Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00870

 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                                                     иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01814 дүгээр шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1891 дүгээр магадлалтай, 

“ ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК, **** нарт холбогдох 

Гэрээний үүрэг, алданги, хохирол нийт 14,730,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр, О.Ариунжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****” ХХК нь “ **** ****” ХХК, **** нарт холбогдуулан гэрээний үүрэг, алданги, хохирол нийт 14,730,900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01814 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1, 289 дүгээр зүйлийн 289.1.5, 289.2.2, 292 дугаар зүйлийн 292.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-аас 14,730,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хамтран хариуцагчаар татан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, ****оос татгалзсан татгалзлыг баталж, түүнд холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /201,935 + 63,670/ 265,605 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ **** ****” ХХК-аас 231,604 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1891 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01814 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн гэсний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, мөн заалтын 14,730,900 төгрөг гэснийг 11,222,800 төгрөг гэж, 231,604 төгрөг гэснийг 194,514 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,605 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Тогтоох хэсгийн 1-д “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 14,730,900 төгрөг гэснийг 11,222,800 гэж, 231,604 төгрөг гэснийг 194,514 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд барилгын хэв хашмал түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд /түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хүрээнд бус/ талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээний харилцааг хамруулан, өөр төрлийн харилцаатай хамтад нь шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “хуулийг буруу хэрэглэсэн алдаа гаргаж” алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн “ **** ****” ХХК-аас 11,222,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 194,514 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгох шийдвэрийг 7,380,000 төгрөг олгохоор болгож өөрчилж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад өөрчлөлт оруулжээ. 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 3,508,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын гомдолд дурдсан хэмжээнд дүгнэлт хийнэ. 

7. “ЭСУ” ХХК-аас “ **** ****” ХХК, **** нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****оос татгалзсан болно. 

8. Нэхэмжлэгч “ЭСУ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...түрээсийн төлбөр 7,380,000 төгрөг, дутуу бараа материалын 2,940,000 төгрөг, худалдан авсан бараа материалын 2,265,600 төгрөг, эвдрэл гэмтлийн 135,000 төгрөг нийт 12,720,600 төгрөг болсноос түрээсийн төлбөрт төлсөн 900,000 төгрөг болон барьцааны 2,000,000 төгрөгийг хасаж үлдэх 9,820,600 төгрөг, ...алданги 4,910,300 төгрөг гаргуулах...” гэсэн агуулгаар тодорхойлсон байна.

9. Хариуцагч “ **** ****” ХХК “...9,820,600 төлөхийг зөвшөөрч, 4,910,300 төгрөгийн алданги төлөхгүй...” гэж мэтгэлцжээ.

Зохигчийн хооронд алданги төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

10. Аливаа гэрээг талууд бичгээр болон амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, тохиролцсон эд хөрөнгө шилжсэн байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

Талуудын хооронд дараах 2 гэрээ тус тус байгуулагджээ.

10.1. “ ****” ХХК, “ **** ****” ХХК-иудын хооронд 2019.04.19-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч нь 10х20 хэмжээтэй дотор булан нийт 150 ширхэг барилгын туслах материалыг 2019.04.24-ний өдрөөс 2019.12.30-ны өдөр хүртэл хугацаагаар ашиглуулахаар түрээслэгчид шилжүүлэн өгөх, түрээслүүлэгч нь 30 хоногийн хугацаатай, нэг хоногийн 30,000 төгрөгөөр тооцон нийт 900,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. 

10.2. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар “ ****” ХХК-аас “ **** ****” ХХК-д амаар тохиролцсоны дагуу 80 ширхэг хөөс шилжүүлж, худалдсан болох нь нотлогджээ.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасан худалдах-худалдан авах болон түрээсийн гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Тодруулбал: 

12. Талуудын хооронд байгуулсан 2019.04.19-ний өдрийн түрээсийн гэрээний 1.6-д “Түрээслэгч нь түрээсэлж байгаа эд зүйлийг хүлээн авснаас хойш эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд Иргэний хуульд заасны дагуу эд зүйлийг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд тухайн зүйлийн Хавсралт 1-д заасан үнийн дүнгийн 50 хувиар дахин засварлахад зориулж тооцох, дахин ашиглах боломжгүй, өөрөөр хэлбэл засвар авах боломжгүй гэмтээсэн, устгасан, алдсан тохиолдолд хавсралт 1-д заасан үнийн дүнгийн 100 хувиар бодон түрээслүүлэгчийг хохиролгүй болгоно”, 2.2.6-д түрээслэгч “Түрээсэлсэн бараа материалыг алга болгосон, үрэгдүүлсэн тохиолдолд бараа материалын үнийн дүнг 100 хувиар төлөх, эвдэлж гэмтээсэн бол Хавсралт 1-д заасны дагуу төлж, барагдуулах үүрэг хүлээнэ”  гэж зааж, хавсралтаар түрээсийн эд хөрөнгийн үнийг нэг бүрчлэн тодорхойлж баталжээ. 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж зохицуулсан байна. 

12.1. “ **** ****” ХХК-ийн 2019.04.19-ний өдрийн актад “...7,380,000 төгрөгийн түрээсийн төлбөр, дутуу бараа ...2,940,000 төгрөг, зарсан бараа материал ...2,265,600 төгрөг, эвдрэл гэмтлийн ...135,000 төгрөг,  ...900,000 төгрөг төлсөн, ...барьцаа 2,000,000 төгрөгийг байршуулсныг хасаж, үлдэгдэл төлөх дүн 9,820,600 төгрөгийн тооцоотой болохыг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Мядагмаа, хариуцагчийн төлөөлөгч Нямдондог...” гэж түрээсийн болон худалдах-худалдан авах гэрээний төлбөр тооцоог нэгтгэн бичиж гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг даржээ. 

12.2. “ **** ****” ХХК талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.2, 2.2.4, 2.2.6, 2.2.7-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргээ зөрчсөн буруутай байх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм. 

 Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд “ ****” ХХК-аас  “ **** ****” ХХК-д түрээсийн гэрээний зүйл болох 150 ширхэг барилгын туслах материал хүлээлгэн өгсөн боловч 70 ширхгийг буцаан өгөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн нийлүүлсэн 80 ширхэг хөөсний үнийг төлөөгүй талаар хийсэн дүгнэлт, дутуу болон эвдрэл гэмтлийн төлбөр, худалдах-худалдан авах гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

13. Түрээсийн 2019.04.19-ний өдрийн гэрээний 4.2-т “түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувиар бодож алданги тооцно” гэж заасны дагуу “ ****” ХХК алданги шаардах эрхтэй. 

Давж заалдах шатны шүүх түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 7,380,000 төгрөгт 38 хоногийн алданги тооцож 1,402,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцсэн байна. 

14. Хариуцагч барилгын туслах материалыг гэмтээснээс 135,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учруулсныг анхан шатны шүүхээс хангасан шийдвэрт хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэсэн өөрчлөлтийг давж заалдах шатны шүүх оруулсныг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. 

15. Давж заалдах шатны анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,508,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгоогүй, шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулсан атлаа шийдвэрийн 3 дахь заалтад тусгагдсан улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлсэн хэмжээг өөрчлөөгүй, анхан шатны шүүх зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, зарим хуулийг баримталсан нь оновчгүй болсон байхад уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна. 

16. Иймд дээр дурдсанаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1891 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01814 дүгээр шийдвэр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 318 дүгээр зүйлийн 318.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХХК-аас 11,222,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийг шаардлагаас үлдэх 3,508,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай”, шийдвэрийн 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,605 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ **** ****” ХХК-аас 194,514 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ****” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Г.АЛТАНЧИМЭГ   

                                            ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ 

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН