Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 00504

 

2020 оны 07 сарын 24 өдөр

    Дугаар 153/ШШ2020/00504

      Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух, Баяжихвандан овогт Э-гийн М //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн ЭСБА 1 дүгээр ... айлын орон сууцны .. тоотод байрлах, Э ХХК //-д холбогдох,

Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,00 төгрөг, 5 дугаар давхарын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,000 төгрөг, алданги 7,787,640 төгрөг, нийт 154,664,640 /нэг зуун тавин дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай өөрчилсөн шаардлагатай,

Э.Мэд холбогдуулан гаргасан 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 6 давхарын 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц захиалах 17 дугаар гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 5 давхарын 49 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц захиалах 18 дугаар гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэмэгдсэн өртөгийн албан татвар 44,001,524 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй 153/2019/00380/и дугаар индекстэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээс ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри /онлайн/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх /онлайн/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өөрчилж 154,664,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.М гэдэг хүн Э ХХК-тай 2 орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг 2 орон сууцыг Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд захирал Ц.Батхишиг нь хүлээлгэж өгнө гэдэг асуудлыг ярьдаг байсан. Сүүлдээ утсаа авахгүй байхаар нь шүүхэд хандсан. Шүүхэд 2 орон сууцаа авна гэдэг үндэслэлээр өмчлөх эрхийг нь шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан боловч Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ирсэн албан бичгээр гэрээнд заасан хоёр орон сууц нь байхгүй. 6 дугаар давхарын 49 тоот орон сууцыг өөр хүмүүст зарсан байна. Харин 59 тоот гэдэг орон сууц хаягжилтын хувьд байхгүй гэдгийг мэдсэн....Бид нарын хувьд нэхэмжилж байгаа өмчлөх эрхийн гэрчилгээг байхгүй гэдгийг 6 дугаар сард мэдсэн учир бид нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байрны үнэ болох 154,664,640 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байгаа.

Хариуцагч талын маргаж байгаа хугацаа нь хөөн хэлэлцэх хугацаа байсан бол анхан шатны шүүхэд хэрэг буцаж ирсний дараа гэрээ хүчин төгөлдөр бус гэдэг асуудлыг ярьсан. Иргэний хуульд заасан итгэл хамгаалах зарчим, гэрээний чөлөөт байдлын зарчим яах юм бэ. Ц.Батхишиг захирал өөрийн гараар байрны төлбөр бүрэн хийгдсэн. Энэ 2 байрыг өгнө гэсэн бичилт хийсэн. Уг бичилт дээр хариуцагч тал маргахгүй гээд шинжээч томилуулах хүсэлтээс татгалзуулсан. Гэрээ байгуулж гарын үсгээ зурж, өгнө гэсэн зүйлээ өгөхгүй, татгалзаж байгаа үндэслэлүүдээ өөрчилж байгаа нь гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байна гэж үзэж байна. Э.М нь Улаанбаатар хотод амьдардаг. Улаанбаатараас Ховд руу ойр ойрхон яваад бодит нөхцөл байдлыг харах боломжгүй байсан нь үнэн. Э ХХК нь хариуцлагагүйгээр хийсэн гэрээгээ зөрчсөн. Гэрээ нь хэрэгжих боломжгүй болсон учир дуусгавар болж байна. Гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан өгсөн авснаа буцааж авах буюу мөнгөө буцааж авах боломж үлдсэн учир мөнгөө нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 154,664,640 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч талд олгуулж өгнө үү....2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд байгуулсан 17, 18 дугаартай 2 орон сууц худалдах, худалдан авах захиалгын гэрээний дагуу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаад тооцсон алданги юм. Гэрээний 4.2 дахь заалтыг үндэслэж сар тутамд 0,1 хувиар бодож гаргасан. Гэрээний 2.3-д заасны дагуу “гэрээний 3.2-д заасны дагуу орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөнөөс хойш 1 хоногийн дотор захиалагчийн өмчлөлд баримтаар хүлээлгэн өгөх байсан байрыг” гэж заасан байгаа учир 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 0,1 хувиар алданги тооцож бодсон....Хэрвээ 2 байраа Э.Мэд өгч чадахгүй бол 88,844,920 төгрөгөөр тооцож мөнгийг нь төлнө гэсэн бичилтийг Э ХХК-ийн захирал хийж өгсөн. Магадгүй Э ХХК нь 49, 59 тоотыг өөр хүнд зарна гэсэн агуулгаар гэрээ хийсэн учир ийм бичилт хийж өгсөн байх гэж үзэж байна....2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Үүр тээл ХХК-д 20,125,000 төгрөг төлсөн. Мөн Үүр тээл ХХК-ийн захирал Даваадоржийн дансаар дамжуулж 10,000,000 төгрөг төлсөн. Нийт 30,125,000 төгрөгийг Э.М хүлээн авсан. 58,719,920 төгрөгийг Э ХХК нь төлөөгүй. Өөр хүмүүст мөнгө төлсөн баримтаа ашиглаж байна. 88,844,920 төгрөгийн болзол хүлээсэн хариуцагч 30,125,000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Болзлын ихэнх нь буюу 58,719,920 төгрөгийг төлөөгүй....гэв.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Ц.Батхишиг шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:…Иргэн Э.Мийн зүгээс 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан....2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж орон сууцны үнэ болон алданги нийт 154,664,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн....Талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл байгуулагдсан. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 17, 18 дугаартай орон сууц захиалах гэрээг Эрдэнэ овогтой М, Э ХХК-тай байгуулсан. Уг гэрээний 3.2-д 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 73,440,000 төгрөгийг буюу тухайн орон сууцны үнийг бүрэн төлсөн гэдэг агуулгаар гэрээ байгуулсан. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн гэрээг байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн гэрээнд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 49 болон 59 тоот орон сууцыг Үүр тээл ХХК зарж борлуулах эрхтэй болно гэдэг агуулга байгаа.  

Үүр тээл ХХК болон Э ХХК-ийн хооронд 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Ховд аймгийн Жаргалант багийн Цамбагарав багт Э ХХК-ийн барих 2 дугаар 80 айлын орон сууцад зориулж арматур буюу катан төмрийг зээлээр худалдах худалдан авахаар хэлцэл байгуулагдсан нь маргаангүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн субъект нь Э.М гэдэг хувь хүн болохоос биш Үүр тээл ХХК биш юм гэж тайлбарладаг. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн эргэн төлөлтийн гэрээн дээр захирал Даваадорж, гүйцэтгэх захирал Э.М гэсэн гарын үсэг зурсан. Үүний дагуу хариуцагч Э ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн талаар хариуцагч тал өнөөдрийг хүртэл хариу тайлбар өгөөгүй байна. 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Үүр тээл ХХК болон Э ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн. Уг актаар 88,844,920 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Өөрөөр хэлбэл Э ХХК зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу байгуулсан хэлцлийн үндсэн дээр 395,171,840 төгрөгийг төлөөд 88,44,920 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Хавтаст хэрэгт сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргаж өгсөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 7,000,000 төгрөг, мөн өдрийн 13,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20,125,123 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг. Нийт 55,125,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийг гэрээний дагуу төлсөн байдаг. Үүнээс 33,719,920 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Хавтаст хэрэгт сөрөг нэхэмжлэл болон үндсэн нэхэмжлэлийн дагуу Үүр тээл ХХК болон Э ХХК-ийн тооцоог гаргаж өгсөн. Нийт 486,016,760 төгрөгийн худалдан авалтыг Үүр тээл ХХК-тай байгуулсан. Үүний нэмэгдсэн өртгийн албан татвар нь 44,100,524 төгрөг болж байгаа. Зээлийн эргэн төлөлтийн гэрээн  дээр гүйцэтгэх удирдлага Э.М гэсэн гарын үсэг байгаа. Би Э ХХК-ийн захирал Ц.Батхишигээс 17, 18 дугаартай орон сууц захиалах гэрээний талаар асуухад  Үүр тээл ХХК нь төмрийн худалдаа эрхэлдэг компани байсан. Э.М нь Үүр тээл ХХК-ийн гүйцэтгэх захирал юм. Э.М нь зээлийн эргэн төлөлтийн 03 дугаартай гэрээн дээр мөн гарын үсгээ зурсан байгаа. Үүр тээл ХХК-тай 2 өрөө орон сууц захиалсан гэрээг байгуулъя гэдэг асуудлыг ярихад Э.М манай компанитай байгуулаад хэрэггүй би тухайн компани гүйцэтгэх удирдлага хэдий ч хувь хүний хувьд гэрээ байгуулъя гэсний дагуу зээлээр худалдах худалдан авах төмрийн гэрээг Э.Мтэй байгуулсан. Нийт 397,171,840 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлд 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,000 төгрөг нийт 150,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс харахад төлсөн мөнгөө дахин төлөх агуулга яригдаж байна. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч аливаа зүйлд шударга байх ёстой. Зах зээлийн чөлөөт нийгэм хэдий ч 17, 18 тоот орон сууц захиалах хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр байгуулсан гэрээний дагуу зүтгээд байх шаардлага байхгүй. Бид хоёр хоорондоо ярилцахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танайх манайд 30,000,000 гаруй сая төгрөгөө өгчих гэдэг зүйлийг ярьдаг. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр эвлэрэх асуудал ярихад танайх 32,000,000 төгрөгөө өгчих, манайх нэмэгдсэн өртгийн албан татварын талаар ярихгүй гэдэг асуудлыг ярьдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 154,664,640 төгрөг гаргуулахаар өөрчилсөн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадаагүй. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү....Үүр тээл ХХК-тай Э ХХК тооцоо нийлсэн акт хийсэн. Үүр тээл ХХК-ийн нягтлан бодогч Баттуул нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Үлдэгдэл төлбөр нь 88,844,920 төгрөг байсан. Үлдэгдэл төлбөрөө төлж дууссанаар тухайн гэрээ цуцлагдах болно гэсэн агуулгаар бичиж өгсөн...гэв.

Хариуцагч Э ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарлахын тулд үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг тайлбарлах шаардлагатай байна. Э ХХК болон иргэн Э.М нарын хооронд 17, 18 дугартай орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.2-д 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлбөрийг 100 хувь төлсөн гэдэг агуулгаар Э ХХК-ийн захирал гарын үсэг зурсан. Гэрээний доод талд 88,844,920 төгрөгийг төлөгдсөний дараа энэхүү гэрээг дуусгавар болгоно гэсэн агуулгаар бичиглэл хийсэн. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн гэрээг Үүр тээл ХХК-ийн захирал Даваадорж, Ховд Э ХХК захирал Ц.Батхишиг гэсэн гарын үсэг зурсан. Ц.Батхишигийн гарын үсэг, Э ХХК-ийн тамга нь одоо байгаа. Зээлийн эргэн төлөлтийн гэрээг мөн байгуулсан. Гэрээний 2.2-д Жаргалант сум Цамбагарав багт барьж буй орон сууцны 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 давхарын 49 тоот 54 метр квадрат талбай бүхий 2 өрөө байр, 59 тоот  байрыг Үүр тээл ХХК зарж борлуулах эрхтэй болно. Гэрээний 2 дугаар хуудсанд энэхүү гэрээг байгуулсан Үүр тээл ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М, Ховд Э ХХК-ийн захирал Ц.Батхишиг гэж гарын үсэг зурсан байгаа. Энэхүү гэрээн дээр Ховд Э ХХК гэж бичсэн байгаа нь бичиглэлийн алдаа байх. Үүр тээл ХХК болон Э ХХК-ийн хооронд тухайн үед орон сууцыг барихад зориулж барилгын нэршлээр катаныг зээлээр худалдах худалдан авах буюу Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан тохиролцоо байгуулагдсан. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Мөн өдөр зээлийн эргэн төлөлтийн гэрээ байгуулсан. Улмаар 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Үүр тээл ХХК болон Э ХХК-ийн хооронд тооцоогоо нийлүүлж тооцоо нийлсэн акт гаргасан. Нийт 484,016,760 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Үүр тээл ХХК-иас худалдаж авсан. Үүнээс 395,171,840 төгрөг төлсөн. Үүнтэй маргахгүй байгаа гээд хоёр хуулийн этгээд тооцоо нийлсэн актаар эцсийн үлдэгдлээ 88,844,920 төгрөг гэж баталгаажуулсан. Орон сууц захиалгын 17, 18 дугаар гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ гэрээний  зорилго нь орон сууц авах биш юм. Орон сууц захиалах гэрээгээр халхавчилж төмөр буюу арматур, катан төмөр худалдаж авсаны дутуу төлбөрийг төлөх зорилготой байсан.

Татварын  ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д “албан татвар” гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж зохицуулсан. 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг ойлгоно гэж зохицуулсан. Үүнээс харахад Э.М нь албан татвар төлөх үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт заасны дагуу албан татвар төлөх журамт үүргээ биелүүлэх ёстой. Хуулийн этгээд Монгол улсын Татварын тухай хууль болон бусад хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд албан татвар ногдуулах хувь хэмжээг зохицуулсны дагуу “Бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасан. Нийт 484,016,760 төгрөгийн борлуулалтыг Үүр тээл ХХК болон Э.М нар хийсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая тайлбартаа тухайн орон сууцыг бартераар худалдаж авахын тулд өөрийн албан тушаалаа ашиглан катан буюу төмөр нийлүүлсэн гэж тайлбарлаж байна. Нийт 484,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн. Үүнээс 10 хувиар нь нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцохоор  44,001,524 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг Үүр тээл ХХК юм уу Э.М төлөх үүрэг нь бий болж байгаа. 17, 18 дугаар гэрээ нь Зээлээр худалдах худалдан авах гэрээг халхавчилж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцлийг агуулсан учир сөрөг нэхэмжлэл гаргаж тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу миний зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хуудас падааныг гаргаж өгсөн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэмэгдсэн өртгийн албан татвар болох 44,001,524 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0011880925 дугаартай татварын падаан, мөн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0013408669 дугаартай татварын падаан, нийт 200,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг Үүр тээл ХХК-ийн зүгээс Э ХХК-д өгсөн байгаа. Нийт Э ХХК 484,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж үзвэл 18,181,818 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгсөн учир Э ХХК Ховд аймгийн татварын хэлтэст тайлагнасан байгаа....Үлдэгдэл 25,819,706 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг Үүр тээл ХХК-ийн зүгээс өгөөгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. 17, 18 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэмэгдсэн өртгийн албан татвар 25,819,706 төгрөгийг гаргуулж Э ХХК-д олгож өгнө үү....2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Нийт 484,016,760 төгрөгийн катан, арматур төмөр авсан....Тооцоо нийлсэн актаар гарсан 88,844,920 төгрөгийн үлдэгдлийг Э.Мэд мөнгө төлөх асуудал биш юм. Хавтаст хэрэгт мөнгөн шилжүүлгийн баримтыг өгсөн байгаа. 2015 оны  02 дугаар сарын 18-ны өдөр ЭСБА Эрдэнэхүү материалын үнэ 13,000,000 төгрөгийг, 2015 оны  02 дугаар сарын 18-ны өдөр ЭСБА Отгон-Очир 7,000,000 төгрөгийг, 2013 оны 8 дугаар сарын 3-ны ЭСБА ХХК-иас Үүр тээл ХХК-д 20,000,000 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ЭСБА-с Хосбаярт гэсэн утгатай 5,000,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ганболороос Даваадоржид материалын үнэ гэсэн утгатай 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нийт 55,125,000 төгрөгийг шилжүүлсэн. Тооцоо нийлсэн актаас 88,000,000 төгрөгийг хасахаар нийт 33,719,920 төгрөгийг Э ХХК нь Үүр тээл ХХК-д төлнө....Алдангийг Э.Мээс гаргуулж Э ХХК-д олгуулж өгнө үү...гэв.

Нэхэмжлэгч Э.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Компанийн тухай хуульд заасны дагуу Үүр тээл ХХК-ийн албан тушаалтан гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн гэрээн дээр Э ХХК нь Үүр тээл ХХК-иас нийт 484,016,760 төгрөгийн бараа материал худалдан авсан нь үнэн. Уг үнийн дүнгээс үлдэгдэл 88,844,920 төгрөг байхад талууд үлдэгдэл мөнгийг хэрхэн төлөх талаар дахин тохиролцохдоо Э.М 2 байр авъя гэж тохирсон. Хэрэв үлдэгдэл 88,844,920 төгрөгөө төлөөд дуусвал байрыг нь авахгүй талаар болзол тавьсан. Уг болзлыг 2 гэрээндээ гар бичвэрээр нэмж тусгасан. Хариуцагч талын ярьж байгаагаар зээлийн эргэн төлөлтийн гэрээг халхавчлахын тулд орон сууц захиалах гэрээг хийгээгүй. Үлдэгдэл мөнгөө хэрхэн төлөх талаар талууд харилцан тохиролцож Э ХХК болон Э.М нар орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Э.М орон сууц авах зорилготой байсан боловч уг орон сууц нь одоо байхгүй учир мөнгөө авъя гэж байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх асуудлыг Үүр тээл ХХК-тай ярьвал зохих байх. Иргэн Э.Мтэй холбоотой асуудал нь 88,844,920 төгрөгийн асуудал юм. Үлдэгдэл нь Үүр тээл ХХК-тай холбоотой асуудал. Э.М нь иргэн хүнийхээ хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш. Өнөөдөр бид нар 2015 оны асуудал ярьж байна. Үүнээс хойш 2 удаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх тухай хууль батлагдаад хэрэгжиж байгаа. Хариуцагч тал мөнгөө төлж чадахгүй бол байраар тооцож төлнө гэдэг гэрээ хийсэн. Өнгөрсөн 5 сарын хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын талаар асуудал байсан бол ярих байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар 25,000,000 төгрөгийг хэрвээ нэхэх гэж байгаа бол Үүр тээл ХХК-иас нэхэх ёстой. Орон сууц захиалах гэрээ нь халхавчилсан гэрээ биш юм. 88,844,920 төгрөгийн үлдэгдлийг хэрхэн төлөх талаар тохиролцож байгуулсан гэрээ юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар 44,001,524 төгрөгийн асуудал нь хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй буюу Э.Мэд хамааралгүй учир хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэгч нь нэхэмжлэгчид орон сууц захиалах гэрээний дагуу 2 орон сууцаа өгөхгүй гэж байгаа бол өөрийн гараар бичсэн мөнгөө өгөх хэрэгтэй. Гэрээнд заасан болзлоо зөрчсөн учир бид нар 2 орон сууцаа нэхсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү....Э ХХК нь 88,844,920 төгрөгийг Э.Мэд төлбөл байр авахгүй. Хэрэв үлдэгдлээ төлж чадахгүй бол байраа авна гэж тохирсон. Үлдэгдэл 58,035,080 төгрөгийг Э.М төлөх үүрэг хүлээгээгүй....Э ХХК нь Цамбагарав багт байрлаж байгаа барилгыг барихын тулд Үүр тээл ХХК-иас хагас тэрбум орчмын худалдан авалт хийсэн. Компаний эрх бүхий албан тушаалтан болох Э.Мэд 88,844,920 төгрөгийн шаардах эрхийг Үүр тээл ХХК-иас шилжүүлж, талууд тохиролцож тооцоо нийлэх акт үйлдэж орон сууцаар төлнө гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Хэрвээ 88,844,920 төгрөгийг төлбөл байраа авахгүй гэсэн болзол тавьсан....Үүр тээл ХХК барилгын төмрийн үйл ажиллагаа эрхэлдэг. Э ХХК нь барилга барьдаг компани юм. Зээлийн эргэн төлөлтийн гэрээн дээр 2 орон сууцаа дурдаад байгаа нь хэрвээ үлдэгдэл төлбөрөө өгч чадахгүй бол байр өгнө гэсэн утгатай гэрээг Үүр тээл ХХК-тай байгуулсан. Мөн шаардах эрхээ шилжүүлсний дараа иргэн Э.Мтэй гэрээ байгуулсан....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М нь Э ХХК-д холбогдуулан Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мэд шилжүүлэхийг даалгах, Э ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,00 төгрөг, 5 дугаар давхарын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,000 төгрөг, алданги 7,787,640 төгрөг, нийт 154,664,640 /нэг зуун тавин дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хариуцагч Э ХХК нь Э.Мэд холбогдуулан 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 6 давхарын 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц захиалах 17 дугаар гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 5 давхарын 49 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц захиалах 18 дугаар гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэмэгдсэн өртөгийн албан татвар 44,001,524 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “нэмэгдсэн өртөгийн албан татвар 44,001,524 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “нэмэгдсэн өртөгийн албан татвар 25,819,706 төгрөг гаргуулах” гэж багасгав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь Э ХХК-д холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,00 төгрөг, 5 дугаар давхарын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,000 төгрөг, алданги 7,787,640 төгрөг, нийт 154,664,640 /нэг зуун тавин дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.М нь иргэн Д.Майдрид 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхтэй болохыг дурдлаа. /1 дүгээр хавтаст хэргийн 58 дугаар тал/

Шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Э.М нь Э ХХК-ийн барьж буй орон сууцнаас Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудыг тус тус захиалан бариулахаар тохиролцон болох нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-үүдээр тогтоогдож байх /1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар тал/ боловч бодит байдалд нэхэмжлэгч Э.Мийн ажилладаг гэх Үүр тээл ХХК нь Э ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 484,016,760 төгрөгийн арматур, катанг зэрэг төмөрүүдийг нийлүүлж, үүнээс 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Э ХХК нь 88,844,920 төгрөгийг Үүр тээл ХХК-д төлөхөөр тооцоо нийлсэн болох нь Үүр тээл ХХК, Э ХХК-иудын тооцоо нийлсэн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 138 дугаар тал/ Энэ талаар талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....Үүр тээл ХХК-иас 88,844,920 төгрөгийг Э ХХК-иас шаардах эрх Э.Мэд шилжсэн учир Орон сууц захиалах гэрээг байгуулсан....Уг тооцоо нийлсэн актаар 88,844,920 төгрөгийн үлдэгдэл үлдэхэд Э.Мэд орон сууц өгье гэдэг байдлаар тохирсон. Өөрөөр хэлбэл шаардах эрх энэ үед шилжсэн....Орон сууц захиалах гэрээний дагуу орон сууцны үнэ, алдангийг нэхэмжилсэн....” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч “....Үүр тээл ХХК-тай Э ХХК тооцоо нийлсэн акт хийсэн....Үлдэгдэл төлбөр нь 88,844,920 төгрөг байсан....Тооцоо нийлсэн актанд дурдагдсан дүнгээ төлөөд орон сууц захиалгын гэрээ дуусгавар болно гэсэн агуулгаар бичсэн....” гэж тус тус мэтгэлцсэн болно.

Харин Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ....Э ХХК нь Цамбагарав багт байрлаж байгаа барилгыг барихын тулд Үүр тээл ХХК-иас хагас тэрбум орчмын худалдан авалт хийсэн. Компаний эрх бүхий албан тушаалтан болох Э.Мэд 88,844,920 төгрөгийн шаардах эрхийг Үүр тээл ХХК-иас шилжүүлж, талууд тохиролцож тооцоо нийлэх акт үйлдэж орон сууцаар төлнө гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Хэрвээ 88,844,920 төгрөгийг төлбөл байраа авахгүй гэсэн болзол тавьсан....гэж маргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь Үүр тээл ХХК нь Э ХХК-иас авах авлага болох 88,844,920 төгрөгийг шаардах эрхийг Э.Мэд шилжүүлснээр нэхэмжлэгч Э.М, хариуцагч Э ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-г байгуулсан гэж тайлбарлах боловч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу Үүр тээл ХХК нь Э.Мэд шаардах эрхээ шилжих тухай үүрэг гүйцэтгэгч буюу Э ХХК-д мэдэгдээгүй болох нь 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Э ХХК-иас Үүр тээл ХХК-д 20,125,000 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ганболороос Даваадоржид 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар тал/

Тодруулбал, Үүр тээл ХХК нь Э.Мэд шаардах эрхээ шилжүүлсэн тухай Э ХХК-д мэдэгдээгүйн улмаас хариуцагч байгууллага нь төмрийн тооцооны үлдэгдэл 88,844,920 төгрөгийн төлбөрөөс зохих төлбөрийг Үүр тээл ХХК-ийн холбогдох дансанд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүхийн гаргасан “....Бодит байдалд Э ХХК-иар Үүр тээл ХХК-д төлөх байсан төмөр худалдан авсан тооцооны үлдэгдэл төлбөр 88,844,920 төгрөгийг төлүүлэх зорилгоор Үүр тээл ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Э.М, Э ХХК-ийн захирал Ц.Батхишиг нар 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-нүүдийг байгуулсан....” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри нь үгүйсгээгүй болно.

