Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 11

 

 

Э.Мөнхдэлгэрэхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00496 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо, 50 дугаар байрны 683 тоотод оршин суух, ЧД78012013 регистрийн дугаартай, Баяжихвандан овогт Эрдэнээгийн Мөнхдэлгэрэх, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Эсба 1 дүгээр 80 айлын орон сууцны 1-1 тоотод байрлах Эсба интернэшнл ХХК /2086913/-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишигийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Майдри /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг түүний өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөх эрх шилжүүлэх, 7,784,640 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Э.Мөнхдэлгэрэх би Эсба интернэшнл ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц захиалах” тухай 17 тоот гэрээ болон 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “ Орон сууц захиалах” тухай 18 тоот гэрээ гэсэн хоёр гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулж байгаа юм.Тухайлбал гэрээний зүйл болох орон сууцууд гэрээ байгуулагдах үед баригдаж дуусаагүй, баригдаж байсан. Гэрээнүүдийн 1.4-т орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр гэрээ дуусгавар болохоор заасан, мөн захиалагч нь зөвхөн үнийг төлөх үүрэг хүлээсэн буюу гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр уг орон сууцны барилгыг барьж босгосон. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү иргэний эрхзүйн харилцаанд ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчилнэ гэж үзэж байна.

Бидний байгуулсан гэрээгээр хариуцагч гүйцэтгэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт барьж буй 2-р байрны 1-р орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 мкв хоёр өрөө байр 73,440,000 төгрөгийн үнэтэй болон 5 дугаар давхрын 49 тоот 54 мкв талбай бүхий 2 өрөө байр 73,440,000 төгрөгийн үнэ бүхий уг байруудыг тус тус миний өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Орон сууцны хувьд 1 мкв нь 1,360,000 төгрөгөөр тооцсон. Төлбөр бүрэн төлөгдөж үнийг баталгаажуулж “Эсба интернэшнл” ХХК-ийн захирал Ц.Батхишиг “ гэрээний 3.2 дахь хэсгийн хүснэгт дээр гараар 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 100 хувь төлсөн” гэж тэмдэглэл хийж өгсөн.

Хэд хэдэн удаа холбогдоход “ өгнө өгнө” л гэдэг байсан. Гэтэл одоог хүртэл тус байрнуудын өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөхгүй, гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөхгүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээнүүдийн 2.3-д зааснаар орон сууцны үнэ төлөгдсөнөөс хойш  нэг хоногийн дотор байрыг шилжүүлж өгөх үүрэг нь хариуцагчийн үүрэг болно. Мөн гэрээний 2.6-д аль болох богино хугацаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг гүйцэтгэгч тал буюу хариуцагч хүлээсэн. Энэхүү гэрээнүүд аль аль нь хүчин төгөлдөр байх хугацааны хувьд гэрээний үүрэг биелэгдсэнээр дуусгавар болох талаар гэрээний 1.4-т заасан нь Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-д хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасанд нийцэж байгаа юм.

Гэрээнүүдийн 4.2-д гүйцэтгэгч нь орон сууцыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн сар тутам гэрээний үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Гэрээний үнийн дүн 73,440,000 төгрөгийн 0.1 хувь нь 73,440 төгрөг байна. Гүйцэтгэгч нь 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 1 хоногийн дотор байрыг захиалагчид хүлээлгэн өгөх ёстой байсан ч өгөөгүй 53 сар хугацаа хэтрүүлсэн.

17 тоот гэрээний алданги 73440 төгрөгийг 53 сараар үржихээр 3,892,320 төгрөг,

18 тоот гэрээний алданги мөн л 3,892,320 төгрөг нийт 7,784,640 төгрөгийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн.

“Эсба интернэшнл” ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мөнхдэлгэрэхэд шилжүүлэхийг

“Эсба интернэшнл” ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 49 тоот 54 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мөнхдэлгэрэхэд шилжүүлэхийг тус тус даалгах.

“Эсба интернэшнл” ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар:Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчилж буй гэж үзэж байгаа нь өрөөсгөл ойлголт бөгөөд талуудын хооронд орон сууц захиалах гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан харилцаа үүссэн гэж үзэх боломжтой. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг нэхэмжлэлд дурдсан үйл баримтаар тогтоох боломжгүй юм. Мөн Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар 80 айлын байранд 59 тоот 54 мкв хоёр өрөө орон сууц, 49 тоот 54 мкв хоёр өрөө байр байхгүй. Талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилээр тодорхойлсон бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх зохицуулалтаар хэрэгсэхгүй болгох үндэслэл үүсэх юм. Иймд Э.Мөнхдэлгэрэхийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00496 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 49 тоот 54 м/кв талбай бүхий 2 өрөө орон сууцнуудын өмчлөх эрхийг Баяжихвандан овогт Эрдэнээгийн Мөнхдэлгэрэх /ЧД78012013/-д шилжүүлэхийг хариуцагч Эсба интернэшнл ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Эсба интернэшнл ХХК-иас гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нийт алданги 7,784,640 / долоон сая долоон зуун наян дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрэхэд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрэхийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Төрийн банкны 100160000945 тоот дансанд төлсөн 280,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эсба интернэшнл ХХК-иас 280,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрэхэд олгосугай гэж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нь ажил гүйцэтгэх гэрээний хэлбэрийг агуулсан гэж үзэж шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг 6 жил гэж тодорхойлсон.  Гэвч энэхүү ажил гүйцэтгэх гэрээ нь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон үүрэг тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ёстой. Хамгийн гол нь талуудын хооронд 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жилээр тодорхойлсон бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш 4 жил 5 сарын хугацаа өнгөрсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь дээрх зохицуулалтаар хэрэгсэхгүй болгох үндэслэл үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд авъя гэж нэг ч удаа ярьж, мэдэгдэж байгаагүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Шүүхийг үл хүндэтгэсэн асуудлаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дурдсан бөгөөд миний хувьд Баян-Өлгий болон Говь-Алтай аймагт барилгын ажил гүйцэтгэж байсан хүйтрэхээс өмнө хийж амжуулах маш чухал ажил байсан бөгөөд ямар нэгэн утсыг блоклох шаардлага байгаагүй, тийм ч зав байгаагүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг надад гардуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрэх нь хариуцагч Эсба интернэшл ХХК-д холбогдуулан Эсба интернэшл ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 6 дугаар давхрын 59 тоот 54м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мөнхдэлгэрэхэд шилжүүлэхийг даалгах, Эсба интернэшл ХХК-д Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар байрны 1 дүгээр орцны 5 дугаар давхрын 49 тоот 54м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Э.Мөнхдэлгэрэхэд шилжүүлэхийг даалгах, Эсба интернэшл ХХК-иас 7,784,640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

            Хариуцагч Эсба интернэшл ХХК-ийн захирал Ц.Батхишиг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ биш харин орон сууц захиалах гэрээ буюу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2 дугаар 80 айлын байранд 59 тоот 54м2 талбай бүхий 2 өрөө орон сууц, 49 тоот 54м2 талбай бүхий 2 өрөө орон сууц байхгүй, хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ёстой” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Мөнхдэлгэрэхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг шүүх зөрчсөн байна. Үүнд:

            Шүүх хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишигт хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасан “зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэх зарчим алдагдсан байна. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагчийг мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор  хангаагүй байна.

            Хавтаст хэргийн 56 дугаар хуудас дахь шүүх хуралдааны тов мэдэгдсэн тухай баримтад шүүхийн бичиг хэрэг хүргэгч, шүүгчийн туслахын гарын бичсэн тэмдэглэл нь хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишигт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

            Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хэргийн үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар Ц.Батхишигт буцаан олголоо.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2019/00496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  280,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар ХААН банкны 100160000945 тоот данснаас гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                                  Б.ДАМБА

                                  

                                                                                                           М.НЯМБАЯР