Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1496

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/00960 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О, Б.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 290 575 893 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй, 

 

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2109004438 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.О, Б.А нар нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2109004438 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 270 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 290 575 893 төгрөгийн өртэй болсон. Г.О, Б.А нарт удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан. 2109004438 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл  269 999 696 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 20 576 197 төгрөг, нийт 290 575 893 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн барьцааны Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Үйлдвэр-2, ХД-52 дугаар байрны 6 тоотод байрлалтай Ү2206009545 дугаартай, 192 мкв гурван давхар орон сууц болон Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхт, нүхтийн зам гудамж, 28/8 байр, 2 тоотод байрлалтай Ү2206048313 дугаартай 242.87 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Атай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0915122101 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 600 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар, жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч, хамтран зээлдэгчээр охин Б.Аийг оруулсан. Мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн гудамжны 28/8, зоорийн давхрын хэсэг, 800 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043661, 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, орон сууцыг барьцаалсан.  

Барьцааны дуусаагүй барилгыг улсын комисст өгсөн тул 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Атай 0915122101-1 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж, 3 өрөө орон сууц, мөн байрны, 2 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048313, гэрчилгээний 000531756 дугаартай, 242,87 м.кв талбай бүхий 6 өрөө орон сууц, 3 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043662, гэрчилгээний 000531755 дугаартай, 254,92 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 28/8 байр, 4 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048315, гэрчилгээний 000531758 дугаартай, 32,21 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан.  

Түүнчлэн дахин Атай 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 0915122101-2 дугаартай “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-г байгуулж, 501 тоот, зоорийн давхарын 4, Г62/10-112 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012026, гэрчилгээний 000085996 дугаартай, 300 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолыг барьцаалсан.

Зээлийг хуваарийн дагуу төлж явсаар 2017 оны 8 дугаар сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 506 399 736,26 төгрөг болсон боловч тодорхой шалтгааны улмаас зээлийн төлөлт тасалдахад банкнаас зээлийг үл хөдлөх хөрөнгүүдээс хангах боломжтой тухай санал гаргасан. Ингээд банкны саналыг хүлээж авч, Аыг төлөөлж Р.Нямцэрэнтэй 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, 13 тоот, 155.66 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048311, гэрчилгээний 000531752 дугаартай, 3 өрөө орон сууцыг 264 622 000төгрөгөөр, 5 тоот, 132,43 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206043889, гэрчилгээний 000531754 дугаартай, 3 өрөө орон сууцыг 225 131 000 төгрөгөөр тус тус үнэлж, Аинд өмчлөх эрхийг шилжүүлсэн. 

Дээрх 2 байрны нийт үнэ 489 753 000 төгрөг бөгөөд байраа шилжүүлэх үед миний үндсэн зээлийн үлдэгдэл 506 399 736,26 төгрөг байсан гэж тооцоход 16 646 736,26 төгрөгийн зөрүү гарна. Атай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, орон сууцуудыг шилжүүлснээр миний зээл бүрэн төлөгдөнө гэж тооцож байтал банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн үлдэгдэл болон шилжүүлэн авч буй үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх дүн нийлээд 270 000 000 төгрөг гэсэн тооцоог гаргаж, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2109004438 дугаартай, зээлийн гэрээг шинэчилж хийж, 270 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай байгуулсан. Тэгсэн атлаа 270 000 000 төгрөгийн шинэ зээлээр өмнөх зээл бүрэн хаагдаагүй давхар зээл, зээлийн хүүгийн гарсаар байна. Банкны зээлийг төлөхийн тулд би өөр хувь хүн байгууллагаас зээл аван давхар хүү төлж, маш алдагдалтайгаар үл хөдлөхөө шилжүүлж, олон удаагийн зээл, барьцааг солиход зардал гаргасан.

Аинд нийт 865 735 586 төгрөг төлсөн боловч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад банкнаас зээлээ төлөхийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь банк анхнаасаа намайг санаатай хуурч, миний 2 орон сууцыг зах зээлийн үнээс илт бага үнээр шилжүүлж авч, зээл төлж дууссан мэт сэтгэгдэл төрүүлж, дахин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон. Банкнаас тавьсан саналыг “барьцааны орон сууцаа шилжүүлчихвэл, миний зээл бүрэн төлөгдөж дуусах юм байна” гэж ойлгосон учир байраа бага үнээр банкинд шилжүүлсэн. Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Оы гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна. Атай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2109004438 дугаартай, зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хийгдсэн боловч зээлийн мөнгөн дүн нь дансаар шилжигдэж, орж ирээгүй. Дахин ийм өндөр дүнтэй зээл авах шаардлага байгаагүй. Банк биднийг хууран мэхэлж, дахин зээлийн дарамтанд оруулсан. 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, орон сууцуудыг шилжүүлснээр бидний зээл бүрэн төлөгдөнө гэж тооцож, байрны м.кв-ыг нь зах зээлийн үнээс бага дүнгээр тооцож, Аны өмчлөлд шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хийгдсэн мэт боловч гэрээний зүйл болох 270 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, нэгэнт мөнгө нь орж ирээгүй учир бид нь банкны өмнө хариуцлага хүлээхгүй. Зээл олгосон өдрөө 12 удаагийн зарлагын гүйлгээгээр 269 992 843 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4 560 000 төгрөгийг А нь зээлдэгчийн данснаас буцааж татсан. А ХХК-ийн энэ үйлдэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 1.1, 2.3, 3.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. Иймд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2109004438 тоот “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.О, Б.А нар нь 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 2109004438 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, 270 000 000 төгрөгийн зээл авсан нь гэрээ болон мөнгө хүлээн авсан. Энэ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хийгдсэн хууль ёсны гэрээ, мөн мөнгийг хүлээлгэн өгсөн хууль ёсны зээлдэгчийн гарын үсэгтэй баримтаар нотлогдоно. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан “12 удаагийн зарлагын гүйлгээгээр 269 992 843 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4 560 000 төгрөгийг А нь зээлдэгчийн данснаас буцааж татсан” гэсэн нь үндэслэлгүй. Шүүхэд өгсөн дансны хуулгаар зээлдэгч банк бус санхүүгийн байгууллагад байсан өр төлбөрт шилжүүлсэн, үл хөдлөх хөрөнгө борлуулсаны татвар зэрэгт зарцуулсан нь тодорхой харагдана. Банк нь Банк, эрх бүхий хуупийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар харилцагчийн төлбөрийн даалгавраар гүйлгээг хийдэг. Зээлдэгч зээлээ зориулалтын дагуу ашиглах нь түүний үүрэг бөгөөд энэ нь гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах үндэслэл болохгүй. Сөрөг нэхэмжлэлд зээлийн гэрээг яг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нь тодорхой бус байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар  зүйлийн 452.1, 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хариуцагч нараас 288 889 267  төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 686 626 төгрөгийг, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Г.О, Б.А нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү2206009545 дугаартай, 192 мкв гурван давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2 тоотод байрлалтай Ү2206048313 дугаартай 242.87 мкв зургаан өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 681 030 төгрөг, хариуцагч Г.Оы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 610 830 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 270 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь хэлбэрийн хувьд хийгдсэн мэт боловч гэрээний зүйл болох 270 000 000 төгрөг нь Г.О, Б.А нарт шилжиж ирээгүй. Нэгэнт мөнгө орж ирээгүй учир Г.О, Б.А нар нь банкны өмнө ямар нэг үүрэг, хариуцлага хүлээхгүй. Шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр "хууль ёсны буюу үндэслэл бүхий" болж чадаагүй.

Нэхэмжлэгч "А" ХХК нь зээлийн гэрээний 1.1, 2.3, 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй нь тус банкинд Г.Оы нэр дээр нээсэн зээлийн 2109004437 тоот дансны орлого, зарлагын хөдөлгөөнөөр дараах байдлаар харагдана. Энэ нь зөвхөн зээл олгосон өдрөө буюу 12 удаагийн зарлагын гүйлгээгээр 269 992 843 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 4 560 000 төгрөгийг А нь зээлдэгчийн данснаас буцааж татсан.

