Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/0665/з |
Дугаар | 221/МА2016/0757 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2016/0757
“******* групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн
анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “******* групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.*******, Ж.*******, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.*******, Б.******* нарт тус тус холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шийдвэртээ: “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 23 дугаар зүйлийн 23.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай/2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 14.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******гийн “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.*******, Ж.******* нарын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 250000017 тоот акт, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.*******, Б.******* нарын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210204566 тоот актыг хүчингүйд тооцуулах, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг үл зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:
“******* групп” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “кран түрээс, худалдааны чиглэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр үйл ажиллагааны чиглэлүүдээ зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээндээ тусгасан байдаг. Мөн 2014 оны 02 дугаар саны 10-ны өдөр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн.
Түрээсийн үйл ажиллагаагаа импортоор худалдан авсан кранаар эрхэлдэг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д, 4 дүгээр зүйлийн 4.1.18-д тус тус энэ талаар заасан байдаг...
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалт болон дээр дурьдсан тайлбар үндэслэлүүдийг харгалзан үзэж “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “******* групп” ХХК-ийн “нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах тухай” хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.*******, Ж.******* нар тус компанийн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 250000017 тоот актаар НӨАТ-ын илүү төлөлтийг 31 612 089,60 төгрөгөөр баталгаажуулжээ.
Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.*******, Б.******* нар дээрх баталгаажуулалтын актыг хянаж, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 210201566 тоот актаар НӨАТ-ын илүү төлөлтийг 31 550 453,2 төгрөгөөр баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч “******* групп” ХХК нь “манай компанийн импортоор худалдан авсан кран нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан бараанд хамаарч байгаа учир уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсвөөс буцаан авах эрхтэй” гэж маргаж, татварын улсын байцаагч Ч.*******, Ж.******* нарын үйлдсэн 2015 оны 250000017 тоот акт, Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Н.*******, Б.******* нарын үйлдсэн 210201566 тоот актыг тус тус хүчингүй болгож, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг краны худалдан авалтад төлсөн үнийн дүнг оролцуулсан дүнгээр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл,
“******* групп” ХХК нь машин тоног төхөөрөмжийн түрээс болон лизинг, худалдаа, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, компанийн үйл ажиллагаанд ашиглах зорилгоор 2014 онд кран худалдан авч, импортлон оруулж ирсэн, 2015 онд “Оюу толгой” ХХК-аас худалдан борлуулах зорилгоор кран худалдан авч, 2014 онд импортоор оруулж ирсэн краныг үндсэн хөрөнгөөр, 2015 онд худалдан авсан краныг бараа материалд бүртгэж, 89 358 461,60 төгрөгийн илүү үлдэгдэл гарсан талаар НӨАТ-ын тайланд тусгаж тайлагнасан бөгөөд эдгээр үйл баримттай талууд маргаагүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "бараа" гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн эд хөрөнгийг;”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84.2-т “Эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна” гэж тодорхойлсноос үзвэл, кран нь бараа мөн бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:”, 7.1.3-т “худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа” гэж зааснаар уг бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах зохицуулалттай байна.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэж заасны дагуу худалдан авагчийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараанд төлөгдсөн НӨАТ-ыг түүний төсөвт төлөх уг татвараас хасахаар заажээ.
Харин нэхэмжлэгч хуулийн этгээдийн худалдан авсан уг краныг үйлчилгээний зориулалтаар импортолсон гэж үзэх боломжгүйн зэрэгцээ ийм зориулалтаар худалдан авч, ашиглаж, тус кранаар үйлчилгээ үзүүлж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйн зэрэгцээ уг барааны эцсийн хэрэглэгч нь нэхэмжлэгч өөрөө байна.
Түүнчлэн худалдан борлуулах зорилгогүй, нэхэмжлэгч “******* групп” ХХК өөрийн хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хангамжийн материал болох нэрийн хуудас, хэвлэх машины хор зэргийг худалдан авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцогдох зохицуулалтад хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН