Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
Хэргийн индекс | 138/2020/00072/И |
Дугаар | 138/ШШ2020/00885 |
Огноо | 2020-07-31 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 138/ШШ2020/00885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 05-22 тоотод оршин суух, ЛЮ69030115 регистрийн дугаартай, Боржигон овогт Дугарсүрэнгийн Тунгалагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар баг Зүүн бүрд гэх газарт оршин суух, ЖМ80031272 регистрийн дугаартай, Хатиган овогт Төмөр-Очирын Баярбатад холбогдох
гэм хорын хохиролд 7 836 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.Баярбатад зодуулж нэг нүд бүрэн хараагүй болж 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар группэд орсон. Гэвч нөгөө нүдэндээ нөлөөлж 2017 оны 1 дүгээр сараас 63 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай болсон. Т.Баярбат нь дээрх гэмтлийг учруулсан хэргээр 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргээр шийдүүлэн өршөөлийн хуулиар өршөөгдсөн. Шүүхээс надад 2 194 100 төгрөгийн хохирлыг олгуулж, бусад зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжилж болно гэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2019 онд 2 194 100 төгрөгийг Баярбат төлсөн. Тэгээд Баярбаттай ярилцаад дахин шүүхдэлцэхгүйгээр 5 сая төгрөг надад өгөхөөр тохиролцсон боловч одоог болтол төлөөгүй. Би зодуулахаасаа өмнө хувиараа мал махны наймаа хийж байнгын орлоготой байсныг Баярбат мэднэ. Зөвхөн 2014 оны орлогыг тооцвол 16 085 000 төгрөг гарч байна. Зодуулснаас хойш хөдөө явж наймаа хийж чадахаа больсон. Зодуулсны дараа хэд хоноод хаван хавдар нь арилах байх гэж бодсон, өвдөөд хатгуулаад байхаар нь үзүүлтэл сохорсон байна гэж хэлсэн. Би анхандаа хүний муу үзээд яахав, хагалгаанд орчихвол хараа орно гэж бодсон. Тэгээд Баярбатад Улаанбаатар хот явж хагалгаанд ор гэсэн, 5-6 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхэд мөнгө олж өгнө гээд өгөөгүй. Миний хувьд эмчилгээний зардлаа бүрдүүлэх гэсээр эмнэлэгт хожуу очсон боловч хугацаа алдснаас хараа орох найдваргүй болсон. ...Зээл авч, бусдад түрээсэлдэг байсан байраа зарж хагалгаанд орсон. Баярбат миний нүдийг өшиглөж сохлоогүй бол би ломбарднаас мөнгө зээлэх, байраа зарж өөрөө орлогогүй болох, хагалгаанд 5 удаа орох зэрэг ийм их асуудлууд гарахгүй байсан. Баярбат нь Монгол Улсын шүүхээр шийдэгдчихээд байхад өөрийгөө хилс хэрэгт гүтгэсэн гэж ярьдаг. Тухайн үед эмч нар нүдийг минь ухаж авах шаардлагатай гэж байсан ч гуйсны эцэст эмч нар зөвлөлдөж гоо сайхныг минь бодож хагалгаа хийсэн. Одоо зүүн талын нүд харанхуй болсон бөгөөд нөгөө нүдний хараа өдөр хоног ирэх тусам муудаж холын хараа 6, ойрын хараа 4 болсон. Миний хувьд Баярбатаас болж сэтгэл санаа болон бие махбодын хохирол ихээр амссан. Иймд Баярбатаас 2014 оны 11 дүгээр сараас 20-ноос 2015 оны 7 дугаар сарын 23-ныг хүртэлх нөхөн олговор 1 536 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх нөхөн олговор 550 000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх нөхөн олговор 770 000 төгрөг, хагалгаанд орохдоо барьцаалан зээлдэх газраас зээлсэн 3 сая төгрөгийн хүү /4 сарын/ 1 200 000 төгрөг, байраа түрээслээд олох байсан орлого 3 780 000 төгрөг, нийт 7 836 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Т.Баярбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Тунгалаг нь Т.Баярбат надаас ...нийт 7 066 000 төгрөг нэхэмжилжээ. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч утгагүй зүйл надаас нэхэмжилсэн байна. Д.Тунгалаг нь намайг нүд сохолсон гэж олон жил эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэж 2014 оноос хойш миний үйл тамыг үзэж байна. Би шүүх, цагдаагаар гүтгэгдэн ээрэгдэж байх хооронд хамаг мал хунараа алдаж, амьдрал ахуй хүртэл доошилж хамаг байдгаа малын хулгайч нарт алдаж залхаад Монгол улсын шүүхээс ял хариуцлагыг өршөөлд хамруулж шийдвэрлэсэн болохоор нь шүүхээс тогтоосон мөнгөн төлбөрийг төлж барагдуулсан. Энэ хүнд би ийм хүнд гэмтэл хохирол учруулаагүй. Иймд Д.Тунгалагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. 2015 оны 2 дугаар сард барьцаалан зээлдэх газраас 3 сая төгрөг зээлсэн зээлийн хүү 1 200 000 төгрөг, байраа түрээслэж олдог байсан орлого 3 780 000 төгрөг гэх мэтчилэн нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмтэл авсан атлаа 7 сарын дараа Баярбатад холбогдуулж гомдол гаргасан. Хэрэг шалгах явцад намайг өшиглөөгүй гэж ярьсан асуудал байдаг, мөн надад 1 сая төгрөг өгөхөөр нь би ингэж хэлчихсэн юм гэхчилэн худлаа ярьсан байдаг. Мал махны наймаа хийдэг, байр түрээслэдэг хүн энэ бүх зүйлээ зарж үрсний дараа үүнийгээ олох гэж цагдаад гомдол гаргасан. Эрүүгийн хэрэгт нэхэмжлээд байгаа мөнгийг авч яваад эмчилгээнд зарцуулсан гэсэн баримтууд байдаггүй. 2015 оны сүүлээр Болор мэлмий гэх эмнэлгээс 1 сая төгрөгийн баримт авчирч өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, байраа зарсан мөнгөөрөө эмчилгээнд орж, тэр мөнгийг Баярбатаас нэхэмжилсэн зүйл эрүүгийн хэрэгт байдаггүй. Мөн 3 сая төгрөгийг зээлж хагалгаанд ороод 4 сарын хүүгээр хохирсон гэж нэхэмжилдэг. Дансны хуулга нь тухайн хүний олдог байсан орлогыг нотлохгүй бөгөөд тухайн дансаар орсон, гарсан мөнгийг нотлох баримт юм. Үүнийг энэ хүний орлого гэж ойлгож болохгүй. Барьцаалан зээлдэх газраас 3 сая төгрөг авсан гэрээ хэлцэл гээд баримт хэрэгт хавсаргаж өгсөн байна. Энэ нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Энэ мөнгийг зээлж аваад юунд ч зарцуулах боломжтой. Хагалгааны зардалд энэ мөнгө зарцуулагдсан гэдгийг нотлох ямар ч нотолгоо байхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлох үүрэгтэй. Мөн олох ёстой байсан орлогын хувьд тухайн орон сууцыг бусдад түрээслэж насан туршдаа орлого олох байсан мэтээр ярьж байгаа боловч бусдад түрээслээд 3 780 000 төгрөг олох байсан гэдгээ бүрэн дүүрэн нотлож чадахгүй байна. Нэхэмжлэгч нь 7 сард зарсан гэж байгаа боловч 4 сард зарсан гэдэг лавлагаа гарч ирж байна. Тухайн хүний нүдийг гэмтээсэн үйл баримттай эдгээр гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагууд огт авцалдахгүй байгаагаас гадна эдгээр хохирлыг хариуцагч Т.Баярбатаас гаргуулах үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг нь хариуцагч Т.Баярбатад холбогдуулан гэм хорын хохиролд 7 836 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжсэн болно.
Хариуцагч Т.Баярбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж маргадаг.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т.Баярбатад зодуулсаны улмаас зүүн нүд сохорч сэтгэл санаа болон эд материалын хохирол их амссан, Т.Баярбат миний нүдийг өшиглөж сохлоогүй бол би ломбарднаас мөнгө зээлэх, байраа зарж өөрөө орлогогүй болох, хагалгаанд 5 удаа орох зэрэг асуудлууд гарахгүй байсан, ...иймд өөрт учирсан хохирол 7 836 000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж,
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Д.Тунгалаг нь намайг нүд сохолсон гэж олон жил эрүүгийн хэрэгт хилсээр гүтгэж шүүхээр шийтгүүлсэн, шүүхийн тогтоосон хохирлыг төлсөн учир өөр хохирол төлөх үндэслэлгүй... гэж тус тус тайлбарладаг.
Хариуцагч Т.Баярбат нь эрүүгийн хэрэгт хилсээр шийтгүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн нутаг дэвсгэр Зүүн бүрд гэх газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн иргэн Д.Тунгалагийг зодож түүний бие махбодид хүнд гэмтэл /зүүн нүдний болорын мултрал, зүүн нүдний торлогын ховхрол, зүүн нүдний хараагүйдэл/ санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/295 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдож байх бөгөөд дээрх шүүхийн тогтоол одоог хүртэл хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Хариуцагч Т.Баярбат нь нэхэмжлэгч Д.Тунгалагийн эрүүл мэндэд гэм хор учруулсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
1. Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөр 1 536 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөр 600 000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн төлбөр 720 000 төгрөг, нийт 2 856 000 төгрөг нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Тунгалаг нь нөхөн төлбөр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэмтэл авч 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар тэтгэвэр тогтоолгосон байх тул 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх 8 сарыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгөөр үржүүлж 1 536 000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 12 сарыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийн зөрүү болох 50000 төгрөгөөр /320000-270000=50000/ үржүүлж 600 000 төгрөг, 2020 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 6 сарыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэврийн зөрүү болох 120 000 төгрөгөөр /420000-300000=120000/ үржүүлж 720 000 төгрөг буюу нийт 2 856 000 төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг хариуцагч Т.Баярбатаар төлүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд орох байсан орлого 3 780 000 төгрөг, гарсан зардалд 1 200 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Д.Тунгалаг нь шүүхэд ...хагалгаанд орох зардал хүрэхгүй байсан учир өөрийн өмчлөлийн Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 22-6 тоот байрыг зарсан, уг байраа бусдад 70 000-120 000 төгрөгөөр түрээсэлдэг байсан, гэмтэл аваагүй байсан бол байраа зарах шаардлагагүй байсан тул 2015 оны 5 дугаар сараас одоог хүртэлх 54 сарыг орох байсан орлого 70 000 төгрөгөөр үржүүлэн 3 780 000 төгрөг нэхэмжилнэ, мөн эмчилгээний зардалд барьцаалан зээлдэх газраас 3 сая төгрөг зээлж хэрэглэсэн, энэ зээлийн хүүнд 1 200 000 төгрөг төлсөн нь надаас гарах ёсгүй зардал гарсан учир нэхэмжилнэ гэж тайлбарладаг.
Хариуцагчийн төлөөлөгч нь байраа зарсан мөнгө болон барьцаалан зээлдэх газраас зээлсэн 3 сая төгрөгийг эмчилгээ болон хагалгааны зардалд зарцуулсан гэдэг нь нотлогдохгүй байна гэж маргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтаас үзэхэд Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 22-6 тоот байр нь түүний өмчлөлд байсан бөгөөд 2015 оны 4 дүгээр сард худалдсан болох нь тогтоогдож байна. Харин сард 70 000-120 000 төгрөгөөр бусдад түрээслүүлдэг байсан нь баримтаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч сард 70000 төгрөгийн орлого тогтмол олж байснаа шүүхэд нотолж чадаагүй болно.
Мөн гэрч Г.Мөнгөн-Одын мэдүүлэг болон бусад баримтаар Д.Тунгалаг нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр барьцаалан зээлдэх газраас 3 сая төгрөгийг зээлж, зээлээ хүүгийн хамт төлсөн болох нь нотлогдож байна.
Гэхдээ барьцаалан зээлдэх газраас зээлсэн 3 сая төгрөг болон СМУ-гийн 22-6 тоот байрыг худалдсан мөнгийг эмчилгээ болон хагалгааны төлбөрт зарцуулсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд эмчилгээ болон хагалгаанд хэдэн төгрөг хэзээ төлсөн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул орох байсан орлогод 3 780 000 төгрөг, гарсан зардалд 1 200 000 төгрөг, нийт 4 980 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.
Иймд хариуцагч Т.Баярбатаас 2 856 000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 980 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Баярбатаас гэм хорын хохиролд 2 856 000 /хоёр сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 980 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалаг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.Баярбатаас улсын тэмдэгтийн хураамжид 60 646 төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
Г.УРТНАСАН