Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

                М.Лхагвад холбогдох эрүүгийн

                                 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Мөнхтуул, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Мөнхцэцэг,

Ялтан М.Лхагвын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд,

Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор М.Лхагвад холбогдох эрүүгийн 201626022584 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Махбалын Лхагва, 1977 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хос харцага” ХХК-д хамгаалагчаар ажилладаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжны 619Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ЧТ77120111/,

 

М.Лхагва нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 18 дугаар гудамжны 539 тоотод оршин суух иргэн Б.Гомбобазарын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр иргэн С.Соронзонболдын толгойн тус газар цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж түүний бие махбодид “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Лхагвын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас М.Лхагвад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчилж, Боржигон овогт Махвалын Лхагвыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар М.Лхагвыг 11 жилийн хорих ялаар шийтгэж, М.Лхагвад оногдуулсан 11 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, М.Лхагвын цагдан хоригдсон 127 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар М.Лхагваас 4.455.792 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуулд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлээ жич гаргах эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан М.Лхагвын тухайн үед өмсөж явсан хар өнгийн, хагас түрийтэй нэг хос гутлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар түүнд буцаан олгож шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…М.Лхагва болон миний зүгээс хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй. М.Лхагва хэрэг гарсан өдрөөс хойш цагдан хоригдсон бөгөөд, анхан шатны шүүх хуралдаанд хохирогч талаас уучлалт гуйсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурсан 4.455.792 төгрөгт тооцуулан автомашин өгсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхтуул нь цаашид гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол бүрэн барагдсан гэх агуулга бүхий гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн болно. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийг удирдлага болгон М.Лхагвад оногдуулсан 11 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хамгийн доод хэмжээнд нийцүүлэн багасгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг удирдлага болгон М.Лхагвад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд тус тус өөрчлөлт оруулж өгнө үү…” гэв.

Прокурор Н.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Ялтан М.Лхагва нь өөрийн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа ч өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү гэсэн. М.Лхагвын үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд онц хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа. Хүний амь нас хохирсон учир түүнд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг хэрэглэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал...” гэв.

 

                                                        ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон, эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ялтан М.Лхагвад холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, шийтгэх тогтоол гаргасан нь “шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангагдаагүй байна. Тухайлбал:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед сонсгосон ялыг өөрчлөх буюу түүнд нэмэлт оруулах үндэслэл гарвал яллагдагчид энэ хуулийн 199, 201 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинээр ял сонсгох бөгөөд шинээр сонсгосон ялын талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байцаалт явуулах үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд ялтан М.Лхагвыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр иргэн С.Соронзонболдын толгойн тус газар нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэж бие махбодид нь “тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн урд хэсэг, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулан санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгож, яллагдагчаар байцааж мэдүүлэг авчээ. /хх-ийн 158-160/

       

Аливаа хүн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3-ын “…(d) хэргийг нь шүүхээр хянан хэлэлцэхэд байлцах, өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, өмгөөлөгчгүй байгаа бол өмгөөлүүлэх эрхийнх нь тухай өөрт нь  мэдэгдсэн байх…”, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “…өөрийн …эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах…” эрхтэй гэж тус тус заажээ.

 

Эдгээр эрхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  36 дугаар зүйлийн 36.3.3 дахь заатад “…өмгөөлөгч авах”, мөн зүйлийн 36.3.4 дэх заалтад “өмгөөлөгчтэйгээ ганцаарчлан уулзах”, 36.3.5 дахь заалтад “сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах”, 36.3.6 дахь заалтад “мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах”, 36.3.7 дахь заалтад “баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” эрхтэй гэж баталгаажуулан хуульчилжээ.

 

Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч хошууч Д.Баярмагнай 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч М.Лхагвыг ял өөрчлөн сонсгож байцаахдаа С.Соёлмандах гэгч өмгөөлөгчийг оролцуулсан ба яллагдагч М.Лхагва нь өөрийн сонгож авсан өмгөөлөгч Ц.Гансүхийг байлцуулан байцаалт өгнө гэсэн байхад түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж, дахин түүнээс мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон дээрх Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэх юм.

 

Уг байцаан шийтгэх ажиллагаа явуулсны дараа М.Лхагвын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул давж заалдах шатны шүүх ялтан М.Лхагвын өмгөөлөгч Ц.Гансүх, Г.Батболд нарын гаргасан “хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг энэ удаа эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх М.Лхагвын үйлдлийг танхайн сэдэлттэй гэж дүгнэхэд эргэлзээтэй байна, талийгаач болон шүүгдэгч нарын хооронд үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан гэдгийг нотолсон баримт хангалттай авагдаагүй, гэрч Г.Уранзаяагийн мэдүүлгээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж танхайн сэдэлттэй гэж зүйлчилсэн боловч түүний мэдүүлэгт яг ингэж танхайрсан гэдэг нь тодорхой тусгагдаагүй байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэжээ. Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх бөгөөд харин ч бусдыг ямар ч шалтгаангүйгээр цохиж байгаа үйлдэл нь танхайн сэдэлт гэж дүгнэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй болохыг дурдаж байна.

 

Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Гансүх шүүх бүрэлдэхүүнийг татгалзах тухай хүсэлт гаргасан бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар дээрх хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Монгол Улсын Шүүхийн тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн ноцтой зөрчил тул цаашид онцгойлон анхаарвал зохино.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

                       

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: