Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2020/00829

 

 

 

 

 

 

 

 

2020              07               09 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймаг Хэрлэн сум 10 дугаар баг тоотод оршин суух, ЖЭ регистрийн дугаартай, Н овогт Б.З,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг Хэрлэн сум 2 дугаар баг Төвийн тоотод оршин суух, регистрийн дугаартай, Хөмүүн овогт Т.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг Хэрлэн сум 9 дүгээр баг, дугаар байрны  тоотод оршин суух, ЛЮ регистрийн дугаартай, Хээр морьт овогт Р.Ж-д холбогдох

“10 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа, нэхэмжлэгч Т.С, түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгч Б.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням /ү-1978/, хариуцагч Р.Ж , түүний өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.З, Т.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Т.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогч эздийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Р.Ж нь “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажил олгогч эздийн холбоонд БНСУ-д гэрээт ажиллах хүч гаргах 6 квот өгсөн тул найдвартай 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар гаргаж, ажилд зуучилна. Иймд яг одоо яаралтай мөнгөө шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлсний дагуу Б.З, Т.С бид 2019 оны 06 дугаар сард тус бүр 6 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг Р.Ж-ны ХААН банкин дахь данс руу шилжүүлж өгсөн. Р.Ж нь “гэрээт ажилтнаар 2019 оны 08 дугаар сард гаргана” гэж хэлсэн боловч тухайн хугацаандаа гаргаагүй. Юу болсныг тодруулахад “2019 оны 10 дугаар сар гэхэд Солонгос улс руу гарсан байна” гэдэг амлалт өгсөн. Гэтэл энэ хэлсэн хугацаандаа мөн гэрээт ажилтнаар гаргаж чадаагүй. Дахин яасан талаар асуухад “2019 оны 12 дугаар сард багтааж гаргана” гэсэн боловч бас л мөн гаргаагүй. “Ер нь юу болоод байна, яагаад гаргахгүй байна” гэдэг талаар өөртэй нь уулзахаар удаа дараа оролдлого хийсэн боловч утсаа авдаггүй, хариу өгөөгүй. Бидний хувьд нэгэнт албаны журмаар гаргах юм чинь гэж бодоод тайван хүлээсэн боловч мөн л утсаа авахгүй байсан учир хэд хэдэн удаа мессеж хүртэл бичиж үлдээж байсан. 2019 оны 12 дугаар сард албаны хурал зөвлөгөөн дээр таарч “Солонгос руу гаргах яасан бэ. Арай л удлаа. Бид хуулийн байгууллагад хандлаа” гэхэд “тэг” гэсэн. Ингээд 2020 оны 02 дугаар сард Дорнод аймгийн Цагдаагийн байгууллагад хандаж бид тус бүр 1 000 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөг гаргуулж авсан бөгөөд үлдэгдэл 10 000 000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй болно. Иймд Б.З, Т.С бидний тус тусын 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг Р.Жаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төлөөлүүлэгч З нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст нягтлангаар ажилладаг бөгөөд ажил хэргийн танил болох аймгийн ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн ажилтай Р.Жтай М гэж хүнээр дамжуулан холбогдсон байдаг. М нь Т.С ын эгч бөгөөд тэрээр бас энэ эгчээрээ дамжуулж Р.Ж тай холбогдсон байдаг. Хариуцагч Р.Ж нь Солонгос улсад ажил олгогч эздийн нэгдсэн холбооны албан шугамаар 6 хүнийг гэрээгээр явуулах квот байна гэсний дагуу З нь дүүгээ гаргах зорилгоор 6 сая төгрөгийг яаралтай бүрдүүлж хариуцагч руу шилжүүлсэн. Гэвч Солонгос явуулах асуудал нь худлаа болж мөнгөө буцааж авахаар ярихад 1 сая төгрөгийг Ж нь буцаан шилжүүлсэн. З нь хариуцагчийн Солонгос улс руу гэрээгээр явуулна гэж худлаа хэлж мөнгө авсан үйлдлийг залилан мэхэлсэн гэж үзэж Дорнод аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч энэ нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд иргэний журмаар шийдвэрлүүлэх иргэд хоорондын маргаан байна гэсэн шийдвэр гарсан. Гэрээгээр ажил олгогч эздийн холбооны 6 квотын шугамаар Солонгос улс руу гаргаж өгнө гэж тус бүр 6 сая төгрөгийг авсан нь дансны хуулга, хариуцагчийн өөрийн тайлбараар нотлогдоно. Мөн Улаанбаатар хотод шалгагдаж байгаа гэх эрүүгийн хэрэг нь З, С нарын шилжүүлсэн 12 сая төгрөгийн маргаан биш. Хариуцагчийн өмгөөлөгч эдгээр хүмүүсийн хооронд үүрэг үүсээгүй, гэрээ байгуулагдаагүй гэж байна. Талуудын хооронд амаар хэлцэл хийгдсэн, гэвч уг хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн. Иймд хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих зохицуулалтын дагуу хариуцагчийн дансанд 12 сая төгрөг орсноос 2 сая төгрөгийг буцааж, 10 сая төгрөг үлдсэнээр Ж нь үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан байх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Б.З, Т.С нар нь энэ асуудлаар Цагдаагийн байгууллагад мөн өргөдөл гаргасан байдаг. Цагдаагийн газраас 2020 оны 02-р сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол гаргасан. Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулж байгаа хэрнээ дахин иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм. Энэ хүмүүсийн гаргаж байгаа Солонгос явуулах тухай асуудал үнэн. Гэхдээ миний ажиллаж буй энэ холбоогоор дамжуулж гаргана гэсэн нь худлаа. А, Тайван нар гэрээт ажилчин гаргана гэж хэлсэн. Тэгээд ч миний дансанд шилжүүлсэн мөнгийг би тэр дор нь А т шилжүүлсэн. Өөрсдөө Солонгос гаргана гэсэн А тэй уулзаж байсан. Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэст А гэх эмэгтэйд холбогдуулан 200600694 дугаартай хэрэг, мөн дүүргийн 1-р хэлтэст тус бүр хэрэг нээгдэж шалгагдаж байгаа юм. Тэгэхээр А нь З, С нарыг хохироосон гэдгээ сайн мэдэж байгаа.

Би 2019 оны 5 сард Улаанбаатар хотод сургалтанд суух үеэр А, Т нартай уулзахад намайг Солонгос улс руу явах 6 хүн олоод өгөөч бид гэрээтээр найдвартай Солонгос улс руу гаргаж өгнө гэж ярьсан. Тэгээд би Дорнод аймагт ирээд ажил хэргийн холбоотой хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт очихдоо энэ талаар ярихад М нь би дүүгээ явуулах юмсан гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа М нь З, С нарын хамт ирж надтай уулзаад мөнгөө шилжүүлье гэсэн. Үүний дагуу би Атэй холбогдоход та өөрийн данс руу мөнгөө шилжүүлээд авчих дараа нь над руу шилжүүлчих гэхээр нь би тухайн үед өөрийн дансаар мөнгөнүүдийг шилжүүлэн авч тэр даруй А рүү шилжүүлсэн. Нэхэмжлэгч нарт буцааж өгсөн 1, 1 сая төгрөгийн хувьд тухайн үед А нь уг 1, 1 сая төгрөгүүдийг барьцаанд үлдээе, хүмүүсээ Солонгос руу гаргасны дараа танаас авъя гэсэн. Би З, С нарт хотод очиж сургалтад суух, шалгалт өгөх тухай хэлж байсан бөгөөд тэд хотод очиж сургалтад сууж, шалгалтаа өгсөн гэж би бодож байна. Сүүлд нь А тэй холбогдож нөгөө хүмүүсээ явуулах асуудал юу болсон бэ, Солонгос руу гаргах, гаргахгүй нь хамаагүй ээ, одоо энэ хүмүүсийн мөнгийг нь буцаагаад өгье гэж ярьсан. Миний хувьд өөртөө ашиг олж хөрөнгөжих санаа байгаагүй. А ийн энэ үйлдлээс болж Дорнод аймагт З, С гэх хоёр хүн хохирсон учир энэ асуудлыг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст өөрийн биеэр очиж гаргасан. Миний бие эдгээр хүмүүсийг залилах, өөртөө ашиг олж, хүмүүсийг хохироох гэсэн санаа байгаагүй гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь хариуцагч Р.Ж-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.

Нэхэмжлэгч Б.З /дүүгээ БНСУ руу гаргах зорилгоор/, Т.С /өөрөө гарах зорилгоор/ нар нь БНСУ-д 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар ажиллах виз гаргуулах зорилгоор мөнгө төлсөн гэж тайлбарлаж байгааг хариуцагч Р.Ж үгүйсгээгүй бөгөөд харин мөнгийг өөрөө аваагүй гэх үндэслэлээр маргаж байх тул талуудын хооронд Гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: гэрээний талууд үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх бодит боломжтой, нөгөө тал нь уг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй байдаг.

Харин бусад этгээдээс хамаарах эрх, үүргийн асуудлыг гэрээгээр талууд тохиролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл, Р.Ж нь БНСУ-д 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар ажиллуулах визийг гаргаж өгөх боломжгүй буюу энэ үүргийг Б.З, Т.С нарын шаардсанаар гүйцэтгэх боломжгүй байна. Иймээс Р.Ж болон Б.З, Т.С нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хариуцагчийн өмгөөлөгч нь “...хариуцагч Р.Ж болон нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна, харин нэхэмжлэгч нарын өгсөн мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авч, цааш нь А гэж хүний данс руу шилжүүлсэн, хариуцагчийн хувьд дамжуулах үүрэг гүйцэтгэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байхгүй. Мөнгөнүүдийг цааш шилжүүлсэн данс нь Аийн данс мөн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст А, Т нарт холбогдуулан, тэднийг Солонгос улс руу гэрээт ажилтнаар гаргах визний мөнгийг бусдаас залилан авсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, энэ хэргээс холбогдох материалуудыг хэрэгт хавсаргаж, үүнээс шалтгаалж тус иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх үү, эсхүл эрүүгийн журмаар шийдвэрлэх үү гэсэн асуудал гарч ирнэ...” гэж тайлбарлан маргадаг.

Гэвч Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй А, Т нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь хохирогчоор тогтоогдоогүй байхаас гадна тэдний хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсч, эрх үүрэг хүлээсэн болон БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллуулах визийг гаргуулахаар тохиролцсон, үүний дагуу мөнгө шилжүүлсэн гэж тус тус үзэх үндэслэл зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Энэ үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй татгалзал” нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.  

Харин нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь БНСУ-д 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар ажиллуулах визийг гаргуулах тодорхой үйлдлийг хийлгэхээр хариуцагч Р.Жтай тохиролцон, түүний Хаан банкин дахь 5405583565 тоот данс руу нэхэмжлэгч Т.С нар нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 6 000 000 төгрөг, нэхэмжлэгч Б.З нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2 555 000 болон 3 445 000 төгрөгөөр нийт 6 000 000 төгрөгийг тус тус нийт 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хариуцагч Р.Ж нь нэхэмжлэгч нарт тус бүр 1 000 000 төгрөг /нийт 2 000 000 төгрөг/-ийг буцааж шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтууд (хх 5-7, 28 тал)-аар тогтоодож байна. Энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Дорнод аймгийн Цагдаагийн газарт Р.Жд холбогдуулан тус бүр “6 000 000 төгрөгийн хохирол учруулсан” гэж гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 202100125 болон 202100126 дугаартай хэрэг нээн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган, хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хаах санал гаргаж прокурорт хүргүүлсэн байна.

Дорнод аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4/233, 4/234 дугаартай тогтоолуудаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хааж шийдвэрлэсэн (хх 25-26, 29-30 тал) байх ба ийнхүү шийдвэрлэсэн тогтоолуудад хохирогч нар хуульд зааснаар дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн талаар зохицуулж өгсөн. Мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасан.

Хариуцагч Р.Ж нь БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллуулах визийг гаргаагүй байх тул түүний үйлдэл Б.З, Т.С нарын хүсэл зоригт нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Б.З, Т.С нар нь дээрх хуульд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс 10 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Р.Жаас нийт 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Зд 5 000 000 төгрөгийг, Т.Ст 5 000 000 төгрөгийг тус тус олгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Жаас 10 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Зд 5 000 000 /таван сая/ төгрөгийг, нэхэмжлэгч Т.Ст 5 000 000 /таван сая/ төгрөгийг тус тус олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Жаас 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З, Т.С нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ЖАРГАЛТУЯА