Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1670

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

ЗТХЯны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01650 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ЗТХЯны нэхэмжлэлтэй

Хариуцагч “ЧГИК” ХХК-д холбогдох

 

Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах зардалд 10 945 921 481 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Ажлын хөлсний үлдэгдэл 1 250 039 551 төгрөг, нэмэгдэл ажлын зардал, хөлсөнд 2 391 896 648 төгрөг, нийт 3 641 936 199 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЗТХЯ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зам, тээврийн яам нь гүйцэтгэгч “ЧГИК” ХХК-тай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамын барилгын ажил гүйцэтгэх 83-р гэрээг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, уг гэрээг шинэчлэн 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээ байгуулсан. ЧГИК ХХК-иас 2014 оны 8 дугаар сард зам барилгын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах хүсэлт гаргасны дагуу тус яамнаас авто зам, замын байгууламжид чанар байдлын дүгнэлт гаргах баг замын нийт уртад шалгалт хийн 7 төрлийн үүрэг өгсөн. Дээрх ажилд хяналт тавих үүрэг бүхий зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв улсын үйлдвэрийн газрын 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/545 тоот албан бичгээр гүйцэтгэгч компани нь чанар байдлын дүгнэлт гаргах багаас өгсөн даалгаврын дагуу чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засч дуусгасан тул авто замыг ашиглалтанд оруулах комисс ажиллуулах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр илэрсэн зөрчил, дутагдал бүрэн арилаагүй гэж дүгнэсэн тул өмнө нь илэрсэн зөрчлийг арилгах үүргийг гүйцэтгэгч компанид өгсөн. Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжсэн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ дүгнэх ажлын хэсгээс чанар байдлыг тогтоох багийн гаргасан үүрэг даалгаврын биелэлтийг ирүүлэх, гэрээний хугацааг сунгахгүй алданги тооцох, хөндлөнгийн шинжээчийг томилж дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу тухайн замд хяналт тавин ажилласан Зам тээврийн хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гаргасан дүгнэлтэд 12.8 км замын хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтыг шинээр хийх, үлдэгдэл 37.2 км замд 3 см зузаан өнгө үе хийх шаардлагатай гэж үзэн 10 945 921 481 төгрөгөөр гүйцэтгэх тооцоо гаргасан. Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу ажилласан ажлын хэсэг 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн чанар байдлын дүгнэлтээр болон 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 435 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, даалгаварт заасан зөрчил, дутагдал арилгах арга хэмжээг гүйцэтгэгч аваагүй болохыг тогтоосон. Ийнхүү гүйцэтгэгч нь өгсөн үүрэг, даалгаврыг удаа дараа биелүүлээгүй тул гэрээний ерөнхий нөхцлийн 14.2.1.а-д заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03/5207 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гүйцэтгэгч “ЧГИК” ХХК-ийн барьж дуусгасан замын хучилт их хэмжээгээр эвдэрсэн нь осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан. “ЧГИК” ХХК нь дараах хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь уг гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчсөн. Мөн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын хучилт их хэмжээгээр эвдэрч, осол аваар гарах нөхцөл бүрдүүлсэн, чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж замын барилгын ажил гүйцэтгэсэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалах ажил замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэх гэх заалттай нийцээгүй. Яамнаас удаа дараа өгсөн үүрэг, гэрээ цуцлах мэдэгдлийн талаар гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ авахгүй өнөөдрийг хүрсэн нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн заалтыг биелүүлээгүй. Иймд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтанд оруулахад шаардлагатай 10 945 921 481 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч “ЧГИК” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын далан, суурийн ажлыг “Насны зам” ХХК нь 2008 оноос 2010 онуудад хийж гүйцэтгээд Зам, тээврийн яамны хяналтаар баталгаажин, Сангийн яамнаас 100 хувь санхүүжилт авч улсын комисст хүлээлгэн өгсөн гэх ажлыг үргэлжлүүлэн зөвхөн буталсан чулуун суурь, асфальт бетон хучилтын ажил хийх тендерт “ЧГИК” ХХК 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр оролцсон. Ингээд Зам, тээврийн яам, Худалдан авах ажиллагааны газартай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 12 565 165 875.36 төгрөгөөр санхүүжигдэх төсөл гүйцэтгүүлэхээр 83 тоот гэрээ байгуулсны дагуу авто зам барилгын ажлаа эхлэхэд далан болон суурийн ажил, хоолойнууд нь дутуу, чанарын шаардлага хангаагүй ноцтой зөрчлүүд илэрсэн. Энэ талаар тухай бүрт нь Зам, тээврийн яаманд албан ёсоор мэдэгдсэн. Бид Сангийн сайдын 2007 оны 81 дүгээр тушаалд зааснаар тендерийн тодруулга, өөрчлөлтийн талаар буюу далангийн ажлын талаарх тодруулга авах боломжгүй байсан.

“Насны зам” ХХК нь далан болон хоолойнуудын ажлаа улсын комисст хүлээлгэн өгсөн боловч улсын комиссын актыг өнөөдрийг хүртэл манай компанид өгөөгүй. Зам тээврийн яам нь “Насны зам” ХХК далангийн ажлыг чанаргүй хийснийг илрүүлсэн атлаа уг замын ажлыг “Насны зам” ХХК-аар хийлгэж дуусгалгүй гэрээгээ цуцалж 100 хувь санхүүжилт өгсөн. Гэвч бидний хувьд нэгэнт гэрээ хийсэн учир 2013 оны 6 дугаар сараас 2015 оны 6 дугаар сар хүртэл ажиллахдаа захиалагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, өөрийн хөрөнгөөр гэрээнд заагаагүй илүү ажлыг хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгөх гэсэн боловч үндэслэлгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлыг хүлээж авахгүй, 2.3 тэрбум төгрөгийг Зам тээврийн яам өгөөгүй.

   Захиалагчийн зүгээс замын чанарт хяналтын инженер томилж, манай компани өдөр тутмын хяналтын дор ажилласан. Зам тээврийн яам, Зам тээврийн яамны хөгжлийн төвөөс томилогдсон хяналтын инженерүүд нь 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт хяналтын багийн инженерүүдийн ажиллах журмаа мөрдөн ажилласан. Ийнхүү замын хийх ёстой ажлаа зохих ёсоор хийж ажлын тайланг тухай бүр гаргасан. Гэтэл урьдах “Насны зам” ХХК-ийн ажлын ноцтой дутагдлуудыг нуун дарагдуулж 3 см-ээр дахин асфальтаар бүхэлд нь хучих, ажил хийлгэх гэсэн нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 83 тоот гэрээний тусгай нөхцөл болох 45.0, 46.0, 57.0 заалтуудыг ноцтой зөрчиж улсад учруулсан хохирол мэтээр бичиж нэхэмжилсэн. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдээс харахад бүгд далан муу гэж дүгнэсэн. Иймд далангийн ажил муу хийгдсэнээс болж ийм байдал үүссэнийг манай компанид тохож төлбөр тавьсан нь шударга биш. Асфальт бетон хучилтын ажил хийсэн манай компани нь автозамын далангийн эвдрэлийг засахын тулд хучилтаар тавьсан асфальтаа эвдэж 1 метрийн гүнд байгаа шаардлага хангаагүй далангийн материалыг солих зэрэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй ажлаа хүлээхгүй. 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын талбай дээр захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох баг ажиллаж холбогдох үүрэг даалгавар өгч, бид техникийн шаардлагын дагуу 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 30-ны хооронд ажлаа гүйцэтгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн яамнаас улсын комисс томилогдон 10 дугаар сарын 15-ны өдөр 50 км замыг нийтэд нь дахин 3 см хучих үүрэг өгсөн. Манай компани захиалагчийн техник, ашиглалтын түвшин тогтоох багийн өгсөн даалгаврын дагуу асфальтбетон хучилтанд торон хагарал үүссэн хэсгүүдэд засварын ажил хийсэн. Хагарал үүссэн шалтгаан нь өмнөх ажил гүйцэтгэсэн “Насны зам” ХХК замын даланг чанаргүй хийснээс болсон. Замын далан технологи, зааврын дагуу хийгдээгүй, зохих хэмжээнд нягтрал аваагүй, ашигласан материал шаардлага хангахгүй тохиолдолд дээр нь хийгдэх замын хийцүүдийн чанарт шууд нөлөөлдөг.

2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр манай компанийн ерөнхий инженер талбайд дахин шалгалт хийхэд нэлээд торон хагарал үүссэн байсан ба эдгээр эвдрэлийн ихэнхи нь 2014 онд илэрсэн далангийн материал шаардлага хангахгүй хэсгүүдэд үүссэн нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 07/056/210 тоот дүгнэлтээр нэлээд хэсгүүдэд техникийн шаардлага хангахгүй материалаар далангийн дүүргэлтийн ажлыг гүйцэтгэсэн нь торон хагарал үүсч, эвдрэл гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн. 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 05-ны өдрийн хооронд Зам тээврийн яамны ажлын хэсэг манай замд чанар, байдлын эцсийн дүгнэлт гаргах зорилгоор ажилласан ба уг дүгнэлтэд 12.8 км замын даланг 60-100 см гүнд, хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурийн хамт сольж асфальбетон хучилтыг дахин хийх, 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгэх гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь манай компани өмнө нь замын далан, хиймэл байгууламж, хоолойг гүйцэтгэсэн компанийн ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгасан. Далангийн чанар муугаас хучилтад нөлөөлсөн, технологийн болон өдөр тутмын хяналтыг захиалагч байгууллагын хяналтын инженерүүд гүйцэтгэж, тэдний хяналтын дор ажлыг гүйцэтгэсэн учир шууд буруутгах үндэслэлгүй. Нэгэнт далан шаардлага хангахгүй, чанар муутай байхад 37.2 км замын асфальтбетон хучилтыг 3 см-ийн зузаантайгаар хүчитгээд ч нэмэр байхгүй, ирэх жилээс өнөөдрийн үүсээд байгаа торон хагарал бусад хагарлууд үүсэх болно. Өмнө нь 12.832 метр газарт хөлдөлтөөс хамгаалах үе болон буталсан чулуун суурь бүрэн сольж хучилт хийх шаардлагатай гэсэн бол одоо 60-100 см гүнд болгосон нь өмнөх компанийн ажлын чанарыг илүү тодотгож өгсөн. Авто замын эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн буюу даланг чанаргүй гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, захиалагчийн өдөр тутмын хяналт тавьж байсан хяналтын инженерт хариуцлага тооцохгүйгээр манай байгууллагаас 10 945 921 481 төгрөгийг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЧГИК” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын асфальбетон хучилтын ажлыг гүйцэтгэхдээ тендерийн гэрээнд тусгагдаагүй боловч даланг засах нэмэлт ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж, ажлын зардал 1 800 136 187.49 төгрөг болсныг зөвлөх компани буюу Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хяналтын инженерүүд баталгаажуулан захиалагчид хүргүүлсэн. Авто замын хучилтын торон хагарлын шалтгаан нь өмнөх ажил гүйцэтгэсэн компани замын даланг чанаргүй хийснээс болж суулт үүссэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн төвийн 9 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтүүдээр давхар батлагдана. Хэдийгээр ажлын гологдол нь өмнөх компанийн гүйцэтгэсэн ажлаас хамааралтай боловч захиалагчаас өгсөн үүрэг даалгаврын дагуу барзгаржилттай хэсэгт буюу асфальтын зузаан хангалтгүй цэгүүдэд 1.3 км-т 3 см асфальт дэвсэн торон хагарал үүссэн газруудын далангийн суурь бүтцийг засан дахин хучилт хийсэн ажлын зардалд 2014 онд 391 602 471.68 төгрөг, 2015 онд 161 799 757.17 төгрөг, гэрээнд тусгагдаагүй хоолойн ажил 18 826 696 төгрөг, 2014 оны хяналтын инженерийн зардал 13 054 600 төгрөг дээр 2013, 2014 онд илүү хийж гүйцэтгэсэн ажлын зардлын хамт нийт 2 385 419 712 төгрөгийн зардлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тул үүнийг Зам тээврийн хөгжлийн яамнаас нэхэмжилж байна. Мөн тендерийн ажлын хүрээнд гүйцэтгэх ажлаа манайх 100 хувь гүйцэтгэсэн боловч санхүүжилтийн 90 хувиар санхүүжигдсэн тул үлдэх 10 хувь буюу 1 256 516 487 төгрөг дээр өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн дээрх 2 385 419 712 төгрөг, нийт 3 641 936 199 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч ЗТХЯ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ЧГИК” ХХК нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэх 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний 2.3 дахь заалтын дагуу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ашиглалтанд оруулахаар үүрэг хүлээсэн байтал өнөөдрийг хүртэл улсын ашиглалтанд хүлээлгэн өгөөгүй. Мөн тус зам, барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн “Эм Си Пи Жи Ар” ХХК-ийн 8 дугаар сарын 29-ний өдрийн барилгын ажилд зохиогчийн хяналт хийсэн дүгнэлтээр нийт 31 зөрчил, дутагдал илэрсэн. Тус компанид зөрчил дутагдлаа арилгаж авто замыг улсын ашиглалтанд оруулах талаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэлгүй, С-АЗ-Б 2014-135/163 дугаар гэрээний ерөнхий нөхцлийн 7.5, 10.1, 14.1 дэх заалтыг зөрчсөн. Иймд хариуцагч нь санхүүжигдээгүй 10 хувь 1 256 516 487 төгрөгийг тус яамнаас нэхэмжлэх үндэслэлгүй. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 311 дүгээр тушаалаар байгуулагдсан автозамын ажилд техникийн үзүүлэлт, чанар байдалд дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүний дүгнэлтээр нийт 9 зөрчил, дутагдал илэрснийг одоо хүртэл арилгаагүй. Мөн нэхэмжилсэн үнийн дүнг ямар баримт, материалыг үндэслэн нэхэмжилсэн талаар нотлох баримтгүй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн тул 3 641 936 199 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар хариуцагч ЧГИК ХХК-д холбогдох 10 945 921 481 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЗТХЯны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ЗТХЯнаас 3 050 175 738 төгрөг гаргуулж, хариуцагч ЧГИК ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ЧГИК ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391 602 471 төгрөг, 2015 онд 161 799 757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурилуулсан ажлын хөлсөнд 18 826 696 төгрөг, Зам тээврийн яамны хяналтын инженерийн зардалд 13 054 419 төгрөг, нийт 585 283 343 төгрөг гаргуулах хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18 367 631 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 15 408 828.69 төгрөг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт "Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч
нь "Насны зам" ХХК-ийн дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн хөлсөнд 2014 онд 391 602 471
төгрөг, 2015 онд 161 799 757 төгрөг, гэрээнд тусгагдаагүй 2 хоолой нэмж суурилуулсан
ажлын хөлсөнд 18 826 696 төгрөг, Зам, тээврийн яамны хяналтын инженерийн зардалд
13 054 419 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл
хөлсөнд 1 250 039 551 төгрөг, гэрээнд заагдаагүй нэмж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд
1 800 136 187 төгрөг, нийт 3 050 175 738 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага
дэмжсэн" гэжээ. Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагч "ЧГИК" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн эсэхээ нотолж чадалгүй нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаар байтал нөхцөл байдлыг буруу дүгнэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагчаас "нэмэлт ажлын чинь төсөв байгаа юу" гэж асуухад "нэмэлт ажил дээр төсөв гардаггүй" гэсэн нь тухайн нэмэлт ажлыг хийгээгүй, урьдчилан төсөв гаргаагүй нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах баримт байхгүйг нотолно. Мөн "...нэхэмжлэгч нь ажил эхлэх цэг, нөхцлийг хариуцагч тал мэдэж байгаа гэсэн боловч өөрийн тайлбарыг нотлоогүй" нь үндэслэлгүй бөгөөд замын далангийн ажил нэгэнт хийгдсэн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр "Чайна гео инженеринг" ХХК тендерт оролцсон нь тухайн ажлын эхлэл, төгсгөлийн цэг тодорхой болсноор нотлогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгч Иргэний хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заалтыг зөрчсөн. Шийдвэрт "... хариуцагчийн гүйцэтгэх ажлыг бэлэн болсон далан дээр чулуун давхарга тавьж улмаар асфальтаар хучих ажил байсан гэж үзлээ" гэж баримтгүй таамгаар тогтоосон. Мөн “…ажил нь чанаргүй байсан тул хүлээн авах боломжгүй гэж тайлбарласан" гэж нэхэмжлэлийн үндэслэлийг "ажил хүлээн авах тухай" гэж шүүгч буруу ойлгож дүгнэсэн нь "...гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй тул түүнийг дахин засварлах зардлыг гаргуулах" гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай зөрүүтэй байгаагаар нотлогдоно. Шийдвэрт "...хариуцагч нь гэрээнд заагдаагүй боловч ...нэмэлт ажил гүйцэтгэсэн нь ... тогтоогдож байна" гэсэн нь гэрээнд заагдаагүй нэмэлт ажлыг дур мэдэн хийсэн хэмээн, ажлын хөлс шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 347 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажлыг хүлээн авах үед өмнө нь өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй, чанарын шаардлага хангаагүй байгааг шүүгч хүлээн аваагүй нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д нийцээгүй. Шийдвэрт "...50 км авто замын эвдрэлд хариуцагч буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй" гэсэн нь ямар нотлох баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй төдийгүй шийдвэрийг бүх талаас нь үнэн зөв эргэлзээгүй гаргаж чадаагүйг нотолно. Шүүгч хэргийг шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн гаргасан "шинжээч оролцуулах хүсэлт"-ийг хангаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт шууд "...авто замд үүссэн эвдрэл нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажлаас шалтгаалаагүй, өмнөх гүйцэтгэлийн далан болон хөлдөлтөөс хамгаалах давхаргыг технологийн горим зөрчиж, стандартад нийцэхгүй материалаар, зохих зөвшөөрлийг журмын дагуу авалгүй гүйцэтгэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй" гэсэн боловч ямар стандарт, технологийн горимыг зөрчсөн тухай дурдаагүй. Хэрэв шүүгч нэхэмжлэгчийн гаргасан "шинжээч" оролцуулах хүсэлтийг хангасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд "ЧГИК" ХХК-ийн чанарын шаардлага хангаагүй, стандарт норм, дүрэм, техникийн шаардлага зөрчиж, замын барилгын ажил гүйцэтгэсэн нь тогтоогдох байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг зөрчсөн.

            Шүүхийн шийдвэрт үг үсэг, найруулгын алдаа гаргасан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д "монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай байх" шаардлагад нийцэхгүй. 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн захирамждаа "... 3 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай эсэх нь эргэлзээтэй юм" гэж дүгнэсэн нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ мэргэжлийн ур чадвар дутмаг байгааг нотолно.  Шийдвэрт ЗТХЯ болон хариуцагч "ЧГИК" ХХК-ийн хооронд үүссэн иргэний маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас гадуур "Насны зам" ХХК-ийн гэрээг дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахад шаардлагатай 10 945 921 481 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч ЗТХЯ нь хариуцагч “ЧГИК” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах зардалд 10 945 921 481 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын хөлсний үлдэгдэл 1 250 039 551 төгрөг, нэмэгдэл ажлын зардал, хөлсөнд 2 391 896 648 төгрөг, нийт 3 641 936 199 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжилжээ. 

            Зохигчид гүйцэтгэсэн ажлын шинж, чанар, доголдлын талаар маргаж, уг үйл баримтыг тогтоох зорилгоор нэхэмжлэгч тал хариуцагч “ЧГИК” ХХК-ийн хийсэн ажил зам засварын ажлын техникийн шаардлага, холбогдох норм стандартын шаардлага хангасан эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх “... 2015 онд гүйцэтгэсэн гэх ажлын чанарын талаар 3 жилийн дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход хамааралтай эсэх нь эргэлзээтэй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн гэж үзэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахаар байна. /5хх-1161, 1165-1166 дахь тал/

Түүнчлэн шүүхээс гарах шийдвэр талуудын хооронд үүссэн маргааны зүйлийн талаар хэн нэгэн этгээдийн эрх, ашигт сөргөөр нөлөөлөхөөр байгаа тохиолдолд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар татан оролцуулах учиртай. Хариуцагч тал, гүйцэтгэсэн автозамын барилгын ажлын доголдол нь “Насны зам” ХХК-ийн гүйцэтгэсэн чанаргүй ажлын үр дүнгээс шалтгаалсан гэж маргаж байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болох талаар анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

            Мөн хариуцагч “ЧГИК” ХХК-ийн гүйцэтгэх Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил нь талуудын маргаж буй “Насны зам” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн 143 км замын ажлын аль хэсэгт хамаарч байгаа, уг ажлын үр дүнгийн доголдол нь аль компанийн гүйцэтгэлээс шалтгаалсан эсэх үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтыг тендерийн баримтад байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан байхад анхан шатны шүүх нотолгооны ажиллагаанд оролцох үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийн дүгнэлт хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна.

            Дээрх зөрчлийн улмаас давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2018/01650 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                                 Ч.ЦЭНД