Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-ы нэхэмжлэлтэй, /РД:******/

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага ...Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зэрэг дэвийг сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, гэрч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С******* овогтой Б миний би Улсын Ерөнхий прокурорын Тамгын хэлтсийн даргын 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газарт прокурорын туслах ажилтнаар, Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/160 дугаартай тушаалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон ажиллаж, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаартай тушаалаар ажлаас халагдсан.

Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн амралттай байх хугацаандаа 19 цагийн үед өөрийн 10 жилийн найз н.М*******тэй уулзсан юм ярьж сууж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 01 цагийн үед Компорт зочид буудлын ойролцоо 5 литр айраг ууж өөрийн найз н.М*******ийг хүргэж өгөхөөр өөрийн эзэмшлийн 0639 ДАР Улсын дугаартай Делика Д5" маркын тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн 4 дүгээр багт байрлах төмөр замын Өртөө хүргэж өгөөд буцаад гэр лүүгээ 05 цагийн үед паркын зүүн талаар явж байхад өөдөөс холын гэрэлтэй том оврын тэрэг зөрж өнгөрсөн тул гэрлийн гялбаанд орж, машиныхаа жолооны хүрдийг баруун тийш нь дарж, машинаа зогсоох арга хэмжээ авахад замын хажуу талын шон мөргөсөн зөрчил гаргаж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгох, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дэх хэсэгт зааснаар 0017714 дугаартай шийтгэлийн хуудсаар 250.000 төгрөгөөр торгох шийтгэлээр тус тус шийтгүүлсэн.

Дээрх зөрчлийг гарсан өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ахлах прокурор Ц.О*******эд зөрчил гаргасан талаараа хэлсэн бөгөөд ахлах прокурор Ц.О******* миний зөрчил гаргасан талаар тухайн үед аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.М*******ад хэлсэн байсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн биеэр аймгийн Ерөнхий прокурор Ц.М*******ад зөрчил гаргасан талаараа хэлсэн.

Намайг зөрчил гаргасан талаар Дархан-Уул аймгийн орлогч прокурор Х.Б 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5/1153 дугаартай албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын орлогч, прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эад мэдэгдэж, намайг прокурорын ёс зүй зөрчсөн эсэх талаар шалган 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн прокурорын ёс зүй зөрчсөн гэж 04 дугаартай дүгнэлтийг гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дээрх дүгнэлтийг танилцуулсан.

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдааны дүгнэлтэд Улсын Ерөнхий прокурорын газрын тамгын даргын орлогч Ш.С*******, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А нар гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус дүгнэлтийг надад танилцуулсан болно. Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлд Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно" гэж тайлбарласан.

Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор, аймаг, нийслэл, дүүрэг, сум буюу сум дундын, дагнасан прокурорын газрын ерөнхий прокурорыг дээд шатны прокурор гэж ойлгоно" гэж заасан бөгөөд миний хувьд дээд шатны прокурор нь тухайн үед Дархан- Уул аймгийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.М******* байсан.

Тухайн үед аймгийн Ерөнхий прокурор Ц.М******* нь Прокурорын сахилгын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан дээд шатны прокурор нь доод шатны прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэх талаар шалгалт явуулна гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, шалгалт явуулаагүй.

Намайг зөрчил гарсныг дээд шатны прокурор болох тухайн үед аймгийн Ерөнхий прокурор байсан Ц.М******* мэдсэнээс хойш 2 сар 11 хоног, Улсын Ерөнхий прокурор мэдсэнээс хойш 1 сар 12 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Зөрчил гаргасныг илрүүлснээс хойш нийт 2 сар 11 хоногийн дараа сахилгын шийтгэл оногдуулж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй, Прокурорын сахилгын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн.

Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 11 дүгээр зүйлд Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэж тайлбарласан болно. Сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад сахилгын шийтгэл оногдуулсан байх тул Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дугаар сарын 28 өдрийн **** дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, зэрэг дэвийг сэргээхийг шүүхээс ажил олгогчид даалгаж өгнө үү гэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8 дахь хэсэг Төрийн жинхэнэ албан хаагч, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно, Прокурорын сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэг Сахилгын шийтгэл хүлээсэн прокурор шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор Улсын Ерөнхий прокурорт, Улсын Ерөнхий прокурор оногдуулсан бол шүүхэд гаргаж болно гэсний дагуу нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд С.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 6/423 дугаартай тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэн С.Б-ы гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу 1 тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Дархан-Уул аймгийн прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын прокурор С.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 06-39 ДАР улсын дугаартай Делика маркийн автомашин жолоодож яваад тус аймгийн Замын цагдаагийн постын хажуу талын шон мөргөсөн, улмаар цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн зөрчил гаргасан байна.

Энэ зөрчлийн талаар тус аймгийн прокурорын газрын орлогч прокурор Х.Б 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5/1153 дугаартай албан бичгээр Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Г.Эад мэдэгдсэн. Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шалгалт.дотоод аюулгүй байдлын хэлтсээс уг асуудлыг шалгаад, ёс зүй зөрчсөн эсэхийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Прокурор ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.5-д заасны дагуу Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга Г.Э нь ёс зүйн зөвлөлийн гишүүн М.Г*******ад эрхээ шилжүүлсний дагуу хуралдааныг даргалж, нийт 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ёс зүйн зөвлөлийн хуралдааныг явуулсан. Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хяналтын прокурор С.Б-ыг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22 дах заалтуудыг Зөрчсөн гэсэн 04 дугаартай дүгнэлт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарч, Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр **** дугаартай тушаалаар ажлаас халагдсан.

Тайлбар: 1. Нэхэмжлэл гаргагч хүчин төгөлдөр бус дүгнэлт танилцуулсан гэх талаар.

Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 04 дугаартай дүгнэлтэд хуралд оролцсон 7 гишүүнээс ёс зүйн зөвлөлийн гишүүн Ш.С******* 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаар төрийн албаны шалгалттай явсан тул 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, ёс зүйн зөвлөлийн гишүүн Ц.А Нийслэлийн алслагдсан дүүрэгт буюу Багахангай, Налайх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажилладаг тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дүгнэлтэд тус тус гарын үсэг зурж, хүчин төгөлдөр дүгнэлтийг үндэслэн Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр **** дугаартай тушаалаар ажлаас халах шийдвэр гаргасан.

Прокурорын ёс зүйн зөвлөл дарга, 8 гишүүнтэй бөгөөд ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.7-д зааснаар зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн олонхи нь оролцсоноор хүчин төгөлдөрт тооцож, аливаа асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргадаг. Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.11 дэх хэсэгт Зөвлөлийн дүгнэлтийг тухайн зөрчилд холбогдох прокурорт мэдэгдэнэ гэж заасан бөгөөд ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг заавал гардуулан өгөх үүрэггүй юм.

С.Б- нь ёс зүйн зөвлөлийн дүгнэлттэй танилцаж, Улсын Ерөнхий прокурорт хүсэлт уламжилмаар байна гэсний дагуу ёс зүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга П.Б******* хуралд оролцсон гишүүдийн олонх буюу 5 гишүүн гарын үсэг зурсан дүгнэлтийг Дархан-Уул аймгийн прокурорын газрын цахим хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр явуулж, С.Б- Ажлаас халахаас өөр төрлийн арга хэмжээ авч өгөхийг Улсын Ерөнхий прокурорт уламжилж өгнө үү... гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна. Энэ нь хүчин төгөлдөр бус дүгнэлтээр ажлаас халсан гэх үндэслэл болохгүй юм.

2. Зөрчилд хариуцлага тооцох хугацаа өнгөрсөн байхад ажлаас халсан гэх талаар.

Прокурорын ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Прокурорын ёс зүйн дүрмийн 3.5-д заасны дагуу Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шалгалт, Дотоод аюулгүй байдлын хэлтэс шалгадаг. Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан С.Б-ы 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж эрүүлжүүлэгдсэн, бусадтай зүй бус харьцаж ёс зүй зөрчсөнийг тус прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байсан Ц.М******* шалгалгүй нуун дарагдуулсан байсан.

Харин аймгийн прокурорын газрын орлогч прокурор Х.Б 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5/1153 дугаартай албан бичгээр Прокурорын ёс зүйн зөвлөлд мэдэгдсэн. Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шалгалт, Дотоод аюулгүй байдлын хэлтэс албан бичгийн дагуу шалгаад, зөрчил гаргасан болохыг илрүүлэн, материалыг 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлд шилжүүлсэн. Прокурорын ёс зүйн зөвлөл нь журамд заасны дагуу ажлын 3 хоногийн дотор хуралдаан зарлаж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргасан.

Прокурор ёс зүй зөрчсөн эсэхийг шалгахгүйгээр шийдвэрлэх боломжгүй бөгөөд прокурорын ёс зүйн дүрэмд зааснаар шалгалт явуулж, ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гарсан өдрөөс хойш зөрчил гаргасан нь илэрсэн гэж үзнэ. Дүгнэлт гарснаас хойш 15 хоногийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан С.Б- нь нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 06-39 ДАР улсын дугаартай Делика маркийн автомашин жолоодож яваад тус аймгийн Замын цагдаагийн постын хажуу талын шон мөргөсөн зөрчилдөө Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зуйлийн 3.1 дэх зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулсан. Эрүүлжигдэх явцдаа цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын 5/01 дугаартай Прокурорын шийдвэрийг хучингүй болгож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хяналт тавьж, Хэрэг бүртгэлтийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа болно гэжээ

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурор С.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгчээс ...маргаан захиргааны акт үндэслэлгүй гарсан, актын хувьд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, мөн Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг танилцуулах үед 2 гишүүн гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус дүгнэлтийг надад танилцуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурддаг бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа саатуулах байранд прокурорыг саатуулахдаа Улсын Ерөнхий прокуророос зөвшөөрөл авах ёстой гэж, хариуцагчаас ...Дархан-Уул аймгийн прокурорын газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокуророор ажиллаж байсан С.Б- нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж автомашин жолоодож яваад Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн постын хажуу талын шон мөргөсөн, улмаар цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн зөрчил гаргасан, түүнийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргаж ажлаас нь чөлөөлсөн гэж тус тус маргажээ.

Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Улсын ерөнхий прокурор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 48.1.5-д Прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах гэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурор нь эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтийг дурдсан бөгөөд уг дүгнэлтээр С.Б- нь согтуугаар автомашин жолоодож, улмаар цагдаагийн ажилтны шаардлагыг эсэргүүцэж зөрчлийн арга хэмжээ авагдсан... гэх мэдээллийг шалгаж Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22-т заасныг зөрчсөн гэж дүгнэжээ.

Уг дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч С.Б- нь зөрчил гаргасан эсэхтэйгээ огт маргаагүй бөгөөд харин уг дүгнэлтийг танилцуулах ажиллагаа хууль бус буюу прокурорын ёс зүйн зөвлөлийн 2 гишүүн гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус дүгнэлтийг танилцуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн прокурорын ёс зүй зөрчсөн эсэх тухай асуудлыг хэлэлцсэн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05 дугаар тэмдэглэлээс үзэхэд зөвлөлийн 7 гишүүн уг хуралдаанд оролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд дүгнэлт албажиж гарах үед зөвлөлийн гишүүн Ц.А нь Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан уулзалтад оролцсон, Ш.С******* нь Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлэх ажилд томилогдсон болох нь Монгол Улсын Ерөнхий Прокурорын ахлах прокурор, Тамгын газрын дарга Ц.А*******н томилолтын хуудас, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 5/02 тоот уулзалтын тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.

Дүгнэвэл, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.7-д Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн олонхи нь оролцсоноор хүчин төгөлдөрт тооцож, аливаа асуудлыг хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргадаг гэж заасны дагуу тус зөвлөлийн 7 гишүүн хуралдаанд оролцсон, дүгнэлт гарах үед 2 гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, мөн маргаан бүхий акт гарахаас өмнө эдгээр гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг дүгнэлтийг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

С.Б- нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/78 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор, 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар Дархан-Уул аймгийн прокурорын газарт шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокуророор тус тус томилогдон ажилласан байх бөгөөд ажиллах хугацаандаа Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/101 дүгээр тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, Дархан-Уул аймгийн Ерөнхий прокурорын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байжээ.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан байна.

Улсын дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 11-д Хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэж зааснаас үзэхэд дээрх хуулийн заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд сахилгын зөрчил гарсан эсэх, цаашлаад илэрснийг албан ёсоор мэдсэн үеэс дээрх хугацааг тооцохоор байна.

Улсын Ерөнхий прокурорын газрын Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтэс Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/1153 дугаар албан бичгийн дагуу шалгаад, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаан хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар хяналтын прокурор С.Б-ыг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.18, 2.4.22 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан болох Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Э******* нь түүний гаргасан зөрчлийг албан ёсоор 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн гэж үзнэ.

Хэдийгээр нэхэмжлэгчээс Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/1153 дугаар албан бичгээр Улсын Ерөнхий прокурорын орлогч, прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга, төрийн хуулийн цаазын шадар зөвлөх Г.Эад мэдэгдсэн гэж тайлбарлах боловч үүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан мэдсэн гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа саатуулах байранд прокурорыг саатуулахдаа Улсын Ерөнхий прокуророос зөвшөөрөл авах ёстой гэжээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д эрүүлжүүлэх байр гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан "Саатуулах байрны дэглэм, журамЭрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан үндэслэлийн дагуу саатуулах эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан хүнийг хүлээн авч саатуулах шийдвэрийг хэрэгжүүлэх нэгжийг саатуулах байр гэнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг гаргасан зөрчилтэй нь холбогдуулан саатуулах байранд бус эрүүлжүүлэх байранд хүргэсэн байна.

Иймд Прокурорын байгууллагын тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан хууль зүйн баталгааг эдлэхгүй, өөрөөр хэлбэл зайлшгүй Монгол Улсын Ерөнхий Прокуророос зөвшөөрөл авахааргүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Монгол Улсын ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зэрэг дэвийг сэргээх шаардлага бүхий С.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-аас Монгол Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан гаргасан ...Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн **** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, зэрэг дэвийг сэргээх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА