| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 187/2018/0503/Э |
| Дугаар | 532 |
| Огноо | 2020-04-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 532
187/2018/0503/Э
2020 04 30 2020/ДШМ/532
Х.Д-, Т.Н- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Эсэн,
иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатар,
хохирогч Д.Ц-Э-э, түүний өмгөөлөгч Н.Мандах,
шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн,
шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн, шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Д-, Т.Н- нарт холбогдох эрүүгийн 1810000940332 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д-, 1991 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, хувиараа сантехникийн угсралтын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ..../;
2. Н-, 1986 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа тавилгын үйлдвэр ажиллуулдаг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
Х.Д-, Т.Н- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд Д.Ц-Э-ийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.Д-, Т.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч н Д-, Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Х.Д-, Т.Н- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Д-ыг 3 /гурав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Т.Н-г 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, тэдгээрт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Х.Д-ын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоног, Т.Н-гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Д- нь хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 төгрөг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч Т.Н-гээс 50.694.208 төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.75 төгрөгийг тус тус олгож, хохирогч Д.Ц-Э-ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 3.000.000 /гурван сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Ц-Э-э цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Д-, Т.Н- нараас нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 3 /гурав/ ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Х.Д-, Т.Н- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх “... хэргийн үйл баримтаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда виста” хотхоны ресторанд Т.Н-, Х.Д- нар эмх замбараагүй байдал бий болгож, ариун цэврийн өрөөнд Д.Ц-Э-ийг “биеэ зөв авч явсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүний халдашгүй эрх чөлөөтэй байх эрхэд бүлэглэн, хүч хэрэглэн халдаж, ...хүнд хохирол учрах үр дагаварт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан...” гэж дүгнэжээ.
Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах байдалд явцаараа хүргэдэг, өөрөөр хэлбэл дээрх үр дагаврыг гэмт этгээдүүд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах гарцаагүй урьдач нөхцөл бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинж хангагддаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д-, хохирогч Д.Цогт- Эрдэнэ нарын хооронд үүссэн таарамжгүй харьцаа нь гэмт хэрэг үйлдэх сэдэлт болж, шүүгдэгч Х.Д-, Т.Н- нар бүлэглэн хохирогч Д.Ц-Э-ийг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол шууд санаатай үйлдлээр учруулсан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Шүүгдэгч Х.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Би хохирогчийн эмчилгээний зардалд зориулж 20.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл зардлыг төлөхийн тулд өөрийн машин болон хадам аав, ээжийн хашаа байшинг зарж шүүхээс тогтоосон хохирлын мөнгө болох нийт 50.694.208 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Би эхнэр, 2 настай хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр М.Оюун-Эрдэнэ нь бага насны хүүхэдтэй, ажилгүй байгаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учирч болох гэм хорыг бодолгүй хохирогчийг хохироосондоо маш их харамсаж байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол мөнгөө төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг хэрэгт миний зүгээс оролцсон зүйл огт байхгүй. Үүнийг нотлох хэд хэдэн баримт, нотолгоо байгаа. Миний хувьд Ц-Э-э, Д- нарын зодооныг салгах явцад Ц-Э-ийн мөрийг түлхэж холдуулснаас өөрөөр цохиж зодсон үйлдэл байхгүй. Ялангуяа Ц-Э-ийн толгой, нүд хэсэгт огт гар хүрээгүй бөгөөд энэ талаар камерын бичлэгт тодорхой харагдана. Мөн тухайн үед хамт байсан гэрчүүд ч давхар нотолдог. Хохирогч Ц-Э-ийн нүд рүү Д- өшиглөж гэмтээсэн, бор гуталтай хөлөөр өшиглөсөн гэдгийг гэрч Нямсүрэн, Хувьзаяа, Мөнхбат, Төрбат нар, мөн Д- өөрөө ч мэдүүлдэг бөгөөд Д- тэр орой бор гуталтай байсан гэдэг нь эрүүлжүүлэх байрны тэмдэглэлээр нотлогддог. Миний хувьд Д-тай сайн найз нөхөд ч биш, ердийн ажил хэргийн харьцаатай, урьдын өш хонзон, өр авлага үүссэн элдэв маргаан байхгүй. Гэтэл Д- нь гэнэт хэрэгт холбогдоод хоёр жил болсны дараагаас “чи хохирол төлбөрийг надтай хуваалцахгүй бол би чамайг энэ хэрэгт ямар нэгэн аргаар чирнэ” гэж заналхийлсэн ба улмаар мэдүүлгээ өөрчилж өгсөн, надад ч энэ талаар удаа дараа хэлсэн. Д-ын энэхүү худал өгсөн мэдүүлгээр намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Анхан шатны шүүх хохирогчийн ах Цогтбаатарын гар утсан дээр бичсэн гэмтэлтэй, дүрс нь тодорхой биш камерын бичлэгийн хуулбарт үндэслэн намайг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэж ял шийтгэсэнд гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч С.Батнасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х.Д- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би хохирогчийн нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэж мэдүүлдэг бөгөөд хохирогч Д.Ц-Э-эд эмчилгээний төлбөр болох 49.692.458 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 төгрөгийг тус тус төлж барагдуулсан нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Д- нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон зүйлийг хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдаанд хэлсэн түүний эцсийн үг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоос өөрт оногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан зэргээр илэрхийлэгдэж байна. Мөн өмгөөлөгч бид түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шүүх хуралдаанд оролцохдоо, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлуудад тулгуурлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү гэх саналыг гаргасан боловч шүүх дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Д-ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, шүүх хуралдаанд гэрч нарыг оролцуулах саналыг удаа дараа гаргасан бөгөөд шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцсон. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын хамгийн гол шинж болох гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож чадаагүй. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн. Ийнхүү зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь үйлдсэн гэмт хэрэгтэй нь нийцэж байна. Учир нь, уг гэмт хэрэг олон нийтийн газар, таарамжгүй харилцаанаас болсон нь үнэн учраас зүйлчлэлийн асуудал дээр маргаан байхгүй. Харин яллах дүгнэлтээс харахад хэн хэрхэн хохирогчид гэмтэл учруулсан нь тогтоогддоггүй. Камерын бичлэгээс харахад Х.Д- нэг удаа, Т.Н- хоёр удаа цохиж байгаа нь харагддаг. Хэний үйлдлээс болж хохирогчийн нүдэнд гэмтэл учирсан бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй. Өшиглөсөн гэж худал, үнэн нь мэдэгдэхгүй Нямсүрэн гэх гэрчийн мэдүүлгийг ярьдаг боловч түүний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. ...” гэв.
Шүүгдэгч Т.Н-гийн өмгөөлөгч Д.Баттөмөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогч Д.Ц-Э-э 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “...Шинэ жилийн арга хэмжээнд оролцоод Болдбаатарын хамт 1 давхрын угаалгын өрөөнд орсон. Угаалгын өрөөнд танихгүй залуутай мөр хэсгээрээ шүргэлцээд муудалцсан, тэр залуу намайг куртикны захнаас зуурсан, энэ надтай хамт явж байсан Болдбаатар салгах гээд дундуур орох үед намайг заамдсан залуутай хамт явж байсан залуу Болдбаатар луу дайрч цохиж байгаа харагдсан, харин Болдбаатарын хаана нь цохиж байгааг хараагүй. ...Намайг заамдсан залуу миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон, ... яг хэн нь хичнээн удаа цохисныг мэдэхгүй байна, шоконд ороод ухаан балартчихсан юм. Нэг санахад уг рестораны үүд хэсэгт хальт ухаан ороход манай эхнэр хажууд зогсож байгаа харагдсан юм...” гэж мэдүүлдэг ба хохирогч энэ мэдүүлгээ өөрийн өмгөөлөгчийн хамт өгсөн бөгөөд хууль зүйн үр дагаврыг бүрэн ухамсарласан байсан. Дээрх мэдүүлэг хэргийн материалыг хэргийн оролцогчдод танилцуулсны дараа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй болж, Н-г цохисон мэтээр мэдүүлдэг болсон нь бодит байдлыг өөрөөр буюу өөрийн хараагүй зүйлийг харсан мэтээр мэдүүлсэн энэхүү байдалд шүүх дүгнэлт хийгээгүй. Хэргийн газарт болсон бодит байдал буюу угаалгын өрөөнөөс Д.Ц-Э-э, Т.Н-, Х.Д- нар зууралдаад гарч ирснээс хойшхи байдлыг гэрч Д.Тайванцэцэг /1хх 91-92/, М.Отгонгэрэл /1хх 93-94/, Х.Жаргал-Ундрах /1хх 95-96/ нар, харин гэрч Э.Нямсүрэн /1хх 23-24, 3хх 173-175/, З.Төрбат /2хх 33-34, 3хх 176-177/, Р.Мөнхбат /3хх 66-67, 145-147, 178-180/, А.Хувьзаяа /3хх 68-69/ нар зодоонд хэн, хэрхэн оролцож хэний үйлдлээс болж гэмтэл учирсныг хаана, ямар байрлал өнцгөөс харсан болохоо тодорхой, тогтвортойгоор мэдүүлсэн. Мөн гэрч Б.Болдбаатар, Б.Баасансүрэн, Б.Анхбаяр, М.Болоргэрэл нар нь үйл явдал болоод өнгөрсний дараах болон хохирогчийн байр байдлын талаар мэдүүлсэн.
Хэргийн үйл баримтыг буулгасан гэх камерын бичлэг хавтас хэрэгт удаашруулсан 1 ширхэг, энгийн 2, нийт 3 ширхэг СD-д байгаа ба Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3698 тоот дүгнэлт, гэрч А.Сайнхүүгийн “...шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй. ...” гэх баримт мэдүүлэг /3хх 59-60/, /3хх 142-144/, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 139-141/, 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн СD-д үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 184-207/, дээрх хоёр тэмдэглэл, нэг бичлэгээс хийгдсэн боловч үйл баримтыг харилцан зөрүүтэйгээр тайлбарласан тэмдэглэлүүд, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судлагдсан камерын бичлэгийг үзээд хийсэн шүүх бүрэлдэхүүн болон тухайн шүүх хуралдаанд байсан хэргийн оролцогч нарын үзсэн бичлэг биш, шүүхээс хэрэг буцсаны дараа хохирогчоос өгсөн бичлэгийг үзсэн тэмдэглэлийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоолууд /3хх 181-183/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт болон 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хохирогчид учирсан гэмтэл нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Т.Н- нь гэм буруугүй болох нь тогтоогдож байна.
