Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2020/00883

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******гийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын 8 дугаар баг, өөрийн байранд байрлах, ХК /РД:/-д холбогдох

Аккаунт Траст Аудит ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, Аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4 179 378 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд нийт хувьцааны 18 хувь буюу 568 572 ширхэг энгийн хувьцааг эзэмшдэг. Тус компани 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар хувьцаа эзэмшигчиддээ 2019 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, уг тайлангаар 1 300 000 000 төгрөгийн алдагдалтай ажилласан тухай танилцуулж, улмаар ногдол ашиг хуваарилаагүй. Ингээд тус компанийн 18 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д зааснаар компанийн санхүү, үйл ажиллагаанд аудитын шалгалт хийлгэхээр Аккаунт Траст Аудит ХХК-тай 2020 оны 4 сарын 17-ны өдөр гэрээ байгуулан аудитын үйлчилгээг эхлүүлэхээр тохиролцон тус компани дээр очсон боловч компанийн удирдлагууд тодорхой үндэслэл хэлэхгүйгээр компанийн холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөлгүй аудиторын үйл ажиллагаанд саад учруулж байна. Тус компани өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа нэрийн дор маш их алдагдалтай ажиллаж байгаа бөгөөд удахгүй дампуурахад хүрч хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг ноцтой хохироход хүрч байна. ...Иймд ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох бичиг баримтуудаа нуун дарагдуулж гаргаж өгөлгүй Компанийн тухай хууль болон дүрмийг ноцтой зөрчиж байх тул Аккаунт Траст Аудит ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 он санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* тус шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч ******* нь Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7-д зааснаар хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн үүднээс тус компанийн ээлжит бус аудитын шалгалтыг явуулах эрх хэмжээнийхээ дагуу Аккаунт Траст Аудит ХХК-тай тус компанийн санхүү, үйл ажиллагаанд аудитын үйл ажиллагааг явуулах гэрээ байгуулан 2020.04.24-ний өдөр аудиторуудын хамт компани дээр ирж, компанийн удирдлагуудад холбогдох санхүүгийн баримтуудаа гаргаж өгөхийг шаардсан боловч маргааш, нөгөөдөр ир гэж худал хэлсээр баримт бичгүүдээ гаргаж өгөөгүй. Ингээд аудитын үйл ажиллагаа явагдах боломжгүй болж, аргагүйн эрхэнд бид аудиторуудыг 2020.04.30-ны өдөр буцаасан.

Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.10-т зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг танилцуулах үүрэгтэй гэж заасан байтал тус компанийн удирдлагууд хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүйгээс болж аудитын компанийн аудитын шалгалт хийх үйл ажиллагаа зогссон. Иймд Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.11-т заасны дагуу компани аудиторын ажил зогссон хоногт оногдох ажлын хөлс буюу иргэн *******д учирсан хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. *******гийн хувьд тус компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч байсны хувьд хууль болон дүрэм зааснаар компанийн үйл ажиллагаанд ээлжит бус шалгалтыг хэдийд ч хийлгэх эрхтэй байхад шалгалт явуулах тухай санал шаардлагыг урьд өмнө нь явуулж мэдэгдэх ёстой байсан, компанийн сонгосон аудитороор шалгалт хийлгэх ёстой байсан гэх мэт хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Энэ нь компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч хүний давуу эрхэнд халдсан тайлбар гэж үзэж байна. Хариуцагчийн хэлээд байгаа мөрдөгчийн тогтоол гэдэг нь энэ хэрэгт буюу иргэн *******тай огт хамааралгүй, өөр асуудлаар шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол байхад ялгаж салгалгүйгээр тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй.

Аккаунт Траст Аудит ХХК-д бид аудитын үйл ажиллагааны гэрээний хөлсөнд 10 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлсэн байсан. Аудиторууд 2020.04.17-ны өдрөөс ажлаа хийх ёстой байсан бөгөөд бид ХК дээр 2020.4.23-ны өдөр очиж бичиг баримтуудыг танилцуулахыг шаардсан боловч баримт бичгийг гаргаж өгөөгүйгээс тэдний ажил зогсож 2020.4.30-ны өдөр буцсан. Ингээд аудиторын зүгээс шалтгаалаагүй шалтгаанаар аудитын үйл ажиллагаа явагдах боломжгүй болсон тул тэд ажлын хөлс буюу цалинд 2 454 543 төгрөг, шатахууны зардалд 338 800 төгрөг, зочид буудлын зардалд 640 000 төгрөг, хоолны зардалд 746 035 төгрөг буюу нийт 4 179 378 төгрөгийг суутгаж авч үлдэгдэл 5 820 622 төгрөгийг бидэнд буцааж шилжүүлсэн байсан. Иймд 4 179 378 төгрөгийг ******* нь өөрт учирсан хохирол гэж үзэж нэхэмжилж байгаа тул уг хохирлыг ХК-иас гаргуулж өгнө үү.

Хариуцагч ХК-ийн зүгээс дандаа хууль бус үйл ажиллагаа явуулдаг, мөн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигчийн шаардлагаар хийгдэх аудитын үйл ажиллагааг хууль бусаар явуулаагүй зэрэг байдлаасаа болж хувьцаа эзэмшигч *******гийн 18 хувийн хувьцааг арга буюу худалдаж авсан. Ингээд ******* нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш болсон, мөн аудиторууд аудитын үйл ажиллагааг явуулж чадаагүй буцсан тул анх шүүхэд гаргасан нэхэмжлэл болох санхүүгийн баримтуудыг аудиторуудад гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч талын хувьд 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд заасны дагуу аудит хийлгэх эрхтэй гэж яриад байна. Гэтэл Компанийн тухай хуулинд аудитыг хийлгэхдээ ТУЗ-ийн шийдвэрийн дагуу хийлгэхээр заасан байна. Эрх бүхий этгээдүүд нь эхлээд өөрсдийн санал шаардлагыг хүргүүлдэг байгаа. Гэтэл газар дээр нь тийм нөхцөл байдал үүсээгүй. Гэнэт нэг өглөө мөрдөгчийн тогтоолыг баримтлан дайрч орж ирсэн. Үүнийг нь компанийн удирдлага хүлээн зөвшөөрөөгүй. Бичиг баримтаа гаргаж өгөөд хоёр талаасаа хамт шалгуулъя гэж тайлбарласан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Заавал баримтыг авч явна гэж дайрсан байгаа. ХК-ийн зүгээс дээрх мөрдөгчийн тогтоолд гомдол гаргасан. Прокурорын газраас мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосон. Аудитын газрын хувьд ямар нэг үйл ажиллагаа хийлгүйгээр буцаж явсан. Нэхэмжлэгч талаас Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.10, 94.11 дэх заалтын дагуу мөнгөн төлбөр нэхэмжилж байгаа нь харагдаж байна. Шаардах эрхийн хэм хэмжээний талаар энэ хуулинд заагаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. ХК-ийн эрх бүхий албан тушаалтны зүгээс гэм буруутай үйлдэл эс үйлдэхгүй гаргасан талаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоодсон бол хохирлыг барагдуулах боломжтой. Гэтэл тийм зүйл байхгүй байна. Мөрдөгчийн тогтоолд гомдол гаргаж хэрэгсэхгүй болгосон. Тиймээс ХК буруугүй гэдэг нь тогтоогдож байна. Компанийн буруутай эсэхийг шийдвэрлэх газар нь ТУЗ байгаа. Энэ газраас шийдвэр гарах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас ТУЗ-д хүсэлт гаргасан зүйл байхгүй. Тиймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан нөхцөл байдал байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аар дамжуулан хариуцагч ХК-д холбогдуулан Аккаунт Траст Аудит ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Аудитын компанийн үйл ажиллагааг зогсоосноос учирсан хохиролд 4 179 378 төгрөгийг хариуцагч ХК-иас гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх шаардлагуудаас Аккаунт Траст Аудит ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгах тухай шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... ХК-ийн хувьцаа эзэмшигч ******* нь Компанийн тухай хуульд зааснаар компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ тус компанийн санхүү,үйл ажиллагаанд ээлжит бус шалгалтыг явуулах эрхийнхээ дагуу аудитын компанитай гэрээ байгуулан шалгалтыг явуулах гэтэл тус компани хуульд заасан аудиторын шаардлагаар аудиторуудад компанийн баримт бичгийг танилцуулах үүргээ биелүүлээгүй. Үүний улмаас аудитын үйл ажиллагаа зогссон тул төлсөн урьдчилгаанаас аудиторын ажлын хөлсөнд 2 454 543 төгрөг, шатахууны зардалд 338 800 төгрөг, зочид буудлын зардалд 640 000 төгрөг, хоолны зардалд 746 035 төгрөг буюу нийт 4 179 378 төгрөгийг суутган авсан тул нэхэмжлэгч уг хэмжээгээр хохирсон тул хохирлоо нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ХК-ийн хувьцааны 18 хувийн буюу 568 572 ширхэг хувьцааг эзэмшдэг энгийн хувьцаа эзэмшигч байх үедээ тус компанийн 2018, 2019 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд ээлжит бус шалгалтыг хийлгэхээр Аккаунт Траст Аудит ХХК-тай 2020 оны 4 сарын 17-ны өдөр Аудитын үйлчилгээний гэрээ-г байгуулжээ.

Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.7, ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д ээлжит бус шалгалтыг төлөөлөн удирдах зөвлөл, түүний аудитын хороо, эсхүл энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчийн шаардсанаар хэдийд ч хийж болно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* нь тус компанийн 18 хувийн хувьцаа эзэмшигч байх үедээ дээрх эрхийнхээ хүрээнд ХК-ийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд аудитын шалгалтыг хийлгэхээр аудитын байгууллагатай гэрээ байгуулан, гэрээнд заасан үүргийнхээ дагуу компанийн санхүүгийн баримт бичгийг тус компаниас шаардсан нь Компанийн тухай хуулийн дээрх заалт болон компанийн дүрэмд заасныг тус тус зөрчөөгүй байна.

Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.10, ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14-т тус тус зааснаар компанийн эрх бүхий албан тушаалтан аудиторын шаардлагаар компанийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааны талаарх баримт бичгийг танилцуулах үүрэгтэй.

Гэвч хариуцагч ХК нь ...Хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуульд зааснаар ээлжит бус шалгалтыг явуулах тухай санал шаардлагаа урьдчилан мэдэгдээгүй, мөн мөрдөгчийн тогтоол нь үндэслэлгүй гарсан болохыг тогтоолгосон тул аудиторуудад баримт бичиг гаргаж өгөх боломжгүй байсан... гэх үндэслэлээр Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байх ба хариуцагч нь энэ талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй байна.

Түүнчлэн хариуцагч талын тайлбарт дурдсан мөрдөгчийн тогтоол нь хууль бус байсан гэх татгалзал буюу мөрдөгчийн тогтоол гэх Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020 оны 4 сарын 22-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай дугааргүй тогтоол нь нэхэмжлэгч *******гийн аудитын компанитай байгуулсан аудитын үйлчилгээний гэрээ болон дээрх иргэний хэрэгт ямар хамааралтай болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ХК-ийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн аудитын байгууллагатай байгуулсан гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болж аудиторын үйл ажиллагаа зогссон, улмаар аудитын байгууллага нэхэмжлэгчийн төлсөн аудиторын ажлын хөлсний урьдчилгаанаас 4 179 378 төгрөгийг суутган авснаар нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн Компанийн тухай хууль болон компанийн дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх бөгөөд уг хууль бус эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлын хооронд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцагч ХК хариуцан арилгах үүрэгтэй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХК нь хувьцаа эзэмшигч *******гийн 18 хувийн хувьцааг худалдан авч, ******* нь тус компанийн хувьцаа эзэмшигч биш болсон талаар талууд маргадаггүй. Гэвч уг нөхцөл байдал нь нэхэмжлэгч *******гийн тус компанийн 10-аас дээш хувийн хувьцаа эзэмшигч байх үед хариуцагчийн хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь ...дээрх нөхцөл байдалд компани буруугүй бөгөөд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан албан тушаалтан буюу компанийн эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдэл байгаа эсэхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн хохирлыг барагдуулах тухай компанийн ТУЗ-ийн шийдвэр гараагүй тул хохирлыг барагдуулах боломжгүй гэж маргадаг боловч нэхэмжлэгчид 4 179 378 төгрөгийн хохирол учирсан эсэх талаар маргадаггүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасан зохицуулалтыг хөдөлмөрийн гэрээний дагуу тодорхой үүрэг хүлээсэн ажиллагсад, эсхүл албан тушаалын дагуу тодорхой үүрэг хүлээсэн албан тушаалтан гэрээ болон албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой буюу илүү нарийвчилсан тохиолдлуудад хэрэглэдэг бөгөөд уг заалт дээрх иргэний хэрэгт хамааралгүй байна.

Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.11-т Энэ хуулийн 94.10-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны буруугаас аудитын байгууллагын буюу аудиторын ажил зогссон хоногт оногдох ажлын хөлсийг буруутай этгээдээр төлүүлэх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл гаргана гэж, ХК-ийн дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.15-д Эрх бүхий албан тушаалтан энэ дүрмийн 9.17-д заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс аудиторын ажил зогссон хоногт оногдох ажлын хөлсийг буруутай албан тушаалтан хариуцан төлнө, Энэ тухай шийдвэрийг аудитын компаниас ирүүлсэн албан ёсны хүсэлтийг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөл гаргана... гэж тус тус зааснаас үзвэл хууль болон дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны буруугаас компанид хохирол учирсан бол уг хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх тухай шийдвэрийг гаргах эрхийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлд олгосон байна.

Харин дээрх заалтууд нь компанийн эрх бүхий албан тушаалтны хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан заалт биш байхаас гадна уг иргэний хэрэгт компанийн эрх бүхий албан тушаалтны гэм буруугийн талаар төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр заавал гарсан байхыг шаардахгүй.

Иймд хариуцагч талын дээрх тайлбар үндэслэлгүй байх тул дээрх үндэслэлүүдээр хариуцагч ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 4 179 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч М.Эрдэнээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, хариуцагч талын нэг өмгөөлөгч В.Давааням хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Шүүх хуралдааны оролцогчдын зүгээс иргэдийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д тус тус зааснаар шүүх хуралдааныг тэдний эзгүйд явуулсан болно.

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар уг шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохгүй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 152 020 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 81 820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХК-иас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 4 179 378 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагын Аккаунт Траст Аудит ХХК-ийн аудиторуудад 2018, 2019 оны санхүү, үйл ажиллагааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөхийг тус компанид даалгах тухай хэсгээс татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 020 төгрөгийг Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 81 820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

 

ШҮҮГЧИД С.ГАНЧИМЭГ

 

Г.ЖАРГАЛТУЯА