Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2020/00880

 

 

 

 

 

 

  2020        07          30                                                    138/ШШ2020/00880

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалан, шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах, 2693321 регистрийн дугаартай, ХААН банкны Дорнод салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт оршин суух, Дгийн Г,

            Хариуцагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 15 дугаар хороонд оршин суух, Нгийн Н нарт холбогдох,

 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16 173 840 төгрөг 57 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, Х.С, хариуцагч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А, Х.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Г, Н.Н нар нь Хаан банкны Дорнод салбараас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээл авснаас хойш хариуцагч Д.Г, Н.Н нар нь зээлээ удаа дараа хугацаандаа төлөөгүй тул Хаан банкнаас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 740 572 төгрөг 85 мөнгө, зээлийн хүү 2 363 512 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 754 төгрөг 86 мөнгө, нийт 16 173 840 төгрөг 57 мөнгө төлөөгүй байна. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хүүгийн тооцоолол нэмэгдсэн боловч Хаан банк нэхэмжлээгүй байгаа. Зээлийн гэрээнд заасны дагуу хамтран зээлдэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ёстой. Мөн Иргэний хуулийн 241, 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэх асуудлыг зохицуулсан бөгөөд хамтран үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас шаардах эрхтэй байдаг. Монгол Улсын банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан бөгөөд үүний дагуу банк нь үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэрийн хамт тус банкнаас 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 17 сая төгрөгийг цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. 2018 оны 6 дугаар сар хүртэл зээл болон хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж ирсэн. 2018 оны 6 дугаар сард миний бие ажлаасаа халагдсан бөгөөд цалингийн орлого тасалдаж зээлээ төлөх боломжгүй болсон. Энэ талаар банкны зээлийн эдийн засагчид мэдэгдсэн боловч ямар нэгэн аргаар зээлээ төл гэсэн шаардлага тавьсан. Ажлаас хууль бусаар халагдсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүх дээр хянагдаж байна. Ямар нэгэн арга гэдгийг миний бие ойлгохгүй байгаа бөгөөд цалингийн зээлийг цалингаа барьцаалж авсан. Үүрэг биелэгдэхгүй бол гэрээний дагуу шийдвэрлэгдэнэ гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан зээлийн гэрээний 6.1.1,  6.1.3,  6.1.9 заалтууд нь гэрээ дуусгавар болох, цуцлах нөхцлүүд бөгөөд зээлдэгчийн хүлээсэн үүрэг биш юм. Зүй нь гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсноо миний бие мэдэгдсэн үед дээрх 6.1.3 дахь заалтыг баримтлан банк гэрээгээ цуцлах ёстой байсан. Гэвч ямар нэгэн аргаар төл гэж гэрээний бус шаардлага тавьж өнөөдрийг хүрсэн ба шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх нь хуульд үл нийцнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк гэрээгээр тохиролцсон заалтыг хэрэгжүүлээгүйгээс үүдсэн төлбөр тооцоог зээлдэгч хариуцахгүй гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед миний бие 13 сая төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Миний хувьд банкны шаардлагын дагуу гэр бүлийн хүн хамтран зээлдэгчээр байх ёстой гэсний дагуу гарын үсэг зурсан. Миний авсан цалингийн зээл дээр ч Г хамтран зээлдэгчээр байсан. Гын хувьд энэ зээлийг өөрөө төлнө гэж авсан. Миний бие 2017 оноос хойш санхүүгийн сахилга батын үүднээс хугацаа хэтрүүлэлгүй өөрийн зээлийг тогтмол төлж ирсэн. Энэ зээлийг Г нь өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан бөгөөд би уг зээлээс огт ашиглаагүй, миний дансанд ч ороогүй. Гын хариу тайлбартай танилцахад ажлаас халагдсан учир төлөх боломжгүй гэсэн байсан. Миний сонссоноор ажлаас халагдсан тэтгэмжээ авсан мөртлөө санаатайгаар энэ зээлээ төлөөгүй байна. Би энэ зээлийг төлөхийг зөвшөөрөхгүй. Миний хувьд одоогоор ажил эрхлээгүй хүүхэд асрах чөлөөтэй, хүүхдээ хараад гэртээ суудаг. Надад цалингийн ямар нэгэн орлого байхгүй бөгөөд өөрийн нэр дээр байсан цалингийн зээлийг хариуцлагатайгаар тогтмол төлж барагдуулж дуусгасан. Гэтэл өөрийн ашиглаагүй зээлийг Гын өмнөөс төлөх хүсэлгүй байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбар нь хариуцагч Д.Г, Н.Н нарт холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 16 173 840 төгрөг 57 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.

Хариуцагч Д.Г, Н.Н нар нь ХААН банкны Дорнод салбартай 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулан 17 000 000 /арван долоон сая/ төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ  байгуулагджээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

Талуудын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээний 6.1.1-д “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардахаар заажээ.

Зээлдэгч Д.Г нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй 257 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-д “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно.

Дээрх хуулийн үндэслэл болон гэрээний заалтын дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг  хугацааны өмнө цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч Д.Г дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч ХААН банкны Дорнод салбараас зээлийн гэрээний үүрэгт 16 173 840 төгрөг 57 мөнгө нэхэмжилснийг хариуцагч Н.Н бүрэн төлөхөөс, хариуцагч Д.Г нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс тус тус татгалзсан болно. Гэвч нэхэмжлэгч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нараар хамтран төлүүлнэ гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр ХААН банкны Дорнод салбар, зээлдэгчээр Д.Г, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Н нар гэрээний нөхцлийг харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу ХААН банкны Дорнод салбар нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Д.Г, Н.Н нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч  Н.Н нь “...уг цалингийн зээлээс өөрөө захиран зарцуулаагүй учир төлөх үндэслэлгүй...” гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээгээр хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба дээрх зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-д зааснаар зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заажээ. Иймд хариуцагч Н.Нгийн татгалзал үндэслэлгүй байна.

Хариуцагч Д.Г нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөөс татгалздаг. Зээлийн гэрээний 6.1.3-д “Зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон ...бол банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана” гэж заасан боловч дээрх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд хариуцагч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 13 740 572 төгрөг 85 мөнгө, зээлийн хүү 2 363 512 төгрөг 86 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 69 754 төгрөг 86 мөнгө, нийт 16 173 840 төгрөг 57 мөнгө төлөх үндэслэлтэй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул хариуцагч нар үүргийг хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Д.Г, Н.Н нараас зээлийн гэрээний үүрэгт 16 173 840 төгрөг 57 мөнгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дорнод салбарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх үүрэгтэйгээ танилцсан бөгөөд шүүх хуралдааны товыг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч,  7 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалтай танилцсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх ямар нэгэн шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хариуцагч Д.Гт шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах боломжит хугацаагаар хангах үүргээ шүүх хангалттай хэрэгжүүлсэн боловч шүүх хуралдааны өмнө өмгөөлөгч авах хүсэлтийг шүүгчийн туслахад үлдээн шүүхийг үл хүндэтгэн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Хариуцагчийн гаргасан хүсэлтээс үзэхэд шүүхэд төлөөлөх хэд дугаартай өмгөөлөгчийг сонгож байгаа нь тодорхойгүй, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг шүүхэд ирүүлээгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасан хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ/201743154145 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Д.Гаас зээлийн гэрээний үүрэгт 8 086 920 /найман сая наян зургаан мянга есөн зуун хорь/ төгрөг 29 /хорин ес/ мөнгө, хариуцагч Н.Нгээс 8 086 920 төгрөг 28 мөнгө тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дорнод салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 819 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г, Н.Н нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 119 409 төгрөг 50 мөнгийг гаргуулан Хаан банкны Дорнод салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ГАНЧИМЭГ