Харин Т.Н- зодооныг салгах явцад хохирогчийн зууралдаж дайрсан үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч байсан ба энэ үедээ хохирогчийн цээжин хэсэг рүү түлхэж зогсоосон болохоо мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөвөөр тогтвортойгоор мэдүүлсээр ирсэн энэхүү үйлдлийг шууд санаатай үйлдлээр бүлэглэн бусдад хүнд гэмтэл учруулж танхайрсан гэж дүгнэсэн нь бодит амьдрал дээр байж боломгүйгээр хэлмэгдүүлж байна. Шүүх Т.Н-г Х.Д-тай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар дээрх гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй ба шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Н-гийн өмгөөлөгч Л.Данзанноров давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн, ноцтой зөрүүтэй байна гэж үзэж Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж, цагаатгуулахаар давж заалдах гомдол гаргалаа.
1. Эрүүгийн 1810000940332 дугаартай хавтаст хэргийн материалд авагдсан, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн хүчин төгөлдөр баримтуудад дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч Т.Н- нь хохирогч Д.Ц-Э-эд гэмтэл учруулсан үйлдэлд оролцоогүй болох нь тодорхой нотлогдоно.
Үүнийг хавтаст хэрэгт гэрчээр удаа дараа мэдүүлэг өгсөн, хамгийн хараат бус, хөндлөнгийн гэрч болох Э.Нямсүрэн, З.Төрбат, Р.Мөнхбат, А.Хувьзаяа нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн Э.Нямсүрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр яг хэрэг гарсан даруйд өөрийн гараар бичсэн “...миний харсан зүйл бол Оюутолгойн ажилтан Ц-Э-ий нүд рүү Д- хүчтэй өшиглөж байгааг харсан нь үнэн...” гэх тайлбар зэрэг нотолно.
Э.Нямсүрэн тухайн нөхцөл байдлыг нүдээр үзсэн хамгийн гол гэрч мөн болохыг хавтаст хэргийн 13 дугаар талд хохирогчийн найз, гэрч Б.Болдбаатарын “...тэр рестораны үйлчлэгч гээд охин Д- нь Ц-Э-ийг нүүрэн тус газар нь өшиглөхийг харсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 18 дугаар талд гэрч Ц.Анхбаяр “...тэр рестораны ажилтан өлгүүрийн эмэгтэй Ц-Э-ийг зодуулсан талаар сайн мэдэх юм билээ...” гэх мэдүүлэг, мөн хохирогчийн эхнэр, гэрч М.Болоргэрэл хавтас хэргийн 20 дугаар талд “...рестораны ажилтан болох цагаан цамцтай эмэгтэй танай нөхрийг ийм болгосон хүн энд байгаа гэж хэлээд намайг заал руу дагуулаад орсон юм...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 87 дугаар талд Т.Н- “...Будда хаусын нэг эмэгтэй ажилтанг дагуулж хүрч ирээд ... асуухад тэр эмэгтэй Д-ыг тэр байна гэж заасан, тэгээд цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Баатархүүгийн “...зодсон гэх залууг баарны нэг ажилтан хүүхнээр цагдаагийнхан заалгаад хананд зогсоочихсон, хүмүүсээс тусгаарлачихсан байсан...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 14 дүгээр талд рестораны захирал Оюунаатай утсаар холбогдсон талаарх мөрдөгчийн тэмдэглэлд гэрч Э.Нямсүрэн бүх асуудлыг харсан, өшиглөсөн гэх хүнийг цагдаагийн байгууллагад зааж өгсөн талаар тусгагдсан байгаа. Түүнчлэн холбогдогч нарыг болон хохирогч Д.Ц-Э-э нарын хэнийг нь ч огт танихгүй гэдгээ хавтаст хэргийн 23-24 дүгээр талд түүнээс хууль сануулан гэрчээр мэдүүлэг авахад хэлснээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн үед үүнийгээ батлан мэдүүлсэн. Т.Н-гийн 3 дугаар хавтаст хэргийн 209-211 дүгээр талд өгсөн мэдүүлэгт “...Д- маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр эрүүлжүүлэх байрнаас гарч ирээд өчигдөр хэрэггүй өшиглөчихлөө гэж хэлж байсан” талаар тодорхой тусгагдсаныг мөн анхаарах нь зүйтэй.
2. Хохирогч болон хэргийн холбогдогч нарын хэнтэй ч хамаарал холбоо байхгүй гэрч З.Төрбат “...нөгөө залуу /Т.Н-/ нь зууралдаад байсан бөгөөд цохиж зодсон зүйл байгаагүй...”, “Мөнхбатын татаж холдуулсан залуу хохирогчийг яг цохиж байхыг хараагүй” гэж мэдүүлснээс гадна “хохирогч залууг цохиж байсан залуугийн талаас хөл орж ирээд хохирогч залууг тонгойсон байхад нь нэг удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн.
Мөн гэрч Р.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт “... өшиглүүлсний дараа нүднээс нь цус гарсан, хохирогч шоконд орсон байсан” гэж баталснаас гадна Х.Д-ыг бор өнгийн гуталтай байсныг давхар гэрчилдэг. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд ч ийм агуулгатай мэдүүлэг тогтвортой өгсөн. Энэ нь миний үйлчлүүлэгч Т.Н- хохирогчид хүнд гэмтэл учруулахад бүлэглэн оролцсоныг шууд үгүйсгэх, мөн Х.Д- хүнд гэмтлийг хохирогчид ганцаараа учруулсны нотолгоо болно. Тухайн үед Х.Д- нь бор /хүрэн/ өнгийн гуталтай байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тодорхой мэдүүлсэн, энэ нь түүнийг түр саатуулах үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд бор өнгийн гуталтай байсан нь нотлогддог. Гэрч З.Төрбат ч, Р.Мөнхбат ч мөн өшиглөх үед бор өнгийн гутал өмссөн хүн өшиглөсөн болохыг шууд мэдүүлсэн.
3. Бүх гэрч Т.Н- хохирогчийг цохиж зодсоныг болон гэмтээсэн талаар хараагүй гэдэг, цохисныг нь нотолдоггүй. Хохирогч Д.Ц-Э-э л өөрийг нь Т.Н- цохисон гэдгийг ганцаараа л хэлдэг. Энэ талаарх мэдүүлгүүд өөр хоорондоо асар зөрүүтэй байдаг бөгөөд эдгээр мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэх шаардлагатай. Хохирогчийн мэдүүлэг бодит байдалтай хэрхэн нийцэж байгааг, гарцаагүй үнэн зөв эсэхийг нотолсон, нотлогдсон тохиолдолд Т.Н-г буруутгах үндэслэл бүрдэнэ. Гэтэл ийм үндэслэл тогтоогддоггүй. Мөн Т.Н- хохирогчийг цохисныг нь үгүйсгэсэн, Х.Д- өшиглөж гэмтээснийг батлах гэрчүүдэд хууль сануулан авсан маш олон мэдүүлэг, нотолгоонууд хэрэгт авагдсан. Түүнчлэн, Т.Н- бүлэглэн гэмтэл учруулсныг үгүйсгэх чухал нотолгоо нь хавтаст хэргийн 241 дүгээр талд яллагдагч Х.Д- гэм буруугаа хүлээн “хохирогч Д.Ц-Э-ийг би зодож гэмтэл учруулсан юм. Н-тэй бүлэглэн зодсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг болно. Энэ нь Т.Н-гийн болон гэрч нарын удаа дараагийн мэдүүлгээр давхар батлагдана.
4. Хохирогч Д.Ц-Э-ийн удаа дараагийн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй. Аливаа хэрэгт гэрч, хохирогч, холбогдогчийн анх өгсөн мэдүүлэг илүү бодитой байх магадлалтай байдаг. Гэтэл хохирогчийн анхны мэдүүлэг маш бүрхэг, тодорхой зүйлгүй, “... миний бодлоор”, “...байх гэж бодож байна” “...яг хэн нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна” гэх зэргээр таамаглал шинжтэй байдаг. Шүүх эх сурвалж тодорхойгүй таамаглалд үндэслэн шийдвэр гаргахгүй. Гэтэл хохирогч эхний мэдүүлэг өгснөөс хойш 9 сарын дараа хэргийн материалтай танилцсанаас хойш гэнэт л бүх зүйлийг “санаж эхэлдэг”. Б.Болдбаатарын мэдүүлэг ч мөн л бодит байдлаас хол зөрүүтэй байдаг. Тухайлбал, тэрээр 00-н өрөө рүү түүний араас хоёр хүн орж очсон гэж мэдүүлдэг ч тэр нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагддаггүй ба бичлэгээр түүний араас хоёр хүн орсон гэдэг нь шууд үгүйсгэгддэг. Мөн тэрээр зодоон маргааны эхэнд байсан, хохирогч яг гэмтэл авах үед хажууд нь байгаагүй.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан хэрэг нь тодорхой зорилго чиглэлтэй, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр илэрдэг. Т.Н-д хохирогчийг зодох, тэр тусмаа Х.Д-тай бүлэглэн зодох, гэмтээх сэдэлт, санаа зорилго байгаагүй. Тэрээр зодооныг салгах гэж оролдож байгаа нь хяналтын камерын бичлэгт тодорхой тусгагдсан. Камерын бичлэгийг нарийвчлан харвал Т.Н- нь зөвхөн зодолдож буй хоёрыг татах, холдуулан түлхэх үйлдэл хийж байгаа нь тодорхой нотлогдоно. Түүнчлэн энэ нь З.Төрбатын мэдүүлэг, мөн Х.Д-ын удаа дараагийн мэдүүлэг, өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр ч энэ нь батлагдана. Т.Н- цохиж гэмтээсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, тэрээр салгах явцдаа зүүн нүд орчимд нь цохиогүй, харин хохирогчийн мөр орчимд л нэг удаа түлхэж холдуулсан үйлдэл хийсэн. Гэмт хэргийн хамтран оролцогч нь тухайн хэргийг туйлд нь хүргэх нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийлгэхийг хүсэж байдаг онцлогтой. Т.Н-гийн тухайд зодоон маргааныг салгахад чиглэсэн идэвхтэй үйлдлүүд хийж байгаа нь бичлэгээс тодорхой харагдах ба энэ нь түүний Д-тай санаа зорилго нэгдээгүйг харуулна. Угтаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйлийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хоёр буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж заасан.
6. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр хохирогч Д.Ц-Э-ийн биед учирсан хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлүүд нь толгой, тэр дундаа зүүн нүд орчимд учирсан байдаг. Эдгээр гэмтлүүд нь мөн нэг удаагийн цохилтын улмаас үүсэх боломжтойг шинжээч эмч мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ ч, дүгнэлтээрээ ч баталдаг. Мөн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээч эмч “...Тухайн гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой. ...Хамрын ясны зүүн хажуу ханын хугарал, таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн гэмтлүүд нь том талбайтай гутлын улаар нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж мэдүүлсэн. Х.Д- хохирогчийн зүүн нүд орчимд хүчтэй өшиглөж гэмтээсэн нь баримтуудаар тодорхой нотлогддог бөгөөд үүнийг Х.Д- ч үгүйсгэдэггүй, хүлээн мэдүүлдэг, бусад бүх гэрчүүд нотолдог. Т.Н- Д.Ц-Э-ийн биед гэмтэл учруулсан гэм буруутай эсэхэд маш томоохон, үндэслэл бүхий эргэлзээ, үгүйсгэл байгаа. Нэгэнт гэм буруутай эсэхэд эргэлзээ байгаа тул хэргийг Т.Н-д ашигтайгаар шийдвэрлэн хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн.
7. Гэрч Э.Нямсүрэнгийн мэдүүлэг, гэрч З.Төрбатын мэдүүлэг, Р.Мөнхбат, А.Хувьзаяа нарын мэдүүлгүүд, мөн камерын бичлэг зэрэг нь Т.Н-г яллах баримтууд биш, харин ч хамтран оролцоогүйг батлах баримтууд. /тухайлбал, хх 23-24/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гээд, мөн зүйлийн 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тусгасан. Х.Д- Д.Цогт- Эрдэнийн нүд рүү бор өнгийн гутал өмссөн үедээ, хэрэг болсон цаг хугацаанд өшиглөж гэмтээснийг Э.Нямсүрэн, З.Төрбат, Р.Мөнхбат, А.Хувьзаяа нарын гэрчүүд удаа дараа хууль сануулан авсан байцаалт мэдүүлгээрээ маш тодорхой, эргэлзээгүйгээр, нэгэн дуугаар гэрчилсээр байтал уг мэдүүлгүүдийг яагаад үнэлээгүй нь тодорхойгүй, шүүх эдгээрийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд огт тусгаагүй байна. Иймд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх хангалттай үндэслэлтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмын агуулгыг тодорхойлохдоо “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож...” гэж тус тус заасан. Хэргийг бодитойгоор хялбар шийдэх хамгийн гол зүйл хяналтын камерын бичлэг байсан. Үүнийг мөрдөгч “Будда хаус” ресторанаас очиж аваагүй. Хохирогчийн төрсөн ах Д.Цогтбаатарын авсан гэх, хяналтын камерын бичлэгийг компьютерт уншуулж, өөрөө гар утсаараа бичсэн гэх тасарсан, тайрагдсан, үсэрсэн байдалтай, Д.Ц-Э-эд гэмтэл учруулж, өшиглөж байгаа гэх үеийн компакт дискэнд хуулсан бичлэгийг гарган өгсөн. Өгөхдөө бичлэгийг нэн яаралтай хуулбарлан авна уу гэсэн албан ёсны хүсэлтийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн ч харамсалтай нь мөрдөгч бичлэгийг бэхжүүлэн аваагүй. Мөрдөгч бус, нотлох баримт бэхжүүлэх эрхгүй Д.Цогтбаатар гэх хүний гар утсаараа авсан бичлэгийг хууль ёсны нотлох баримт гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь ... мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг ... энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ... энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж зохицуулсан. Энэ зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч нотлох баримтыг бэхжүүлнэ гэсэн агуулгатай заалт бий. Иймд иргэнээс ирүүлсэн гар утасны бичлэг шууд нотлох баримтаар үнэлэгдэх учиргүй. Мөн уг бичлэгийг нотолгооны шаардлага хангахгүй, өөрчлөлт орсон гэж шинжээч дүгнэлтээрээ давхар нотолж, уг бичлэг нотолгооны ач холбогдолгүй болсон. Нэгэнт засварлагдсан, шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад тухайн бичлэгт үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлд бодит бус зүйл тусгасан атал, шүүх нотлох баримтаар үнэлсэн нь алдаа.
9. Бичлэгийг нарийн харвал тэнд Т.Н-гийн зүгээс зодоонд идэвхийлэн оролцож байгаа зүйл байхгүй, харин ч Д.Ц-Э-ийн довтолгоог няцаах, Х.Д- Д.Ц-Э-э хоёрын зодооныг салгахаар түлхэх, татах хөдөлгөөн хийж байгаа л байдал харагдана. Харин Х.Д-, Д.Ц-Э-э хоёрын тухайд бие бие рүүгээ, мөн Д.Ц-Э-э нь Т.Н- рүү дайрч довтолж байгаа нь бичлэгээс тодорхой харагдана. Хохирогч тухайн зодоон, маргааныг өөрөө эхлүүлсэн төдийгүй, Т.Н-, Х.Д- нарын өөдөөс дайрч давшилж, цохисон нь хэргээс харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “... энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан. Мөн зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасны дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж бэхжүүлнэ” гэж, мөн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно” гэж заасан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтад тооцохгүй байх зохицуулалттай.
10. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Т.Н- яг хэрхэн санаа зорилго нэгтгэсэн, хэрхэн яг ямар үйлдэлд нь, хэрхэн бүлэглэн оролцсон талаар тодорхой дүгнээгүй, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж маш ерөнхий байдлаар л тусгасан.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг сайтар анхааран үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг удирдлага болгон Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатган шийдвэрлэнэ үү. ...” гэв.
Хохирогч Д.Ц-Э-э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн хувьд өмгөөлөгчтэйгөө ижил байр суурьтай байна. Энэ хэрэг болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрч, гэмт хэргийн улмаас надад маш хүнд хохирол учирч насанд туршдаа тахир дутуу болсон. Түүнчлэн энэ хэрэг шийдэгдэхгүй удаж байгаад хохирогчийн зүгээс улам их хохирч байна. Шүүгдэгч Х.Д-ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа ирж уулзан өөрт ногдох хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Шүүгдэгч Х.Д- болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолд хэлэх зүйл алга. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх. Харин шүүгдэгч Т.Н-гийн хувьд өдий 3 жил гарангийн хугацаа өнгөрч байхад хийсэн хэрэгтээ гэмших нь байтугай нэг ч удаа надаас ирж уучлалт гуйгаагүй. Мөн шүүгдэгч Т.Н-гийн өмгөөлөгч нарт хандаж хэлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд Т.Н- гэдэг хүн энэ гэмт хэрэгт оролцсон болохыг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоочихоод байхад “Т.Н- оролцоогүй, ямар ч гэмт хэрэг хийгээгүй” гээд байгаад харамсаж байна. Мэдээж эдгээр өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхолд тааруулж ажлаа хийж байгаа байх гэж бодож байна. Шүүгдэгч нар нийлж намайг зодсоноос болж өнөөдөр би насанд туршдаа хохирчихсон, амьдралын баталгаагүй, ямар ч ирээдүйгүй болсон учраас маш их гомдолтой байна. Миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Хохирогч Д.Ц-Э-ийн өмгөөлөгч Н.Мандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...дээд шатны прокурорын эсэргүүцлийг хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 223 дугаартай магадлалд прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Х.Д-, Т.Н- нар бүлэглэн Д.Ц-Э-ийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан гэж хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн бичиж, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэрэг хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой дүгнэлт хийгээгүй гэж буцаасан. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэнтэй хохирогч талаас маргахгүй байгаа бөгөөд анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлтийн хувьд санал нэг байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч Д.Ц-Э-ий төрсөн ах. Д.Ц-Э-э нь бусдад зодуулж хүнд гэмтэл авсны улмаас Энэтхэг улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Тухайн үед би асран халамжлагчаар нь хамт явсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 3 дугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу 40 хоногийн хугацаанд явж ирсэн. Энэ хугацаанд өөрийн ажлаа хийж чадаагүй үеийн цалинг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснээс шүүгдэгч Х.Д- өөрт оногдох хэсгээ төлж барагдуулсан. Шүүгдэгч Т.Н-гийн хувьд одоогоор төлж барагдуулсан зүйлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос Х.Д-, Т.Н- нарыг бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны шөнө 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд Д.Ц-Э-ийг зодож, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Н-, Х.Д- нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болохын зэрэгцээ шүүгдэгч Т.Н-г Х.Д-тай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.
Учир нь, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч Д.Ц-Э-э /1хх 10-11, 2хх 30/, гэрч Э.Нямсүрэн /1хх 23-24/, /3хх 173-175/, З.Төрбат /2хх 33-34/, /3хх 176-177/, Р.Мөнхбат /3хх 66-67, 145-147, 178-180/, Д.Тайванцэцэг /1хх 91-92/, шүүгдэгч Х.Д- /1хх 243/, Т.Н- /1хх 99-102/ нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ц-Э-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 824 /1хх 30-31/, 6 дугаар сарын 21-ний өдрийн 772 /2хх 6-7/, 8 дугаар сарын 30-ны өдрийн 981 /2хх 40-41/ дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Т.Сэлэнгийн /2хх 198/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:
Х.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцож байх үедээ ариун цэврийн өрөөнд хохирогч Д.Ц-Э-этэй мөрөөрөө шүргэлцсэнээс болж тэдний хооронд маргаан үүсч, Х.Д- нь Д.Ц-Э-ийн нүд рүү өшиглөснөөс эрүүл мэндэд нь гавлын зүүн талын суурь ясны их далавчны заадас дайрсан зөрөөгүй хугарал, зүүн нүдний салст, лимбийн урагдал, нүдний алимны агууламжийн гоожилт, судсан бүрхүүлийн хавчигдалт, нүдний алим авах мэс заслын дараах байдал /бүрэн хараагүйдэл/, нулимасны замын тасрал, зүүн талын нүдний ухархайн дотор болон доод хана, хамар ясны зүүн хажуу ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дух, шанаа, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулжээ.
Энэ үйл баримтын талаар хохирогч Д.Ц-Э-ийн “...ариун цэврийн өрөөнд бие засчихаад эргэхдээ нэг танихгүй залуутай зүүн мөр хэсгээрээ шүргэлцсэн. Тэгтэл тэр залуу “яагаад мөргөж шүргээд байна” гэж их ууртай, чанга дуугаар хэлэхээр нь би “уучлаарай хөгшөөн” гэж хэлтэл миний гадуур хувцасны захнаас зуураад авсан. Энэ үед хамт явсан Б.Болдбаатар дундуур ороод салгах үед тэр залуутай хамт явж байсан залуу Б.Болдбаатар руу дайрч цохиж байгаа харагдсан, Б.Болдбаатар цохиж байгааг хараагүй. Намайг заамдсан залуу 2-3 удаа толгой руу цохиод ариун цэврийн өрөөнөөс чирч гаргаад ариун цэврийн өрөөний үүдэнд тэр хоёр залуу миний нүүр, толгой, хамар гээд гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэн нь хичнээн цохисон талаар мэдэхгүй байна. ...ингээд дөрвүүлээ зууралдсан чигтээ ариун цэврийн өрөөнөөс коридорт гарцгаасан. Тэгээд Б.Болдбаатар үүд рүү явсан. Би Х.Д-тай заамдалцаад зууралдчихсан, Н- миний пиджакны араас зуураад гарч ирсэн. Д- миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би манараад доошоо тонгойгоод сууж унасан. ...” /1хх 10-11, 2хх 30/,
гэрч Э.Нямсүрэнгийн “...нэг давхрын гал тогооны хэсэгт зогсож байхад хүмүүс хашгирах чимээ гарахаар нь чимээ гарсан зүг болох угаалгын өрөөний тийшээ гүйгээд очтол нэг залуу шалан дээр 4 хөллөөд босож чадахгүй байхад нь нэг залуу урдаас нь хөлөөрөө өшиглөсөн чинь тэр залуу хойш савж унасан. Энэ үед 4 хөллөөд босож чадахгүй байсан залуугийн нүднээс маш их цус гарч шалаар дүүрэн цус болсон. ...Д- гэх хүн хөлөөрөө Д.Ц-Э-э гэх хүний нүүр лүү өшиглөж байсан. ...” /1хх 23-24/, /3хх 173-175/,
гэрч З.Төрбатын “...Нямсүрэн гэх өлгүүрийн охин “хүмүүс зодолдоод байна, салгаач ээ” гэхээр нь харахад ариун цэврийн өрөөнөөс зодуулсан гэх залуу хоёр залуутай зууралдаад гарч ирсэн. Ариун цэврийн өрөөний ойролцоо нөгөө гурван залуу зууралдаад нөгөө зодуулдаг залуу /Д.Ц-Э-э/ тонгойчихсон байхад тойрч гарч ирдэг коридорын гарц талд зогсож байсан залуу нь дээрээс нь нуруу, толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Нөгөө залуу нь зууралдаад байсан, цохиж зодож байгаа зүйл харагдаагүй. Би очоод зодуулж байсан /Д.Ц-Э-э/ залууг хойноос нь бүсэлхийгээр нь тэврээд хойш татсан чинь гарц талдаа зогсож байсан хохирогч залууг цохиж байсан залуугийн талаас нэг хөл орж ирээд хохирогч залууг тонгойсон байхад нэг удаа өшиглөхөд хохирогч залуугийн нүднээс цус гоожсон, тэр залуу нүдээ дараад, гар нь цус болсон байсан. ...” /2хх 33-34/, /3хх 176-177/,
гэрч Р.Мөнхбатын “...орой 23 цаг өнгөрч байхад нэг давхрын ариун цэврийн өрөөнөөс гурван эрэгтэй хүн бие биенийгээ барилцсан байдалтай гараад ирэхээр нь Төрбатын хамт очиж хүмүүсийг салгаад хохирогч гэх залууг би барьчихсан холдуулж байхад миний баруун талаар хүрэн бор өнгийн ботинкон гуталтай, хар өнгийн хослолын өмдтэй хүн өшиглөхөд миний барьж байсан залуугийн зүүн нүднээс цус гарч эхэлсэн. ...” /3хх 66-67, 145-147, 178-180/,
гэрч Д.Тайванцэцэгийн “...23 цагийн үед ариун цэврийн өрөөний гадна тамхи татаад Т.Н-гийн эхнэр Жаргалыг хүлээгээд зогсож байхад ариун цэврийн өрөөнөөс Т.Н-, Х.Д- нар хоёр танихгүй хүнтэй ноцолдоод, зууралдаад, маргалдсан байдалтай гарч ирэхээр нь би салгасан. Эхлээд Н-г татаж цааш нь болгочихоод эргэж Д-ыг татахад нөгөө нүдэндээ цохиулсан залуу Д-ын пиджакнаас зуурчихсан байсныг хүчтэй сэгсрээд тавиулж байсан, тэр нүдэндээ цохиулсан залуу газарт унаж байсан. Д- “өө п...., миний товчийг тасалчихлаа ш дээ” гэж байсан. ...” /1хх 91-92/,
Х.Д-ын яллагдагчаар өгсөн “...хохирогч Д.Ц-Э-ийг би зодож, хүнд гэмтэл учруулсан, Н-тэй бүлэглэж зодсон зүйл байхгүй. Харин Ц-Э-э бид хоёрыг салгаж байсан. ...” /1хх 243/,
Т.Н-гийн яллагдагчаар өгсөн “...Х.Д- Д.Ц-Э-ийн толгой руу нэг удаа цохисон. Д.Ц-Э-э арагшаа гэдийснээ эргээд Х.Д- руу дайраад зуураад авахаар нь би салгах гээд ноцолдож байхад баарны хоёр ажилтан ирээд салгасан. Салгасны дараа Х.Д- Д.Ц-Э-ийг өшиглөчихсөн байсан. ...” /1хх 249/ гэх мэдүүлгүүд, таньж олуулах ажиллагаа хийсэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 99-102/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Д-ын хохирогч Д.Ц-Э-ий нүд рүү өшиглөж хүнд хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх бөгөөд эдгээр мэдүүлэг, баримтыг няцаах, шүүгдэгч Х.Д-ын гэм бурууг үндэслэлтэйгээр үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 824 тоот болон 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 772, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 981 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч Т.Сэлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хохирогчид учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр учрах боломжтой, нүдний агууламжийн гоожилтыг би дүгнэлтдээ задлаад бичсэн, бүгдээрээ нийлээд хүнд гэмтэлд хамаарна, хамар ясны зүүн хажуу ханын хугаралт, таславчийн мурийлт, нүүрний зөөлөн эдийн гэмтлүүд нь том талбайтай гутлын улаар нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /2хх 198/ гэх мэдүүлгээр хохирогч Д.Ц-Э-ийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь тогтоогджээ.