Бодит байдалд нэхэмжлэгч Э.М нь Э ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-нүүдэд заасан төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд зохигч орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус Үүр тээл ХХК-д төлөх төмрийн тооцооны үлдэгдэл 88,844,920 төгрөгийн төлбөрийн гүйцэтгэлийг хангуулах зорилготойгоор 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-нүүдийг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Орон сууц захиалах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны төлбөрийг төлсөн гэх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзлээ.

Мөн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-нүүдэд заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд шилжүүлсэн зүйл байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Э.М, хариуцагч Э ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-нүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэгч Э.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,00 төгрөг, 5 дугаар давхарын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,000 төгрөг, алданги 7,787,640 төгрөг, нийт 154,664,640 /нэг зуун тавин дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Э.М, Э ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 6 давхарын 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц захиалах 17 дугаар гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 5 давхарын 49 тоот 54 м.кв 2 өрөө Орон сууц захиалах 18 дугаар гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх нь нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 25,819,706 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 0011880925 дугаартай татварын падаан, мөн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 0013408669 дугаартай татварын падаан, нийт 200,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг Үүр тээл ХХК-ийн зүгээс Э ХХК-д өгсөн байгаа. Нийт Э ХХК 484,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж үзвэл 18,181,818 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг өгсөн....25,819,706 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг Үүр тээл ХХК-ийн зүгээс өгөөгүй байгаа....Нэмэгдсэн өртгийн албан татвар 25,819,706 төгрөгийг Э.Мээс гаргуулж Э ХХК-д олгож өгнө үү....” гэж тодорхойлов.

Нэхэмжлэгч Э.Мийн ажилладаг гэх Үүр тээл ХХК нь Э ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 484,016,760 төгрөгийн арматур, катанг зэрэг төмрүүдийг нийлүүлж, үүнээс 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Э ХХК нь 88,844,920 төгрөгийг Үүр тээл ХХК-д төлөхөөр тооцоо нийлсэн болох нь Үүр тээл ХХК, Э ХХК-иудын тооцоо нийлсэн баримт, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдлоо.

Үүр тээл ХХК нь хариуцагч Э ХХК-д арматур, катанг зэрэг төмрүүдийг худалдсаны нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 25,819,706  төгрөгийг Э ХХК нь Э.Мээс шаардах эрхгүй гэж үзлээ.

Учир нь, нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 25,819,706 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь Э.М биш байна.

Түүнчлэн Үүр тээл ХХК-иас Э.Мөнхдэлгэхэд өр шилжсэн болон Үүр тээл ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Э.М мөн эсэх талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Иймээс Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан Э ХХК-ийн Э.Мэд холбогдуулан  гаргасан нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 44,001,524 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин Үүр тээл ХХК нь Э ХХК-д холбогдуулан тооцоо нийлсэн 88,844,920 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар, Э ХХК нь Үүр тээл ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртөгийн албан татварын үнэ гаргуулах шаардлагыг тус тус гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдлаа.

Нэхэмжлэгч Э.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 931,300 төгрөгөөс 931,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 27 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Мэд олгохоор тогтлоо.

Мөн Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Мээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Э.М, Э ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 6 давхарын 59 тоот 54 м.кв 2 өрөө орон сууц захиалах 17 дугаар гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй орон сууцны 1 орцны 5 давхарын 49 тоот 54 м.кв 2 өрөө Орон сууц захиалах 18 дугаар гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Э.М, хариуцагч Э ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №17, 18 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-нүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэгч Э.Мийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,00 төгрөг, 5 дугаар давхарын 49 тоот 54 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 73,440,000 төгрөг, алданги 7,787,640 төгрөг, нийт 154,664,640 /нэг зуун тавин дөрвөн сая зургаан зуун жаран дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг, Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан Э ХХК-ийн Э.Мэд холбогдуулан  гаргасан нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 25,819,706 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 931,300 төгрөгөөс 931,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 27 /хорин долоо/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Мэд олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Мээс улсын тэмдэгтийн хураамж 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулан Э ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 153/ШТ2020/00011 дугаартай “Гомдол хэлэлцэх тухай” шүүхийн тогтоолоор 154,664,640 төгрөгийн хэмжээнд Эсба интернейшнл ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх, Эсба интернейшнл ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг 154,664,640 төгрөгийн хэмжээнд хаах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангасан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.ОЮУНЖАРГАЛ