Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00895

 

Б.З, Т.С  нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дүгээр шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2020/22 дугаар магадлалтай,

Б.З, Т.С  нарын нэхэмжлэлтэй,

Р.Ж-д холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Р.Ж-ы гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.            

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.С, түүний өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Б.З-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Давааням, хариуцагч Р.Ж, түүний өмгөөлөгч Д.Урансувд, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.З, Т.С  нар нь хариуцагч Р.Ж-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Ж-аас 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З-д 5,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч Т.С-т 5,000,000 төгрөгийг тус тус олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-аас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.З, Т.С  нарт олгож шийдвэрлэжээ.

3. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2020/22 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Ж-ы давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн  хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Р.Ж-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүхээс иргэн Б.З, Т.С  нар болон Р.Ж, н.А нарын хооронд болсон үйл баримтыг шударгаар шийдвэрлэж чадаагүй. Нэхэмжлэгч нар намайг БНСУ-д ажиллах хүч гаргаж өгнө гэсэн мэтээр өргөдөлдөө бичиж надаар гаргуулах гэсэн ойлголт төрүүлдэг ч миний зүгээс ажиллах хүч гаргана гэж хэлээгүй. Харин н.А гэх хүнийг БНСУ-д ажиллах хүч гаргадаг гэж хэлээд тэдний хооронд ажиллах хүчний квотод орохоор болсон.Тэд шалгалт болон материалаа өгнө гээд анхан шатны процесс ажиллагааны үед н.А-тэй харьцаж байсан, энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Миний зүгээс тэдний шилжүүлсэн мөнгийг тэр даруйд нь н.А гэх хүний дансанд шилжүүлсэн талаар нотолсон, мөн нэхэмжлэгч нар мэдэж байгаа. Би ч гэсэн бусдыг залилан мэхэлдэг  н.А гэх эмэгтэйн хэргийн хохирогч болсон. Миний зүгээс өөрийн биеэр БНСУ руу гаргаж өгнө гэж ярилцаагүй, энэ талаар огт үүрэг хүлээгээгүй, тэгээд ч тэдний шилжүүлсэн мөнгийг хувьдаа авч хөрөнгөжсөн зүйл байхгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүх үйл явдал болон эдгээр хүмүүс хоорондын хийсэн хүсэл зорилго, хэн үүрэг хүлээсэн зэргийг зөв тунгааж шийдвэрлээгүй. Үндэслэлгүйгээр хөрөнгөжиж өөртөө ашиг орлого бий болгоогүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байхад намайг хөрөнгөжсөн гэж үзэж үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч Б.З, Т.С  нараас хариуцагч Р.Ж-д холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Нэхэмжлэгч нараас “...Р.Ж нь БНСУ-д 5 жилийн хугацаатай гэрээт ажилтнаар гаргаж, ажилд зуучилна гэж Б.З, Т.С  нараас 2019 оны 6 сард тус бүр 6,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг өөрийнхөө ХААН банк дахь дансанд шилжүүлэн авсан... виз гаргаж өгнө гэж удаа дараа хэлсэн боловч гаргаагүй тул 2020 оны 2 сард Цагдаагийн байгууллагад хандахад бидэнд тус бүр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг буцааж өгсөн, цагдаагаас “гэмт хэргийн шинжгүй, иргэд хоорондын маргаан” гэсэн шийдвэр гарсан... Иймд, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч нар нь энэ асуудлаар эрүүгийн журмаар шалгуулж байгаа тул иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу юм... н.А, н.Т нар БНСУ руу гэрээт ажилтнаар явуулах 6 хүн олоод өгөөч гэсэн бөгөөд энэ талаар н.М-д хэлэхэд тэрээр нэхэмжлэгч нарын хамт ирж надтай уулзаад мөнгөө шилжүүлье гэсэн. н.А-тэй холбогдоход “та өөрийн данс руу мөнгөө шилжүүлээд авчих, дараа нь над руу шилжүүлчих” гэхээр нь би өөрийн дансандаа шилжүүлэн авч тэр даруй н.А рүү шилжүүлсэн... Миний хувьд өөртөө ашиг олж хөрөнгөжих санаа байгаагүй. н.А нь нэхэмжлэгч нарыг хохироосон гэдгээ сайн мэдэж байгаа. Миний бие эдгээр хүмүүсийг залилах, өөртөө ашиг олж, хүмүүсийг хохироох гэсэн санаа байгаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

9. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, харин нэхэмжлэгч нар нь БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллах виз гаргуулахаар хариуцагчид тус бүр 6,000,000 төгрөг буюу нийт 12,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн, үүнээс хариуцагч нь нэхэмжлэгч тус бүрт 1,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын хийлгэхийг хүссэн үйлдлийг буюу БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллуулах визийг гаргаагүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын хүсэл зоригт нийцээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх... -ээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэсний дагуу нэхэмжлэгч нар өөрсдийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

10. Иймд  “... шүүх иргэн Б.З, Т.С  нар болон Р.Ж, н.А нарын хооронд болсон үйл баримтыг шударгаар шийдвэрлэж чадаагүй... Миний зүгээс тэдний шилжүүлсэн мөнгийг тэр даруйд нь н.А-гийн дансанд шилжүүлсэн, би ч гэсэн хохирогч болоод байгаа. Миний зүгээс өөрийн биеэр БНСУ руу гаргаж өгнө гэж ярилцаагүй, энэ талаар үүрэг огт хүлээгээгүй, шилжүүлсэн мөнгийг нь хувьдаа авч хөрөнгөжсөн зүйл байхгүй....” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

11. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 138/ШШ2020/00829 дүгээр шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 201/МА2020/22 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН                            

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА 

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД