Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2020/00236/И |
Дугаар | 279 |
Огноо | 2020-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 279
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А овогт Э.М /РД: /,
Хариуцагч: Б овогт А.А /РД:/,
2 649 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М, хариуцагч А.А, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э овогтой М би ам бүл гурав, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг. Миний аав Э нь М.Б, түүний эхнэр А.А нартай гэр бүлийн найзууд бөгөөд эдгээр хүмүүс нь мөнгө өсгөх боломжийн сүлжээ, бэлэн мөнгөний ажил байна. Бид урьд нь мөнгө хийгээд өсгөж авсан гэж аавд хэлээд нөхөр бид хоёрын хашаа газар авахаар хадгалж байсан мөнгийг 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.А ... тоот дансаар бэлнээр 2 649 600 төгрөгийг М би өөрийн биеэр шилжүүлсэн болно. Үүнээс хойш хугацаанд мөнгө асууж лавлах үед компани түр зогсолт хийсэн, хөрөнгө царцсан гэсэн шалтгаанаар өнөөг хүртэл ганц ч төгрөг авч чадсангүй. Ийм учраас хөрөнгө оруулсан мөнгө эргүүлж авья гэж Fb чатаар холбогдсон боловч сүүлийн 4 сард огт хариу өгсөнгүй тул энэ асуудлыг шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү хэмээн өргөдөл гаргалаа гэжээ.
Нэхэмжлэгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгө шилжүүлсэн компанийнхаа нэрийг мэдэхгүй. Мөн би А.А эгчтэй гэрээ хийгээгүй, манай аав бас энэ хүнтэй гэрээ хийгээгүй. Яг ямар компанид орсон гэдгээ мэдэхгүй. Би 2018 оны 04 сарын 05-ны өдөр шилжүүлсэн. Энэ хүний оруулж өгсөн групп чат байдаг. Тэр групп чатнаас өөр бас нэг групп чат байдаг. Тэр нь дандаа хохирсон хүмүүсийн чат байгаа. Тэд нартай ярилцахад 2017 оны 12 дугаар сард өвлийн зогсолт гээд хийчихсэн, огт мөнгө төгрөг гаргахгүй байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сард мөнгө төгрөг гаргахгүй байхад гаргахгүй байгаа шүү гэж хэлээгүй чамайг яагаад оруулсан юм бэ гэж байсан. Ер нь би энэ хүнийг гуйж мөнгөө өгөөгүй. Энэ хүн ч надаас гуйж мөнгө аваагүй. Гол нь манай аав энэ хүнтэй яриад надад тийм санал тавьсан. Тэгээд би ямар ч байсан өөрөөсөө тэр мөнгийг явуулсан баримт байгаа. Тийм учраас одоо 2 649 600 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч байгаа байдлаа над руу залгаад ч юм уу хэлээгүй, манай аав хүнтэй ярихаараа ойлгоддоггүй, хэн юу гэж хэлнэ за, тэгье гээд хүний үгээр явдаг. Над руу залгаад ингэсэн шүү, тэгсэн шүү, манай компани энэ сард ингэхгүй шүү, тэгэхгүй шүү гээд надад нэг хэлсэн бол би юу гэж мөнгөө өгөх вэ дээ. Дээрээс нь энэ талаар олон хүмүүс шүүхэд хандаж байгаа юм байна лээ. Дундговь аймагт, Улаанбаатар хотод, энэ групп дээр бүгд байгаа. Шүүх дээр бүгд хамтдаа явъя, олуулаа явбал арай хүчтэй гэсэн. Гэтэл надад энэ компанитай хийсэн гэрээ байхгүй. Онлайнаар холбосон гээд байгаа. Аккаунт руугаа өөрөө орж үзэж чадаагүй. Ахдаа хэлээд А эгч ингэсэн байгаа, та нэг ороод үзээд өгөөч гээд 2-3 удаа орсон. Тэгэхэд өсөж байгаа, үгүй нь мэдэгдэхгүй байсан. Энэ яаж байгаа юм бол гээд А эгчээс нэг асуугаад ахаасаа нэг асуугаад орсон болоод өнгөрсөн. Одоо бол тийшээгээ орохгүй байгаа. Тэр хүмүүс нь одоо бол наад компани чинь эргэж босно гэж байхгүй, одоо бид нар албадан шаардлагаар гаргадаг тийм нэг газар байгаа. 10 хувийг нь өгдөг гэж байна. Тэд нартай нэгдээд явах гэж байна, чи нэгдэх үү гэдэг. Нэг бол Улаанбаатар хотоос юм уу Дундговь аймгаас за яаж байна гээд бүр гадаадаас хүртэл над руу чат бичиж байгаа. Чи бид нартай нэгдэж шүүхээр явах уу гэдэг. Тэр хүмүүс бол компанийг шүүхэд өгөх гэж байгаа. Би тэд нартай хамт шүүхээр явах гэхээр надад ганц А эгч рүү явуулсан мөнгөний баримт байгаа. Би гэрээ хийгээгүй, компанийхаа нэрийг мэдэхгүй. Тийм учраас тэр хүмүүстэй нэгдэж явж чадахгүй болоод А эгчийг энэ баримтаараа л шүүхдэж байгаа. Би чамайг яагаад надаас нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гээд байгаа. Надад А эгчид мөнгө шилжүүлсэн ганц энэ баримт байгаа учраас А эгчийг шүүхдэж байгаа. Манай аав надад 6 сар юм уу 1 жилийн дотор мөнгө чинь гараад ирнэ, чи хашаагаа авахаа түр байж бай, одоо хүртэл тэр хашаандаа байгаа, энэ мөнгөнөөс болж хэрүүл маргаан хийж байгаа. Өчигдөр хүртэл хадмындаа очиход л чи нөхөр хүүхдийнхээ мөнгийг яасан бэ гээд дарамттай байгаа. Би ямар ч байсан мөнгөө гаргуулж авна гэв.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие FWAM /Five Winds Asset Management/ компанид 2017 оны 09-р сараас хөрөнгө оруулалт хийгээд мөн тус компаниас 7 хоног бүр ногдол ашиг авч байсан. 2018 оны 04 дүгээр сарын эхээр нэхэмжлэгч М аав Э /манай нөхрийн нэг ангийн хүүхэд/ өөрөө манайд ирж “мөнгө өсгөдөг сүлжээнд орсон гэж хүнээс сонслоо, та хоёр надад яагаад хэлээгүй юм бэ би тэр сүлжээнд чинь орьё, намайг оруулаад өгөөч” гэсэн. Би 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэл хөрөнгө оруулалтаа ч нэмсэн, мөн 7 хоног бүр ногдол ашиг гэж ийм мөнгө авч байсан гэдгээ ч хэлсэн. Ингээд тохиролцоод Э Цогтцэций сум руу гэр рүүгээ явж хүүхдүүдтэйгээ зөвшилцсөнөөр 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний дансанд 2 649 600 төгрөгийг охин М нь шилжүүлсэн нь үнэн. Би FWAM компанид тэр өдрийн ханшаар Э дээр 90е, М дээр 810е-ийн багцад хөрөнгө оруулалтыг нь бүртгэж аккаунтыг нь нээж өгсөн. М бүгдийг нь тайлбарлаад чатаар зургийг нь явуулж харуулсан. М ч өөрөө аккаунт руугаа яаж нэвтэрч орохыг заалгаад, өөрөө нэвтэрч ороод 7 хоног бүрийнхээ ногдол ашгийг хянаад явж байсан. 2018 оны 05 дугаар сарын эхээр компани вэб сайтаа шинэчлэлт хийх, олон улсын карт гаргах зэрэг ажлууд хийгдэнэ гээд бүх хөрөнгө оруулагчдын иргэний үнэмлэхийг баталгаат орчуулагчаар орчуулуулж аккаунтад нь байршуулаад түүний дараахан удаагүй сайт нь хаагдсан, youtube-р шинэчлэлт хийгдэж байна, удирдлага солигдож байна, компанийг Хятад улс руу шилжүүлж байна гэсэн мэдээллүүд их гарч байсан. Одоо бол хамгийн сүүлийн мэдээ 2020 оны 05 дугаар сард сайт нээлтээ хийх мэдээлэл ирж байна. М хувьд хөрөнгө оруулалт хийснээсээ хойш нэг ч удаа ноогдол ашиг аваагүй байхад нь сайт хаагдаад үйл ажиллагаа зогссон учир бухимдах нь зөв. Гэхдээ энэ компани ганцхан Монголд биш дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг, маш олон хөрөнгө оруулагчтай учир миний хувьд хүлээж л байна. Бүх хөрөнгө оруулагчид бүгд хүлээж байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь:
Хариуцагч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э эхлээд санал тавиагүй байсан. Ер нь бол олон улсын хөрөнгө оруулалтын Five winds гэдэг компани байгаа. 2009 оноос эхлэн олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани. Би өөрөө тус компанид 2017 онд элссэн. Анх 810 еврогоор элссэн. Элсэлт хийгээд хөрөнгө оруулалтын багц худалдаж авсан хүмүүст 7 хоног бүр 4-6 хувийн ногдол ашиг гарч ирдэг байсан. Түүнийгээ яг 7 хоног бүр аваад явдаг. Өөрийн ойр дотны хүмүүс, төрсөн дүү, найз нөхөддөө хэлээд манай найзууд бүгдээрээ тэр хөрөнгө оруулалтад ороод 7 хоног бүр мөнгө нь гарч ирээд байдаг байсан. Ер нь би өөрөө 2008 оноос эхлээд сүлжээний бизнесээр явж байгаа. Тянь ши корпарацийн Өмнөговь дахь салбарыг хариуцаад явдаг. Хөрөнгө оруулалтын ийм юм байна гэхээр бид нар бас л мөнгө төгрөг өсгөж байна гэдэг утгаар хөрөнгө оруулалт хийсэн. Тэгэхдээ би Э М яг өөрийн биеэр ийм юм байна шүү, үүнд мөнгөө хийгээрэй гэсэн тийм хүсэлт анхнаасаа огт тавиагүй. Харин Э Цогтцэций сумаас залгаад чи ийм юманд яваад мөнгөө өсгөөд байгаа гэж байна. Намайг оруулаад өгөөч гээд утсаар ярьсан. Тэгэхээр нь энэ чинь олон улсын компани учраас олон улсын карт гарна гээд жаахан хүлээлттэй байсан юм. Хүмүүсээс иргэний үнэмлэхийг нь аваад баталгаат орчуулгаар орчуулаад бүртгэл хийхээр өөрийн гэсэн аккаунт код данс гараад ирдэг юм. Тэрэнд нь холбоод Улаанбаатар хотод байдаг оффис дээрээ баталгаа хийгдээд хүлээгдэж байгаа. Карт нь гарна гээд одоо мөнгө гарахгүй хүлээгдэж байгаа гэдгийг Э өөрт нь хэлсэн. Тэгсэн чинь хамаагүй, хамаагүй, карт нь гарч ирээд мөнгө нь гарч ирэх юм байгаа биз дээ, намайг холбочих, би наана чинь хэдэн төгрөг хийгээд өсгөе, та нар хэлэхгүй яасан юм бэ гээд өөрөө над руу ярьсан. Тэгэхээр нь үнэхээр та нар мөнгөө наана нь нэхэж зовоохгүй л бол яахав би холбоод өгье гээд холбож өгсөн. Гэхдээ би өмнө нь ийм хэд хэдэн компанид ажиллаж байсан учраас өөрөө интернетээр өөрийнхөө хүрээний хүмүүсийг бүртгээд бүртгэлийг нь хийгээд явж байгаа. Онлайнаар гэрээ хийдэг. Энэ компанид бүртгүүлэхэд 365 хоногийн гэрээ хийгддэг. 365 хоног болчихвол энэ хүний гэрээ дууссан байна гээд автоматаар хасагдаад явдаг ийм хөрөнгө оруулалтын компани байгаа.
Би М аавд нь олон улсын карт гарна гээд хүлээгдэж байгаа гэдгийг хэлэхэд хамаагүй, хамаагүй гэж хэлсэн. Гэр бүлээрээ шийдчихээд мөнгөө хүүхдээрээ шилжүүлсэн байх гэж ойлгосон. Тэр үеийн ханшаар 900 евро байгаа. 2 944 төгрөгөөр буюу тэр өдрийн ханшаар нь бодоод эд нарын аккаунтад нь мөнгийг нь еврогоор хөрвүүлж байрлуулсан. Холбогдож байгаа хүн бүхэн gmail хаяг байх ёстой. Энэ хоёр хүн gmail хаяг байхгүй. Та хаяг нээгээд өгөөрэй гээд өөрөө хүртэл хэлж л байсан. Тэгээд би gmail хаяг шинээр үүсгээд хоёуланг нь холбоод хоёуланд нь аккаунт нээгээд мөнгийг байрлуулсан, ийм хаягаар орно гээд бүх юмыг нь холбож өгсөн. Тэр мөнгийг би өөртөө хэрэглээгүй. Яг энэ хүний хүссэнээр нь л хийсэн. Ер нь бол аав нь хүссэн. М бол яахав мөнгө тушаахыг нь тушаасан. М мөнгийг аав нь аваад тушаалгаж байгааг бид мэдэхгүй. Өөрсдөө мөнгөө өсгөх гэсэн юм, тэр их мөнгө өсгөдөг сүлжээндээ оруулаад өгөөч гэж Э өөрөө хүссэн учраас бусдаар бид харь хамаагүй хүнийг чи үүнд мөнгөө өгөөч, нааш нь одоохон мөнгө хийгээдэх гэж би ерөөсөө хэлээгүй. Би зөвхөн өөрийн төрсөн дүү, өөрийн ойр тойрын хүмүүсээ л холбоод мөнгийг нь өсгөөд авч өгөөд, еврогийнх нь багцад нь хийгээд өгдөг. Тэр багцаас нь долоо хоног бүрийн бямба гарагт ногдол ашиг нь ороод ирдэг. Тэрийг нь эргээд цааш нь төв оффис руугаа явуулаад монгол мөнгө нь миний дансанд ороод ирдэг. Эргээд нөгөө хүмүүс рүүгээ явуулдаг. Сүүлдээ хүмүүсийн багцан дахь мөнгө нь өсөөд авч өгөхийг нь өгөөд нэг хэсэг нь эргэж багц хийгээд яваад л байсан. Ийм л компани байгаа. 2017 оны намар би өөрөө энэ компанид элсээд эхлээд 810 еврогоор орсон. Дараа нь 04 дүгээр сард нь дахиад 20 000 000 төгрөг зээлээд энэ компанид хөрөнгө оруулалтаа өсгөөд явж байсан. М ингээд нэхэмжлээд байгааг нь аав нь өөрөө утсаар яриад мөнгө төгрөгөө шилжүүлсэн учраас би бол аавтай нь л энэ тооцоог хийнэ үү гэхээс М хувьд анхнаасаа надтай огт хэлцэл хийгээгүй. Тийм учраас энэ мөнгийг би М төлнө гэж байхгүй. Энэ компанийн үйл ажиллагаа нь эргээд гарч ирнэ. Хөрөнгө оруулалт хийсэн монгол төдийгүй олон улсын компани учраас бүх хүн нь хүлээгээд байж байгаа. Тэр компани албан ёсоор дампуурлаа зарласан бол энэ хүн ингээд мөнгөө нэхэмжлэхсэн. Гэтэл тэр компани албан ёсоор дампуурлаа зарлаагүй бүх улс оронд хүлээлтийн байдалтай байж байгаа учраас М нэхэмжлэлийг би хүлээж авахгүй байгаа. Мөн би М аавтай нь аман яриа хийсэн болохоос М огт хамааралгүй. Зөвхөн М өөрийн биеэр мөнгө шилжүүлсэн байгаа боловч М мөнгө байгаа гэж мэдэхгүй шүү дээ. Аав нь энд мөнгөө өсгөх гэсэн юм аа, та нар хэлсэнгүй, үүнд чинь орно гэж өөрөө гуйж орж ирсэн учраас би зөвшөөрөхгүй байгаа. Энэ компани зөвхөн монголын хэдхэн хүнийг луйвардчихаад байгаа биш. Маш олон улс оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа компани байгаа учраас би хүртэл энэ компанийнхаа ажлыг эхлэхийг хүлээгээд байж байгаа. Тэр компанид аккаунт нээгээд бүртгэхээр онлайн гэрээ гараад ирдэг. Энэ Испани улсын компани байгаа. Яг тэр хэлээрээ гараад ирдэг. Онлайн гэрээг хүчин төгөлдөр гэж үздэг учраас ингээд гэрээгээ хийгээд явчихаж байгаа л гэж бодож байгаа. М тэр хүмүүстэйгээ нийлээд компаниа шүүхдэж болно шүү дэ. Би өөрт нь аккаунт нээчихсэн байгаа учраас компаниасаа нэхэмжлээд явж болно. Би ч гэсэн одоо зээл хийж хөрөнгө оруулалт хийчихээд хүлээгээд сууж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч А.А холбогдуулан 2 649 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.
Нэхэмжлэгч Э.М нь өөрийн эцэг н.Э мэдээлэл авч мөнгөө өсгөх зорилгоор сүлжээний гэх FWAM компанид элсэн орохоор болж, элсэлтийн мөнгө 2 649 600 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч А.А ... тоот дансанд ХААН банкны гүйлгээгээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тус банкны орлогын мэдүүлэг, зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч А.А “дээрх мөнгө миний дансанд орсон нь үнэн, гэвч би уг мөнгийг хувьдаа авч ашиглаагүй, өөрсдийнх нь хүсэлтээр FWAM компанид Э.М, н. нарын нэр дээр хөрөнгө оруулалтыг нь бүртгэж аккаунт нээж өгсөн. Э.М хөрөнгө оруулалт хийснээсээ хойш ногдол ашиг аваагүй байхад сайт хаагдаад үйл ажиллагаа зогссон” гэж тайлбарладаг.
Түүнчлэн хариуцагч нь “Э.М шилжүүлсэн мөнгийг би цааш нь компанийн санхүүгийн алба руу, Ц гэх хүн рүү шилжүүлсэн” гэж зөрүүтэй тайлбарлах боловч түүний данснаас нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн дүнгээр FWAM компанийн данс руу эсхүл өөр этгээд рүү уг мөнгө шилжсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч нь тухайн компанийн гишүүнчлэлтэй эсэх талаарх нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нь FWAM компанид нэгдэн орж, гишүүн болоогүй, уг компанитай эрх зүйн харилцаанд ороогүй учраас хариуцагчаас мөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:
492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол гэжээ.
Нэхэмжлэгч Э.М, хариуцагч А.А нарын хооронд үүрэг үүсээгүй, үүрэг үүссэн болох нь тогтоогдохгүй, нөгөө талаар энэ хөрөнгө оруулалт гэх зүйл нь тодорхой үр дүн, хөдөлмөр шингэж байж ногдол ашиг гарахгүй, хуулиар зөвшөөрөгдсөн эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагч А.А нь 2 649 600 төгрөгийг нэхэмжлэгч Э.М буцаан төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч А.А 2 649 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М олгохоор шийдвэрлэв.
Харин хариуцагч нь нэхэмжлэгчийн 2 649 600 төгрөгийг FWAM компанид шилжүүлсэн бол тус компаниас шаардах эрх нээлттэй юм.
Хариуцагч А.А нь FWAM компанитай холбогдолтой групп болон нэхэмжлэгч Э.М харилцсан фэйсбүүк чатын талаарх хэвлэмэл баримтуудыг ирүүлсэн ба эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.А 2 649 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.М улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 344 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.А улсын тэмдэгтийн хураамж 57 344 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.М олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН