Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00865

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1796 дугаар магадлалтай,

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

“Э к” ХХК-д холбогдох

182,959,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, Д.Ууганбаяр нарын гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э к” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2013.10.08-ны өдөр байгуулагдсан 02/2012-1008 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 52,000 ам.доллар, “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Баярсайханы эдэлсэн хөнгөлөлт гэх 7,364 ам.доллар, нийт 59,364 ам.доллар буюу 164,103,467 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 18,856,500 төгрөг, нийт 182,959,967 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар хариуцагч “Э к” ХХК-аас хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 42,000 ам.доллар буюу 74,817,960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,142,007 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,072,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э к” ХХК-аас 532,039.8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-ид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1796 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 535,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1796 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтуудыг зөв хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч уг магадлалын Хянавал хэсэгт “...Цахилгаан шатны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 42,000 ам.долларыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв, харин ам.долларын ханшийг үүрэг үүсэх үеийн буюу 2014.04.18-ны өдрийн ханшаар тооцсон нь буруу, нэхэмжлэгч ханшийн зөрүү шаардах эрхгүй талаар дүгнэсэн нь үндэслэл муутай байх боловч нэхэмжлэгч зохих журмаар давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчимд үндэслэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ...” хэмээн дүгнэж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож ханшийн зөрүүг зөв тооцож өгөх тухай санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг хэрэглээгүй.

4.2. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан тул нэхэмжлэгч тал давж заалдах гомдлыг давхардуулж гаргаагүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй болно. Шүүх Америк долларын ханшийг 2,764.36 төгрөг (2,764.36 төгрөг*42,000$=116,103,120 төгрөг) байхыг 1,781.38 төгрөг гэж (74,817,960 төгрөг:42,000$=1,781.38 төгрөг) буруу тооцсоноос болж нэхэмжлэгчийн эрх ноцтой хохирч 41,285,160 төгрөг алдахаар байгаа юм. Анх 2020.03.11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад ам.долларын албан ханш 2,764.36 төгрөгтэй тэнцэж байсан бөгөөд одоо ам.долларын ханш 2,855 төгрөг болж даруй 90 төгрөгөөр өсөж 42,000 ам.долларын ханшийн өөрчлөлтийн зөрүү алдагдал 3,7 сая төгрөг болж байгаа. Ам.долларын ханш цаашид ч өсвөл нэхэмжлэгчийн эрх ашиг улам их хохирох нөхцөл үүсэхээр байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 42,000 ам.долларын ханшийг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу 1 ам.доллар=2,764.36 төгрөгөөр тооцож өгнө үү гэжээ.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, Д.Ууганбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн 183/ШШ2020/01642 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.19-ний өдрийн 1796 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсэгтээ “...талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээх ба хариуцагч “Э к” ХХК-ийн зүгээс 02/2012-1008 дугаартай гэрээний гүйцэтгэлээс шилжүүлээгүй үлдсэн төлбөрийг нэхэмжлэгч Д.Б шаардах эрхтэй...” гэжээ. “Э к” ХХК нь “Т” ХХК-тай 2013.10.02-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх ТКЕК-20132588 дугаартай гэрээ байгуулж, гэрээний 1.1-д заасны дагуу “Т” ХХК нь Хан-Уул дүүрэгт байрлах Маршал хотхоны Кинг Тауэр 1-1-р барилга тус бүр нь 14 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шатыг гэрээний 3.1-д заасан нийт 128,909 ам.доллароор худалдан авахаар харилцан тохиролцсон байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан нь “Э к” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах Маршал хотхоны газраас 0.7 га газар авах хүсэлт гаргасан тул “Э к” ХХК нь Д.Б-тай 2013.10.08-ны өдөр хамтран ажиллах 02/2013-1008 дугаартай гэрээ байгуулан гэрээний дагуу нэхэмжлэгч тал газрын төлбөрт нийт 245,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, төлбөрийг гэрээний 7.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөр болгож 30,000,000 төгрөгийг мөнгөн хэлбэрээр төлөх, үлдэгдэл 215,000,000 төгрөгийг төлөхдөө 128,909 ам.долларын үнэ бүхий БНСУ-ын Th Kr  брэндийн тус бүр нь 14 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шат нийлүүлж, угсарч “Э к” ХХК-д хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцсон. Улмаар нэг талаас “Э к” ХХК нь нөгөө талаас нэхэмжлэгч Д.Б, “Т” ХХК нарын хооронд 2013.10.08-ны өдөр 02/2013-1008-01 дугаартай гурван талт хамтран ажиллах гэрээг байгуулсан.

5.2. Гурван талт хамтран ажиллах гэрээний 1.1, 1.2, 2.1.3, 2.2.6-д заасны дагуу “Б” тал буюу нэхэмжлэгч Д.Б нь 14 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шатны төлбөр болох 128,909 ам.долларыг Монгол Улсын “Т” ХХК-д төлж барагдуулах, “В” тал буюу “Т” ХХК нь гэрээний 2.3.5-д заасны дагуу урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш 90 хоногт багтаан “А” талын буюу “Э к” ХХК-ийн барилгын талбайд буулган, угсарч суурилуулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээнд заасан хугацаанд цахилгаан шат хүрэлцэн ирээгүй тул барилгын угсралтын хуваарьт ажил заасан хугацаанаас хэтэрч байсан. “Э к” ХХК нь 02/2013-1008 дугаартай гэрээний 7.5, гурван талт гэрээний 2.1.7-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Б-тай байгуулсан гэрээнээс татгалзаж, нэхэмжлэгч талаас “Э к” ХХК-д төлсөн 30,000,000 төгрөг, 30,000 ам.доллартой тэнцэх 53,490,000 төгрөг, нийт 83,490,000 төгрөгийг буцааж төлсөн. “Э к” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан 2013.10.02-ны өдөр цахилгаан шат нийлүүлэх ТКЕК-20132588 дугаартай гэрээний дагуу 128,909 ам.долларыг төлж цахилгаан шатыг хүлээн авсан болохоос нэхэмжлэгч Д.Б-тай байгуулсан гэрээний дагуу цахилгаан шат хүлээн аваагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Тодруулбал, “Э к” ХХК-аас “Т” ХХК-д нийт 69,545 ам.долларыг бэлнээр буюу 2014.03.06-ны өдөр 49,545 ам.доллар, 2014.04.08-ны өдөр 20,000 ам.долларыг тус тус “Т” ХХК-д төлж, үлдэгдэл 59,364 ам.долларын төлбөрт “Т” ХХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хувьцаа эзэмшигчийн охин Д.Б-А-ийн нэр дээр 59,364 ам.долларын үнэ бүхий хаусны зориулалттай барилга барих боломжтой газрыг шилжүүлж гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дууссан. Өөрөөр хэлбэл бэлнээр “Э к” ХХК нь “Т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу “Т” ХХК-д 69,545 ам.долларыг бэлнээр, 59,364 ам.долларын төлбөрт “Т” ХХК-д газар шилжүүлэн өгч гэрээнд заасан (69,545+59,364=128,909) 128,909 ам.долларыг төлж, цахилгаан шатыг “Э к” ХХК нь хүлээн авсан болох нь нэхэмжлэгч талын шүүх хурал дээр гаргасан тайлбар болон хавтас хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт, “Т” ХХК-ийн албан бичгээр нотлогдож байхад анхан шатны шүүх дээрх баримтад ямар нэгэн дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

5.3. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Э к” ХХК-аас “Т” ХХК руу 69,545 ам.долларыг төлсөн талаар маргадаггүй бөгөөд шүүх хуралдаанд удаа дараа амаар тайлбарлаж, баталсан. Тухайлбал, шүүх хуралдааны тэмдэглэлийн (цаашид “ШХТ” гэх) 7-р нүүрт “... “Э к” ХХК 70 орчим буюу 69,995 төгрөгийг “Т” ХХК-д төлсөн”, ШХТ-ийн 8-р нүүрт “Даргалагчаас: Энэ тооцоо нийлсэн гэх өнөөдөр гаргаж өгч байгаа баримтаа та тайлбарлана уу? гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эхний “Э к” ХХК, “Т” ХХК буюу Монголын компани руу төлсөн 69,995 ам.доллар буюу 20,000-аар нэг, 49,995-аар нэг төлсөн гэв. Даргалагчаас: “Э к” ХХК үүнийг төлсөн юм уу? гэхэд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв”, ШХТ-ийн 11-р нүүрт “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Э к” ХХК-аас “Т” ХХК руу сүүлд төлөөд тооцоо нийлсэн актыг гаргаж өгсөн. 69,545 ам.долларыг “Э к” ХХК нь “Т” ХХК руу төлсөн байдаг” гэжээ. “Э к” ХХК нэхэмжлэгч Д.Б аас нэг ч төгрөг авалгүй өөрсдийн 100 хувь хөрөнгөөр буюу 128,909 ам.долларыг “Т” ХХК-д төлж цахилгаан шатны төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулсан. Гэрээ цуцлагдаж хэрэгжээгүй боловч нэхэмжлэгч Д.Б- 2013.11.01-ний өдөр БНСУ-ын “Тh Kr E” ХХК 42,000 ам.долларыг шилжүүлсэн боловч тус мөнгөө “Т” ХХК-аас буцаан шаардан гаргуулж авч чадаагүй нь “Э к” ХХК-аас тус 42,000 ам.долларыг гаргуулах үндэслэл болохгүй юм. Зүй нь нэхэмжлэгч Д.Б тус шилжүүлсэн цахилгаан шатны төлбөр болох 42,000 ам.доллароо “Т” ХХК-аас шаардах ёстой байсан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “Э к” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

5.4. Шүүхээс хариуцагч “Э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр миний хуулиар олгогдсон эрхүүд болох хэргийн материалтай танилцах, эсрэг талын татгалзалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөх эрхийг эдлүүлэлгүй анхан шатны шүүх хуралдааныг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхийн 2020.06.16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайхан хэд хэдэн хуудас шинэ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр миний бие шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцаж, өөрийн татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөх зорилгоор шүүхээс хугацаа олгож өгөхийг хүссэн боловч тус эрхийг эдлүүлэлгүй анхан шатны шүүх хурлыг хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасан эрхийг эдлүүлээгүй тул хариуцагч “Э к” ХХК-ийн татгалзлыг нотолсон холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгч чадаагүй. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

6. Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч Д.Б-аас хариуцагч “Э к” ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2013.10.08-ны өдөр байгуулагдсан 02/2012-1008 дугаартай хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 52,000 ам.доллар, “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Баярсайханы эдэлсэн хөнгөлөлт 7364 ам.доллар, нийт 59,364 ам.доллар буюу 164,103,467 төгрөг, ам.долларын ханшийн зөрүү 18,856,500 төгрөг, нийт 182,959,967 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 42,000 ам.доллар буюу 74,817,960 төгрөгийг гаргуулж, үлдэх 108,142,007 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

8. Нэхэмжлэгчээс “... 2013.10.08-ны өдөр “Э к” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр тус компанийн эзэмшлийн 700 м.кв талбайтай газрыг 245,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг мөнгөн хөрөнгөөр, үлдэгдэл төлбөрт 128,909 ам.долларын үнэ бүхий 2 ширхэг цахилгаан шатыг “Т” ХХК-аар дамжуулан нийлүүлэхээр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрт урьдчилгаа 30,000,000 төгрөг, БНСУ-ын “Th Kr E (Korea) Ltd” компани руу цахилгаан шат үйлдвэрлэхэд зориулан 42,000 ам.доллар, “Э к” ХХК-д 30,000 ам.доллар, “Т” ХХК-д 2 лифтний угсралтын хөлс 10,000 ам.доллар, нийт 82,000 ам.долларыг тус тус төлсөн. Ингээд газрын төлбөрийн 90 хувийг төлсөн байхад “Э к” ХХК нь тухайн газрыг нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр бусдад худалдан борлуулсан байсан. Энэ талаар мэдээд тус компанийн ерөнхий захиралд холбогдуулан залилангийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан. Үүний дараа хариуцагчаас 2017.05.10, 12-ны өдөр Д.Б-ийн тэтгэврийн данс руу нийт 83,490,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнийг компанид бэлнээр тушаасан 30,000,000 төгрөг болон 30,000 ам.долларын зарим хэсгийг буцаан өгсөн гэж ойлгож байна. Тухайн үед 1 ам.доллар 2,411.55 төгрөг байсан. Үүнээс өөр мөнгө төлөөгүй... Нэхэмжлэгчийн авах ёстой 59,364 ам.долларыг “Э к” ХХК 2016 оны сүүлд Д.Б-А гэгчийн газрын төлбөрт суутгасан. Гэрээнд дурдсан 2 лифт 2014 онд БНСУ-аас нийлүүлэгдэн “Э к” ХХК-ийн тухайн үед баригдаж байсан “Кинг тауэр-2” барилгад угсрагдаж, одоо хүртэл ашиглагдаж байна. Нэхэмжлэгчээс төлсөн 52,000 ам.доллар дээр “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Б-ийн хүү Б.Баярсайханы эдэлсэн цахилгаан шатны үнийн хөнгөлөлтийн зарим хэсэг 7,364 ам.доллар нэмэгдэж тооцогдох ёстой. Иймд валютын ханшийн зөрүү 18,856,500 төгрөг, цахилгаан шатны үнэ 59,364 ам.доллар буюу 164,103,467 төгрөг, нийт 182,959,967 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсны дагуу “Э к” ХХК, Д.Б, “Т” ХХК-ийн хооронд 2013.10.08-ны өдөр Гурван талт хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, тус гэрээний 1.1, 1.2, 2.1.3, 2.2.6-д зааснаар Б тал буюу нэхэмжлэгч Д.Б нь 14 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шатны төлбөр 128,909 ам.долларыг В тал буюу “Т” ХХК-д бүрэн төлж барагдуулах, В тал буюу “Т” ХХК нь гэрээний 2.3.5-д зааснаар урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш 90 хоногт багтаан А талын буюу “Э к” ХХК-ийн барилгын талбайд буулган, угсарч суурилуулан хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасан хугацаанд цахилгаан шат ирээгүй тул “Э к” ХХК нь гэрээний хоёр талт гэрээний 7.5, гурван талт гэрээний 2.1.7-д заасны дагуу цуцалсан. Харин “Э к” ХХК нь 14 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шатыг “Т” ХХК-тай байгуулсан 2013.10.02-ны өдрийн гэрээний дагуу төлбөрийг төлж, хүлээн авсан. Өөрөөр хэлбэл, Д.Б гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан учир “Э к” ХХК нь нэхэмжлэгчээс хүлээн авсан нийт 83,490,000 төгрөгийг буцаан төлсөн. Нэхэмжлэлд дурдаж буй 53,364 ам.доллар буюу 164,103,467 төгрөгийг хүлээн аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж  маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Талуудын хооронд 2013.10.08-ны өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах 02/2012-1008 дугаартай гэрээ байгуулагдсан, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь газрын төлбөрт 245,000,000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа 30,000,000 төгрөгийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох, үлдэх 215,000,000 төгрөгт 2 ширхэг 14 зогсоолтой иж бүрэн цахилгаан шатыг гэрээ байгуулснаас хойш 90 хоногт нийлүүлж, угсрах үүргийг хүлээсэн. Энэ гэрээтэй зэрэгцүүлэн мөн өдөр “Э к” ХХК, иргэн Д.Б , “Т” ХХК нарын хооронд гурван талт 02/2012-1008-01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба цахилгаан шатыг “Т” ХХК-аар дамжуулан нийлүүлж, угсрах, нэхэмжлэгч Д.Б нь тухайн шатны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 2013.10.08-ны өдөр урьдчилгаа 30,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн, цахилгаан шатны төлбөрт 42,000 ам.долларыг 2013.11.01-ний өдөр БНСУ-ын “Th Kr El” ХХК-д шилжүүлсэн, цахилгаан шатны суурилуулалт, угсралтын зардалд 17,844,000 төгрөг буюу 10,000 ам.долларыг “Т” ХХК-д 2014.03.31-ний өдөр шилжүүлсэн. Мөн 2014.04.18-ны өдөр 30,000 ам.доллар буюу 53,490,000 төгрөгийг “Т” ХХК-аар дамжуулан хариуцагчид бэлнээр төлсөн. Эдгээрийг тооцвол нэхэмжлэгч нь нийт 172,829,760 төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна.

Хамтран ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч 2014.04.18-ны өдөр хамгийн сүүлд 30,000 ам долларыг бэлнээр авснаараа Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-ийн дагуу тухайн өдөр хүртэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байсан гэж үзнэ. Харин энэ өдрөөс хойш нэхэмжлэгч газрын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй нь тогтоогдсон... 2016.05.05-ны өдөр талууд тооцоо нийлж, цахилгаан шатыг “Т” ХХК-аас “Э к” ХХК-д бүрэн хүлээлгэн өгч, төлбөрт 53,364 ам.долларыг тооцож, газрын гэрчилгээг иргэн Д.Б-А-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн байх ба үүгээр талуудын хооронд байгуулагдсан гурвалсан гэрээний үүрэг биелэгдсэн. Харин нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хоёр талт хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн газрын төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч 2014.04.18-ны өдөр төлбөр төлснөөс хойш 2016 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд талуудын хэн аль нь өөрсдийн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар талууд хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болох, мөн хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болох учир шүүх талуудыг 2014.04.18-ны өдрөөс хойш гэрээнээс гарч, гэрээ дуусгавар болсон гэж дүгнэв. “Э к” ХХК хариуцагч биш гэж маргаж байгаа боловч цахилгаан шатаа хүлээн авснаа зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн уг шатны төлбөрт төлсөн 42,000 ам долларыг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар 2014.04.18-ны өдрийн Монголбанкнаас зарласан ханш 1,781.38 төгрөгөөр нэхэмжлэгчийн төлсөн 42,000 ам.долларыг тооцоход 74,817,960 төгрөг болох ба үүнийг хамтран ажиллах гэрээний хураамж гэж тооцож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин цахилгаан шатны суурилуулалтын зардал 17,844,000 төгрөг буюу 10,000 ам.долларыг нэхэмжлэгч нь “Т” ХХК-аас гаргуулахаар шаардах нь зүйтэй, мөн “30,000 ам,долларын ханшийн зөрүү 18,856,500 төгрөг гаргуулах тухай” шаардлага нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д нийцэхгүй, 7,364 ам.долларын хөнгөлөлтийг ямар эрх зүйн акт, баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 108,142,007 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...”  гэсэн дүгнэлтийг хийсэн.

10. Давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа “...Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Талууд цахилгаан шат гэрээгээр тохирсон хугацаанд нийлүүлэгдээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, хариуцагч нийт 83,490,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу хариуцагчийн зүгээс гэрээний гүйцэтгэлээс шилжүүлээгүй үлдсэн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нь 02/2012-1008 дугаартай худалдах-худалдан авах гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан шатны урьдчилгаа 42,000 ам.долларыг бусдад шилжүүлсэн учир Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэнд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй...” гэж дүгнэн шийдлийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болжээ.

11. Мөн шүүхийн дүгнэсэнчлэн, “...нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, гэтэл нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож ханшийн зөрүүг зөв тооцож өгөх тухай санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээж авалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтыг хэрэглээгүй. Хариуцагч тал давж заалдах гомдол гаргасан тул нэхэмжлэгч тал давж заалдах гомдлыг давхардуулж гаргаагүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Шүүх долларын ханшийг буруу тооцсоноос болж нэхэмжлэгчийн эрх ноцтой хохирсон... Иймд магадлалд өөрчлөлт оруулж, 42,000 ам.долларын ханшийг анх шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар 1 ам.доллар=2,764.36 төгрөгөөр тооцож өгнө үү...” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

12. Түүнээс гадна, талуудын хооронд байгуулсан гэрээгээр газрын үнийг 245,000,000 төгрөг байхаар, үүнээс урьдчилгаа 30,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 215,000,000 төгрөгт 128,909 ам.долларын үнэтэй (валютын ханшийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар тооцохоор) 2 цахилгаан шатыг нийлүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч 2014.04.18-ны өдөр 42,000 ам.долларыг шилжүүлснээр (тухайн өдрийн албан ханш 1,781.38 төгрөг) газрын төлбөрөөс 74,817,960 төгрөгийг төлсөн байна. Талуудын байгуулсан гэрээний зүйл нь үндэсний мөнгөн тэмдэгт буюу 245,000,000 төгрөг тул үүнийг ам.доллароор төлсөн ч төгрөгийн ханшаар тооцохоор үүргийг тодорхойлсон гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөө заавал ам.доллароор буюу ханшийн зөрүүг шаардах эрхтэй гэж үзэхээргүй байна.

13. Дээр дурдсанчлан (Хянавал хэсгийн 10-т) нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2 болон 3 талт гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх зорилгоор цахилгаан шатны төлбөрийг бусдад буюу үйлдвэрлэгч компанид шилжүүлснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хариуцагчид хүлээлгэн өгсөнд тооцох ба нэгэнт талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буюу төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй. Иймд “...хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалж, түүний төлсөн мөнгийг нь буцаан шилжүүлсэн, цахилгаан шатыг “Т” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хүлээн авч төлбөрийг тус компанид бэлэн болон бэлэн бусаар (“Т” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн охин Д.Б-А-ийн нэр дээр 59,364 ам.долларын үнэ бүхий хаусны зориулалттай барилга барих боломжтой газрыг шилжүүлж) бүрэн төлсөн байхад шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-5.3-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Хариуцагч илүү төлсөн төлбөрөө “Т” ХХК-аас шаардах эрх нь нээлттэй.

14. Түүнчлэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн (хавтаст хэргийн 89 дэх талд) үндэслэлийг хууль зөрчсөн гэж үзэхээргүй байх тул “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх агуулгатай (Тодорхойлох хэсгийн 5.4) гомдол үндэслэлгүй байна.

15. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1796 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 364,376 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 533,000 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН                                       

                                               ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ                    

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     Б.МӨНХТУЯА

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД