Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2020/ДШМ/09

 

Прокурорын дүгнэлтийг хянан

шийдвэрлэх тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Ш.Б, шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газар 13-97 ГСА дугаартай Соната-7 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч буюу хохирогч Д.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х м овогт З Б согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х м овогт З Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч З.Б нь хохирогч Д.Т хохирол төлбөр болох 1 000 000 /нэг сая/ төгрөг төлсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 4 178 567 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн  болохыг  тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б 4 178 567 /дөрвөн сая нэг зуун далан найман мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Т олгож, хохирогч Д.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч З.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч З.Б хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар - 425 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

           Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Б 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан 01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтдээ:

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор З.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газар 13-97 ГСА улсын дугаартай Соната-7 маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч Д.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

            Гэтэл Тээврийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1/1805 дугаартай албан бичгээр “эрүүгийн 191700690055 дугаартай хэргийн хохирогч Д.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг тус прокурорын газарт ирүүлснийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2043 дугаартай “... Талийгаач бүсэлхий нурууны халдварлагдсан шархны улмаас биеийн хордлогонд орсны улмаас олон эрхтнүүдийн дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн өвчний түүхээс хархад 2019 оны 09 дүгээр сарын 20-ны 09:10 минутын үед нас баржээ...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн “...Мэс заслын шарханд халдвар орох хүчин зүйлүүдэд өвчтөний талаас тухайн хүний биеийн эсэргүүцэл /дархлаа/, өндөр нас, архаг үрэвсэлт өвчнүүд, хоол тэжээлийн дутагдал, цус багадалт, арьсны архаг өвчнүүд зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Мөн арьсыг муу ариутгах, бохир багаж хэрэгсэл хэрэглэх, хэсэг газрын эдийн үхжил, эмнэлэгт удаан хэвтэх зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг. Иймд талийгаачийн бүсэлхийн нурууны шарх халдварлагдахад дээрх хүчин зүйлүүд нөлөөлсөн байх боломжтой байна... Талийгаач нь зам тээврийн ослын улмаас бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэтэл авч 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хугарал засах мэс засалд орж улмаар мэс заслын шарх нь халдварлагдаж олон эрхтний дутагдалд орж нас барсан байна. Иймд бүсэлхийн 2-р нугламын их биеийн шахагдсан хугарал гэмтсэн нь нас барсан шалтгаантай шууд холбоотой байна...” гэсэн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “...Талийгаач Д.Т зам тээврийн ослын улмаас авсан нурууны гэмтэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн нурууны гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Талийгаачийн бүсэлхий нуруунд үүссэн гэмтэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг хугацаанд нь стандарт, дүрэм журмын дагуу үзүүлсэн байна... Хавтаст хэрэгт авагдсан өвчний түүхүүд болон нотлох баримтуудаас үзэхэд эмнэлэгийн мэргэжилтнүүд үүргээ биелүүлсэн байна...” гэсэн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар талийгаач Д.Т нь зам тээврийн ослоос авсан гэмтэл нь хүндэрсний улмаас нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал шинээр илэрсэн байна.

            Иймд З.Б Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед хохирогч нь эрүүл саруул эмчлэгдэж байгаад өөрийнх нь хууч өвчин дахин сэдэрч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байдаг. Ослын улмаас гэмтэл авч нас барсан гэх шууд шалтгаант холбоо байхгүй байгаа учир прокурорын дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

              Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Б гаргасан дүгнэлтэндээ: Гаргасан дүгнэлтээ дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай гэв.                                    

                                                       

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ.

            Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас З.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Алсын худаг” гэх газарт автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарган зорчигч Д.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

             З.Б холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хянан хэлэлцэх үед хохирогч Д.Т нь амьд байсан бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна.

              Хохирогч нь зам тээврийн ослын улмаас бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл авч улмаар мэс заслын шарх нь халдварлагдаж олон эрхтний дутагдалаар хүндэрч нас барсан бөгөөд бүсэлхийн 2 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл нь нас барсан шалтгаантай шууд шалтгаант холбоотой гэсэн шинжээчийн дүгнэлтийн дагуу хуулийн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг сэргээн шалгахаар прокурор дүгнэлт бичсэнийг хүлээн авах нь үндэстэй байна гэж шүүх үзлээ.

             Учир нь  Хохирогч Д.Т нь  авсан гэмтлийнхээ улмаас 2019 оны 04 сараас 09 сар хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж 3 удаа хагалгаанд орж, байнгын хэвтрийн дэглэм сахин, биеийн байдал нь сайжрахгүй байсаар нас барсан байх тул З.Б урьд ял шийтгүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтаас илүү хүнд ялтай хуулийн зүйл, хэсэг, заалт хэрэглэх эсэхийг шалгаж тогтоох нөхцөл байдал үүссэн байна.

               Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор, шинэ нөхцөл байдал илэрснээс хойш 1 жилийн дотор илэрсэн байна.

               Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч З.Б холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Б холбогдох  эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.Б холбогдох 191700188 дугаартай хэргийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                         ШҮҮГЧИД                                 Х.БАЙГАЛМАА

                                                                                           О.ОДНЯМАА