Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2020/01737

 

 

 

    2020                5                  22                                                             184/ШШ2020/01737

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК /Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 тоотод байрлах, РД 000000/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Б ХХК /Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0-ийн байранд байрлах, РД 0000000/,

Хариуцагч: М ХХК /Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод байрлах, РД 0000000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин суух хаягтай, одоо 0 аймаг 0 сум, 0 баг, 0 гэх газар амьдрах, эрэгтэй, Т овогт Ц-ийн Э /РД 0000000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух, эрэгтэй, Т овогт Д-ийн Ч /РД 000000000/ нарт холбогдох,

Гуравдагч этгээд:  Д аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг оролцуулан

           Б ХХК болон үүсгэн байгуулагч Д.Ч, Ц.Э нараас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, бусад тооцоо нийт 154 127 608 төгрөг,

М ХХК болон үүсгэн байгуулагч Д.Ч нараас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, хэв хашмалын үнэ нийт 48 358 014 төгрөг тус тус гаргуулах тухай,

Хариуцагч Б ХХК, М ХХК-уудын хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 119 304 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А /РД 00000000/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А. /ҮД 0000/, хариуцагч нарын өмгөөлөгч Л.Х /ҮД 0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов.                                                             

 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК нь “Б”орон сууцны “хотхон” төсөл хэрэгжүүлэгч, барилгын компани болох Д.Ч захиралтай Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр №01/2014 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн барилга угсралтын ажлын явцад ашиглагдах “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-г тус тус байгуулан, Д аймгийн С сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг бүр нь суурийн тэнхлэгээрээ 20.6м х 14.85м хэмжээтэй, 5 давхар, 2 ширхэг, нийт 60 айлын орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэж эхэлсэн.

Манай компани нь 2014 ондоо төлөвлөгдсөн 2 барилгад тус бүр суурийн 305.91 м.кв цутгалт, зоорийн давхрын 305.91 м.кв цутгалтын ажил хийж гүйцэтгэн, нийт цутгалтын ажлын хөлс нь 63 629 280 төгрөг, эдгээр ажлыг хийж гүйцэтгэхэд ашиглагдсан хэв хашмалын түрээсийн төлбөр нь гэрээний дагуу нийт 66 044 000 төгрөг болж, дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр 2015 оны барилгын ажлын улирал дууссан.

2015 оны 5 дугаар сард талууд барилгын карказ цутгалтын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор харилцан тохиролцож, “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-г 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, манай компаний хувьд 1 дүгээр давхарын цутгалтын ажилд бэлтгэн, хэв хашмалаа угсрах ажлыг 30 хоногт хийж гүйцэтгэн, зуурмаг хүлээн авахад бэлэн болсон боловч захиалагч Б ХХК-ийн санхүүжилт саатсантай холбоотойгоор барилгын карказ цутгалтын ажил зогссон бөгөөд барилга угсралтын ажлын санхүүжилт хүлээгдсээр бүтэн зунжин сул зогсолттой байж, улмаар барилгын ажлын улирал дууссан.

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-ний дагуу Б ХХК-ийн 2015 оны хэв хашмалын түрээсийн төлбөр 40 128 000 төгрөг болсон. Бусад зардалд 16 507 000 төгрөгний зардал гарсан боловч харилцан тооцооны үндсэн дээр энэ зардлыг барагдуулсанд тооцсон болно.

А ХХК нь “Б”орон сууцны хотхон төсөл хэрэгжүүлэгч, барилгын компани болох Д.Ч захиралтай Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14/5-02 дугаартай “Хэв хашмал түрээслэх тухай” гэрээг гэрээг 60 хоногийн хугацаатай,

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/7-02 дугаартай “Хэв хашмал түрээслэх тухай” гэрээг 98 хоногийн хугацаатай,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/5-02 дугаартай “Хэв хашмал түрээслэх тухай” гэрээг 94 хоногийн хугацаатай тус тус байгуулж, нийт 2616 ширхэг хэв хашмал, төмөр тулаас түрээслүүлсэн.

Б ХХК нь гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй тул тус гэрээнүүдийг болон талуудын хооронд байгуулагдсан “Тооцоо нийлсэн акт”-ыг тус тус үндэслэл болгон гэрээний төлбөрийг доорх байдлаар нэхэмжилж байна.

Үүнд: 14/5-02 дугаартай 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 60 хоногийн хугацаатай, хугацаа нь 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр дуусна. Нэг өдрийн түрээсийн төлбөр 418 000 төгрөг, гэрээний төлбөр 25 080 000 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0,1 хувь буюу 25 080 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 12 540 000 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 37 620 000 төгрөг,

14/7-02 дугаартай 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 98 хоногийн хугацаатай, хугацаа нь 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусна. Нэг өдрийн түрээсийн төлбөр 418 000 төгрөг, гэрээний төлбөр 40 964 000 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 40 964 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 20 482 000 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 61 446 000 төгрөг,

15/5-02 дугаартай 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 94 хоногийн хугацаатай, хугацаа нь  2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дуусна. Нэг өдрийн түрээсийн төлбөр 418 000 төгрөг, гэрээний төлбөр 40 128 000 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 40 128 төгрөг, 286 хоногт тооцсон алданги 11 476 608 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 51 604 608 төгрөг, гэрээний төлбөр алдангийн хамт 150 670 608 төгрөг, бусад тооцоо 3 457 000 төгрөг, нийт 154 127 608 төгрөг. Энэ төлбөрийг Б ХХК болон түүний үүсгэн байгуулагч Ц.Э, Ц.Чимэдцэрэн нараас нэхэмжилнэ.

2. А ХХК нь М ХХК-тай “Хэв хашмал түрээслүүлэх тухай” 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14/4-01 дугаартай гэрээг, 90 хоногийн хугацаатай,

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/7-03 дугаартай гэрээг 99 хоногийн хугацаатай,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээг 94 хоногийн хугацаатай тус тус байгуулан, 328 ширхэг хэв хашмалыг актаар хүлээлгэн өгч түрээслүүлсэн. М ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгээгүй, актаар хүлээн авсан 328 ширхэг хэв хашмалыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй, алдагдсан гэж байгаа тул тус гэрээнүүдийг болон талуудын хооронд байгуулагдсан “Тооцоо нийлсэн акт”, “Түрээсийн эд хөрөнгө хүлээлцсэн акт” зэргийг тус тус үндэслэл болгон гэрээний төлбөр, хэв хашмалын үнийг доорх байдлаар нэхэмжилж байна. Үүнд: Гэрээ 14/4-01 тоот гэрээ, байгуулагдсан огноо 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, хугацаа 90 хоног, дуусах хугацаа 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр.

