Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 1717

 

М.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01843 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлтэй

Хариуцагч ШГАт холбогдох

 

орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.А

Гуравдагч этгээд Б.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ШГАраас 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэл ирүүлж,  орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шинжээч тогтоосон 381 850 606 төгрөг нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд энэхүү ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдаагүй. Хариуцагч нь үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчиж, хөрөнгийн үнийг шууд шинжээчээр тогтоолгож, түүний 70 хувиар дуудлага худалдаанд санал болгох үнийг тогтоосон нь өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ 600 саяас давна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчиж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 381 850 606 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ШГА шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 шийдвэрээр М.Ааас 184 368 560 төгрөгийг гаргуулж Б.Хөлгөнд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.Аын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, мөн сарын 27-ны өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар орон сууцны үнийн талаар тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 285 тогтоолоор хөндлөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь уг хөрөнгийг 381 850 606 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ирүүлснийг үнэлгээний 70 хувь буюу 267 295 424 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Б.Хөлгөн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.А нь надаас 50 000 ам.долларыг зээлээд өгөөгүй тул шүүхээр шийдвэрлүүлсэн. Төлбөрөө төлөөгүй тул албадан биелүүлүүлэх болсон. Нэг ч төгрөг төлөлгүй 2 жил болж байна. Барьцаалсан орон сууцны үнэ 650 000 000 төгрөг байх ёстой гэж маргаж байгааг ойлгохгүй байна. Орон сууцыг барьцаалахдаа үзэж хараад, 200 000 000 төгрөгийн үнийг харилцан тохирч байсан нь барьцааны гэрээнд байгаа. Нэхэмжлэгчийн барьцаалуулсан орон сууц нь цементээрээ, дуусаагүй байгаа. Гэтэл нэхэмжлэгч надад барьцаалахдаа өөрийн бус, хажуу айлынхаа дууссан орон сууцыг үзүүлснийг сүүлд би мэдэж, цагдаад хандсан.  Харин шинжээч нь орон сууцыг бодит байдлаас өндрөөр буюу 381 саяар үнэлсэн нь хэт өндөр байна. Зээл өгөөд 3 жил, төлбөрийг төлүүлэх шүүхийн шийдвэр гараад 2 жил болсон бөгөөд нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч ШГАт холбогдох  орон сууцыг 381 850 606 төгрөгөөр үнэлсэн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн  53.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч М.Ааас  шинжээчийн ажлын хөлс 880 000 төгрөгийг гаргуулан Арима пропертиес ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн  70 200  төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ШГА нь М.Аын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Нүхтийн ам гудамж 29 тоотод байрлалтай 2 давхар 228.88 м.кв талбайтай хувийн орон сууцыг дуудлага худалдахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан журмаар ажиллагааг бүрэн явуулаагүй. Өөрөөр хэлбэл төлбөр авагч, төлбөр төлөгч нар тухайн эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцох ажиллагааг хийлгүй шууд шинжээчээр үнийг тогтоолгож түүний 70 хувиар дуудлага худалдаа явуулсан. Гэтэл энэ талаарх үндэслэл шүүх хуралдаанаар тогтоогдсон байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Дуудлага худалдааны үнэ тогтоохтой холбоотой дээрх журам нь өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хэм хэмжээ тул хариуцагчийн тогтоосон үнэлгээ хууль бус.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч ШГАт холбогдуулан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2016/05899 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 373 дугаар магадлалаар М.Ааас 184 368 560 төгрөгийг гаргуулж Б.Хөлгөнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-12-22 дахь тал/

   Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн барьцааны зүйл болох орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хураан авсан байна. /хх-23-25, 27-29 дэх тал/ Улмаар хариуцагч байгууллагаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцогч талуудаас барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад нэхэмжлэгч М.А нь 650 000 000 төгрөгийн санал гаргасныг гуравдагч этгээд буюу төлбөр авагч Б.Хөлгөн эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-30, 32 дахь тал/ Үүний дагуу хариуцагч ШГАраас шинжээчээр хөрөнгийг үнэлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-30, 32-45 дахь тал/

   Шинжээч “Бэсгэ” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн ам гудамж, 29 тоотод байрлах, зуслангийн зориулалттай 282,88 м.кв талбай бүхий орон сууцыг 381 850 606 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.А, гуравдагч этгээд Б.Хөлгөн нарт 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/26994 тоот мэдэгдлээр танилцуулж, тэмдэглэл хөтөлсөн болох нь хэргийн 46, 47 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

            Дээрхээс дүгнэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01843 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД