Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Наранбаатар түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-т  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

           Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 01-нд Завхан аймагт төрсөн, 31 настай эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 14-583 тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЖ86080113/ Цагаан гэрт овогт Баяндүүрэнгийн Наранбаатарт холбогдох 201626022929 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

           Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Барс захын баруун талд байрлах “Эвт уул” ХХК-ний ажилчдын байрны хаалганы цүүг эвдлэн нэвтэрч арматур төмөр матагч багажийг хулгайлж тус компанид 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                

Шүүгдэгч Б.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Наранбаатарын хувийн байдалтай холбоотойгоор:  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, ял шийтгэлийн хуудас /хх-ийн 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/,

гэрч Б.Мөнхзулын ...Би Наранбаатарын эхнэр нь байгаа юм. Наранбаатар нь 1986 онд Завхан аймгийн Идэр суманд төрсөн эхээс ганцаараа аав Баяндүүрэн нь Улаанбаатар хотод 3,4 дүгээр хорооллын арын гэр хороололд байдан ба хувиараа 032 дугаар цэргийн ангийн хажууд дугуй засваырн газар ажлуулдаг, Наранбаатар нь дээд боловсролтой, Монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй, бид хоёр гэр бүл болоод 8 жил амьдарч байгаа бид гурван хүүхэдтэй, ХУД-ийн 10 дугаар хороо морингийн 14-583 тоот манай ах Отгонжамцын хашаанд амьдардаг. Наранбаатар зан байдлын хувьд хүнтэй эвсэг харьцаатай, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй юм. /хх-ийн 27/,

гэрч Ч.Баяндүүрэнгийн: ... Би Наранбаатарын эцэг нь байгаа юм. Наранбаатар нь ХУД-ийн морингийн даваанд баз хүргэнийхээ хашаанд эхнэр гурван хүүхдийнхээ хамт амьдардаг ба одоогоор эрхэлсэн ажилгүй,  эхнэр нь Барс зах дотор цайны газар ажилдаг юм. Наранбаатар зан байдлын хувьд даруу төлөв зантай, уг нь ажил төрөлд сайн 2004 онд утга зохиолын дээд сургууль төгсөөд Завхан аймгийн Идэр сумын тамгын газар иргэдийн хурлын нарийн бичгийн дарга хийж байсан хүүхэд байгаа юм. Сүүлийн архи дарс уугаад байх юм шиг байгаа юм. Би өнгөрсөн жил хоёр ч архи уусан байсныг мэдсэн юм. Миний хүү урьд өмнө хэрэг төвөгт орж байгаагүй хүн байгаа юм, тэгээд 30 гарчихаад тогтох насан дээрээ  ирчихээд ийм байдал гаргаж байдаг нийгэм нь ийм болсон үе байхаа. /хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.Наранбаатар 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эвт уул” ХХК-ны ажилчдын амбаарны хаалганы цүүг эвдлэн нэвтэрч арматур төмөр матагч багажийг хулгайлж бусдад 1.500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          Хохирогч Э.Түвдэндоржийн…Манай “Эвт уул” ХХК нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Барс-2 захын ертөнцийн зүгээр баруун талд байдаг гүүрийг 2016 оны 9 дүгээр сарын 10-наас 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл засвар шинэчлэлтийг хийсэн юм.Тэгээд уг ажлыг хийхийн тулд уг гүүрний баруун урд талд ажилчдын сууц болох модон амбаарыг түр байруулсан орой нь БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад зүүдэг цоожоор цоожлоод явдаг байсан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 22 цагт манай бригад хариуцсан дарга Одгэрэл уг амбаарыг цоожлоод явсан байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед Одгэрэл надруу утсаар яриад амбарын хаалганы цоожийг эвдэж хулгай ороод арматур төмөр матагч багажийг хулгай хийгээд аваад явсан байна цагдаа дуудчихлаа гэж ярихаар нь би инженер Эрдэнэсайханыг цагдаа дээр очиж мэдүүлэг өг гээд явуулсан юм. Уг арматур төмөр матагчийг 2014 онд БНСАУ-аас Монгол мөнгөөр 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Одоо уг багажаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна...Наранбаатар манайхаас хулгай хийхээс 2 хоногийн өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай ажилчид бөөнөөрөө ажлын байран дээрээ хөзөр тоглоод сууж байхад Наранбаатар орж домакратаа түр хэрэглүүлээч  гээд 50 тоннын даацтай домакрат аваад явсан юм. Тэгээд маргааш нь домакратаа авах гэтэл Наранбаатар би буцаагаад өгчихсөн ш дээ гээд байсан чинь арматур матагч багаж барьцаанд тавьсан дугуй засварт бас манай домакратыг барьцаанд тавьчихсан байна. Манайх уг домакратыг 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шинээр нь 95.000 төгрөгөөр худалдан авсан байсан юм. Манай ажилчид бөөндөө хөзөр тоглоод сууж байсан. Би Наранбаатарыг домакратаа өгөөч гэхээр нь тэг тэг гэж хэлээд өгсөн юм. Тухайн манай уг гүүрний засварын ажлыг хийхдээ гадны бригад авч ажиллуулж байсан болохоор тухайн үед Наранбаатарт домакрат өгөх үед хамт байсан ажилчид одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна. ...Наранбаатарын дугуй засварын газраас цахилгаанаа авч хэрэглэж байсан, ах Наранбаатарын дугуй засвараас цахилгаан авч хэрэглэхдээ цахилгааны тооцоо гарахаар нь мөнгө өгнө гэж ярьж тохирсон байсан. Наранбаатар манайхаас яг хэдэн төгрөгний цахилгаан хэрэглэсэн талаар хэлээгүй, нэхээгүй байгаа нэхэх юм бол тоолуурны заалтаар нь хэрэглэсэн цахилгааны мөнгийг өгөх болно. /хх-ийн 21-23/, 

        Гэрч  О.Батболд: ... Би 2016 оны 5 дугаар сарын 02 –ны өдрөөс СХД-ийн 17 дугаар хороо 32 дугаар байрны баруун талд дугуй засварын газар ажиллуулж байгаа юм. Тэгээд Барс захын баруун талд дугуй засвар ажилуулдаг Наранбаатар гэх хүнтэй танилцсан байсан юм. 2016 оны 10 дугаар сарын дундуур би өдрийг нь санахгүй байна 17 цаг болж байхад Наранбаатар манай дугуй засварт орж ирээд мөнгөний хэрэг байна мөнгө зээлээч гэхээр нь би хүнд мөнгө өгөхөөр алга болчихдог юм, барьцаанд нь юм тавиад авбал ав гэсэн чинь, Наранбаатар буцаж дугуй засвар яваад улаан өнгөтэй домакрат авчраад 25.000 төгрөг зээлчих гэхээр нь би надад 25.000 төгрөг байхгүй 15.000 төгрөг л байна гээд 15.000 төгрөг өгөөд домакратыг нь аваад үлдсэн юм. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа намайг гэртээ байж байтал Наранбаатар орой 22 цаг болж байхад утсаар залгаад найз нь танай дугуй засвар дээр чинь  хүрээд ирчихлээ манай эхнэрийн талын хүн бие нь өвдөөд хагалгаанд орох гэж байна зуугаад мянган төгрөг хэрэгтэй байна, мөнгө зээлээч гэхээр нь  надад тийм их мөнгө байхгүй ш дээ би чамд дээрээс хойш хэлээ биз дээ, би чамд зүгээр мөнгө зээлэхгүй, би чамайг сайн танихгүй ш дээ чи адаглаад барьцаанд нь юм тавь  гэсэн чинь Наранбаатар надад нэг арматур матагч байгаа тэрийгээ барьцаанд тавъя гэхээр нь би дугуй засвартаа ажиллаж байсан Эрдэнэцогт руу утсаар яриад дэлгүүрээс маргааш болтол 30.000 төгрөг зээлээд аваад өгчих барьцаанд нь юмыг нь аваарай гэсэн юм. Тэгээд Эрдэнэцогт Наранбаатараас матагч багаж барьцаанд авч үлдээд дэлгүүрээс 30.000 төгрөг зээлээд өгч явуулсан байсан юм. /хх-ийн 24-25/,

         Гэрч Т.Эрдэнэсайханы: ... Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 30-ны 09 цаг өнгөрч байхад манай ажилтан Одгэрэл над руу утсаар яриад ажилчдын байрны хаалганы цоожийг эвдлээд хулгайч ороод арматур матагч хулгайд алдагдсан байна гэж ярьсан юм. Тэгээд би ажилчдын байрны цоожийг нь эвдэн хулгай ороод ширээний хажууд тавиатай байсан арматур матагч багаж хулгайд алдсан байсан юм... Өндөр нь 50 м, өргөн нь 60 см орчим  хэмжээтэй дөрвөлжин цэнхэр өнгийн багаж байсан юм. /хх-ийн 26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-16/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй энэ хэрэгт хамаарал бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудаар Б.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн...Эрдэнэсайхан цахилгааны мөнгө төлөхгүй гэхээр нь би ажилчдын байрных нь хаалгыг хүчтэй татаж хаалгынх нь цүүг эвдэн ороод арматур төмөр матагчийг нь хулгайлчихсан юм...Ямар нэгэн багаж хэрэглээгүй цоожтой байсан хаалгыг нь хүчтэй татаад цүүг нь сугалаад онгойлогчихсон юм... би ганцаараа өргөж тэвэрч зам гараад хүнд байсан болохоор дугуй засвар хүртэл чирж аваачаад барьцаанд тавьсан юм. Намайг гэмт хэрэг үйлдхэд хамтран оролцсон хүн байхгүй./хх-ийн 38-39/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байх тул яллагдах үндэслэл болно.           

Иймд шүүгдэгч Цагаан гэрт овогт Баяндүүрэнгийн Наранбаатарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн болох гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.                                                                                                                                                            

Шүүхээс шүүгдэгч Б.Наранбаатарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял  хөнгөрүүлэх байдалд тооцож,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хулгайн эд зүйл болох 1500000 төгрөгийн үнэлгээ бүхий арматур төмөр матагч багажийг биет байдлаар хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э.Түвдэндоржид хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Наранбаатарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.