Харин Т.Н-гийн хувьд Д.Ц-Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учрахад хүргэсэн санаатай үйлдэл, эс үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нөгөөтэйгүүр, тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 223 дугаартай магадлалаар “яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Х.Д-, Т.Н- нар бүлэглэн Д.Ц-Э-ийг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан” гэж бичин гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, яллагдагч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заагаагүй” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч магадлалд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй, түүнчлэн шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ талаар тогтоолдоо тусгах байтал ямар нэг дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Д-, Т.Н- нарын хувьд санаа зорилго болон ямар үйлдлээрээ нэгдэж, хэрхэн, яаж “энэ хэргийг бүлэглэж үйлдсэн” талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэж заасан шаардлагад нийцээгүй байна.
Бүлэглэх гэдэг хууль зүйн ойлголтыг хэрэглэхдээ шүүгдэгч нар нь ямар санаа зорилго, үйлдлээр хамтран оролцсон эсэх асуудлыг тодорхойлсны дараа “бүлэглэсэн” гэх ойлголтыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тухайн шинжээр нь зүйлчлэх ёстой.
Иймд прокуророос Х.Д-ыг бусадтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Будда Виста” хотхоны ресторанд Д.Ц-Э-ийн нүд рүү өшиглөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүх Х.Д-, Т.Н- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн байдгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгаатай байдаг тул “...хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн. ...” гэх дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Д- болон түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн нар “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Шүүгдэгч Х.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч уг гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирч, зүүн нүд бүрэн хараагүй болсон хүнд хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж үзээд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялыг хөндөөгүй болно.
Т.Н- нь 72 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж байгаатай холбогдуулан Т.Н-гээс 50.694.208 төгрөг гаргуулан хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 төгрөг олгохоор заасныг шүүгдэгч Х.Д-аас гаргуулахаар шийдвэрлэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров нарын гаргасан “...Т.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн “...анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчилсөн. ...” гэсэн эсэргүүцэл зэргийг хүлээн авч, шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн нарын “...Х.Д-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолын шүүгдэгч Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Т.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ХД-, Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэснийг “...Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Хүрэлбаатарын Д-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэж,
2 дахь заалтад “...Шүүгдэгч Д-, Н- нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Д-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ...” гэж,
3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д-т 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т Н-д 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Д-ыг 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,
4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, Т.Н-д оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,
5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг, шүүгдэгч Т.Н-гийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ын цагдан хоригдсон 163 /нэг зуун жаран гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. ...” гэж,
6 дахь заалтад “...шүүгдэгч Т.Н-гээс 50.694.208 төгрөг гаргуулж хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 /дөчин есөн сая зургаан зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 /нэг сая нэг мянга долоон зуун тавь/ төгрөгийг олгож, ...” гэснийг “...шүүгдэгч Х.Д-аас 50.694.208 /тавин сая зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун найм/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Ц-Э-эд 49.692.458 /дөчин есөн сая зургаан зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тавин найм/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.Цогтбаатарт 1.001.750 /нэг сая нэг мянга долоон зуун тавь/ төгрөгийг олгож, ...” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Л.Данзанноров нарын гаргасан давж заалдах гомдол, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэл зэргийг хангаж, шүүгдэгч Х.Д-, түүний өмгөөлөгч С.Батнасан, Ц.Цэцэгсүрэн нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН