Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ДШМ/526

 

 

 

 

 

   2020           4            28                                    2020/ДШМ/526

                                                       

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

хохирогч Ц.Чын өмгөөлөгч Н.Одгэрэл,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Бд холбогдох 1906047122648 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Оын Б, 1990 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, иргэний аюулгүй байдал, бие хамгаалах мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 36-11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            О.Б нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Чыг гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Оын Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг О.Бд мэдэгдэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст цагдаа, жолоочоор ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 25 дугаар хорооны 96б байрны гадаа талбайд хүмүүс архидаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэх дуудлагаар эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Даваацэрэнгийн хамт очиж шалгасан. Улмаар нийтийн эзэмшлийн талбайд архидан согтуурч, шаардлага тавьсан иргэдтэй маргалдсан гэх зөрчлийг таслан зогсоосон боловч уг газарт очиход хохирогч Ц.Ч анхнаасаа цагдаагийн ажилтнуудад таагүй хандаж, илтэд хэрүүл өдсөн бөгөөд хэл амаар доромжилсон үйлдэл гаргасан. Ахмад А.Даваацэрэнгийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл ойшоож, архи уусан, согтуурсан хүний гаргадаг тийм зан авирыг гаргаж байсан. Цагдаагийн ажилтан бидний хувьд энэ хүнтэй буруу харьцсан, загнаж зандарсан, чирч гулдарсан, зодож цохисон асуудал огт байхгүй. Энэ нь миний энгэрт байсан камерын бичлэгт тодорхой харагдаж байгаа бөгөөд хэрэгт хавсаргасан байгаа. Ц.Чыг түүний эхнэрийн “тэрээр 2-3 хоног архи уусан” гэж хэлснээр, тухайн үед нилээд согтуу, агсамнах байдалтай, тайвшраагүй, гэртээ ороод үргэлжлүүлэн архидах, гэмт хэрэг, зөрчил үйлдэх үндэслэлтэй гэж үзсэн учраас ахмад А.Даваацэрэн эрүүлжүүлэх байранд хүргэх шийдвэр гаргасан гэж боддог. Гэвч Ц.Ч нь цагдаагийн байгууллагын ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжлон, зууралдаж, биед нь халдах үйлдэл гаргасан учир би эргүүлийн офицертоо туслаж, Чын толгойг доош тонгойлгон дарж, нэг гарыг ард нь авчран гавласан юм. Үүнийг би цагдаагийн байгууллагын ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, согтуугаар танхайрч байгаа этгээдэд “биеийн хүч” хэрэглэн гарыг нь гавласан гэж үздэг. Харин түүнийг өшиглөх, өвдөглөх, гэмтээх ямар ч үйлдэл хийгээгүй болно. Шүүх хуралдаан дээр миний энгэрийн камерт бичигдсэн бичлэгийг уншигдахгүй байна гэж шинжлэн судлаагүй. Орцны камерын бичлэгийг гаргасан боловч шүүх уг бичлэгийг нотлох баримтын хэмжээнд нягталж үзээгүй. Тэр бичлэгт намайг ямар үйлдэл хөдөлгөөн хийж, хохирогч Ц.Чын хэвлийд гэмтэл учруулсан болохыг нотолж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Миний бие албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын биед санаатай хүнд хохирол учруулсан гэх хүнд хэрэгт ял шийтгүүлсэндээ маш их гомдолтой байна. Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа бусадтай буруу харьцах, хууль зөрчих, сахилга ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Надад бусдыг зодох, цохих, гэмтээх ямар ч эрх, үүрэг, хүмүүжил байхгүй. Энэ хэргийг анхнаасаа хэт нэг талыг барьж, цагдаагийн ажилтныг буруутгах, яллах чигтэй шалгасан гэж боддог. Хохирогч хэзээ, хаана хэрхэн гэмтсэн асуудал бүрэн, бодитой тогтоогдож чадаагүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл, Ц.Чыг гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн үйлдлийн талаар оновчгүй байдлаар тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, “...гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж...” гэж үзсэн нь давтамжтай үйлдэл мэтээр, эсвэл аль хэсэгт нь хүч үйлчилсний улмаас хохирол учирсан гэдгийг тогтоож чадаагүйг харуулж байна. Хохирогч Ц.Чын “...Намайг гавлах гэхэд би эсэргүүцэл үзүүлэхэд 2 цагдаа дээрээс дарсан, яг хэн нь надад гэмтэл учруулсныг мэдэхгүй. ...” /1хх 40-41/, шинжээч эмч Н.Энхцолмонгийн “... Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, өвдөглөх, тохойлдох болон хүчтэй дарах зэргээс үүсч болно.” /1хх 121/ гэх бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болохгүй байна. Шинжээч санаатай хүч үйлчилсэн үйлдлээс гадна болгоомжгүй бусад үйлдлээс гэмтэл үүсэх талаар мэдүүлсээр байхад энэ талаар тодруулах, шалгах ажиллагаа хийгдээгүй байна. Ц.Ч, Батболд, Баасандорж, Даваасүрэн, Оюунбалт нар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан байхад энэ талаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, энэхүү хавтас хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй байна. Учир нь, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, энгэрийн камерын бичлэг бусад баримтаар зөрчлийн шинжтэй үйлдэл баталгаажсан байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ хохирогч Ц.Чын гаргасан зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль зүйн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, албан үүргээ гүйцэтгэж байсан албан хаагчид Ц.Чулаанбаатар нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан, албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэл журмын дагуу саатуулах арга хэмжээ авсан байхад анхан шатны шүүхээс “...Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т “согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж, биеийн хүч хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна. ...” гэж үзсэн нь холбогдох хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь, зөрчил гаргасан, эсэргүүцэл үзүүлсэн учраас саатуулах шаардлага үүссэн гэдгийг тодорхойлж үзээгүй байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй бусад баримтаар батлагдаагүй байхад шүүх гэм буруутайд тооцож, шүүхийн шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Тухайлбал, хохирогчийн эхнэр гэрч Р.Ононцэцэгийн мэдүүлэг, орцны камерын бичлэгт харагдах байдлаар Р.Ононцэцэг О.Бгийн хохирогчийг өвдөглөсөн, өшиглөсөн эсэхийг харах боломжгүй байрлалд зогсож байсан. Гэрч тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба мөн хохирогчид халдсан эсэхийг харах боломжгүй байсан. Ж.Баасандоржийн мэдүүлэг, мөн орцны камерын бичлэгт гавлах явцад санаатай өвдөглөж, цохиж, хүч хэрэглэж байгаа талаарх дүрс харагдахгүй байгааг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, зөвхөн хүнд хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь харагдаж байна. 2019 оны 7 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн эмнэлэгт үзлэг хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх хэрэгт авагдаагүй ба нотлох баримтаар хэрэгт хавсаргах шаардлагатай. Үүнээс гадна хохирогчийн өвчний түүхийн талаарх баримтыг тодорхойлох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн албан хаагч шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэж болох, эс болох талаар холбогдох албан тушаалтнаас тодруулга, мэдүүлэг аваагүй байна. ...Мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэргийн харьяалал зөрчсөн байна. Учир нь, Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/67 тушаалаар батлагдсан харьяалал тогтоох журмын 1.3-т “цагдаагийн байгууллагын ажлын байранд үйлдэгдсэн болон эрүүдэн шүүсэн шинжтэйгээс бусад төрлийн хэргүүдийг Цагдаагийн Ерөнхий газрын дэргэдэх Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэст тогтоох” гэсэн заалт байна. Гэтэл О.Бд холбогдох хэрэг албан үүргээ гүйцэтгэх явцад бий болсон байх тул энэ харьяалалд хамааралгүй байх тул хэргийн харьяалал зөрчиж ажиллагаа явуулсан байна. Яллагдагчид шинжээч томилсон тогтоол танилцуулаагүй, яллагдагчаар татах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд заасан хугацаанд танилцуулж мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх бөгөөд яллагдагчийн эрхийг хязгаарласан байна. Шийтгэх тогтоолд хохирогч Ц.Чыг асарсан гэх эхнэр Р.Ононцэцэгийн цалин 1.054.680 төгрөг, мөн хохирогч өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан хөлс 1.500.000 төгрөгийг хохиролд тооцож гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцохоор заасан” мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дэх хэсэгт зааснаар өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой баримтыг нотлох баримтад тооцохгүй бөгөөд зайлшгүй хохиролд тооцож гаргах зардал биш юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Бг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Чыг гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан санаатай гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Санаатай гэм буруу гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, санаатай гэм буруу гэдэг нь гэмт санаа мэдэх, хүсэх элементийн нийлбэрээр тодорхойлогдох онолын үндэслэлтэй байдаг. Цагдаагийн албан хаагч эсэргүүцэл үзүүлсэн этгээдийг биеийн хүч хэрэглэн гавлах явцад эрүүл мэндэд нь гэмт хэргийн шинжтэй санаа бодлоор хүнд хохирол учруулах гэсэн хүсэж үйлдсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд тухайн нөхцөлд тохирсон тухайн этгээдийн үйлдлийг таслан зогсоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагч санаатай гэмт хэрэг үйлдэх, гэмт санаатай үйлдлээр хор уршигт зориуд хүргэсэн гэх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Биеийн хүч хэрэглэх үйлдлээ хэрхэн яаж хэтрүүлсэн талаар шүүхийн тогтоолд үндэслэлтэй тайлбар хийж чадаагүй байгаа нь гэмт хэргийн нотолгооны шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэргийн субъектив шинж тогтоож чадаагүй мөртлөө гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, жолоочоор ажиллаж байхдаа 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр тус дүүргийн 25 дугаар хороо, 96Б байрны гадаа талбайд хүмүүс архидаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна гэсэн дуудлагын дагуу эргүүлийн офицер, цагдаагийн ахмад А.