Нэг өдрийн түрээсийн төлбөр 72 160 төгрөг, гэрээний төлбөр 6 494 400 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 6 494.4 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 3 247 200 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 9 741 600 төгрөг,

 Гэрээ 14/7-03, байгуулагдсан огноо 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр, хугацаа 99 хоног, дуусах хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр.

Нэг өдрийн түрээсийн төлбөр 72 160 төгрөг, гэрээний төлбөр 7 146 810 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 7 146.8 төгрөг, 500 хоногт тооцсон алданги 3 573 400 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 10 720 210 төгрөг,

Гэрээ 15/3-03, байгуулагдсан огноо 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, хугацаа 94 хоног, дуусах хугацаа 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр.

Нэг өдрийн түрээсийн төлбөр 72 160 төгрөг, гэрээний төлбөр 6 783 040 төгрөг, нэг хоногт төлөх алданги 0.1 хувь буюу 6 783 төгрөг, 308 хоногт тооцсон алданги 2 089 164 төгрөг, гэрээний дагуу төлөх нийт төлбөр 8 872 204 төгрөг, гэрээний төлбөр алдангийн хамт 29 334 014 төгрөг, алдагдсан гэх хэв хашмалын үнэ 19 024 000 төгрөг, нийт 48 358 014 төгрөгийг М ХХК болон түүний үүсгэн байгуулагч Д.Ч нараас нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал М.А хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: А ХХК нь “Б”орон сууцны хотхон төсөл хэрэгжүүлэгч, барилгын ерөнхий гүйцэтгэгч Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 01/2014 дугаартай “Ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулан, Д аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг бүр нь суурийн тэнхлэгээрээ 20.6м х 14.85м хэмжээтэй, 5 давхар 2 барилгын суурийн ажлыг 2014 ондоо 305.91м2 цутгалт, зоорийн давхрын 305.91м2 цутгалтын ажил гүйцэтгэсэн бөгөөд санхүүжилт байхгүйн улмаас бүх ажил зогссон.

2015 оны 5 дугаар сард Б ХХК-ийн зүгээс санхүүжилт шийдэгдэнэ гэсэн үндэслэлээр гэрээний талууд барилгын карказ цутгалтын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор 1 дүгээр давхарын цутгалтын ажилд бэлтгэн хэв хашмалаа угсрах ажлыг 30 хоногт хийж гүйцэтгэн зуурмаг хүлээн авахад бэлэн болсон боловч Б ХХК-ийн санхүүжилт саатсантай холбоотойгоор барилгын ажил дахин зогссон.

Барилга угсралтын ажлын санхүүжилт хүлээгдсээр бүтэн зунжин сул зогсолттой байж, улмаар барилгын ажлын улирал дууссан. Ийнхүү 2 жил дамнан санхүүжилт саатсанаас болж барилгын ажил хагас дутуу явагдаж, талуудын хооронд төлбөр тооцоо, өр авлага үүссэн тул тооцоо нийлж өр, авлагаа тооцсон. Тооцоо нийлсэнээс хойш Б ХХК нь ямар нэг төлбөр тооцоо хийхгүй, цаг хугацаа хожсоор өнөөдрийг хүрч байгаа бөгөөд улмаар хариуцлагаас зайлсхийх зорилгоор биднийг гүтгэж, ажил зогссонд буруутай мэт сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Манай компанийг буруугүй болохыг удаа дараагийн хэмжилт, шинжээчийн дүгнэлт нотолж байгаа. Иймд Б ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь бусдыг гүтгэсэн, хариуцлагаас зайлсхийсэн, үндэслэлгүй нэхэмжлэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А ХХК-ийн захирал М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК болон үүсгэн байгуулагч Д.Ч, Ц.Э нараас түрээсийн гэрээний үүрэгт болон бусад тооцоо 3 457 000 төгрөг нийт 154 127 608 төгрөг, М ХХК болон захирал Д.Ч нараас түрээсийн гэрээний үүрэгт болон алдагдсан хэв хашмалын үнэ 19 024 000 төгрөг, нийт 48 358 014 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. 

Бусад тооцоо гэдэг нь хэв хашмалыг 2014 онд Улаанбаатар хотоос Сайншанд хот руу тээвэрлэсэн бензин түлшний үнэ 6 000 000 төгрөг гарснаас 500 000 төгрөгийг дутуу төлсөн, уг зардлыг би гаргасан байдаг, мөн хэв хашмалыг 2014 онд угсрахад хэрэглэсэн холбогчны үнэ 837 000 төгрөг,  холбогчны чагтлагч /пин/-ийг 1 000 000 төгрөгөөр худалдаж авсан, уг мөнгийг өгөөгүй би өмнөөс нь төлсөн, барилга барих явцад буюу 2014 оны хавар  цеменд дутсан учир би 1 120 000 төгрөгийн буюу 7 тонн цемент зээлж барилгын суурийг барьсан бөгөөд уг төлбөрийг би төлсөн. Иймд нийт 3 457 000 төгрөгийг 2017 онд Б ХХК-ийн захирал Д.Чтэй хийсэн тооцоо нийлсэн актыг үндэслэн нэхэмжилж байна.

Хэв хашмал түрээслэх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Анхнаасаа манай компанийг тусгай зөвшөөрөлгүй гэдгийг Д.Ч сайн мэдэж байсан бөгөөд урьд нь Б ХХК-ийн барьж байсан 2-3 гэрээнд манайх туслан гүйцэтгэгчээр орж, хамтарч ажилласан. Иймд ажил гүйцэтгэх явцад тусгай зөвшөөрөлтэй байсан гэж ойлгуулаад гэрээг хийсэн зүйл байхгүй. Тэгээд ч манай компани тусгай зөвшөөрөлгүй болоод барилгын ажил зогсоогүй, Б ХХК-д төсөл хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй, ямар ч чадвар байгаагүй, төсөл 2 жил явагдахгүй байгаад маргаан үүссэн. Уг компанийн зүгээс тухайн барилгад ямар ч санхүүжилт хийгээгүй, эхний суурийн ажлыг би өөрөө санхүүжилт гаргаж хийсэн, 2 дахь суурийн ажлыг захиалагч иргэдийн мөнгөөр хийсэн бөгөөд  захиалагч нарын хөрөнгөөр хийсэн суурийн ажлыг нэр бүхий захиалагч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Аймгийн Засаг даргын тамгын газрын саналаар захиалагч иргэдэд газрын хамт шилжүүлсэн байгаа.

Хариуцагч гүйцэтгэсэн ажлыг чанарын доголдолтой байсан гэж ярьсан учир шинжээч томилуулсан бөгөөд шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр А ХХК-ийг доголдолтой холбоотой асуудалд буруугүй гэж цэг тавьсан. А ХХК тухайн ажлыг захиалагчаас өгсөн санхүүжилтээр нь хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч нар хийсэн ажлыг хүлээгээд авчихсан. Барилгад хэрэглэсэн хэв хашмалыг хариуцагч нар уг барилгыг барих гэж гэрээ байгуулж, аваад 2015 оныг хүртэл 2  жил хэрэглээд буцааж өгөөгүй учир би 2017 оны 2 сард өөрийн зардлаар очиж авчирсан бөгөөд гэрээний дагуу 1  ч удаа буцаан хүлээлгэж өгөөгүй. Уг хэв хашмалуудыг өөр байгууллагад түрээслэсэн бол би үүнээс их ашиг олох байсан. Б ХХК, М ХХК-ууд нь ямар ч хөрөнгөгүй учир үүсгэн байгуулагч нараас нь давхар нэхэмжилж байна. Харин барилгын ажлын хөлсөнд Б ХХК-аас 63 629 280 төгрөг авсан гэжээ.

 

Хариуцагч Б ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ХХК-иас Б ХХК-д гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил буюу барилга угсралтын ажилд барилгын бат бэхтэй холбоотой чанарын доголдол илэрсэн байх тул тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ХХК-иас М ХХК-д түрээслүүлсэн гэх хэв хашмалуудыг бид 2014 онд гэрээний дагуу түрээсээр ашиглахаар өөрийн барилгын хашаанд буулгуулсан боловч удалгүй тухайн хэв хашмалын нилээдгүй хэсгийг барилгын хашаанаасаа хулгайд алдсан даруйд нь бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэний үндсэн дээр цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар дээр ажиллаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан боловч өнөөг хүртэл хулгайчийг олж илрүүлж чадаагүй юм. Мөн бид түрээслүүлэгч компани болох А ХХК /М.А/-д тэр дор нь мэдэгдсэн бөгөөд тэрээр мөн хулгай гарсан өдөр бидэнтэй хамтран алдагдсан хэв хашмалыг эрж хайх ажилд гар бие оролцсон ч дээр дурьдсанчлан бид хэргийн эзнийг олоогүй бөгөөд энэ үйл явдал гэрээ байгуулагдсанаас хойш удалгүй болсон тул бид үлдэгдэл хэв хашмалуудыг түрээслэгчид буцаан өгсөн ч түрээслүүлэгч тал биднээс тухайн алдагдсан хэв хашмалын төлбөрийг бүрэн нэхэмжлэхийн зэрэгцээ аргагүй нөхцөл байдлыг маань үл харгалзан, 2014, 2015 оны түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа нь шударга ёсонд үл нийцэх тул бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагын түрээсийн төлбөртэй холбоотой хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК-иас төлбөр гаргуулах тухай материалтай танилцлаа. Тухайн үед Б ХХК-ийг Д.Ч хариуцан ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны ажлын талаар би мэдэхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй байна. Мөн ямар, ямар зардалд хичнээн төгрөг байгааг мэдэхгүй байна гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн захирал Д.Ч 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуулийн этгээдийн хооронд харилцаа үүссэн болохоос хувь хүмүүс энэ гэрээг хийгээгүй. Нэхэмжлэгчээс би хэв хашмалыг хэд хоног авч хэрэглэсэн бэ гэхэд 3-5 хоног гэсэн. Гэрээнээс харахад талбай дээр контейнерт хадгалж байсан хэв хашмалуудыг хий хоосон түрээсийн гэрээ хийсэн. Цутгалт авах гээд өрөөнд байж байсан бол өөр хэрэг. Гэтэл 40 тонны контейнерт хураалттай байсан, ашиглаагүй байхад төлбөр нэхэмжилж, алданги бодож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ гэрээтэй холбоотой асуудлаар шүүх дээр ингэж маргаад явна чинээ бодсонгүй. М.А танай талбай дээр байгаа учир төлбөрөө төл, би өөр хүнд түрээслүүлэх байсан гэж ярьдаг. Энэ дагуу яригдаж явсаар хоног хугацаа явсан. Нэг өдөр уг контейнерийг ачаад явахдаа тээврийн зардлыг чи хариуцахгүй гэсэн учир би юмаа аваад явлаа гээд 2017 онд бид нарыг байлцуулахгүй, акт үйлдээгүй авч явсан. Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан талаар маргахгүй. Мөн явцын дунд тооцоо нийлсэн. Хэзээ хийснийг санахгүй байна. 2015 оны эцсээр хийсэн байх. Уг акт дээрх гарын үсэг минийх мөн. Өглөг авлага болон хоорондын зардлын тооцоо, мөнгийг тооцож гаргасан акт үйлдсэн. Уг актаас зөвшөөрч байгаа хэсэг ч байна, зөвшөөрөхгүй ч зүйл байна. Гол нь надад энэ талаар баримт байхгүй. Тухайн баримтад тусгагдаагүй эсхүл нэхэмжлэгч тал төлбөр тооцоонд оруулаагүй асуудал ч байдаг. Тооцоо нийлсэн актыг үндэслэж байгаа бол уг акт дээрх бүхий л үнийн дүнг нэгбүрчилэн авч ярилцах хэрэгтэй. Хэв хашмалын үнийг би төлөх ёстой. Яагаад вэ гэвэл би зуслан барих гээд өөрийн зусланд буулгасан. Нэг шөнийн дотор хашаанаас хулгайд алдсан. Мэдээж хүний юмыг  авсан болохоор төлөлгүй яахав гэжээ.      

 

Хариуцагч Б ХХК, М ХХК-ууд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А ХХК нь Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Д аймгийн Сайншанд суманд “Б”хотхоны тус бүр нь 30 айлын 5 давхар 2 орон сууц буюу нийт 60 айлын 2 ширхэг орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, барилгын ажлыг эхлүүлж, улмаар гүйцэтгэгч тал гэрээнд заасан нөхцөл, эрх үүргээ хэрэгжүүлэлгүй барилгын зоорийн давхрыг цутгахдаа технологийн ноцтой алдаа гаргаж, цутгалтыг зураг төсөлд заасан бат бэхийн хэмжээнд хүргээгүй бөгөөд уг барилгыг цаашид барих нь оршин суугчдын аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон төдийгүй уг барилгын суурь алдаатай буруу цутгасан учраас цаашид барилгын ажил үргэлжлэх, хэв хашмал ашиглах хэрэгцээ шаардлага байхгүй болж барилгыг барьж дуусгах нь боломжгүй болсон. Иймд гүйцэтгэгч талын нарийн мэргэжлийн шаардлага хангаагүй гэм буруутай, хариуцлагагүй байдлаас ажил гүйцэтгэх гэрээний биелэлт зөрчигдсөн тул барилгын үйл явц бүхэлдээ зогсож, барилга гүйцэд баригдаагүй ба ажлын үр дүнг хүлээж авах боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал бий болгосон билээ. Тодруулбал: “Ажил гүйцэтгэх тухай” гэрээг хэрэгжүүлэх явцад цаг хугацаа алдагдаж, барилгын ажилд илт доголдол илэрсэн, гүйцэтгэгч тал барилга барих зохих тусгай зөвшөөрөлгүй байсан гэдэг нь тодорхой болсон учраас барилга барих зөвшөөрөлгүй компанитай захиалагч тал цаашид хөрөнгө оруулалт хийх нь эрсдэлтэй, утгагүй болсон бөгөөд барилгын материалын хангалтыг нэмж өгөх нь эхний хийсэн ажлын зөрчилтэй байдлаас эрсдэл дагуулах нь тодорхой болсон учраас өөрийн эрхгүй барилгын ажил зогсож аливаа санхүүжилт хийх боломжгүй нөхцөл байдлыг гүйцэтгэгч тал үүсгэсэн бөгөөд доголдлыг арилгах, засч сайжруулах ёстой байтал өөрсдийн буруутай үйл ажиллагаа болон ажлын алдаа доголдлыг засаж сайжруулахгүй байсаар барилга бүхэлдээ консервацид орсон билээ.

Энэ бүх үйл явдлын эцэст бид давхар цаг хугацаа, эд хөрөнгөөр хохирч үлдсэн бөгөөд нэгэнт зоорин давхар буюу барилгын суурь чанарын болон стандартын шаардлага хангах боломжгүй болсон учраас орон нутгийн зохих эрх бүхий байгууллагаас барилгыг цаашид барих боломжгүй гэсэн тул манай компани эрсдэл алдагдалд орж орон сууц захиалсан иргэд шүүхэд хандаж барилгын газрыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилсэн ба Д аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар барилгын угсралтын ажлыг зогсоосон буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 20764 тоот шүүгчийн захирамжийг үндэслэн Д аймгийн Засаг даргын №А/791 дугаар захирамжаар нэр бүхий 7 иргэнд барилга барьж байсан газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч, гэрчилгээ олгогдсон байдаг.

2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Б ХХК болон А ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх тухай” гэрээ нь хууль зөрчсөн гэрээ хэлцэл гэдэг гүйцэтгэгч тал барилга барих тусгай зөвшөөрөлгүй байсан гэдгээр батлагдаж, нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч тал гадаад худалдаа эрхлэх хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж орон сууцны барилга барих ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, барилга барьж эхэлсэн явдал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуулийг давхар зөрчин анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан учир Иргэний хуулийн 56.1.1 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иймд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус “Ажил гүйцэтгэх тухай” гэрээний үндсэн дээр байгуулагдсан тухайн орон сууцыг барих үйл ажиллагаатай салшгүй холбоо, хамааралтай “Хэв хашмал түрээслэх тухай” гэрээ нь Иргэний хуулийн 56.1.10  дугаар зүйлд заасны дагуу “Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан учраас хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж, Иргэний хуулийн 56.5,  56.6 зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч талаас 119 304 900 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг  А ХХК-тай Б ХХК нь байгуулж, Д аймгийн 3 дугаар багийн нутагт 60 айлын орон сууцны барилгын карказ цутгалтын ажил хийлгэхээр болж, тодорхой ажил явагдаад барилга зогссон. Барилгын газар захиалагч иргэдэд Шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиллагаагаар шилжсэн. Уг барилгыг барих зорилгоор хэв хашмал түрээслэх гэрээг байгуулсан, барилгын ажилд зориулагдах төхөөрөмж юм. Барилга баригдаагүй, зөвхөн зоорийн хэсэг баригдсан учир хэв хашмалыг түрээслэх боломжгүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж, тусгай зөвшөөрөлгүй компани барилгыг барьж, эд хөрөнгө түрээслүүлсэн, тухайн түрээсийн хөрөнгө нь барилга барихад хэрэглэх зориулалттай байсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус тул түрээсийн гэрээнүүд мөн хүчин төгөлдөр бус болно. Барилгыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллага барих ёстой, ямар ч эрхгүй хүн барилга барьчихаад мөнгө шаардаад байгаа нь хууль бус юм. Иймд Иргэний хуулийн 56.5-д зааснаар хариуцагч Б ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт А ХХК-д 160 000 000 төгрөг өгсөн гэдэг ч энэ талаар ямар ч баримт байхгүй учир бид улсын тэмдэгтийн хураамж төлсөн хэмжээгээр 119 304 900 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Учир нь А ХХК барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй, орон сууц захиалсан иргэдэд газрыг өгөх тухай шүүхийн шийдвэр гарч шилжүүлсэн тул өгсөн мөнгөө буцаан авая гэж байгаа юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Гуравдагч этгээд Д аймгийн Засаг даргын тамгын газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэнд-Аюуш, Д аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ц.Оюунсайхан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2012 оны А/533 дугаар захирамжаар Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Морьтой хөшөөний хойд талд 1,58 га газарт амины орон сууц барих ажлыг Б ХХК-иар гүйцэтгүүлэхээр зөвшөөрч, тухайн компанитай гэрээ байгуулан, ажлын явцад хяналт тавьж ажиллахыг манай байгууллагад үүрэг болгосон. Уг захирамжаар Б ХХК-д зөвхөн амины орон сууцны хороолол барих зөвшөөрлийг олгосон бөгөөд газар эзэмших, ашиглах эрх олгоогүй болно.

Тус газар нь Б ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №04/2012 дугаартай Сайншанд сумын 3 дугаар багт 64 айлын орон сууцны хорооллын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ч Б ХХК нь барилга угсралтын ажлыг гэрээт хугацаандаа графикийн дагуу гүйцэтгээгүй бөгөөд 2013 онд зөвхөн барилгын газар шороо, суурийн ажлыг эхлэл төдий гүйцэтгээд “Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хугацаа дууссан гэсэн шалтгаанаар барилгын ажил зогсонги байдалд орсон.

Манай газрын зүгээс 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Б ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэж, тухайн компанийг 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Барилга хот байгуулалтын яамнаас “Барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг сунгуулаагүй тохиолдолд гэрээг дуусгавар болгож, урьдчилгаа захиалга өгсөн иргэдийн хохирлыг гүйцэтгэгч компаниар төлүүлэхээр тохиролцсон.

Мөн оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрээг дахин дүгнэж анхны төлөвлөгдөж байсан 64 айлын амины орон сууцны төлөвлөлтийг өөрчилж, тухайн газар дээр тус бүр 30 айлын хүчин чадал бүхий 4 блок буюу нийт 120 айлын орон сууц барихаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.

2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 04/2012-1 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлтөөр 64 айлын амины орон сууцны төлөвлөлтийг өөрчилж, тухайн газар дээр орон сууцны “Б”хорооллын 1 дүгээр ээлжийн 120 айлын орон сууц барихаар тохиролцсон. Уг гэрээний дагуу 2014-2015 онуудад 30 айлын 2 блок орон сууцны барилгын зоорийн давхрын цутгалтын ажил хийгдээд зогссон.

Аймгийн Засаг даргын 2014 оны А/604 дүгээр захирамжаар 0 сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Морьтой хөшөөний хойд талд орон сууцны хороолол /Баянбүрд/-ын зориулалтаар 0,65 га газрыг Б ХХК-д эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан.

Тус газраас 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БУ-61/2014 дугаартай “0 сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах 120 айлын орон сууцны барилга угсралтын ажил”-ыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Б ХХК-д олгосон ба зөвшөөрлийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон.

Дээрх компанийн орон сууцны барилгад захиалга өгсөн иргэдийн хүсэлт, нэхэмжлэлийн дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 20764 дүгээр захирамж гарч, уг захирамжийг үндэслэн Д аймгийн Засаг даргын 2017 оны А/791 дүгээр захирамжаар нэр бүхий 7 иргэнд баригдсан 2 барилгын суурь бүхий 3717м2 газрыг хамтран эзэмшигчээр бүртгэн, эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоод байна.

М ХХК, А ХХК-ийн хооронд байгуулсан бизнесийн хэлцэл, гэрээний нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь дээрх компаниудад хамаарах бөгөөд аймгийн Засаг даргад хамааралгүй. А ХХК-ийн нэхэмжлэлтэй М ХХК, Б ХХК нарт холбогдох иргэний хэргийн шүүхийн өмнөх хуралдаануудад оролцож Б ХХК-ийн эзэмшил газартай холбоотой тодруулга тайлбар гаргаж өгсөн учир өөр өгөх тайлбар байхгүй болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:        

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон түрээсийн гэрээний үүрэгт нийт 163 666 888 төгрөг, М ХХК-наас түрээсийн гэрээний үүрэгт 48 355 044 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, “хийсэн ажил нь чанарын доголдолтой байсан бөгөөд ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй” гэж алдангид 119 304 900 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

/1 дүгээр хх-ийн 1-3, 97-99, 100 дугаар тал/

 

Нэхэмжлэгч А ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “Бат Ур” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 106 172 000 төгрөг, алдангид 44 498 608 төгрөг, бусад тооцоо актаар 12 996 280 төгрөг, нийт 163 666 888 төгрөг,

хариуцагч М ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 20 421 280 төгрөг, алдангид 8 909 764 төгрөг, хэв хашмалын төлбөр 19 024 000 төгрөг, нийт 48 355 044 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж, уг компаниуд нь хөрөнгөгүй учир үүсгэн байгуулагч болох Д.Ч, Ц.Э нарыг хамтран хариуцагчаар татаж, дээрх шаардлагуудыг мөн нэхэмжилсэн байна.

/2 дугаар хавтас хэргийн 128-154, 167 дугаар тал/

 

Мөн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б ХХК болон үүсгэн байгуулагч Ц.Э, Д.Ч нараас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, бусад тооцоо нийт 154 127 608 төгрөг,

Хариуцагч М ХХК болон үүсгэн байгуулагч Д.Чгээс түрээсийг гэрээний үүрэгт болон алданги, алдагдсан гэх хэв хашмалын үнэ нийт 48 358 014 төгрөгийг тус тус нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ихэсгэснийг хариуцагч нар нь эс зөвшөөрч, маргажээ.

/3 дугаар хавтас хэргийн 27-30, 33-34 дүгээр тал/

 

Түүнчлэн хариуцагч М ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй этгээд болох А ХХК-тай байгуулсан 01/2014 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан ‘хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл” тул уг хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан тухайн орон сууцыг барих үйл ажиллагаатай салшгүй холбоотой “Хэв хашмал түрээслэх гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус. Иймд 01/2014 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлсөн 119 304 900 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар буцаан гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилснийг хариуцагч Б ХХК нь дэмжиж, М ХХК-тай адил сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өөрчилжээ.

/3 дугаар хх-ийн 48-52, 97-101 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч А ХХК нь сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад “гэрээ байгуулах үед манай компанийг тусгай зөвшөөрөлгүйг мэдэж байсан бөгөөд хариуцлагаас зайлсхийсэн үндэслэлгүй нэхэмжлэл” гэсэн тайлбарыг гаргаж, эс зөвшөөрч, маргаж байна.

/3 дугаар хавтас хэргийн 105 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагч Б ХХК, М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 238 609 800 төгрөгийн үнэтэй ажил гүйцэтгэх 01/2014 тоот гэрээг байгуулан, 2042 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Д аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинээр баригдах, “Б”орон сууцны хотхонд нэг бүр нь суурийн тэнхлэгээрээ 20.6 м х 14.85 м хэмжээтэй, 5 давхар 2 ширхэг, нийт 60 айлын орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг захиалагчаас гаргаж өгсөн шифертэй ажлын зургийн дагуу, захиалагчийн материалаар гэрээний хавсралт 1-д зааснаар ”ажлын даалгавар” болон холбогдох хууль тогтоомж, норм, стандарт  шаардлагад нийцүүлэн хийж, гэрээний хавсралт 2-т зааснаар “ажил хүлээлцэх акт”-ын дагуу захиалагчид эрхийн болон биет байдлын доголдолгүй үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан талуудын хооронд байгуулагдсан 01/2014 дугаартай “Ажил гүйцэтгэх” гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд талууд уг гэрээг байгуулсан талаар маргаагүй байна.

/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ“ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” 01/2014 тоот гэрээг байгуулагдах үед нэхэмжлэгч нь А ХХК нэртэй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр А ХХК болгон нэрээ өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын лавлагаагаар тогтоогдож байх тул цаашид нэхэмжлэгчийг А ХХК гэж нэрлэх нь зүйтэй.

            /2 дугаар хавтас хэргийн 50 дугаар тал/

           

            Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үед барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй байсан болох нь талуудын тайлбараар болон Барилгын хөгжлийн төвийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.4, 15 дугаар зүйлийн 15.14.6, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.21, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан барилга угсралтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээдтэй байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул энэ талаарх хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна.

            / 2 дугаар хх-ийн 43-44, 47 дугаар тал/

 

             Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч А ХХК нь Д аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах Баянбүрд хотхонд нэг бүр нь суурийн тэнхлэгээрээ 20.6 м х 14.85 м хэмжээтэй 5 давхар 2 ширхэг 60 айлын орон сууцны барилгын карказ цутгалтын ажлыг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 30 -ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч “Бат Ур” ХХК нь гэрээний нийт төлбөрт 238 609 800 төгрөгийг төлөхөөр тохиролцон, нэхэмжлэгч А ХХК нь 2 ширхэг 60 айлын орон сууцны зоорийн давхрын карказ цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

 

             Хариуцагчийн төлөөлөгч нь уг ажлын хөлсөнд “160 000 000 төгрөг төлсөн” гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “63 629 280 төгрөгийг авсан” гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь талуудын хооронд 2017 онд хийсэн тооцоо нийлсэн акт гэх баримтаар тогтоогдож байх ба хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Ч нарын гаргасан тайлбараар талуудын 2015 онд хийсэн “тооцоо нийлсэн акт” гэх баримтаар нэхэмжлэгч А ХХК-ийн хийсэн суурийн цутгалт, зоорийн давхрын цутгалтын ажлын буюу нийт 2 блокын үнэлгээ болох 63 629 280 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарлажээ.

            /1 дүгээр хх-ийн 24-25 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч А ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон түрээсийн гэрээний үүрэгт Б ХХК-аас нийт 163 666 888 төгрөг гаргуулах, М ХХК-наас түрээсийн гэрээний үүрэгт 48 355 044 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Бат-Ур” ХХК, М ХХК нар нь эс зөвшөөрч, “хийсэн ажил нь чанарын доголдолтой байсан бөгөөд ажлын үр дүнг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй” гэж алдангид 119 304 900 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулан нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч зөвшөөрсөн тул шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/09889 дугаар захирамжаар хангаж, шинжээчээр “Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төв”-ийг томилсон.

 

“Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төв”-ийн Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/018 дугаартай дүгнэлтэд “тус барилгын тэнхлэгийн алдаа 7.0-с 12.50 см буюу хүлцэх алдааны хэмжээнээс илүү байна. Мөн тус барилгын зоорийн давхрын бүтээцийн бетоны бат бах тодорхойлох туршилтыг 22 цэгт хийсний үр дүнг нэгтгэн боловсруулж үзэхэд зураг төсөлд заасан хэмжээнд хүрэхгүй байна” гэжээ.

/1 дүгээр хавтас хэргийн 108-109, 110-113, 125, 126-130 дугаар тал/

 

Дээрх шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А. нь эс зөвшөөрч, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Д аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг тус тус гуравдагч этгээдээр оролцуулах, ...дахин шинжээч томилуулах тухай хүсэлтүүд гаргасныг шүүгчийн 2018 оны 184/ШЗ2018/11839 дугаартай захирамжаар хангаж, Д аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэргийн оролцогч болсныг баталж, шинжээчээр Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Ганбаатараар ахлуулан, мөн газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятав, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хэсгийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 01-07-102/04 дугаартай дүгнэлтэд “Барилга угсралтын ажилд газар дээр нь үзлэг шалгалт хийхэд 2 блок барилгын зоорийн давхрын зарим хучилтын бетоны дээд хэсэгт ан цав, хагарал үүссэн, зарим дам нурууны доод хэсгийн хомут арматурын хамгаалалтын үе ил гарсан, зарим бетоны дүүргэгч тунаж арзайсан зэрэг цөөн тооны засварлах боломжтой алдаа дутагдлууд гарсан байна. Эдгээр хийц бүтээцүүдээс бусад хийц бүтээцүүдийг цутгалтын технологийн дагуу хийж гүйцэтгэсэн байна.  .. барилгын зоорийн давхрын багануудад Барилга архитектурын сургуулийн геотехникийн судалгааний төв болон “Классик ленд” ХХК-аар геодезийн хэмжилт хийлгэсэн байна. Энэ 2  байгууллагын хийсэн хэмжилтээр баганын тэнхлэгүүдийн хэмжээ илт зөрүүтэй гарсан байна. ...шинжээчид ирүүлсэн бичиг баримтад холбогдох бичиг баримтын бүрдэл хангалтгүй, хэмжилт хийсэн байгууллагуудын хэмжилтийн үр дүн, хүлцэх хэмжээ илт зөрүүтэй гарсан байгаа тул уг барилгын суурийн карказ цутгалтын ажлыг зургийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна... ” гэжээ.

/1 дүгээр хавтас хэргийн 186-190, 191-193, 194-197, 2 дугаар хавтас хэргийн 5-8 дугаар тал/

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2017/09889 дугаар захирамжаар томилогдсон Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн Геотехникийн судалгааны төвийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 18/018 дугаартай барилгын тэнхлэгийн ажил шалгасан талаарх шинжээчийн дүгнэлт нь тооцоолол, тооны хувьд алдаатай болох нь шинжээч нарын тайлбар болон дүгнэлтээр тогтоогдсон тул үнэн зөв болох нь эргэлзээтэй, мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн “Классик лэнд” ХХК-ийн хэмжилтийн ажилд мэргэжлийн бус /оюутан/ оролцсон, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2018/11839 дугаар захирамжаар шинжээчээр томилогдсон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Ганбаатараар ахлуулан, мөн газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятав, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Г.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт нь бүрэн бус, шүүхээс асуусан асуултад бүрэн хариулаагүй байх тул зохигчийн маргаан бүхий асуудлаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт хангагдсан гэж үзэх боломжгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан бол шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж болно гэж заасныг үндэслэн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШЗ20196/09863 дугаартай захирамжаар “Топкад” ХХК-ийг, бетоны чанар бат бэх байдал нь барилгын зурагт тусгасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулахаар шинжээчээр “Барилга Архитектур Корпораци” ХХК-ийн  өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэсгийг томилсон.

 

 Гэтэл “Барилга Архитектур Корпораци” ХХК нь ...“Корпораци нь уг барилгын бетоны бат бэх, орц норм нь стандарт, ажлын зураг төсөлд заасантай нийцэж буй эсэхийг тодорхойлох, мөн геодезийн хэмжилт хийх техник, технологийн боломжгүй тул шинжээчээр ажиллах боломжгүй” гэж татгалзсан учир маргаан бүхий барилгын бетоны бат бэхийг тодорхойлох шинжилгээг тусгай мэдлэг бүхий мэргэжилтнээр дахин хийлгэж дүгнэлт гаргуулах үндэслэлээр шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШЗ2019/13259 дугаартай захирамжаар шинжээчээр “Олно” ХХК-ийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэсгийг томилсон болно.

/2 дугаар хавтас хэргийн 156-157, 166, 170-171 дүгээр тал/

 

“Олно” ХХК-ийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэсгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд А ХХК-ийн барилгын талбай дээр өөрсдөө бэлтгэж 2013 онд цутгасан суурийн бетоны бат бэх 243.5-277.7 кг.см2 байгаа нь зураг төсөлд заасан В20 /М250 кг/см2/ байх шаардлагыг хангаж байна.

Б ХХК-ийн “Эвийн гэгээ” ХХК-ийн бетон зуурмагын үйлдвэрт захиалан авч нийлүүлсэн бетон зуурмагаар 2014 онд цутгагдсан зоорийн давхрын хана, багана, дам нуруу, хучилтын нийт 66 цэгийн бетоны бат бэх нь 78.1-258,3 кг.см2  байгаа бөгөөд 92.4 хувь нь В20 /М250/ байх шаардлагыг хангахгүй байна” гэжээ.

 

Мөн “Топкад” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01/20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэмжилтийн ажлын тайлан/ “Б”орон сууцны зориулалттай барилгын цутгамал төмөр бетон багана болон хананы хэмжилтийн үр дүнгээр уг барилгын цутгалтын ажил нь зөвшөөрөгдөх хэмжээнд хийгдсэн болох нь тогтоогджээ.

/2 дугаар хх-ийн 190-208, 220-241 дүгээр тал/

 

             Нэхэмжлэгч А ХХК-ийн гүйцэтгэсэн 2 айлын орон сууцны суурийн цутгалт, зоорийн давхрын цутгалтын ажил нь доголдолгүй болох нь “Олно” ХХК болон “Тодкад” ХХК-ийн шинжээчдийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд уг барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр шүүхийн шийдвэрээр нэр бүхий 7 иргэн тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг харилцан буцаах боломжгүй байна.

             /1 хавтас хэргийн 101, 102, 103, 218-220, 223-225 дугаар тал/

 

            Иймд хариуцагч Б ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нэхэмжлэгч А ХХК-д төлсөн гэх 119 304 900 төгрөгийг буцаан олгох боломжгүй байна.Тодруулбал ажлын үр дүн болох 2 айлын орон сууцны зоорийн давхрын карказ цутгалтын ажил нь гүйцэтгэгч А ХХК-аас шалтгаалсан чанарын доголдолгүй болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг барилгын зоорийн давхрын өмчлөгчөөр нэр бүхий захиалагч У.Чулуунбаатар нарын 7 иргэн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон  байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д  “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг харилцан буцаах боломжгүй байх тул хариуцагч нарын 119 304 900 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

 

2.Нэхэмжлэгч А ХХК-ийн Б ХХК болон үүсгэн байгуулагч Ц.Э, Д.Ч нараас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, бусад тооцоо нийт 154 127 608 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч Б ХХК-ийн хооронд “Хэв хашмал түрээслэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 14/5-02 дугаартай, гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Солонгос улсад үйлдвэрлэсэн төмөр тулаас, төмөр хэв хашмалуудыг 60 хоногийн хугацаатай, нэг өдрийн 418 000 төгрөг, нийт 25 080 000 төгрөгийн төлбөртэй, 

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/07-02 дугаартай гэрээ байгуулагдаж, Солонгос улсад үйлдвэрлэсэн төмөр тулаас, төмөр хэв хашмалуудыг 98 хоногийн хугацаатай, нэг өдрийн 418 000 төгрөг, нийт 40 964 000 төгрөгийн төлбөртэй, 

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/6-2 дугаартай гэрээ байгуулагдаж, Солонгос улсад үйлдвэрлэсэн төмөр тулаас, төмөр хэв хашмалуудыг 94 хоногийн хугацаатай, нэг өдрийн 418 000 төгрөг, нийт 40 128 000 төгрөгийн төлбөртэй тус тус түрээслэхээр тохиролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-нүүд, түрээсийн эд хөрөнгө хүлээлцсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээнүүд байгуулагдсан талаар болон түрээсийн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргахгүй байна.

/1 дүгээр хх-10-11, 12-13, 14-15, 16 дугаар тал/

 

Хариуцагч нар нь “хүчин төгөлдөр бус байх ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан, уг гэрээтэй салшгүй холбоотой тул “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-нүүд Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж эс зөвшөөрч, маргажээ.

 

Дээрх гэрээнүүдийг талууд Иргэний хуулийн 40, 42 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж,  түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” 01/2014 тоот гэрээтэй салшгүй холбоотой, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрээний 3.2-т заасны дагуу хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөхдөө актаар хүлээлцэх талаар тохирсон, түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгснөө нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар түрээсийн зүйлийг өөрийн эзэмшил, ашиглалтад байсан хугацааны төлбөрийг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.б-д зааснаар алдангийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.б-д “түрээслэн авагч түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол өрийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө” гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар тооцож алдангийг нэхэмжилсэн нь хууль зөрчихгүй юм.

 

Иймд  “Хэв хашмал түрээслэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14/5-02 дугаартай гэрээний үүрэгт 20 080 000 төгрөг болон алдангид 12 540 000 төгрөг, нийт 37 620 000 төгрөг,

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/07-02 дугаартай гэрээний үүрэгт 40 964 000 төгрөг болон алдангид 20 482 000 төгрөг, нийт 61 446 000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15/6-2 дугаартай гэрээний үүрэгт  39 292 000 төгрөг /418 000 х 94/ болон алдангид 11 237 512 төгрөг /39 292 х 286/ нийт 50 529 512 төгрөг, нийт 149 595 512 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 075 096 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн нэхэмжлэгчийн бусад тооцоо гэх 3 457 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул хангах боломжгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нь хэв хашмал тээвэрлэсэн шатахууны зардалд 500 000 төгрөг, холбогчны 837 000 төгрөг, цемент зээлсэн гэх 1 120 000 төгрөг, пин авсан 1 000 000 төгрөг нийт 3 457 000 төгрөгийн зардлыг өөрөө төлсөн гэж тайлбарлан тооцоо нийлсэн актыг үндэслэн хариуцагчаас нэхэмжилж байх боловч энэ талаар баримт хэрэгт байхгүй, эдгээр зүйлсийн үнийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 , 38 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн дээрх “Хэв хашмал түрээслэх тухай” 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14/5-02 дугаартай, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/07-02 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 15/6-2 дугаартай гэрээнүүд нь нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч Б ХХК-уудын хооронд байгуулагдсан, гэрээний талууд үүргээ бие биенээсээ шаардах эрхтэй тул Д.Ч, Ц.Э нараас дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.

 

Иймд Б ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид нийт 149 595 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 532 096 төгрөгийг болон хариуцагч Д.Ч, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            3.Нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч М ХХК болон үүсгэн байгуулагч Д.Чгээс түрээсийг гэрээний үүрэгт болон алданги, алдагдсан гэх хэв хашмалын үнэ нийт 48 358 014 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд: шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч М ХХК-ийн хооронд “Хэв хашмал түрээслэх тухай” 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14/4-01 дугаартай, гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Солонгос улсад үйлдвэрлэсэн төмөр тулаас, төмөр хэв хашмалуудыг 90 хоногийн хугацаатай, нэг өдрийн 72 160 төгрөг, нийт 6 494 400 төгрөгийн төлбөртэй, 

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 14/07-03 дугаартай гэрээ байгуулагдаж, Солонгос улсад үйлдвэрлэсэн төмөр тулаас, төмөр хэв хашмалуудыг 90 хоногийн хугацаатай, нэг өдрийн 72 160 төгрөг, нийт 6 494 400 төгрөгийн төлбөртэй,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь Солонгос улсад үйлдвэрлэсэн төмөр тулаас, төмөр хэв хашмалуудыг 94 хоногийн хугацаатай, нэг өдрийн 72 160 төгрөг, нийт 6 783 040 төгрөгийн төлбөртэй тус тус түрээслэхээр тохиролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-нүүд, түрээсийн эд хөрөнгө хүлээлцсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд дээрх гэрээнүүд байгуулагдсан талаар болон түрээсийн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан талаар маргахгүй байна.

/ 1 дүгээр хх-ийн 17-18, 19-20, 21-22, 23 дугаар тал/

 

Хариуцагч нар нь “хүчин төгөлдөр бус байх ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр байгуулагдсан, уг гэрээтэй салшгүй холбоотой тул “Хэв хашмал түрээслэх тухай гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж эс зөвшөөрч, маргажээ.

 

Дээрх гэрээнүүдийг талууд Иргэний хуулийн 40, 42 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж, түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байх бөгөөд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” 01/2014 тоот гэрээтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотой, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн гэрээний 3.2-т заасны дагуу хариуцагч нь түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгөхдөө актаар хүлээлцэх талаар тохиролцсон, түрээсийн зүйлийг нэхэмжлэгчид буцаан өгснөө нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймээс хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар түрээсийн зүйлийг өөрийн эзэмшил, ашиглалтад байсан хугацааны төлбөрийг гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.б-д зааснаар алдангийн хамт нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.б-д “түрээслэн авагч түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимдуулсан бол өрийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө” гэж заасан байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувиар тооцож алдангийг нэхэмжилсэн нь хууль зөрчихгүй юм.

 

Иймд  “Хэв хашмал түрээслэх тухай” 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14/4-01 дугаартай гэрээний үүрэгт 6 494 400 төгрөг болон алдангид 3 247 200 төгрөг, нийт 9 741 600 төгрөг,

2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/07-03 дугаартай гэрээний үүрэгт 6 494 400 төгрөг болон алдангид 3 247 200 төгрөг, нийт 9 741 600 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээний үүрэгт 6 783 040 төгрөг болон алдангид 2 089 164 төгрөг, нийт 8 872 204 төгрөг, нийт 28 355 404   төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 978 610 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн дээрх гэрээний 8.4.5-д зааснаар хэв хашмалыг дутаасан тохиолдолд 1 ширхэгийг 58 000 төгрөгөөр тооцож хохирлыг барагдуулахаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч М ХХК-ийн захирал Д.Ч нь уг хохирлыг барагдуулах талаар маргахгүй байх тул 328 ширхэг төмөр тулаас, хэв хашмалын үнэд 19 024 000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй.

 

Түүнчлэн дээрх “Хэв хашмал түрээслэх тухай” 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14/4-01 дугаартай, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14/07-03 дугаартай, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 15/3-3 дугаартай гэрээнүүд нь нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч М ХХК-уудын хооронд байгуулагдсан, гэрээний талууд үүргээ бие биенээсээ шаардах эрхтэй тул Д.Чгээс дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр М ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид, хэв хашмалын үнэд нийт 47 379 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 978 610 төгрөгийг болон хариуцагч Д.Чд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд  2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан 01/2014 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний чанар, доголдлын талаар гаргасан зохигчийн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хүрээнд шүүхээс томилогдсон шинжээчийн зардалд “Топкад” ХХК-д төлсөн 792 000 төгрөг, “Олно” ХХК-д төлсөн 7 443 085 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч Б ХХК, М ХХК-уудад хувааж хариуцуулах нь зүйтэй байна.

            /3 дугаар хх-ийн 42, 44, 45, 46, 61 дүгээр тал/

 

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас төлсөн 1 058 486 төгрөг, хариуцагч Б ХХК-аас төлсөн 754 475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 111 892 төгрөгийг гаргуулан улсын орлогод, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-аас 800 814 төгрөг, хариуцагч М ХХК-аас 343 206 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 476 096 төгрөгийг гаргуулан хариуцагч Б ХХК-д тус тус олгох нь хуульд нийцнэ.         

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 228 дугаар зүйлийн 228.1-т заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алдангид нийт 149 595 512 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 532 096 төгрөгийг болон хариуцагч Д.Ч, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлийг,

Хариуцагч М ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт болон алданги, хохиролд нийт  47 379 404 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 978 610 төгрөгийг болон хариуцагч Д.Чд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК, М ХХК-уудын нэхэмжлэгч А ХХК-д холбогдох 119 304 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас төлсөн 1 058 486 төгрөг, хариуцагч Б ХХК-аас төлсөн 754 475 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 111 892 төгрөгийг гаргуулан улсын орлогод, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б ХХК-аас 800 814 төгрөг, хариуцагч М ХХК-аас 343 206 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 476 096 төгрөгийг гаргуулан хариуцагч Б ХХК-д тус тус олгосугай.

    

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч А ХХК-аас 4 117 542.5 төгрөг, хариуцагч Б ХХК, М ХХК-уудаас 4 117 542.5 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