А ХХК-ийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг болон зээлийн гэрээний 1.1, 2.3, 3.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. Анаас шүүхэд гаргаж өгсөн хариуцагч Г.О, Б Амармэнд нарын зээлийн орлого, эарлагын хөдөлгөөнийг харуулсан "мемориалын болон гүйлгээний баримт" зэрэг нь ойлгомжгүй, эргэлзээтэй. Банк, эрх бүхий хуупийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15-р зүйлийн 15.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Аны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

            Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г.О, Б.А нараас зээлийн гэрээний үүрэгт 290 575 893 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардан шүүхэд нэхэмжилснийг хариуцагч тал татгалзаж, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 270 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

            Г.О, Б.А нар “А” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 0915122101 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, тус банкнаас 600 000 000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, барьцаанд нь 90 хувийн барилгын ажлын гүйцэтгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 орон сууц барьцаалжээ. /хх-63-69 дэх тал/ Барилга баригдаж дууссантай холбогдуулан талууд 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан, 28/8 дугаар байрны 01, 03 ,04 тоот тус тус 3 өрөө, мөн байрны 02 тоот 6 өрөө орон сууцнуудыг барьцаалахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-70 дахь тал/

Зээлдэгч нар дээрх зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас “А” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, барьцааны эд хөрөнгө болох 05 тоот орон сууцыг 225 131 000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 13 тоот орон сууцыг 264 622 000 төгрөгөөр тус тус зээлдэгчид худалдаж, зээлийн үүргээс 74 150 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь зохигчдын хэн алины тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, орон сууц худалдах-худалдан авах гэрээ зэргээр нотлогджээ. /хх-71-74 дэх тал/

            Талууд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлдүүлэгч нь 270 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргийг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Г.Оы өмчлөлд бүртгэлтэй 52 дугаар байрны 06 тоот, 192 м.кв талбай бүхий 3 давхар орон сууц, 4 дүгээр хороо, 02 тоотод байрлах 6 өрөө орон сууцнуудыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн 6-10 дахь талд авагдсан бичмэл нотлох баримтаар тогтоогдсон байна.

            Хариуцагч уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гэрээний дагуу мөнгийг шилжүүлж аваагүй, өмнөх гэрээний үүрэгтэй холбоотой хэлцэл хийсэн гэх үндэслэл заан татгалзсанаа баримтаар нотолж чадаагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г.Оы 2109004437 тоот дансанд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 270 000 000 төгрөг шилжүүлж /хх-44 дэх тал/, мөн өдрөө хариуцагч Г.Оы гарын үсэгтэй гүйлгээний баримтаар өмнөх зээлийн үлдэгдэл төлбөрт “ 74 150 000 төгрөг”, “өргөдлийн хураамжийн орлого 100 000 төгрөг”, “Э.Ган-Эрдэнийн зээл, зээлийн хүү 81 050 354 төгрөг”, “Гурван титэм ББСБ-ын зээл, зээлийн хүүд 88 882 929 төгрөг”, “ХААН банкны зээл, зээлийн хүүд 13 000 000 төгрөг”, “Улаанбаатар хотын банкинд “5 292 440 төгрөг”, “4 502 620 төгрөг”-ийн тус тус дүнтэй “ҮХХБОРАТ” гэх зарлага, мөн “40 000 төгрөгийн шимтгэл” 2 удаа, мөн банкинд “үйлчилгээний орлого 270 000 төгрөг”, “харилцахын зарлага 1 314 500 төгрөг” гэсэн зарлагууд гаргасан байна. /хх-83-88 дахь тал/

Хариуцагч тал уг баримтыг үгүйсгэж, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй учир Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар зээлийг олгосонд тооцно. Иймээс зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн гэж үзэх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Энэ тохиолдолд гэрээний нэг тал нь нөгөөгөөсөө үүрэг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх уг эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

            Талууд гэрээндээ зээлийн хүүгийн хэмжээг тодорхой зааж мөн зээлийн гэрээний 1.9-д зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон учир хариуцагч нар Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

            Хариуцагч Г.О, Б.А нар үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй гэдэгт маргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоон, хариуцагч нараас гэрээний хугацаанд төлсөн 4 551 056 төгрөгийг зээлийн өрөөс хасч тооцон, үлдэх 288 889 267 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул уг шийдвэрийг мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/00960 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 682 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             С.ЭНХТӨР

 

                                                                                    Ч.ЦЭНД