Даваацэрэнгийн хамт очиж шалгаад, тэнд архидан согтуурсан хүмүүст зохих шаардлага тавьж, гаргасан зөрчлийг нь таслан зогсоосон бөгөөд энэ үед цагдаагийн ажилтны тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжлон, улмаар түүний биед халдаж ноцолдон энгэрт нь байсан хяналтын камерыг салгах, хүч түрэх зэргээр зөрчил гаргасан этгээдэд Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч хэрэглэн гавлаж, эрүүлжүүлэх байранд хүргэснийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. О.Б нь хохирогч Ц.Чт “Биеийн хүч хэрэглэсэн” гэх үйлдэл нь түүний толгойг доош дарж тонгойлгон, гарыг нь татаж ард нь гавласан явдал юм. Гэтэл түүнийг хохирогчийн гэдэс, хэвлий хэсэгт өвдөглөж гэмтээсэн гэж, мөн О.Б албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй гэж дүгнэснийг зөвшөөрөх боломжгүй байна. О.Б хохирогчийн биед санаатай хүнд хохирол учруулсан гэх хэргийн гол нотлох баримт болох хэрэг гарсан 96Б байрны орцны камерын бичлэгийг сиди-д хуулбарлан хэрэгт хавсаргасан ба энэ бичлэгийг шүүх хуралдааны үед шинжлэн судалсан. Уг бичлэгт О.Б хохирогч Ц.Чын гэдэс, хэвлий орчим биеийн аль нэг хэсгээр бүр тодорхой хэлбэл хөл, өвдгөөрөө хүрсэн ямар ч үйлдэл байхгүй. Хохирогчийн эхнэр болон тухайн үед хамт байсан гэрч Д.Батболд нар өөрсдөө орцны камерын бичлэгийг үзсэний дараа ижил утгатай мэдүүлэг өгсөн. Хэргийг шалгасан мөрдөгч камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “О.Бг өвдгөөрөө цохисон” гэж бичсэн зэргийг шүүх үндэслэсэн гэж үзэж байна. Уг бичлэгт эдгээр хүмүүсийн мэдүүлсэн нөхцөл байдал огт байхгүй. Шүүх хурлын дараа шүүгч шийдвэр танилцуулахдаа хохирогч талд хандаж “камерын бичлэгээс юу ч уншигдахгүй байсан шүү, харин ч хохирлыг чинь гаргаж өглөө шүү” гэх мэтээр бусад оролцогчдын өмнө илт тал зассан, нотолгоогүй зүйлд ял өгч, хохирлыг чинь төлүүллээ гэсэн утгатай зүйл тайлбарлаж ярьсныг шүүх хуралд оролцсон бүх хүн сонссон. Шүүх, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9, 48 дугаар зүйлийн 48.1.1, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дугаар зүйлүүдийг үндэс болгон “Зөрчил гаргаагүй”, “Биеэ хянах чадвартай” этгээдийг эрүүлжүүлэх байранд саатуулах зорилгоор биеийн хүч хэрэглэсэн нь хуульд нийцэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хохирогч Ц.Ч гудамж талбайд архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэж, цагдаагийн ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилсон асуудлыг “зөрчил гаргаагүй, биеэ авч явах чадвартай, гэртээ ороод агсам тавихгүй, хэрүүл маргааныг үргэлжлүүлэхгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх байсан” гэж дүгнэж болохгүй юм. О.Б нь хохирогч Ц.Чыг гавлах зорилгоор түүний биед биеийн хүч хэрэглэсэн гэх үйлдлээ түүний толгойг доош тонгойлгон дарж, гарыг арагш татан гавласан гэдэг бөгөөд харин түүнийг өшиглөх, өвдөглөх, цохих, зодох улмаар гэмтээх ямар ч үйл хөдөлгөөн хийгээгүй талаараа тодорхой мэдүүлдэг. Энэ талаар цагдаагийн байгууллагаас явуулсан дотоод хяналт шалгалтын үр дүн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн Цагдаагийн хэлтсийн даргын албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалын Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорт хүргүүлсэн албан бичиг зэргээс тодорхой харагдана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруугийн санаатай хэлбэрийг маш тодорхой тодорхойлсон байдаг. Гэтэл албан үүргээ гүйцэтгэж явсан О.Б нь хохирогч Ц.Чт хуулиар зөвшөөрөгдсөн биеийн хүч хэрэглэн гавласныг өөрийн үйлдлийн хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэх үндэсгүй байна. Ц.Чын биед үзлэг хийж дүгнэлт гаргасан эмч Н.Энхцолмон “...Тухайн гэмтлийг авсан даруйд өвчин зовиур мэдэгдэж, хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгнө, ухаан алдаж, шоконд орох шинжүүд илэрнэ” гэж тодорхой мэдүүлдэг. Гэтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч Ц.Чын биед эдгээр шинж тэмдэг, өвдөлт зовиур огт илрээгүй, харин багагүй хугацааны дараа энэ байдал эхэлсэн. Эрүүлжүүлэх байранд хүлээн авсан эмчийн үзлэгээр ч түүний биед гэмтэл учирсан гэх байдал тогтоогдоогүй байдаг. Хохирогч Ц.Ч сүүлийн хэд хоног архи уусан, хэвлий хэсгээр нь өвдөөд байсан тухай эхнэр Р.Ононцэцэг нь мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн тухайн өдөр хохирогч машинаа зассан гэдэг тул засварын ажлын үед юманд цохигдох, дарагдах зэргээр гэмтэл авсан байж болох эсэх, эрүүлжүүлэх байрны камерт хэдүүлээ байсан, хэн хэн байсан, тэнд хэрүүл маргаан, зодоон болсон эсэх талаар шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Түүнийг эрүүлжүүлэх байранд хүлээн авсан эмчийн үзлэгийн карт, анх хэвтэж эмчлүүлсэн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх зэргийг хэрэгт нотлох баримтаар аваагүй, гэмтэл хэдийд, хэний ямар үйлдлээс үүссэн болохыг бодитойгоор тогтоож чадаагүй гэж үзэж байна. Хохирол нэхэмжилсэн баримтуудад Ц.Чт хагалгаа хийж, гистологийн шинжилгээнд эд эсийг явуулсан төлбөрт нь 80.000 төгрөг төлсөн гэдэг. Мөн энэ мөнгийг О.Бгаас нэхэмжилдэг боловч уг шинжилгээний хариу шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдаагүй, дотор эрхтний шинжилгээгээр түүний гэмтсэн эд эсийн хэмжээ, дотуур цус алдалтын хурдац, хир хэмжээ зэрэг олон нөхцөл байдал тодорхойлогдож дүгнэгдэх байтал яагаад энэ шинжилгээний дүнг орхигдуулсан нь тодорхойгүй байна. Хохирогч Ц.Ч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ, хагалгааны төлбөрт 4.425.118 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл уг эмнэлгийн өвчний түүхэнд 771.036 төгрөг төлсөн тухай тэмдэглэсэн байна. Шүүх О.Бгаас хохирогч Ц.Чт 4.450.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэхдээ эмийн зардалд 876.150 төгрөг, Ц.Чын цалингийн зөрүү 805.000 төгрөг, асрах хугацааны цалингийн зөрүү 1.054.680 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй бөгөөд хохирогч Ц.Ч энэ нэхэмжлэлийнхээ талаар мэдүүлэг өгөөгүй, нэхэмжлээгүй, зөвхөн өмгөөлөгч нь хүсэлт бичиж, хүснэгт хавсаргасан байдаг. Шүүх Ц.Чт цалингийн зөрүү 805.000 төгрөг төлүүлэхээр шийдвэр гаргасан. Гэтэл хохирогч эмнэлгийн магадлагааны дагуу өвчтэй байсан хугацааны цалингаа авсан гэдэг. Эхнэр Р.Ононцэцэгийн цалингийн зөрүүд 1.054.680 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан боловч, өвчтэй нөхрөө асарсан тухай эмнэлгийн акт, магадлагаа авсан эсэх, энэ үндэслэлээр цалин мөнгө авсан эсэхийг тодруулаагүй. Эмчилгээ, эмийн зардлын баримт тодорхой бус зөвхөн нэхэмжилсэн 9.331.685 төгрөгөөс эмчилгээний зардалтай холбоотой 876.150 төгрөг байна гэж хэлсэн өмгөөлөгч С.Тэгшжаргалын үгийг үндэс болгон уг мөнгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарагдах үндэслэлгүй өмгөөлөгчийн хөлс гэх 1.500.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд тооцож төлүүлэх шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Харин үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүй, нэгэнт шүүх гэм буруутайд тооцсон учир оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрт заасан 4.450.000 төгрөгийг төлүүлсэн гэдгийг дурдаж байна. Хохирогч Ц.Чыг эрүүлжүүлэх байрнаас хэний шийдвэрээр, хэрхэн гаргасан, эрүүлжүүлэх байранд албадан хүргэсэн этгээдийг зөрчил гаргаагүй, эсвэл бие нь муудсан гэх үндэслэлээр сулласан уу эсвэл бусдын гуйлт, шаардлагаар гаргаж явуулсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Түргэн тусламж дуудах, Баянзүрх дүүргийн эмнэлэгт очихдоо өвдөлт, зовиураа юу гэж хэлж, ямар шинжилгээ, эмчилгээ хийлгэсэн болох нь мөн тодорхойгүй байгаа юм. Шинжээч эмчийн тайлбарлаж мэдүүлснээр цус алдалтын хэмжээнээс шалтгаалан өвдөлт үүсдэг бол энэ цус алдалт хэдийд эхэлсэн, ямар хэмжээний цус алдахад өвдөлт үүсэх боломжтой зэргийг тодорхой болгох, хохирогчийн гэмтсэн дотор эрхтний шинжилгээний дүнг авч шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгах, энэ үндсэн дээр гэмтлийг хэдийд, хэн, ямар байдлаар учруулсныг бүрэн үндэстэй тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль, энэ байгууллагад мөрдөгддөг дүрэм журам, хууль тогтоомжид заасан “Биеийн хүч хэрэглэх” арга хэрэгсэл нь О.Бгийн үйлдэлд хамаарах эсэх “Биеийн хүч” хэрэглэхдээ хүний биеийн аль хэсэгт ямар байдлаар хэрхэн гүйцэтгэж болохыг тогтоох, Цагдаагийн байгууллагаас прокурор, шүүхэд хандаж хүргүүлсэн хүсэлт тодорхойлолтод дурдсанаар “Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу албан үүргээ гүйцэтгэх үедээ цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн иргэнийг “Биеийн хүч” хэрэглэн эрүүлжүүлэх байранд албадан ирүүлсэн бол О.Бг хүний эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзэх үндэстэй эсэх, О.Бгийн буруутай үйлдэл юу болох, уг үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хэн хариуцах зэргийг тогтоож, шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн үндэслэлтэй тогтоолгож, хэрэгт хийвэл зохих ажиллагааг бүрэн үндэстэй хийлгэсний эцэст гэм буруу, ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэх үндэстэй гэж үзэж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/281 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Ц.Чын өмгөөлөгч Н.Одгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдсон ба хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Ц.Ч нь амь насанд аюултай гэмтлийн улмаас яаралтай хагалгаанд орсон. Эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгөн дүн нь зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн зардал биш юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараад зүрх зогсолтын байдалтай Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд гарсан эмчилгээний зардал байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зөвхөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчилгээний зардлыг тайлбарлаад байна. Хохирогч Ц.Ч нь хэвлийн хөндийн гэмтлийн улмаас амьдралын хэвийн бус байдалд орсон. Хэвийн хооллох боломжгүй болсон бөгөөд хөнгөн хоол иддэг. Мөн цус багадалттай тул уургаа байнга нөхдөг. Тухайн үед их хэмжээний цус алдсаны улмаас цус багадалтын эсрэг эмчилгээ өнөөдрийг хүртэл хийлгэж байгаа. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм. ...” гэв.

            Прокурор Ц.Гантулгабат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцож “хохирогчид учирсан гэмтэл гадны хүчин зүйлийн улмаас үүсэх боломжтой” гэж дүгнэлтээ тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны харьяаллыг прокурор тогтооно.” гэж заасан. Улсын Ерөнхий прокурорын газраас уг хэргийн харьяаллыг тогтоосон. Прокурорын зүгээс О.Бгийн үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд болгоомжгүй, хайхрамжгүй хандаж үйлдсэн гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаар бичлэгийг шинжлэн судалсан. Бичлэг дээр дүгнэлт гаргуулах ёстой гэж ярьдаг. Аль нэг байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр шүүгч, прокурор, өмгөөлөгч нар өөрсдөө бичлэгийг үзээд дүгнэлт гаргах боломжтой гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна . ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

О.Б нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Чыг гавлах явцдаа гэдэс хэсэг рүү нь өвдөглөж, бүдүүн гэдэсний чацархайн няцарсан шарх бүхий эрүүл мэндийн хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Ц.Чын “...Тухайн өдөр би байрны гадаа найзуудын хамт 0.75 граммын 2 шил архи хувааж уугаад дахиад 1 шил архи задлах гэж байтал эргүүлийн 2 цагдаа ирээд “Архи уухаа боль” гэсэн шаардлага тавьсан. Би цагдаа нарт “Би өөрийн мэдлийн газраа байна, та нарт ямар хамаатай юм бэ?” гэж хэлсэн. ...Манай найз, эхнэр 2 намайг аваад орц руу ортол нөгөө 2 цагдаа араас дагаж орж ирээд “Заавал эрүүлжүүлэх авч явна” гээд 2 талаас дараад өндөр цагдаа нь өвдгөн дээрээ хэвлий тус газраар дараад хойш нь гар өчөөд байсан. Эхлээд жижиг цагдаа нь зүүн талаас татаад өвдгөлчих шиг болсон. Гэнэт элэгдүүлсэн байдалтай бие сонин болоход өндөр цагдаа нь доошоо дарчихсан. ...Эрүүлжүүлэх байранд хүргэгдэж ирсэн. ...Бие өвдөөд болохгүй байхаар нь эмчид хэлээд, ... машинаар дүүргийн эмнэлэгт хүргүүлсэн. ...” /1хх 37-39/,

гэрч Р.Ононцэцэгийн “...Манай нөхөр цагдаа руу “Намайг авч явахыг чинь харъя, би гэрийнхээ цонхоор орчих уу, эсвэл эрүүл байгаа эхнэрээ дагаад орох уу. ...” гэсэн. Тухайн үед манай нөхөр халамцуу байсан. Тэгтэл нөгөө 2 цагдаа “Чи яасан том залуу вэ, очих ёстой газраа очиж асуудлаа шийдүүл” гээд манай нөхрийг татахаар нь би нөхрөө орц руу дагуулаад орсон. Тэгтэл нөгөө 2 цагдаа араас ирээд манай нөхрийг гавлах гэж оролдож байхад Чукагийн найзууд салгах гээд дундуур нь орсон. Тэгтэл тэр 2 цагдаагийн нэг нь манай нөхрийн гэдэс рүү өвдөглөх шиг болтол манай нөхөр “Ёо, элэг” гээд унасан. Тухайн 2 цагдаа манай нөхрийг шалан дээр хэвтүүлж гавлаад Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачин эрүүлжүүлэх байранд хийсэн. ...Тэр хоёр цагдаагийн намхан нь Чын гараас нь татаж, доош нь болгож тонгойлгоод өвдгөөрөө гэдэс, аюулхай орчим нь өвдөглөөд газар унагасан. Энэ үед манай нөхөр Ч нь гэдсээрээ атиралдаж газар унаад “Ёо ёо, та нар намайг элгэдчихлээ шүү дээ” гээд ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон. ...” /1хх 43-46, 93-95/,

гэрч А.Даваацэрэнгийн “...Жолооч Б ... тухайн хүний нэг гарт нь гав зүүгээд хүзүүн дээр нь дарж тонгойлгосон байхаар нь цагдаадаа туслаад гавыг нь зүүлгээд ... хэлтэс дээр авчирсан. ...” /1хх 51-53, 72-75/,

гэрч Д.Батболдын “...Нэг өндөр биетэй цагдаа гарыг нь хойш татаад нурууных нь ард болгоод гавласан. Нөгөө намхан цагдаа урдаас нь Чын цээж хэсэг рүү өвдөглөсөн. Энэ үед Ч “Элэг өвдөөд байна шүү дээ” гээд өвдгөөрөө газар сөхрөөд суухад нөгөө хоёр цагдаа “Битгий баашлаад бай” гээд татаж босгоод машиндаа суулгасан. ...” /1хх 57-59/,

гэрч Б.Эрдэнэчулууны “...Ч нь “Миний бие өвдөөд болохгүй байна, 103-т түргэн тусламж дуудаад өг” гэхээр нь ... түргэн дуудсан. ...Манай эрүүлжүүлэх байрны хаалгаар гарахдаа зүгээр гарч байсан. Тэгээд эрүүлжүүлэх байрны гадна талын шатаар өгсөхдөө гэнэт зогсоод, ... дээшээ хараад хэвтсэн. ...” /1хх 61-62/,

гэрч С.Отгончимэгийн “...Уг хүнийг саатуулахад эрүүл мэндийн зүгээс ямар нэгэн харшлах зүйл байхгүй байсан учир саатуулахаар болж 00-д оруулж бие засуулаад камерт оруулсан. Тэрнээс хойш 1 цаг өнгөрсний дараа Ч нь эмч дуудуулж “Даралт ихсээд байна” гэхээр нь камераас гаргаж ирээд даралтыг нь ... үзэхэд тухайн хүний даралт хэвийн байсан. ...Тэр хүн эрүүлжүүлэх байрнаас гарч явахдаа ... шатны хажууд унасан. ...” /1хх 64-66/,

гэрч Ж.Баасандоржийн “...Эрүүлжүүлэх байрны шатан дээр Ч доошоо тонгойгоод сууж байсан. ...Чыг автомашинд суулгаад замын хойд талд байдаг Баянзүрх дүүргийн эмнэлэг рүү оруулж, биеийг нь үзүүлэхэд жижүүрт гарч байсан эмч нь “Энэ хүнийг одоо шууд хэвтүүл” гээд дээшээ аваад орсон. ...Ононтой утсаар ярихад “Ч нь дотуур цус алдсан, одоо яаралтай хагалгаанд орно” гэж хэлсэн. ...Намхан цагдаа нь Чупуунбаатарын нуруун дээр өвдгөөрөө дараад нэг гарыг нь татаад хойш нь болгоод нурууных нь ард гавласан. ...Гавлуулсныхаа дараа царай нь сонин болчихсон, юу ч дуугарч чадахгүй, эсэргүүцэл үзүүлэхгүй дагаад явж байсан. .../1хх 85-88/,

гэрч Х.Батдэлгэрэхийн “...Би тухайн өвчтөнийг үзээд яаралтай хагалгаанд оруулахаар болсон. Ц.Чын хэвлийн хөндийг нээж үзэхэд хэвлийдээ 2300 мл цус хуралдаж, хөндлөн гэдэсний чацархай няцарч, задарсан байсныг оёж, цус тогтоогоод, угааж гуурс тавьсан. Мэс заслын дараа өвчтөнийг ерөнхий унтуулгаас сэрээх явцад амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа зогсож, сэхээн амьдруулах үйл ажиллагааны үр дүнд сэргэж, ухаан орсон. ...” /1хх 47-48/,

шинжээч эмч Н.Энхцолмонгийн '' ...Ц.Чын биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн няцарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт гар, хөл, мод, чулуу гэх мэт зүйлсийг авч үзнэ. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн хэсэгт гаднаас өвдөг, тохой зэргээр хүчтэй дарах, цохих зэргээс болж дээрх гэмтэл нь үүсгэгдэж болно. Тухайн гэмтлийг авсан даруйд өвчин зовиур мэдэгдэж, цус алдалтаас хамаардаг. Дотуур цус алдалт нэмэгдэх хэрээр тухайн хүний биед судасны цохилт ихсэж, даралт унаж, амьсгаадах, дотор муухайрах, хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт өгнө. Мөн ухаан алдаж шоконд орох шинжүүд илэрнэ. ...” /1хх 120-121/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9017 дугаартай “...Ц.Чын биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн чацархайн няцарсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /1х 98/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд болсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, О.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, хошууч Л.Ууганбаярт жижүүрийн утсаар иргэн Гансүхээс “хүмүүс архидаад амгалан тайван байдал алдагдуулаад байна” гэх дуудлага ирсний дагуу цагдаагчийн ахлагч О.Б, цагдаагийн ахмад А.Даваацэрэн нар нь нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл шалгалт хийхээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байранд үүрэг гүйцэтгэхээр очсон үйл баримт /1хх 33/ тогтоогдсон байна. Тухайн байрны гадаа, олон нийтнийн газар хэсэг бүлэг хүмүүс архидан согтуурч байхад нь таслан зогсоохоор тавьсан цагдаа нарын хууль ёсны шаардлага, тайлбарыг эсэргүүцэж, иргэн Ц.Ч нь хэл амаар доромжилж /1хх 37-39, 43-46, 93-95/, зүй бус авир гарган, хууль бус үйлдлүүд хийсэн байна.

Энэ үед цагдаагийн ахмад А.Даваацэрэн олон нийтийн газар архидан согтуурч болохгүйг тайлбарлан, тэдний үйлдэл хууль зөрчиж байгааг сануулсан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтад заасан “...хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдэд шаардлага, сэрэмжлүүлэг өгөх, биелэлтийг нь хангуулах ..” гэж заасан цагдаагийн байгууллагын бүрэн эрхэд хамаарч байна.

Иргэн Ц.Ч нь албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлагыг “Би өөрийн мэдлийн газраа байна, та нарт ямар хамаатай юм бэ, намайг авч явахыг чинь харъя, би гэрийнхээ цонхоор орчих уу, эсвэл эрүүл байгаа эхнэрээ дагаад орох уу. ...” гэх зэргээр эсэргүүцэн, хэл амаар доромжилж, эхнэр нь гэртээ оруулахаар орц руу авч ороход орцонд дахин оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн тул зөрчлийг таслан зогсоож, түүнийг хяналтанд авахын тулд албадлага хэрэглэх шаардлага бий болсон.

Учир нь, цагдаагийн албан хаагчид зөрчил гаргагчид хууль ёсны шаардлага тавьсан боловч Ц.Ч нь орон сууцны гадаа цагдаагийн албан хаагчдыг хэл амаар доромжлох, салаавч үзүүлэх, зөрчлийг баримтжуулах зорилгоор бичлэг хийхэд саад болох зэрэг хууль бус үйлдэл хийсэн тул Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн байна.

Шүүгдэгч О.Бгийн хуульд заасны дагуу албадлага хэрэглэсэн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хор уршиг, үр дагавартай  шалтгаант холбоотой боловч анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл прокуророос зөвхөн хохирогчид учирсан хохирол, үр дагаварт үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж тус тус заажээ.

Аливаа этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урьдаас сайтар ойлгож улмаар хор уршиг учрах нь зайлшгүйг мэдсэн, эсхүл учрах боломжтойг мэдсэн атлаа хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хор уршигт зориуд хүргэсэн байхыг гэмт хэрэг санаатай үйлдэх гэж үздэг.  

Цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах нийтлэг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, олон нийтийн газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг явуулах явцад хэрэг, зөрчилд холбогдсон согтуурсан этгээдийг эрүүлжүүлэх, цагдаагийн хууль ёсны шаардага үл биелүүлбэл биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл ашиглан албадан саатуулах шаардлага гарч тухай этгээдийг өөрийн хяналтад авч буй нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй үйлдэл юм.

Цагдаагийн ажилтан О.Б нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх үндэслэлээр хохирогч Ц.Чт Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заалтад “цагдаагийн албан хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно” гэж,

мөн хуулийн 23.2 дахь заалтад “нийтийн хэв журмыг зөрчсөн, зөрчиж болзошгүй согтуурсан, мансуурсан хүнийг олон нийтийн газрыг тодорхой хугацаанд орхин явахыг шаардаж болно” гэж,

мөн хуулийн 23.7 дахь заалтад “цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад “цагдаагийн албан хаагч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.” гэж тус тус заасны дагуу албадлагын арга хэмжээ биеийн хүч хэрэглэсэн нь хууль ёсны бөгөөд үүний улмаас хохирогчид гэм хор, хор уршиг учирсныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдалд бусдын биед гэмтэл учруулсан О.Бгийн үйлдэлдээ хандаж буй хандлага, сэдэл, санаа зорилго нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулахаар, хууль бусаар санаатай халдаж буй гэм буруугийн санаатай хэлбэрийн шинжийг хангаагүй, харин түүний гэм бурууг үгүйсгэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан гэж үзэв.

Гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл хийсэн, үүний улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол, хор уршиг учирсан, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Ц.Алтанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэдийгээр О.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Ц.Чт учирсан гэм хор, хор уршгийг арилгах талаар иргэний хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөхгүй тул хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ДШМ/281 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