Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1457

 

“ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00684 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Р” ХХК-д холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 871 029 707,59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р ХХК-ийн захирал Н.Энхтөрд манай банк 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 286 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцлах талаар мэдэгдсэн тул зээлийн гэрээг цуцалж, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 650 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 171 152 841.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 719 605.46 төгрөг, нийт 821 872 447.30 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 43 500 төгрөг, нийтдээ 821 915 947.30 төгрөгийг гаргуулж, хариуцагч төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Р ХХК-ийн захирал Н.Энхтөрийн өмчлөлийн 000484649 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206046851 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, 117 дугаар байрны 122 тоот хаягт байрлах, 206 м.кв бүхий 5 өрөө орон сууц, 000484084 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2206012079 дугаартай, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХП-56 байрны 11 тоот хаягт оршин 107.7 м.кв бүхий 4 өрөө орон сууц, Тод цамхаг ХХК-ийн өмчлөлийн 000523662 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204083476 дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4 байрны 2 тоот хаягт оршин 37.5 м.кв бүхий 1 өрөө орон сууц зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 46 671 780.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2 485 479.55 төгрөг нийт 49 157 260.29 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 871 029 707.59 төгрөгийг зээлдэгч "Р" ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Р” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь ТБ нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 16/01 дугаартай зээлийг буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдэлд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 650 000 000 төгрөг, хүү 31 137 499.46 төгрөг нийт 681 137 499.46 төгрөгийг төлөхийг шаардсан. Иймд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсан тул түүнээс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Р” ХХК-аас 871 073 207,59 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБинд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Р ХХК-ийн захирал Н.Энхтөрийн өмчлөлийн 000484649 тоот гэрчилгээтэй Ү-2206046851 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, 117 дугаар байрны 122 тоот хаягт байрлах, 206 м.кв бүхий 5 өрөө орон сууц, 000484084 тоот гэрчилгээтэй, Ү-2206012079 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХП-56 байрны 11 тоот хаягт оршин 107.7 м.кв бүхий 4 өрөө орон сууц, Тод цамхаг ХХК /УБД:9011498146, РД:5892198/-ийн өмчлөлийн 000523662 тоот гэрчилгээтэй, Ү-2204083476 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4 байрны 2 тоот хаягт оршин 37.5 м.кв бүхий 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 741 466,04 төгрөгийн 4 583 516 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 157 950,04 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч “Р” ХХК-аас 4 583 516 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ТБинд олгохоор шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь тоо тооцооллын болон хууль хэрэглээний илтэд алдаатай болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаарлагадаа зээлийн гэрээг цуцлах талаар дурдсан тул 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 286 тоот зээлийн гэрээг цуцлуулах шаардлага гаргасан" гэж ойлгомжгүй, тодорхойгүй дүгнэсэн. Учир нь ТБны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдэлд үндсэн зээл 650 000 000 төгрөг, хүү 31 137 499.46 төгрөг нийт 681 137 499.46 төгрөг байсан. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаас давж буюу зээлийн гэрээг цуцлуулах шаардлагыг өөрийн санаачилгаар нэмж шийдвэрлэсэн. Гэтэл “ТБ" ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1601 тоот мэдэгдлээр зээлийн гэрээг цуцлах санал ирүүлсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөнөөр гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгч талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлаад зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх дүгнэлт хэсгийн эцэст өөрийн шийдвэрээ бүрэн эхээр нь үгүйсгэсэн. Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан тул тухайн өдрөөс хойш нэхэмжлэгч хүү болон нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 871 029 707.59 төгрөгийг өөрчилж хариуцагчаас 681 137 499.46 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч “ТБ" ХХК нь хариуцагч “Р” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 871 073 207,59 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 681 137 499.46 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “ТБ” ХХК нь зээлдэгч “Р" ХХК-д 650 000 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор “Р” ХХК-ийн захирал Н.Энхтөрийн өмчлөлийн 000484649 тоот гэрчилгээтэй Ү-2206046851 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, 117 дугаар байрны 122 тоот хаягт байрлах, 206 м.кв бүхий 5 өрөө орон сууц, 000484084 тоот гэрчилгээтэй, Ү-2206012079 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр гудамж, ХП-56 байрны 11 тоот хаягт оршин 107.7 м.кв бүхий 4 өрөө орон сууц, Тод цамхаг ХХК /УБД:9011498146, РД:5892198/-ийн өмчлөлийн 000523662 тоот гэрчилгээтэй, Ү-2204083476 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 4 байрны 2 тоот хаягт оршин 37.5 м.кв бүхий 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогдож байна. /хх-13-24 дэх тал/

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу мөнгийг хүлээж авсан үйл баримтад маргаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин гэрээ цуцлагдсанд тооцох хугацаа болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийн талаар маргаж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16/01 дугаартай зээлийг буцаан дуудах мэдэгдлээр гэрээг цуцалсан тул энэ хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэж тайлбарлан мэтгэлцжээ.

Талууд гэрээгээр зээлийг хүүтэй олгохоор, мөн зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар тогтоож, зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагчид 2016 оны 12 дугаар сарын 27, 2017 оны 3 дугаар сарын 14, мөн сарын 25, 4 дүгээр сарын 25-ны өдөр тус тус албан бичиг хүргүүлэн, зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж холбогдох байгууллагад хандан зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу барьцааны хөрөнгийг битүүмжлэн өмчлөлдөө шилжүүлэн авахыг мэдэгдсэн болох нь хэргийн 37-38, 40-41 дэх талд авагдсан “ТБ” ХХК-ийн албан бичгүүдээр нотлогдож байна. Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэхгүй.

Хариуцагч “Р" ХХК нь зээл, зээлийн хүүг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлөх үүргээ 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн зөрчсөн гэдэгт маргаангүй учир нэхэмжлэгч нь түүнээс үндсэн зээл 650 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 217 824 622,58 төгрөг, гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөр төлөөгүй байна гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүд 3 205 085,01 төгрөг нийт 871 029 707,59 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоон, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн            167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Р" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 007 411 төгрөгийг нөхөн гаргуулж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот дансанд оруулсугай.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.НАРАНЦЭЦЭГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД