэдэг үндэслэлгүй. Б.Ц нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрөө биечлэн ирээд хүсэлтээ бичиж өгөөд уг автомашиныг гуравдагч этгээд рүү шилжүүлж байхад хамт байсан ба үндсэн зээлээс хасалт хийлгэж байсан. Зохигч талуудын хувьд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ба хариуцагч талыг зээл төлөхгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэдэг үүднээс худал тайлбар өгч байгааг нотлох баримт шинжлэн судлаж дүгнэлт гаргах үед тусгайлан анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сүүлд нь хэлэхэд хариуцагч талаас 35,000,000 төгрөгийн үнэ бүхий тоёота алфард маркийн автомашиныг зах зээлд байхгүй үнэ буюу 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж ярьдаг. Тэгвэл уг автомашиныг 35,000,000 төгрөгийн үнэтэй гэх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй байх бөгөөд удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба хамгийн сүүлд гарсан “Итгэлт эстимэйт” ХХК-иас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  “П ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Ц нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 32,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч Б.Ц миний бие зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлж байсан атал нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 12 дугаар сард барьцаалсан хөдлөх эд хөрөнгийг  шалгах шаардлагатай байна гэж 32,000,000 төгрөгийн үнэ бүий Тоёото Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг авч бусдад худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Хариуцаг Б.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Ц миний бие хариуцагч “П ББСБ” ХХК-иас зээл хүсэхдээ Тоёото алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашины үнэлгээг 35,000,000 төгрөгт, Тоёота ланд круйзер 100 маркийн 88-10 УНС улсын дугаартай авто машиныг 35,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хариуцагч “П каитал ББСБ” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ болон зээлийн гэрээг байгуулж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл олгосон болно. Нэхэмжлэгч Б.Ц миний бие гэрээний дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлж байсан боловч хариуцагч “П ББСБ” ХХК нь нэг сарын хүү төлөөгүй гэх үндэслэлээр 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг 2018 оны 12 дугаар сард өмчлөлдөө шилжүүлэн авч улмаар өөрсдийн үзэмжээр захиран зарцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ц надад бусдад худалдан борлуулсан талаар мэдэгдэж байгаагүй, нэхэмжлэгч миний зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан гэж ойлгож байсан болно. Иймд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 35,000,000 төгрөгийн үнэ бүхий Тоёото Алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай авто машиныг хариуцагч зах зээлд байхгүй үнэ болох 15,000,000 төгрөгт бусдад худалдан борлуулж хохирол учруулсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т заасны дагуу хариуцагч “П ББСБ” ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Б үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Б.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөг зээлсэн үнэн. 2018 оны 12 сард фидуцийн гэрээнд заасны дагуу 1 сарын хүү төлөөгүй гэсэн шалтгаанаар тоёота алфард автомашиныг хурааж аваад 2019 оны 3 сард худалдан борлуулсан байдаг. Нэхэмжлэгч талаас Б.Цийг худалдан борлуулахад зөвшөөрөл өгсөн мэтээр тайлбарлаж байна. Үнэн хэрэгтээ манай үйлчлүүлэгч нь зах зээлийн ханшаар худалдан борлуулахыг мэдэгдсэн. Түүнээс биш нэхэмжлэгч талаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч худалдан борлуулахыг зөвшөөрсөн зүйл байдаггүй. Уг автомашиныг худалдан борлуулсанаас хойш зээлийн эргэн төлөлтийг удаа дараа шаардаж байсан мэтээр тайлбар гаргаж байна. Гэтэл зээлийн эргэн төлөлт шаардаж байсан талаарх баримт өнөөдрийг хүртэл хэрэгт авагдаагүй байх бөгөөд Б.Ц нь автомашин худалдан борлуулсанаар зээлийн гэрээний үүрэг хангагдсан гэж ойлгож байсан. Хавтаст хэргийн 10 дахь талд зээл хүсэгчийн анкет авагдсан байдаг. Тухайн баримтад зээл авагч Б.Ц нь өөрийн эд хөрөнгийг үнэлсэн үнийн саналыг гаргасан байх бөгөөд тоёота алфард маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр, тоёота ландкруйзер-100 маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр үнэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс Б.Цийн үнэлгээг хүлээн зөвшөөрч 30,000,000 төгрөгийн зээл олгосон байдаг. Үүнээс харвал Б.Ц нь хуульд заасны дагуу өөрийн үнийн саналыг гаргаж, нэхэмжлэгч Б.Цоос гаргасан 70,000,000 төгрөгийн үнийн саналыг хүлээн зөвшөөрч түүний 50 хувиар буюу 30,000,000 төгрөгийн зээл олгосон байдаг. Ямар ч банк болон банк бус байгууллагууд барьцааны эд зүйлийн үнэлгээг 50 хувиар тооцож зээл олгодог. Иймд үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал нь Б.Цийг 1 сарын хүү төлөөгүй үндэслэлээр 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тоёота алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг 2018 оны 12 сард өмчлөлдөө шилжүүлэн авч өөрсдийн үзэмжээр захиран зарцуулсан. “П ББСБ” ХХК нь 35,000,000 төгрөгийн үнэ бүхий тоёота алфард маркийн автомашиныг зах зээлд байхгүй үнээр бусдад худалдан борлуулж хариуцагчид хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3-т заасны дагуу “П ББСБ” ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.  

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Нэхэмжлэгч “П ББСБ” ХХК нь хариуцагч Б.Цд холбогдуулан 28,275,165 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 17-37 УНХ улсын дугаартай тоёота ланд круйзер-100 маркийн автомашинаар хангуулах шаардлага гаргаж, хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад мөнгөн шаардлагаа 1,184,000 төгрөгөөр багасгаж 27,091,165 төгрөг гаргуулахаар шаарджээ. Дээрх шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн алфард маркийн автомашинаар хангасан гэж ойлгосон,  нэг сарын хүү төлөөгүй үндэслэлээр өөрийн үзэмжээр зах зээлд байхгүй үнээр худалдаж хохирол учруулсан гэж үзэн автомашины зөрүү үнэ 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “П ББСБ” ХХК нь Б.Цийн өмчлөлд 30,000,000 төгрөг шилжүүлэх, уг мөнгийг Б.Ц сарын 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаанд нь буцааж төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг бичгээр байгуулсан байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус бүр 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй /талууд харилцан тохиролцсон/ 17-37 УНХ улсын дугаартай тоёота алфард маркийн автомашин, 88-10 УНС улсын дугаартай тоёота ланд-100 маркийн автомашинуудаар хангуулахаар тохирч, тухайн тээврийн хэрэгслүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, гэрээний хугацаанд автомашиныг хариуцагч эзэмшиж, ашиглаж байхаар тохирчээ.   

 

Дээрх гэрээнүүдийг байгуулсан асуудлаар талууд маргаагүй бөгөөд гэрээний агуулга, нөхцөл, шинж, талуудын эрх, үүргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан байх ба талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлсөн мөнгөний хэмжээнд зохигч маргаагүй бөгөөд хариуцагч нь “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тоёота алфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашинаар хангасан гэж ойлгосон, зээлийн хүүг төлж байсан боловч нэг сарын хүү төлөөгүй үндэслэлээр автомашиныг хураан авч зах зээлд байхгүй үнээр худалдсан” маргав.

 

Зээлийн гэрээгээр зээлдэгч нь эхний 4 сарын хугацаанд зээлийг ашигласан хоногоор зөвхөн хүүг сар бүр төлөх, зээлийн үндсэн төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүүгийн хамт төлөхөөр тохиролцжээ. Хариуцагч Б.Ц нь хугацаа хэтрүүлсэн боловч эхний 4 сарын хүүгийн төлбөрт 4,130,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн байх ба харин 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс үндсэн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, 2019 оны 10, 11 дүгээр сард хүүгийн төлбөрт 2,135,000 төгрөг төлж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үндсэн зээлийн төлбөр болон хүү төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүрэг гүйцэтгэх зарчим болон үүрэг гүйцэтгэх хугацааг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлж байсан, нэг сарын хүү төлөх зөрчил гаргасан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээрх зөрчлийг арилгахаар талууд тохиролцож фидуцийн гэрээний зүйл болох тоёота альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж, уг автомашиныг 15,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч бусдад худалдан борлуулж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хуримтлагдсан хүүд 4,142,162.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 595,000 төгрөг, автомашины татварт 181,640 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны автомашины зогсоолын төлбөрт 146,000 төгрөгийг суутгаж, 9,915,000 төгрөгийг үндсэн зээлээс хассан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасантай болон талуудын байгуулсан гэрээнд нийцжээ.  

 

Фидуцийн гэрээ гэдэг нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг гүйцэтгэгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд хэрэв үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө мөнгө төлөх баталгаа болгож үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, үүргээ биелүүлснээр эд хөрөнгөө буцаан шилжүүлж авах бөгөөд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгө бүрмөсөн үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ. Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйл буюу тухайн эд хөрөнгийн үнийг шилжүүлж авч байна гэж ойлгоно.  

 

Иймд фидуцийн гэрээний дагуу тоёота альфард маркийн 17-37 УНХ улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч шилжүүлэн авч 15,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцсон нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл фидуцийн зүйлийг зах зээлийн үнээр худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, түүнээс илүү гарсан үнийг үүрэг гүйцэтгэгчид буцаан шилжүүлэх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээхгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “үндсэн зээлийн үлдэгдэл 20,0850,000 төгрөг, хүүг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 7,426,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 763,899 төгрөг” гэж тодорхойлжээ. Дээрх хугацааны хүүд 7,326,348 төгрөг /42% жилийн хүү : 365 хоног x 317 хэтэрсэн хоног х 20,085,000 үндсэн зээл : 100% = 7,326,348/, нэмэгдүүлсэн хүүд 780,182 төгрөг /8,4% жилийн нэмэгдүүлсэн хүү : 365 хоног х 163 хэтэрсэн хоног х (20,085,000 төгрөг үндсэн зээл + 713,014 төгрөг 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хүү) :100% = 780,182 төгрөг/-ийг хариуцагч төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч хүүг илүү тооцсон байх тул хүү 7,326,348 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчийн шаардснаар 763,899 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 20,085,000 төгрөг нийт 28,175,247 төгрөг гаргуулахаар байна. Үүнээс нэхэмжлэгчийн хасаж тооцсон 1,184,000 төгрөгийг хасаж 26,991,247 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Фидуцийн гэрээ нь барьцааны гэрээнээс ялгаатай бөгөөд үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй бол фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгчээс бодитоор гаргуулан авч үүргийн гүйцэтгэлийг хангах эсвэл үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл мөнгө төлөх баталгаа болгож өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг шүүхийн журмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тоёота ланд круйзер-100 маркийн 88-10 УНС улсын дугаартай автомашинаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.     

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч нь фидуцийн зүйл болох 17-37 УНХ улсын дугаартай тоёота альфард маркийн автомашиныг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид бодитоор шилжүүлж, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан байна. Энэ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс фидуцийн зүйл болох эд хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилжсэн байх тул түүнийг фидуцийн зүйлийг зах зээлийн үнээр худалдан борлуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй болно. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг тодорхой хугацаанд, тодорхой хэмжээгээр төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө фидуцийн зүйлийг захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр 17-37 УНХ улсын дугаартай алфард маркийн автомашины зөрүү үнийг шаардах эрхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.       

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Тайжууд овогт Б Цоос 26,991,247 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “рогресс каитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 99,918 төгрөгийн шаардлага болон фидуцийн зүйл болох 88-10 УНС улсын дугаартай тоёота ланд круйзер-100 маркийн  автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д холбогдох автомашины зөрүү үнэ 20,000,000 төгрөг гаргуулах хариуцагч Б.Цийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,540 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950  төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 292,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П ББСБ” ХХК-д олгосугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА