Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 181/2019/02728/И |
Дугаар | 001/ХТ2022/00826 |
Огноо | 2022-09-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00826
“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1693 дугаар магадлалтай,
“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ **** ****” ХХК-д холбогдох
Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 790,587,000 төгрөг гаргуулах,
“ **** ****” ХХК-аас 870,604,943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний
хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, өмгөөлөгч Ц.Батзаяа, Р.Булгамаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Данзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. “ **** ****” ХХК нь “ **** ****” ХХК-д холбогдуулан 2019.02.25-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 790,587,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан зардал 870,604,943 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлийн 59.2-т заасныг баримтлан 2019.02.25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч “ **** ****” ХХК-аас нийт 790,587,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас нийт 870,604,943 төгрөг гаргуулах хариуцагч “ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,111,000 төгрөгөөс 4,110,885 төгрөгийг, хариуцагч “ **** ****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,510,975 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 115 төгрөгийг, хариуцагч “ **** ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4,110,885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1693 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00773 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 59 дүгээр зүйлийн 59.2-тт заасан үндэслэлгүй тул 2019.02.25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч “ **** ****” ХХК-аас нийт 790,587,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас нийт 870,604,943 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,621,975 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалд “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. ...Нэхэмжлэгч тал дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдлын талаар нуун дарагдуулж, хууран мэхэлсэн гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй болно. Гэрээний агуулгаас үзвэл хариуцагч нь өөрийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг нэхэмжлэгч талд нийлүүлэх үүрэг хүлээсэн болохоос гэрээний зүйлийг олборлохтой холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх баталгаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тодруулбал анхан шатны шүүх ...зохигч 2019.02.25-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, гэрээний хятад хэлнээс монгол хэл рүү болон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна гэж, гэрээний 1, 3-ын 3.1, 3.2-т зааснаар хариуцагч нь 2019.03.25-ны өдрөөс сар тутамд 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх, нэхэмжлэгч нь тухай бүрт тодорхойлсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь гэрээний хятад хэлнээс монгол хэл рүү болон англи хэлнээс монгол хэл рүү орчуулсан орчуулгаар тогтоогдож байна гэж, гэрээний 3-ын 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний баталгаа болгож хариуцагчид нийт 300,000 ам.долларыг 2 хувааж буюу 2019.02.23-ны өдөр 261,891 ам.долларыг шилжүүлж, 38,109 ам.доллар буюу 100,428,267 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь зохигчийн тайлбар, Монголбанкнаас зарласан 2019.08.14-ний өдрийн ханшийн лавлагаа болон Голомт банкны 2019.02.23-ны өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т зааснаар Баян ****ор аймаг, ****мбөгөр сумын нутагт орших М\/-020591 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Хөх булаг нэртэй алт-зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комисс нь 2019.05.30-ны өдөр хүлээн авсан болох нь 2019.05.30-ны өдрийн “Хөх булаг” нэртэй алт-зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах уурхайг ашиглалтад хүлээн авах улсын комиссын №19-29 актын хуулбараар тогтоогдож байна гэж, 2019.05.30-ны өдрийн №19-29 актын 2-ын 2.1.2-т зааснаар Уурхайг уурхайн олборлолтын ажлыг 2019.05.30-ны өдрөөс эхлүүлэхээр зөвшөөрсөн болох нь 2019.05.30-ны өдрийн №19-29 актын хуулбараар тогтоогдож байна гэж, хариуцагч нь Хөх булаг нэртэй ордын уурхайн Галын аюулгүй байдлын зөвшөөрлийг 2019.02.18-ны өдөр, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийг 2019.06.14-ний өдөр гаргуулж, 2019.07.08-ны өдөр Цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах тухай аж ахуйн гэрээг, 2019.07.02-ны өдөр Ус ашиглах гэрээг байгуулсан болох нь 0005339 дугаар Галын аюулгүй байдлын зөвшөөрлийн болон 01805185 дугаар Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, 2019.07.08-ны өдрийн Цахилгаан эрчим хүч худалдах-худалдах авах тухай аж ахуйн гэрээний болон 2019.07.02-ны өдрийн Ус ашиглах гэрээний хуулбараар тогтоогдож байна...” гэж тус тус хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийсэн.
4.1. Улмаар анхан шатны шүүх дээрх үндэслэл бүхий дүгнэлтүүдээ нэгтгэн хариуцагч нь 2019.05.30-ны өдрөөс Баян ****ор аймаг, ****мбөгөр сумын нутагт орших М\/-020591 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Хөх булаг” нэртэй алт-зэсийн үндсэн ордын уурхайг ажиллуулах эрхтэй болсон байх тул зохигчийн хооронд гэрээ байгуулсан болон анхны 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн хугацаанд уурхайг ажиллуулах боломжгүй байсан болох нь тогтоогдож байна гэж үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атал давж заалдах шатны шүүх харин үндэслэлгүй дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч ... нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Гэрээ байгуулсан болон анхны 500 тонн зэсийн баяжмалыг нийлүүлэх үүрэг хүлээсэн хугацаанд хариуцагч нь уурхайг ажиллуулах болон зэсийн баяжмал олборлож нийлүүлэх боломжгүй байсан боловч уг нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс нуун дарагдуулсан талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчил эсхүл биелэлттэй холбоотойгоор гэрээнээс татгалзах гэсэн агуулгаар шаардлага гаргаагүйгээс гадна 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх боломжгүй, гэрээний үүргээ зөрчсөн, эсхүл цаашид зөрчих нөхцөл байдал бий болсон нь хууран мэхэлсэн гэх үндэслэлд шууд хамаарахгүй" гэсэн эргэлзээтэй дүгнэлт хийснийг ч мөн дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хууран мэхэлсэн гэх үндэслэлд “хамаарахгүй” гэж дүгнээгүй. Шууд бусаар хамаарч болох эсэх асуудалд дүгнэлт өгсөнгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
“ **** ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрт хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан хэмжээнд дүгнэлт хийнэ.
7. Давж заалдах шатны шүүх маргааны зүйл болсон 2019.02.25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
8. Зохигчийн хооронд байгуулагдсан 2019.02.25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр нэг талаас Б тал буюу “ **** ****” ХХК, нөгөө талаас А тал “ **** ****” ХХК оролцож, А талаас Б талд сар тутамд 1 багц буюу 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх, анхны хүргэлтийг 2019.03.25-ны өдрөөс 2019.04.01-ний өдрийн хооронд хийх, талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа Б тал нь А талд урьдчилгаанд гэрээний нийт үнийн дүн 4,296,920 ам.долларын 30 хувь 1,289,076 ам.долларыг 2019.03.07-ны өдөр эхний багцыг хүргэхийн өмнө төлөх, мөн гэрээ байгуулсан өдөр баталгаа буюу барьцаанд 300,000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон байна.
9. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийг тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг.
Давж заалдах шатны шүүхийн “ **** ****” ХХК нь 2019.02.25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хариуцагчийн зүгээс гэрээ байгуулах болсон нөхцөл байдлын талаар нуун дарагдуулж, хууран мэхэлсэн гэж тайлбарласнаа баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
10. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж зохицуулжээ.
Маргааны зүйл болсон гэрээний агуулга, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг давж заалдах шатны шүүх харьцуулан үзэж, гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдлын талаар, тодруулбал “ **** ****” ХХК 500 тонн зэсийн баяжмал нийлүүлэх боломжгүй, гэрээний үүргээ зөрчсөн, эсхүл цаашид зөрчих нөхцөл байдал бий болсныг нуун дарагдуулж, хууран мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.
11. Давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талууд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах зэрэг нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүй болохыг дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй байна.
12. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1693 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,111,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