Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2020/00767

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******ын гудамжны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ы,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод байрлах, сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа эрхэлдэг, регистрийн дугаар бүхий, - Хязгаарлагдмал хариуцлагатай компани/цаашид ХХК гэх/-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас тус компанийн захирлын тушаалыг хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж.*******ы буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 5 460 000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Г.Чинзориг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Хариуцагчийн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн - ХХК-ийн ачааны машины жолоочоор ажилд орсон бөгөөд тус компанийн захирлын 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 07 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд би энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компанийн захирал ын 07 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн тус компанийн жолооч , , , , Ж.******* нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.2.3 заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг 2020.03.30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэсэн байна. Би компанийн ДОР улсын дугаартай 60 тонн даацтай ачааны автомашин жолооддог. Жолооны Е ангилалын эрхтэй мэргэжлийн жолооч юм. Миний бие тушаалд дурдагдсан Хөдөлмөрийн гэрээний 13.2.3 дахь заалтын юуг нь яаж хэрхэн зөрчсөн, байгууллага энэ талаар ямар үйл ажиллагаа явуулж хянаж шалгасан зэргийг мэдэхгүй. Манай компани ажилчдынхаа 2020 оны 1, 2, 3 дугаар сарын цалинг олгоогүй. Гэтэл бид байгууллагын үйл ажиллагааг алдагдуулалгүй, орлого олох боломжийг хангаж тээвэрлэлтээ тасалдуулалгүй хийсээр байсан. Бид ар гэртэй, цалин хөлсөө Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээний 11.8 дугаар зүйл, 12.3 дугаар зүйлд заасны дагуу сар бүр авах эрхтэй, компани өгөх үүрэгтэй. Гэтэл хууль зөрчин бидний цалинг олгохгүй байсаар цалингаа авъя гэж шаардлага тавихад шаардлага тавьсан ажилчдыг бөөнөөр нь ямар үндэслэлээр халж байгаагаа мэдэгдээгүй, энэ талаар тушаалд ч тодорхой биш байна. 3 сарын 25-ны өдөр биднийг ажилд гаргаагүй бөгөөд 27-ны өдөр ажлын байрнаасаа Монгол ажилчид шууд нохой мэт хөөгдсөн. Энэ компани нь Монгол гүйцэтгэх захиралтай боловч бүх зүйл нь Хятад эзний мэдэлд байдаг компани. Бидний цалин хөлс хүртэл валютаар буюу хятадын юаниар тавьж олгогддог. Би хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй, гаргасан гэж үзэхгүй байна, сахилгын зөрчил ч гаргаж байгаагүй. Ажлаас халагдсан ажилчид энэ компанид хамгийн олон жил тогтвор суурьшилтай сайн ажиллаж байсан байгууллагын аварга болж байсан жолооч нар юм. Миний нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлсийг тооцохдоо мөн л нийгмийн даатгалын шимтгэлээс зайлсхийж 730 279 төгрөгөөр бичилт хийн энэ мөнгөнөөс шимтгэлийг тооцон шилжүүлдэг. Энэ ч хууль зөрчсөн, ажилчдын эрхийг хохироосон л хэрэг. Энэ цалингаас гадна сар бүр би рейсний мөнгө аваад дундажаар 2 500 000 төгрөгийг цалин авдаг... Цалин хөлсийг гүйцэтгэх захирал бэлэн юаниар гарт олгоод баримтан дээрээ гарын үсэг зуруулдаг. Анх ажилд ороход жолооч нэг бүрээс цалингаас суутган 1500 юанийн барьцааны мөнгө гэж авсан. Гэтэл ажлаас халахдаа барьцааны мөнгийг нэг ч ажилтанд олгоогүй. Ер нь маш их дураараа байдаг, хаана тээвэрлэлт хий гэнэ бид тэр газарт нь ажлаа хийгээд л явдаг. Хөдөлмөрийн гэрээг байгуулсан боловч надад нэг хувийг өгөөгүй. Би хэт нэг талыг барьсан, ажилчдыг дорд үзсэн компанийн удирдлагад гомдолтой байна. Иймд үндэслэлгүй халсан - ХХК-ийн захирлын 07 тоот тушаалыг хүчингүй болгож, тус компанийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин дундажаар 2 500 000 төгрөгийг байгууллагаас гаргуулан олгох, цалин хөлсөнд зохих суутгал хийлгэж холбогдох газарт нь шилжүүлэх зэрэг шаардлага бүхий нэхэмжлэлийг маань шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.*******ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. Байгууллагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан нь ажилтны хүсэл зоригоос гадуур хийгдсэн байгаа харагдаж байна. Энэ хүмүүсийг хөдөлмөрийн гэрээг баримтлан халсан гэж тайлбарлаж байна. Байгууллагын хувьд хөдөлмөрийн гэрээн дээрх ноцтой зөрчил гэдгийг баримталсан гэж хэлсэн. Гэвч ажлаас чөлөөлсөн тушаал дээр тайлбарлаж чадаагүй байгаа нь харагдаж байна. 2017 онд Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш шинэчилсэн зүйл байхгүй байна. Ажилтанд хөдөлмөрийн гэрээний хувийг гардуулаагүй. Нэг хувь үйлдээд өөрсдөө тэрийг хадгалсан байна. Ажил тасалсан, албан тушаалтны үүрэг даалгаврыг биелүүлээгүй хэсгийг гол баримт болгож байна. Гэхдээ хөдөлмөрийн гэрээнд тусгасан заалт биш байна гэж үзэж байна. Тиймээс ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Ажилтан нарын хувьд ажлаа тасалсан зүйл байхгүй. Ачаагаа буулгаад явж байсан болох нь аль аль нотлох баримтаар харагдаж байна. Мөн цалингаа хэдэн сарын турш өгөөгүй байгаа нь давхар давхар нотлогдож байна. Сар бүр цалин тавих үүргээ биелүүлээгүй. Мөн цалингаа шаардах эрх нь хязгаарлагдаагүй. Гэтэл цалин нэхсэнийх нь төлөө ажлаас халаад яваад байж болохгүй. Ж.*******ы хувьд үндсэн 730 697 төгрөгийн цалинтай. Үүнээс 600 000 төгрөгийг өөрт нь бэлнээр олгодог. Дээр нь нэмэлтээр рейсний мөнгө, илүү цаг, урамшуулал гээд юаниар сард 2300-2600 гаруй юанийг бэлнээр өгдөг байгаа. Ер нь бол хариуцагч жолооч нартайгаа сард 3000 юаниар цалин хөлс өгөхөөр тохирсон гэдгийг жолооч нар хэлдэг. 2000 юанийг монгол мөнгөөр тооцон ойролцоогоор 700 000 гаруй төгрөгийг үндсэн цалинд, 1000 юанийг нь урамшуулалд олгодог. Үүн дээрээ нэмээд рейсийн тоогоор нэмэлт цалин авахаар тохирсон байгаа юм. 2020 оны ачаа тээвэрлэлт нь 2019 оны ачаа тээвэрлэлтийг бодвол эрс багассан. интернэшнл ХХК-иас гадна өөр түрээсийн машинууд хөлсөлсөн байна. Ингэснээр ажил эрс багассан. Гэхдээ сүүлийн 3 сарын цалингийн дундажаар ажилгүй байсан хугацааны цалинг бодож тооцсон. Үүний дагуу нэхэмжлэлд дурдсан байгаа. Цалинг багасгаж олгосон байгаа нь үндэслэлгүй юм. 3 дугаар сард бүтэн ажилласан. 27-ны өдрийг хүртэл ажлын байран дээрээ бүрэн байсан. Тиймээс дутуу олгогдсон цалин гэж 175 769 төгрөг нэхэмжилсэн. Үүн дээр нэмээд 2020 оны 04, 05, 06 дугаар сарын цалин 2 192 091 төгрөг, мөн 7 763.2 юанийг нэхэмжилсэн. Юанийн ханшийг 2020.06.28-ны өдрийн хаалтын ханш 398.56 төгрөгөөр тооцон 3 094 101 төгрөгөөр тооцсон. Ингээд нийт 5 461 961 төгрөгийг ажилгүй байсан хугацааны олговорт нэхэмжилж байна. Ажилгүй байсан хугацааг 2020 оны 3 сарын 30-ны өдрөөс 6 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийт 61 хоногийн ажлын өдөр байгаа юм байна лээ. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч - ХХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.******* нь 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаагаар жолоочоор түр ажиллаж байгаад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн хуулийг үндэслэн жолооч Ж.*******ы ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн жолооч Ж.*******ыг ажлаас нь чөлөөлсөн тухай 2020.03.30-ны өдрийн 07 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг нарийн сайн тусгаж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-ийн 2 болон 3 дугаар зүйлүүдэд заасан зөрчлийг ажилтнууд өөрсдөө гаргасан. Гэрч Мөнхсайхан 23-ны өдөр ачаагаа буулгаж дууссан. Цалин өгнө гэсэн тул уурхай руу очсон гэдгээ хэлсэн. Удирдлагаас ачаагаа буулгаад хүрээд ир гэсэн шаардлагыг зөрчсөн. Хариу хүлээж зогссон. Мөн ажил олгогчийн нэр хүндэд халдсан. Удирдлагадаа цалин өгөхгүй бол очихгүй гэж удирдлагадаа дарамж шахалт үзүүлсэн. Жолооч нар авто машиныг барьцаалж 48 цагийн турш хөдлөлгүй зогссон нь ажлаа хаяж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйг харуулж байна. Энэ нь Гайхам ХХК-тай байгуулсан гэрээний дагуу автомашины хөдөлгөөнийг хянаж тэмдэглэдэг GPS-ийн тайлангаар харагдаж байна. Мөн дараалсан 3-аас дээш хоног ажлаа хийлгүй ажил тасалсан болохыг ч энэ баримт харуулж байна.

Цалингийн хувьд ямартай ч сар бүрт нь өгч байсан. Тодорхой хэмжээгээр хугацаа хэтэрсэн зүйл байгаа. Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцоод байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 600 000 төгрөгөөр тохирсон байхад илүү цалин нэхэмжилсэн. Мөн урамшуулал олгох, илүү цаг олгох, рейсийн мөнгө олгох талаар гэрээгээр тохироогүй. Аман хэлбэрээр тохирсон. Жолооч нар ажлаа хийгээд сар бүрийн цалингаа авч байсан хэрнээ гэрээгээр тохироогүй мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа. Мөн нэхэмжлэлдээ 2 500 000 төгрөгийн цалин нэхэмжилсэн хэрнээ хурал дээр 5 461 691 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч - ХХК-ийн итгэмжлэгдсөн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: - ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдаж 2016 оноос хойш 4 жилийн хугацаанд тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа болно. Дорнод аймгийн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Шинь Шинь ХХК-тай 2020 оны 01 сарын 04-ний өдөр 2020/01 дугаартай Баяжмал тээвэрлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа. Уг гэрээнд манай компани нь Шинь Шинь ХХК-ийн улааны уурхайн гаалийн хяналтын бүсээс Дорнод аймгийн Баянтүмэн өртөөний гаалийн хяналтын бүсэд, олборлож битүүмжилсэн баяжмалыг тогтоосон маршрутын дагуу хүргэж өгөх тээвэрлэлтийг бүрэн хариуцахаар тусгагдсан. Нэг удаагийн тээвэрлэлт нь олборлож битүүмжилсэн 52 тонн баяжмалыг ...125 км замыг 5-6 цагийн хугацаанд ямар нэгэн аюулгүй тээвэрлэж гаалийн хяналтын бүсэд буулгаад, буцаж 4-5 цагийн хугацаанд 125 км замыг ачаа тээвэрлэхгүйгээр ...компани дээрээ ирэх үйл явц юм. Энэ ачаа тээвэрлэх үйл явцыг 1 удаагийн тээвэрлэлт буюу 1 рейс гэж тооцдог бөгөөд жолооч нар сард дундажаар 10-12 удаагийн тээвэрлэлт хийдэг. Нэг удаагийн тээвэрлэлт нь 2 хоног бүрэн явж дуусах бөгөөд ашиг нь 1 820 000 төгрөг байдаг бөгөөд үүнийг нарийн тооцвол явах зайн хэмжээ нь 125 км, мөнгөний хэмжээ тонн/км-т 280 төгрөг, нийт тээвэрлэх даац 52 тонн байдаг. Тооцож үзвэл 125 км х 280 төгрөг=35 000 төгрөг х 52 тонн=1 820 000 төгрөг болно. ...Тус компани нь 2020 оны эхээр дэлхий нийтээр тархаад байгаа цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсон боловч 1-3 саруудад ажилчдын цалинг хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу олгож байсан. ...үндсэн цалингаас гадна Байгууллагын дотоод журам-ын 9.1 заалтын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч үр дүнгийн шагнал олгож байсан. ...үр дүнгийн шагналыг 1, 2 сард олгож чадаагүй. ...Хариуцагч Ж.******* нь 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 14 цаг 08 минутанд Дорнод аймгийн сумын Улаан уурхайн гаалийн хяналтын бүсээс тээвэрлэлт хийн хөдөлж Дорнод аймгийн Баянтүмэн өртөөний гаалийн хяналтын бүсэд 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 18 цаг 34 минутанд очиж баяжмалаа буулгасан. Буулгасны дараа гүйцэтгэх захирал руу ярьж Үр дүнгийн урамшуулал өгөхгүй бол бид ажиллахгүй, машинаа Баянтүмэн өртөөний гаалийн хяналтын бүсэд орхилоо хэмээн компанийн удирдлагад шахалт үзүүлсэн. Компанийн захирал нь хариуцагч Ж.******* ...нарын 5 жолоочтой удаа дараа утсаар ярьж Та нар ажил хийх боломжгүй бол хариуцсан тээврийн хэрэгслээ кеймп дээр хүргэж өгөх талаар харилцан ярилцаж 2 өдрийн дараа ...компанийн кеймп дээр 2020 оны 03 сарын 25-ны өдрийн 16 цагийн орчимд очсон. Ж.******* нарын 5 жолооч Үр дүнгийн урамшуулал өгөхгүй бол бид ажиллахгүй гэсэн шаардлагыг тавьж ажлын байраа орхиж тээвэрлэлт хийгээгүй. Иймд дээрх 5 жолоочийг 2020 оны 03 сарын 27-ны өдөр ажлын байрыг орхих, цаашид хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. ...Дээрх үйлдлүүдийн улмаас 2020 оны 01 сарын 04-ний өдрийн 2020/01 дугаартай Баяжмал тээвэрлэх гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.2.1 заалт зөрчигдөж гэрээ цуцлах зөрчил үүссэн. Мөн компанид тээвэрлэлт хийгдээгүйгээс 3 удаагийн тээвэрлэлтээс олох байсан орлого болох 5 460 000 төгрөгийг олж чадаагүй хохирсон. Хариуцагч Ж.*******ы эзэмшиж байсан ДОР дугаартай автомашинаар 2020 оны 03 сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 сарын 27-ны өдрийн хооронд 3 удаагийн тээвэрлэлт буюу 3 рейс хийх боломж компанид бүрэн байсан бөгөөд 3 удаагийн тээвэрлэлт нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж хийгдээгүй. ...Иймд хариуцагч Ж.*******ы буруутай үйл ажиллагаанаас болж компанид орох байсан 5 460 000 төгрөгийн орлогоо олж чадаагүй тул нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Ж.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Ж.*******аас - ХХК нь 5 460 000 төгрөгийн олох байсан орлого гэж нэхэмжилжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. ...байгууллага өөрийн буруутай үйл ажиллагаанаас ажилчдыг хохироочихоод ажлаас халагдсан ажилчдаа буруутай мэтээр тээвэрлэлтийн алдагдлын мөнгө нэхэмжилсэн байна. Яг үндсэндээ 2020.03.25-ны өдөр компанийн удирдлагууд өөрсдөө биднийг ажилд гаргаагүй, машиныг маань компанийн хашаанд тавиулчихаад 2 хоног ажиллуулахгүй байлгаж байгаад ажлын байран дээрээс хятад эзний тушаалаар хөөгөөд гаргасан. Тэгээд 03-р сарын 30-ныг хүртэл ажиллуулахгүй, ажлаас халсан тушаалаа ч өгөөгүй. ...Бидний зүгээс ажлыг 1 өдөр ч алдуулаагүй, харин ч ачаагаа буулгаад ирсэний дараа Баяраа дарга өөрөө машинаа тавиад байж бай гэсэн учраас бид машинаа тавьсан. Ийм л асуудал болсон. Бид сайн дураараа ажлаа орхиогүй, хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс олгох тухай шаардах эрхтэй. Ингэж шаардлаа гээд бид ажлаа нэг өдөр ч таслаагүй. Харин ч нэгэнт ачсан ачаагаа буулгая гэж бүгд ажлаа хийсэн. Ер нь ажил огт таслаагүй. Өдөр болгон ачаа ачна гэж байдаггүй. Нэг өдөр нь ачаа тээвэрлэлтээ хийнэ. Тэгээд аймагт ирээд ачаагаа буулгаагүй бол хонодог. Тэгээд маргааш нь Шинь шинь рүү явдаг. Маргааш нь машины засвар үйлчилгээг хийдэг. Энэ мэтчилэн 3 хоног нэг ажлыг хийдэг. Бид сайн дураараа ажлаа хийгээгүй гэх асуудал байхгүй, ажил таслаагүй, ажлыг маань хийлгээгүй байж хэд хонуулаад шүүхэд нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэл гарган тээвэрлэлтийн алдагдал нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхэд хариуцагч - ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тул тус компанийн захирлын 07 тоот тушаалыг хүчингүй болгож, компанийн жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговорт нэг сарын цалин болох 2 500 000 төгрөгийг гаргуулах тухай гомдлыг, хариуцагч - ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.*******аас түүний буруутай үйл ажиллагааны улмаас тус компанид учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 5 460 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад ажилгүй байсан бүх хугацааны буюу 2020 оны 03 сарын 30-ны өдрөөс 6 сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны олговорт нийт 5 461 961 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцсэн байна.

Нэг: Нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас тушаал хүчингүй болгуулж, үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасныг нэхэмжлэгч зөрчөөгүй байна.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.******* нь 2017 оны 01 сарын 01ий өдрөөс - ХХК-ийн жолоочоор томилогдон 2020 оны 3 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байх ба ажил олгогч - ХХК-ийн захирал нь 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Ж.*******ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 13.2.3 дахь заалтыг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг 2020 оны 3 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Тус компани 01 сараас хойш рейс болон урамшуулал, илүү цагийн хөлсийг өгөхгүй байсан тул цалин хөлсөө өгөх талаар шаардлага гаргасан. Гэтэл цалин хөлс өгөхийг шаардлаа гэж гэнэт ажлаас халсан. Ямар үндэслэлээр ажлаас халж байгаагаа хэлээгүй ба хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг аль зөрчлийг гаргасан эсэх нь тодорхойгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж болох тухай заажээ.

Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо шийдвэртээ ажилтныг чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан байвал зохих бөгөөд ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.

Ажил олгогч талаас ажилтан Ж.*******тай байгуулсан 2017 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-ын 1-11-т заасан зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж ойлгох тухай заасан, мөн ажил олгогчоос нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан хэдий ч Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан ямар зөрчил гаргасныг ноцтой гэж үзэн ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэлээ тодорхой тусгаагүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд жолооч Ж.******* нь цалин хөлсөө удаа дараа шаардаж, 2020 оны 3 сарын 22-ны өдрөөс хойш 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ачаа тээвэрлэлт хийлгүйгээр машиныг кемп дээр авчралгүй Дорнод аймагт сул зогсоосон, улмаар цалин хөлсөө өгөхгүй бол машиныг нь аваачиж өгөхгүй гэж удирдлагадаа дарамт шахалт үзүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дараалан 3-аас дээш хоног ажил тасалж, ажлын байраа орхин явсан зөрчлүүдийг гаргасан нь Хөдөлмөрийн гэрээнийн 13.2.3-ийн 2,3 дугаар зүйлүүдэд зааснаар ноцтой зөрчилд тооцогдоно гэж нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлан маргадаг.

Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.******* нь дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч талаас нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх ноцтой зөрчлүүдийг гаргасныг нотлох зөрчлийг баримтжуулж шалгасан тухай баримт, зөрчлийн талаар хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн өөрийн тайлбар, ажлын цагийг нарийвчлан бүртгэсэн тухай цагийн бүртгэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын талаарх өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч - ХХК нь жолооч Ж.*******ы 2020 оны 01, 02, 03 саруудын ачаа тээвэрлэлтийн хөлс /рейсийн мөнгө/, илүү цаг, урамшуулал болох 7400 юанийг олгоогүй байсан, Ж.*******ы шаардлагын дагуу дээрх 7400 юанийг 2020 оны 03 сарын 30-ны өдөр Ж.*******д олгосон болох нь тус компанийн 2020 оны 01, 02, 03 дугаар саруудын рейсийн мөнгө олгосон тухай 2020 оны 03 сарын 30-ны өдрийн баримтаар нотлогдож байх ба талууд энэ талаар маргадаггүй.

Хариуцагч - ХХК-ийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс, шагнал, урамшууллыг олгохоор, мөн 12 дугаар зүйлийн 12.3-т ажилтан гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал...авах зэрэг холбогдох асуудлаар компанийн удирдлагад хандах эрхтэй талаар тус тус зааснаас гадна талуудын дунд байгуулагдсан 2017 оны 01 сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.1-т ажилтан компанийн захиргаанаас хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан үүргээ биелүүлэхийг шаардах, цалин хөлсөө авах эрхтэй талаар, 12 дугаар зүйлийн 12.4-т компани ...үндсэн цалинг сар бүрийн 30-ны дотор, нэмэгдэл цалин, урамшууллыг дараа сарын 30-ны дотор тус тус олгох үүрэгтэй талаар харилцан тохиролцсон байна.

Түүчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авахэрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ж.*******ы Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсөө шаардах эрхээ хэрэгжүүлэн компанийн удирдлагад энэ талаар шаардлага гаргасныг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл бүхий зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байх тул хариуцагч - ХХК-ийн захирлын 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 07 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.******* нь компанийн хууль ёсны эрх ашиг, сонирхолд хор уршиг учруулахуйц буюу хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч Ж.*******ыг урьд эрхэлж байсан тус компанийн жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг түүнд нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч нь 2020 оны 3 сарын 30-ны өдрөөс 6 сарын 30-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны олговорт 5 461 961 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн 2019 оны 3 сараас 2020 оны 3 сарын цалингийн тодорхойлолт, рейсийн мөнгө, урамшууллыг юаниар олгож байсан тухай тодорхойлолтоос үзвэл нэхэмжлэгч Ж.******* нь 2020 оны 01 сард 730 697 төгрөгийн үндсэн цалин, 6 удаагийн рейс, урамшуулал, илүү цагийн хөлсөнд нийт 2300 юань буюу 911 858 /2020 оны 01 сарын юанийн дундаж ханш 396.46 төгрөгөөр тооцсон/ төгрөг, 02 сард 730 697 төгрөгийн үндсэн цалин, 8 удаагийн рейс, урамшуулалд нийт 2600 юань буюу 1 024 738 / 02 сарын юанийн дундаж ханш 394.13 төгрөгөөр тооцсон/ төгрөг, 3 сард 554 928 төгрөгийн үндсэн цалин, 7 удаагийн рейс, урамшуулал, илүү цагийн хөлсөнд нийт 2500 юань буюу 986 425 /3сарын юанийн дундаж ханш 394.57 төгрөгөөр тооцсон/ төгрөг ба нийт 4 939 343 төгрөгийн үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, урамшуулал авч ажилласан байна.

Дээрх баримтаас хариуцагч нь нэхэмжлэгчид урамшууллыг сар бүр тогтмол олгодогоос гадна үндсэн цалинг ажилласан сараар, нэмэгдэл хөлс буюу рейсийн мөнгийг ачаа тээвэрлэлтэд явсан тоогоор тооцон ирүүлсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу 2020 оны 01-03 саруудад авсан нийт цалин хөлсний нийлбэр дүнг тухайн гурван сард хуваан нэг сарын дундаж цалин хөлсийг гарган, үүнийг сарын ажлын өдрийн дундаж тоо болох 21.5-д хувааж нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалинг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн рейс, илүү цаг, урамшуулалд авсан юанийн ханшийг Монгол банкны Дорнод салбараас шүүхэд ирүүлсэн баримт болох Монгол банкнаас зарласан валютийн ханшийн сарын дундаж статистик үзүүлэлтээс 2020 оны 01 сараас 3 саруудын юанийн сарын дундаж ханшаар тус бүр тооцож гаргасан болно.

Иймд нэхэмжлэгчийн 2020 оны 01-3 саруудад нийт авсан цалин хөлс болох 4 939 343 төгрөгийг тухайн 3 сард харьцуулбал нэг сарын дундаж цалин хөлс нь 1 646 448 төгрөг болж байх ба үүнийг сарын ажлын дундаж өдрийн тоо болох 21.5-д хуваан нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлсийг 76 579 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн нэг өдрийн дундаж цалин хөлс 76 579 төгрөгийг түүний ажилгүй байсан бүх хугацаа буюу 2020 оны 3 сарын 30ы өдрөөс 6 сарын 30-ний өдрийг дуустал нийт 64 хоног/нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүд, сонгуулийн өдрийг хассан/-оор тооцон, ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 901 056 төгрөгийг /64 хоног х 76 579/ хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 сард бүтэн ажилласан бөгөөд 730 697 төгрөгийн үндсэн цалинг авах байтал 554 928 төгрөгийн цалин олгосон байх тул зөрүү 175 769 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. Гэвч 2020 оны 3 сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхөд сарын ажлын хоног дуусаагүй байсан байх ба хариуцагчаас нэхэмжлэгчийн үндсэн цалинг тооцохдоо ажлын хэдэн өдрөөр тооцож, хэдэн өдрийн цалинг дутуу бодсон нь тодорхойгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг 3 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалинд 554 928 төгрөгийг авсан гэж үзэн 3 сарын 30, 31-ний ажлын өдрүүдийг ажилгүй байсан хугацаанд оруулан тооцон олговрыг тооцсон тул цалингийн зөрүү 175 769 төгрөгийг гаргуулах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.*******ы ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 4 901 056 төгрөгийг хариуцагч - ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, дээрх шаардлагаас үлдэх 560 905 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Уртнасан шүүх хуралдаанд нэхэмжлэгч хариуцагч нар хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалингаа 600 000 төгрөг байхаар тохирсон тул үндсэн цалинг 600 000 гэж ойлгоно, мөн рейсийн мөнгө, урамшуулал, илүү цаг олгох тухай гэрээгээр тохиролцоогүй тул эдгээр нь цалин хөлсөнд орж тооцогдох боломжгүй, мөн нэхэмжлэгч цалингаа нэхэмжлэхдээ дундажаар 2 500 000 төгрөг гэж нэхэмжилсэн байж, шүүх хурал дээр 5 461 961 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна гэж маргадаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал хамаардаг бөгөөд талууд тэдний дунд байгуулагдсан 2017 оны 01 сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний цалин хөлсний талаар зохицуулсан 6 дугаар зүйлд ажил олгогч ажлын үр дүнгээс шалтгаалан нэмэгдэл хөлс олгохоор, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.4-т тус тус зааснаар цалин хөлсөө авахаар шаардах, үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллыг тодорхой хугацаанд олгохоор тус тус харилцан тохиролцсон байхаас гадна энэ талаар хариуцагч - ХХК-ийн дотоод журмаар мөн адил зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь тус компанид 2019 оноос эхлэн ачаа тээвэрлэлт /рейс/ хийж, рейсийн тоогоор нэмэгдэл хөлс авч байсан, мөн сар бүр тогтмол урамшуулал авдаг байсан, эдгээр мөнгийг БНХАУ-ын юаниар авч байсан тухай үйл баримтуудын талаар талууд маргадаггүй бөгөөд энэ үйл баримтаар нэхэмжлэгчийг тус компанитай хөдөлмөрийн харилцаанд орж эхэлсэн цаг үеэс хойш гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон хэмжээгээр нэмэгдэл хөлс, илүү цагийн хөлс, урамшууллыг тус тус олгохоор талууд тохиролцсон гэж үзнэ.

Түүнчлэн талууд 2017 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн цалинг 600 000 төгрөгөөр тохирсон байх боловч ажил олгогчоос нэхэмжлэгчийн үндсэн цалинг 730 697 төгрөгөөр тогтоон, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган ажилтны гар дээр 600 000 төгрөг олгосон тухай баримтыг шүүхэд ирүүлснээс үзвэл нэхэмжлэгчийн үндсэн цалинг 730 697 төгрөг гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2020 оны 3 сарын 30-ны өдөр ажлаас халагдан, ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг тус шүүхэд 2020 оны 4 сарын 13-ны өдөр гаргахдаа ажилгүй байсан хугацааны олговорт дундажаар 2 500 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч талаас ажилгүй байсан хугацааны олговрыг шүүх хуралдаан болох өдрөөр буюу 2020 оны 6 сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон нийт 5 461 961 төгрөгийг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг зөрчөөгүй байна.

Шүүх нэхэмжлэгч Ж.*******ыг ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчид олгох 4 901 056 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг - ХХК-ийн санхүүд үүрэг болгох нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тус компанийн захирлын 2020 оны 3 сарын 30-ны өдрийн 07 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай хэсгийг шүүх хангах боломжгүй байна. Учир нь ажил олгогчийн дээрх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх дээрх тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.

Хоёр. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч - ХХК нь нэхэмжлэгч Ж.*******д холбогдуулан түүний буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад учирсан хохирол буюу олох ёстой байсан орлогод 5 460 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нь сөрөг шаардлагын үндэслэлээ Ж.******* нь 2020 оны 3 сарын 22-ны өдрөөс 3 сарын 27-ны өдрүүдэд тээвэрлэлт хийгээгүй ажлаа орхиж явсан бөгөөд энэ хугацаанд манай байгууллага Шинь Шинь ХХК-тай байгуулсан Баяжмал тээвэрлэх гэрээний дагуу 3 удаагийн тээвэрлэлт хийх байсан. Гэрээний дагуу нэг удаагийн тээвэрлэлтээр 125 км газарт ачаа тээвэрлэлт хийж, тонн ачаа болон км тутамд 280 төгрөгийн зардал гаргах тухай тохирсон. Иймд 1 удаагийн тээвэрлэлтээр манай байгууллагад 1 820 000 төгрөгийн орлого орж ирдэг бөгөөд 3 удаагийн тээвэрлэлтээр нийт 5 460 000 төгрөгийн орлого олох ёстой байсан тул уг мөнгийг жолооч Ж.*******аас нэхэмжилнэ. Дээрх хугацаанд тээвэрлэлтийг зогсоосон болох нь манай байгууллагын Гайхам ХХК-тай байгуулсан тээврийн хэрэгсэл хянах үйлчилгээний гэрээ-нд заасны дагуу автомашины явах, зогсох цаг минут, маршрут, чиглэлийг хянадаг GPS төхөөрмжийн мэдээллээр нотлогддог гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч ...2020 оны 3 сарын 22-ны өдөр ачаа тээвэрлэлт хийн компаниас гарч аймагт ирээд ачаагаа буулгах гэсэн боловч ажлын цаг дууссан байсан тул 23-ны өглөө ачаагаа буулгаж тэр өдрийн орой болсон. Цалингийн асуудлаар Баатарцогт захиралтай 24-ний өглөө ярихад Хариу өгнө наанаа байж бай гэсэн боловч тэр өдөртөө хариу өгөөгүй. Маргааш нь буюу 25-ний өдөр Баатарцогт захирал Цалинг чинь өгөхөөр боллоо, машинаа аваад кемп дээрээ оч гэсний дагуу 25-ны орой кемп дээрээ очсон. Очиход компанийн эрх бүхий хүмүүс машинуудыг бүгдийг компанийн ханшаанд оруулаад зогсоол дээр зогсоо гээд зогсоолгосон. Маргааш нь бид ачаанд орох уу гэхэд ачаа ачихгүй, та нарыг ажлаас хална гэсэн гээд биднийг ажилд гаргалгүй 2 хоног кемп дээр байлгасан бөгөөд 27-ны өдөр кемпээс хөөж явуулсан. Баатарцогт захиралтай яриад ирэхэд нь бид уулзахад та нарыг 30-ны өдрөөр тушаал гаргаж хална гэсэн гэж хэлсэн бөгөөд 31-ний өдөр нь Баатарцогт аймагт бидний араас ирж тушаал гардуулсан. Иймд бид ажлаа хаяж яваагүй, өөрсдөө хална, тушаал гаргана гэж хөөж явуулсан тул зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тус компанийн Шинь Шинь ХХК-тай байгуулсан Баяжмал тээвэрлэх гэрээ, Гайхам ХХК-тай байгуулсан Тээврийн хэрэгсэл хянах үйлчилгээний гэрээ болон жолооч Ж.*******ы барьдаг байсан ДОР дугаартай автомашины зорчсон замын тайлан зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Ж.*******ы буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэлт хийгдээгүй болох нь тогтоогдохгүй байхаас гадна дээрх хугацаанд хийгдэх байсан 3 удаагийн тээвэрлэлтээс нийт 5 460 000 төгрөгийн орлого орох байсан болох нь нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Гайхам ХХК-ийн гаргасан ДОР дугаартай автомашины зорчсон замын тайлан нь тухайн автомашины хөдөлгөөн хаанаас эхэлж, хаана дууссан цаг хугацаа, огноо, маршрутыг л тодорхойлсон баримт байх бөгөөд уг тайлан нь жолооч Ж.******* дээрх өдрүүдэд ямар шалтгаанаар ачаа тээвэрлэлт хийлгүй автомашиныг зогсоосон болох, үүнд Ж.*******ы ямар буруутай үйлдэл байсан эсэхийг нотлох баримт болж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагчид дээрх өдрүүдэд олох байсан орлогоо олж чадаагүй гэх үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх ба хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзэх тул хариуцагчийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл буюу ажлаас буруу халсан тухай гомдлыг шүүхэд гаргахдаа зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангасан тохиолдолд хариуцагчаар улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр заажээ.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар үнэлж болохгүй нэхэмжлэл буюу ажлаас буруу халсны улмаас үндсэн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор болох 4 901 056 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 93 367 төгрөг буюу нийт 163 567 төгрөгийг хариуцагч интернэшнл ХХК-иас гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгох нь зүйтэй бах ба хариуцагчийн сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.77.2-т тус тус зааснаар мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүнийг шүүх хуралдаанаас чөлөөлөхийг хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч Б.Уртнасан нараас гаргасныг шүүх хүлээн хүлээн авч хэргийг өмгөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн эзгүйд энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.3, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ыг интернэшнл ХХК-ийн жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны олговорт 4 901 056 төгрөгийг хариуцагч - ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас олговорт 560 905 төгрөгийг гаргуулах тухай болон тус компанийн захирлын 07 тоот тушаал хүчингүй болгох тухай хэсгүүдийг, мөн хариуцагч - ХХК-ийн тус компанид учирсан хохирол буюу орох ёстой байсан орлогод 5 460 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******д олгох 4 901 056 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг интернэшнл ХХК-ийн санхүүд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн сөрөг шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч - ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 163 567 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН