Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00850

 


                                                                        ****ийн нэхэмжлэлтэй

                                                                         иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэр, 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хилийн 0101 дүгээр анги 

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч **** иргэн П.Базаррагчаа,С.Пүрэвсүрэн нарын хооронд 2017.08.31-ний өдөр байгуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017.09.01-ний өдөр олгосон Ү-1317000870 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулж, шударга өмчлөгчийг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч В.Намхайнямбуугийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Саранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь ****д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сэлэнгэ аймаг дахь дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр, 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч ****ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч ****т олгож, гуравдагч этгээд 0101 дүгээр ангийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, шударга эзэмшигчийг тогтоолгох, мөн худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар магадлалаарСэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч В.Намхайнямбуу хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хилийн 0101 дүгээр анги нь хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээн дэх тогтоомжоор хүлээсэн үүргийг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байрлан төрийн тусгай үүргийг хэрэгжүүлдэг. Засгийн газар, аймаг орон нутаг, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгээр болон өөрсдийн аж ахуй аргаар ажилтан, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ая тухай нөхцөлд ажиллах, амьдрахад нь ангийн үе үеийн захирагч, удирдлагуудын зүгээс анхаарал хандуулж ирсний үр дүндодоогоор тус ангийн алба хаагчид тодорхой хэмжээнд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ангийн мэдлийн орон сууцаар бүрэн хангагдсан байгаа. ****ийн өмчлөлийн гэх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлээд байгаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байрны 20 тоотод орших маргааны зүйл болсон орон сууц нь угтаа болон Хилийн 0101 дүгээр ангийн өмч бөгөөд 0101 дүгээр ангид штабын даргаар томилогдсон үе үеийн алба хаагчид Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар томилогдоод ажиллах хугацаандаа ар гэр, үр хүүхэдтэйгээ амьдраад шилжих тохиолдолд ангид хүлээлгэн өгөөд явдаг, одоо ч манай ангийн штабын даргаар ажиллаж байгаа дэд хурандаа **** амьдарч байгаа, манай ангийн данс бүртгэлд 2001 оноос өнөөг хүртэл авагдсан орон сууц юм. Анх Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2001.10.05-ны өдрийн 679 дугаартай тушаалаар Хилийн 0101 дүгээр ангийн мэдлийн орон сууцны фондыг нэмэгдүүлэх зорилгоор 3000 ам.долларыг шийдвэрлэснээр анги анх худалдан авч байсан бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэгч ****тэй “Худалдах-худалдан авах гэрээ” хийсэн 1999-2006 онд тус ангид штабын даргаар ажиллаж байсан П.Базаррагчаагийн эхнэр С.Пүрэвсүрэн ч өөрийн хөрөнгөөр бус Хилийн 0101 дүгээр ангийн хөрөнгөөр анх худалдан авч байсан тухайгаа энэхүү орон сууцны талаарх эрүүгийн журмаар шалгагдах үедээ хэрэгт мэдүүлсэн байдаг. Түүнчлэн 2017.08.31-ний өдрийн “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулахад тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр нь дурдагдсан П.Базаррагчаа болон худалдан авагч **** нар байгаагүй болох нь хэрэгт авагдсан Ж.Саранчимэгийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогддог. Мөн эдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн газрын үсгийг шинжилгээгээр тогтоогдсон байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх ****ийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Аливаа хөрөнгийг өөрийн өмчлөлд олж авахдаа өмчлөгч хууль ёсоор олж авсан байх ёстой. Энэ хэрэгт авагдсан баримтуудаас харвал худалдагч тал болох П.Базаррагчаа хөрөнгөө зарагдаж байгааг, нөгөө талд худалдан авагч **** өөрийгөө орон сууцтай болж байгааг тус тус мэдээгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Мэдээгүй байхдаа нэг нь бусдад худалдаж, мэдээгүй байхдаа хэн нэг нь өмч хөрөнгөтэй болж болдог гэж шүүхүүд шийдвэрлэж байгаа нь нэн харамсалтай.

4.1. Тухайн үеийн хууль тогтоомжийн дутмаг байдлаас улбаалан тухайн цаг хугацаанд ангийн штабын даргаар ажиллаж байсан дэд хурандаа П.Базаррагчаагийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан гэрчилгээний эх хувийг ангийн нууцын архивд хадгалсан байдаг. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэхгүй гэсэн хуультай байсан. Нэгэнт ийм хуультай байсан тул улсын бүртгэлд өмчөө бүртгүүлэх боломжгүй болсон тул эзэмшил, ашиглалтад байгаа албан тушаалтан болох П.Базаррагчаа нь өөрийн нэр дээр бүртгүүлэх процесс тухайн үедээ хийгджээ. Гэхдээ П.Базаррагчаа нь тухай орон сууцыг өөрийн өмч хөрөнгө биш гэдгийг мэдэж байсан тул 2016 онд Хил хамгаалах ерөнхий газарт хандаж тухайн орон сууцыг өөрт шилжүүлэн өгөхийг хүссэн өргөдөл гаргасан байдаг. Дэд хурандаа П.Базаррагчаа нь 2006 онд ажлаа өгсөн бөгөөд үүний дараа авто осолд орж, биеийн байдал муу гэх шалтгаанаар Сэлэнгэ аймагт буцаж ирээгүй бөгөөд уг орон сууцны гэрчилгээн дэх өмчлөгчийн өөрчлөлтийг хийлгэхэд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээ хэлцлийг тухайн үл хөдлөх байрлаж буй газрын тойргийн нотариатч батлах хуулийн зохицуулалтаас шалтгаалан уг өөрчлөлтийг хийлгэж чадахгүй байтал 2017 онд П.Базаррагчаагийн эхнэр гэх С.Пүрэвсүрэнтэй ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу уулзаж, орон сууцыг ангид шилжүүлэх талаар ярилцахад 13,000,000 төгрөг нэхэж, хэрэв өгөхгүй бол өөр хүнд шилжүүлнэ гэж сүрдүүлсэн байдаг. Ингээд ангийн төсөвт ийм их хэмжээний мөнгө байхгүй, түүнээс гадна анги өөрийнхөө өмчийг бусдаас худалдаж авна гэж байж боломгүй явдал учир 2017 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан байна. Эрүүгийн журмаар шалгагдсан асуудал нь шүүхээс дүгнэлт хийхдээ залилах гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь өмчлөлийн асуудлыг иргэний журмаар шүүхээр хянан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байна. Энэ мэт хууль бус үйл ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүх өөгшүүлж буй нь ийм шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаа бөгөөд төрийн байгууллагын өмч хөрөнгийг хуульгүй мэт аашилж, нотариатчийг ямар замаар аргалж хийсэн нь мэдэгдэхгүй гэрээгээр халхавчилж авч завших боломжийг заль этгээдэд олгож байгааг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч В.Намхайнямбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх ****ыг маргааны зүйл болсон орон сууцны шударга эзэмшигч гэж үзэхэд хамаарах болон нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот орон сууцыг хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа бөгөөд тус байрыг нэхэмжлэгч хууль ёсоор өмчилсөн...” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч **** “...миний бие байгууллагын өмчлөлийн орон сууцанд гэрээгээр оршин сууж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ. 

10. Гуравдагч этгээд Хилийн 0101 дүгээр ангийн “... ****, П.Базаррагчаа, С.Пүрэвсүрэн нарын хооронд 2017.08.31-ний өдөр байгуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 баг, 16 байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэх, орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай...” гэсэн бие даасан шаардлагатай. 

11. Зохигч хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот орон сууцыг **** шударгаар эзэмшиж байгаа эсэх, түүнчлэн өмчлөгч хэн болох нь маргааны зүйл болжээ. 

12. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот орон сууцны өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана. 

13. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар маргаан бүхий орон сууцыг төрөөс хувьчилж, өмчлөх эрх 1998.04.29-ний өдөр Г.Ганболдод үүсэж, худалдах-худалдан авах гэрээний дагуу 1999.05.17-ны өдөр Х.Сэржханд, Ч.Гүнбаярт, худалдах-худалдан авах гэрээний дагуу 2001.11.06-ны өдөр П.Базаррагчаа, Б.Хандсүрэн, С.Пүрэвсүрэнд, худалдах-худалдан авах гэрээний дагуу 2017.09.01-ний өдөр ****т шилжин тус тус улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогджээ. 

14. Нэхэмжлэгч **** нь П.Базаррагчаа, Б.Хандсүрэн, С.Пүрэвсүрэн нартай 2017.08.31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг үндэслэж, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот 28,95 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-1317000870 дугаарт бүртгүүлж, 000506909 тоот гэрчилгээ авснаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх дуусгавар болж,  нэхэмжлэгч өмчлөгч болсон байна. 

15. Анхан болон давж заалдах шүүх ****ийн бусадтай байгуулсан 2017.08.31-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ Хилийн 0101 дүгээр ангийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн зөрчсөн, ямар үндэслэлээр бие даасан шаардлага түүнд холбогдуулан гаргаж байгаа талаар гуравдагч этгээд тайлбарлаж чадаагүй, орон сууцаа П.Базаррагчаагаас буцаан шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, тухайн хөрөнгийн өмчлөгч гэдгээ шүүхэд нотлоогүй, шүүхэд ирүүлсэн баримтаар гуравдагч этгээдийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

16. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т “Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй”, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “...эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зохицуулан заажээ. 

Нэхэмжлэгч **** 2017.08.31-ний өдөр П.Базаррагчаа, Б.Хандсүрэн, С.Пүрэвсүрэн нартай орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед худалдагч нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот 28,95 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш,  Хилийн 0101 дүгээр анги байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. 

17. Хариуцагч **** байгууллагын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот 28,95 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцанд гэрээгээр оршин сууж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй гэж үзнэ. 

18. Хоёр шатны шүүх хариуцагч **** Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 байр 20 тоот 28,95 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлөөр эсхүл хууль болон гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа болох нь нотлогдоогүй тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй талаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ. 

19. Анхан шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй болсон байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна. 

20. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч В.Намхайнямбуугийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 50 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “106.2” гэснийг хасаж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч В.Намхайнямбуугийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                                         Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