Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1672

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01006 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ЗГА Улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид УТҮГ гэх/-т холбогдох

 

Эд хөрөнгө засан сайжруулалтын зардалд 71 138 146 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө, Г.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “Р” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Р” ХХК нь 2014 онд хариуцагч байгууллагын засвар үйлчилгээнд зориулж 100 857 146 төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хийхээр тохиролцоод, захиалагч ЗГА УТҮГ, хөрөнгө оруулагч нь “Р” ХХК, гүйцэтгэгч нь Фоунтэйн снип ХХК-ууд оролцож 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13/02 тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний дараа Фоунтэйн снип ХХК нь 2014 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн байрны 180 м.кв талбайд засвар үйлчилгээ хийж дуусгаад ЗГА УТҮГ-т хүлээлгэж өгсөн. Уг засварын ажлыг хүлээж авсан, хүлээлгэж өгсөн талаар ЗГАад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шалгалт хийсэн материалд тодорхой дурдсан. Засварын ажлыг дууссаны дараа “Р” ХХК нь уг 180 м.кв талбайгаас 80 м.кв талбайг нь түрээслэсэн.

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгө хөлслөх нэмэлт гэрээг ЗГА УТҮГ болон “Р” ХХК нар байгуулагдсан. Энэ гэрээний гол зорилго нь хөрөнгө оруулалттай холбоотойгоор түрээсийн төлбөрийг сард 1 100 000 төгрөг байхаар тохиролцож, энэ хугацаанд нэхэмжлэгч нь Биг ойл ХХК-тай 55 м.кв талбайг түрээслэхээр гэрээ хийсэн бөгөөд тус компани нь Пикатили ТМХ ХХК гэсэн нэртэй болсон тул үргэлжлүүлээд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 он хүртэл түрээсийн гэрээг дахин байгуулсан. Түрээсийн төлбөрийг сард 800 000 төгрөгөөр тохиролцож, үлдсэн 29 м.кв талбайг нэхэмжлэгч нь Үүрий авто сервис ХХК-тай  2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл түрээслэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу одоогоор нийт 9 900 000 төгрөгийг авсан. “Р” ХХК нь 26 900 000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж дээрх компаниудаас авсан. Манайхыг бусдад түрээслээд явж байх хугацаанд хариуцагч ЗГА нь Пикатили ХХК-тай манай байгуулсан гэрээг таслан зогсоогоод 2018 оны 01 дүгээр сараас эхлэн гэрээ байгуулж түрээсийн төлбөр авсан. Манай компанийн хөрөнгө оруулсан 100 857 146 төгрөгөөс 71 000 000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул нөхөн гаргуулах шаардлагатай байна. Одоо ЗГА нь Пикатили ХХК-иас ашиг орлогоо аваад эхэлсэн учраас энэ хэсгийн гэрээг цуцлагдсан. Үүри авто сервис ХХК-ийн манайд төлсөн түрээсийн төлбөрийн баримтуудыг хэрэгт өгсөн. Суутгаж авсан 29 719 459 төгрөгийг хариуцагчтай түрээсийн гэрээ байгуулахаас өмнө буюу 2014 оны 3 дугаар сарын 02-ноос 2016 оны 6 дугаар сарын 02-ныг хүртэлх 27 орчим сарын түрээсийн төлбөрт тооцон авсан. “Р” ХХК-аас 3 талт гэрээний дагуу Фоунтэйн снип ХХК-ийн захирал Д.Батбаярт 100 857 146 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт байгаа, уг мөнгөөр засварын ажлыг гүйцэтгэж дуусгаад хүлээлгэн өгсөн, хөрөнгө оруулалтын мөнгөнөөс түрээсийн төлбөрийг тооцож явна гээд талууд тохиролцсон нь нотлогдсон. Иймд засварын ажилд хөрөнгө оруулсан мөнгөний үлдэгдэлд 71 138 146 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ЗГА УТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээгээр “Р” ХХК нь 80 м.кв талбайг сард 1 100 000 төгрөгөөр түрээслэсэн боловч өнөөдрийг хүртэл ЗГАад нэг ч төгрөг төлөөгүй. Төлөөгүй шалтгаанаа 100 857 000 төгрөгийг хөрөнгө оруулалт буюу засварын ажлын хөлсөнд суутгасан гэдэг боловч энэ мөнгийг Фоунтэйн снип ХХК-д өгсөнөө нотлоогүй. Нөгөө талаар ийм тохиролцоо хийгдээгүй нь ЗГАаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогтод илгээсэн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр талуудын хооронд хөрөнгө оруулалтын мөнгийг түрээсийн төлбөрөөс суутгана гэсэн хүсэл зориг байгаагүй нь харагдана. Сангийн яамнаас хариу өгөхдөө 29 719 420 төгрөгийг засварт тооцож түрээсийн төлбөрөөс чөлөөлөхийг дэмжсэн. Иймд түрээслэгч буюу нэхэмжлэгч нь 2014 оны 3 дугаар сарын 02-ноос хойш 27 сарын түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй. Талуудын хооронд гэрээ хийгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх 50 сар болсоноос Сангийн яамны зөвшөөрсөн 27 сарыг хасахад 23 сарын түрээсийн төлбөрийг ”Р” ХХК манайд өгөх ёстой. Үүнийг сард 1 100 000 төгрөгөөр тооцоход 23 300 000 төгрөг болно. ЗГАын өмч хөрөнгө түрээслэх харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмч хөрөнгийг түрээслүүлэх журам, Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмч хөрөнгийн түрээсийн хөрөнгийн үлгэрчилсэн загвар зэрэг эрх зүйн актуудаар зохицуулагддаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн заалтад нийцүүлэн Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын 13 дахь заалтад төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулахдаа Сангийн яамнаас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно гэж зохицуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хамтран ажиллах гэрээ нь энэ журмын 2 дахь заалтын түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал урсгал засварыг хариуцах бөгөөд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно гэснийг зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1, 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Эрх бүхий байгууллагад түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагад нийцээгүй тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Хүчин төгөлдөр бус гэрээгээр нэхэмжлэгч нь бусдын эд хөрөнгийг 23 сар ашиглан, дур мэдэн бусдад дамжуулан түрээслээд үндэслэлгүй хөрөнгөжсөн, 26 900 000 төгрөгийг бусдаас үндэслэлгүй олж авсан. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу бусдаас үндэслэлгүйгээр олж авсан 26 900 000 төгрөгийг ЗГАад төлөх, хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан үр дагаврыг тооцож авах хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь бодитоор манай талбайг эзэмшсэн тул энэ хугацааны төлбөрийг төлөх учиртай. Үлдэх мөнгийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ тул үндэслэлгүй. Манай байгуулага дээрх журамд нийцүүлэн 55 м.кв талбайг Пикадили ТМХ ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн түрээсийн гэрээ байгуулан ашиглуулж байгаа тул уг талбайг нэхэмжлэгчээс хүлээн авсан. Харин үлдэх талбайг нэхэмжлэгч чөлөөлж өгөөгүй, одоог хүртэл “Үүри авто сервис” ХХК-д түрээслүүлсэн гэжээ.

 

  Шүүх: Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЗГА УТҮГ-аас 48 908 146 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 22 230 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 513 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 402 491 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

ЗГАын хувьд өмч, эд хөрөнгө түрээслэх харилцаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, ЗГ-ын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам", Төрийн өмчийн хорооны 2007 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмч хөрөнгийн түрээсийн хөрөнгийн үлгэрчилсэн загвар" зэрэг эрх зүйн актуудаар зохицуулагддаг онцлог байдлыг шүүх анхааралгүй зөвхөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийн харилцаагаар гэрээг дүгнэсэн. Ингэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Энэ нь дараах үндэслэлүүдээр тогтоогдоно. Шүүх хариуцагч ЗГА УТҮГ, нэхэмжлэгч "“Р”" ХХК нь гүйцэтгэгч "Фоунтэйн снип" ХХК-тай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж үзсэн. Гүйцэтгэгч "Фоунтэйн снип" ХХК нь ажлын үр дүнгээ захиалагч болоод хөрөнгө оруулагч талуудад хүлээлгэж өгсөн талаарх нотлох баримтгүй байхад зөвхөн ТӨБЗГ-ын 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай тогтоол, түүний хавсралт болох 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн "ЗГАБ" УТҮГ-ын түрээсийн асуудалд хяналт шалгалт хийсэн тайлан" зэргээр нотлогдож байна гэсэн нь үндэслэлгүй. ТӨБЗГ-ын шалгалтын тогтоол, тайлан нь хөдөлшгүй үнэн баримт болох нь тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь бусад баримтаар давхар нотлогдоогүй байхад шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Мөн энэ талаар зохигчид маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймд түрээсийн объектод 100.8 сая төгрөгийн засварын ажил хийгдсэн болох нь баримтаар тогтоогдоогүй, энэ ажилд мөн хэмжээний өртөг шингэсэн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй. Мөн шийдвэрийн үндэслэл болсон “Р” ХХК-аас хөрөнгө оруулалт гэх 100 857 146 төгрөгийг гүйцэтгэгч "Фоунтэйн снип" ХХК-д шилжүүлэн өгсөн нь засварын ажлын явцад бодитойгоор зарцуулагдсан гэж үзэхэд эргэлзээтэй. Учир нь нэхэмжлэгч тал засварын ажилд зарцуулагдсан мөнгөний задаргааг зарцуулалтаар нь нотолж чадаагүй. Тус баримт гүйцэтгэгч компанийн нэхэмжлэхээр давхар баталгаажаагүй байхад зөвхөн нэг удаагийн бичилтээр нөхөж хийсэн байх боломжтой, эргэлзээ бүхий баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Мөн гэрээний гол нөхцөл болсон 100.8 сая төгрөгийн төсвийг баталж гэрээний хавсралтаар оруулаагүй нь шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болдог. Шүүхийн  шийдвэрийн үндэслэх хэсэгт "талуудын хооронд байгуулсан ХАГ 13/02 тоот гэрээний 4.2-т "Б тал нь өөрөө хөрөнгө оруулсан байраа түрээслэн ажиллаж, оруулсан хөрөнгөө түрээсийн төлбөрөөс суутгаж тооцно" гэж талууд тохирсон гэсэн дүгнэлт нь хариуцагч байгууллагаас Сангийн яаманд явуулсан 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/93 тоот албан бичгээр үгүйсгэгдэнэ. Хөрөнгө оруулалтын мөнгийг түрээсийн төлбөрөөс бүрэн хасч тооцох хүсэлт гаргаагүй байгаагаараа захиалагчид хуулиар олгогдсон эрх хэмжээ нь хязгаарлагдмал буюу ТӨХ, Сангийн яам зэрэг байгууллагуудаас зөвшөөрөл хүсдэг нь тодорхой. Үүнээс харахад талуудын хооронд засварын ажлын хөлс болох 100.8 сая төгрөгийг түрээсийн төлбөрөөс бүтэн тооцож суутгах тохиролцоо хийгдээгүй нь харагддаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ бусдад дамжуулан түрээслэхийг хариуцагчид мэдэгдсэн, түүнээс зөвшөөрөл авсан баримт хэрэгт байхгүй байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэрнээ нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй дамжуулан түрээсэлж, үндэслэлгүйгээр олж авсан олсон орлого болох баримтаар нотлогдсон 26 900 000 төгрөгийг гаргуулаагүй нь үндэслэлгүй. Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам"-ын 13-т "төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Сангийн яамнаас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно. 14-т "Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг Сангийн яамаар батлуулан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт бүртгүүлнэ", 16-д "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэхдээ түрээсийн төлбөрийн хэмжээг энэ журмын 11-д заасан жишиг үнийг баримтлан зах зээлийн тухайн үеийн үнэ болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан тогтоож гэрээнд тусгана, 20-д “Түрээслэгч нь төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээсээр эзэмших хугацаандаа түүний бүрэн бүтэн байдал, урсгал засварыг хариуцах бөгөөд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслийн шийдлийг өөрчлөх, хөрөнгө оруулалт хийхийг хориглоно" гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь дээрх журмын холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн, хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ тул хууль ёсны дагуу байгуулагдсан гэрээ гэж үзэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримт бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч “Р” ХХК нь шүүхэд хандан хариуцагч ЗГА  УТҮГ-т холбогдуулан эд хөрөнгө засан сайжруулалтын зардалд 71 138 146 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            ЗГА, “Р” ХХК, “Фоунтэйн снип” ХХК нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний дагуу “Фоунтэйн снип” ХХК нь хариуцагч байгууллагын оффисын байрны хойд талын хэсэгт байрлах байранд засвар үйлчилгээ хийж ажлын үр дүнг хүлээлгэн өгч нэхэмжлэгч  “Р” ХХК нь ажлын хөлс, засварын материалын зардалд 100 857 146 төгрөгийг “Фоунтэйн снип” ХХК-д төлснөөр талуудын гэрээний үүрэг дуусгавар болсон үйл баримт хэрэгт авагдсан “Хамтран ажиллах гэрээ” Х.А.Г13/02 тоот гэрээ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 133 дугаар тогтоолын хавсралт ЗГА УТҮГ-ын түрээсийн асуудалд хяналт шалгалт хийсэн тайлан зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон байна. /хх-12-13, 38, 40-42 дахь тал/ 

            Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ХАГ/13/02-ын хавсралт түрээсийн гэрээ байгуулан төрийн өмчийн эд хөрөнгө болох 80 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар түрээслэх, сар бүр төлөх түрээсийн төлбөр 1 100 000 төгрөгийг өмнөх ХАГ 13/02 тоот гэрээгээр оруулсан хөрөнгөөс суутган тооцохоор тохиролцсон болох нь хэргийн 10-11 дэх талд авагдсан гэрээгээр нотлогдож байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүргийн харилцаа бий болж үүний дагуу хэн аль нь нөгөө талаасаа гэрээний үүрэг шаардах эрхтэй үүссэн гэж үзнэ. Дээрх үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түрээсийн гэрээг хууль болон холбогдох журмыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ, мөн нэхэмжлэгчийг засан сайжруулалтын ажлын хөлсөнд 100 857 146 төгрөг гүйцэтгэгч “Фоунтэйн снип” ХХК-д өгснөө нотлоогүй, засан сайжруулалтын зардлыг түрээсийн төлбөрт тооцох тохиролцоо хийгээгүй гэж маргадаг төдийгүй энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талууд гэрээгээр төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө болох оффисын байрыг бүхэлд нь биш, 80 м.кв талбайг түрээслэсэн байна. /хх-10 дахь тал/ Иймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Засгийн газрын 134 дүгээр тогтоолын хавсралтын 2.14-т дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй учир хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн ХАГ13/02 тоот гэрээ болон төсвийн дагуу засварын ажлын хөлсөнд 100 857 146 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан тухай баримтыг /хх-95 дахь тал/ “Р” ХХК, “Фоунтэйн спип” ХХК-иудын эрх бүхий этгээдүүд гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байх ба хариуцагч тал уг баримтыг няцаагаагүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг хэд хэдэн этгээдэд 2015 оноос хойш дамжуулан түрээслэхдээ Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас зөвшөөрөл аваагүйн улмаас хариуцагч тал урт хугацаатай байгуулсан гэрээг хугацаанаас өмнө 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосонд зохигчид маргаангүй. Иймд нэхэмжлэгч “Р” ХХК гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар түрээсийн эд хөрөнгийг түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр өөрийн зардлаар засан сайжруулахад гарсан зайлшгүй зардлаа төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

Хэргийн 12-13, 46 дахь талд авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг засвар хийхийг зөвшөөрч байсан нь тогтоогдож байна.

Шүүх Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, талуудын хоорондох шаардлагыг харилцан тооцож, нэхэмжлэгчийн, эд хөрөнгийг түрээслэж байсан хугацааны төлбөрийг засан сайжруулах зардлын дүнгээс хасч хариуцагч ЗГАаас 48 908 146 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт гэрээ цуцлагдсантай холбоотой үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 298 дүгээр зүйлийн 298.2.5 дахь заалтыг оновчтой баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн               167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 238.4-т” гэснийг “Иргэний хуулийн 286.2.5-д” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД