Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 42

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч С.Оюунжаргал,

иргэний хариуцагч Т.Чулуунцэцэг,

шүүгдэгч Л.Батмагнай, түүний өмгөөлөгч Д.Гансүх (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1018) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Бичээч овогт Лодойн Батмагнайд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000640 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бичээч овогт Лодойн Батмагнай, Завхан аймгийн Идэр суманд 1980 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой,  Баясах Интернэйшнл ХХК түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 108 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИЖ80030815.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Л.Батмагнай нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Титэм Плаза худалдааны төвийн урд замд Ford Tranzit маркийн 04-11 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7-д заасан Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 7.17-д Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагагүй тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч П.Баярт-Ирээдүйг мөргөж, амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Л.Батмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Раншингийн мөрдөн байцаалтад өгсөн: Би талийгаач П.Баярт-Ирээдүйн ээжийнх нь төрсөн дүү буюу нагац эгч байгаа юм. Эгч Долгоржав нь 5 хүүхэдтэй ба талийгаач нь хамгийн бага хүү нь байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр авто осолд ороод Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсэн байна гэж хэлэхээр нь эмнэлэг дээр яваад очтол Баярт-Ирээдүй ямар ч ухаангүй, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 15:00 цагийн орчим нас барсан. Ээж болон ах, дүү нар нь хөдөөний хүмүүс байдаг болохоор намайг энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр төлөөлөн оролцуулж, итгэмжлэл хийж өгсөн. Эмчилгээний зардал болон оршуулгын зардалд нийт 8.300.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс жолоочийн талаас манайд 2.800.000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Манай гэр бүлийн зүгээс бол оршуулгын зардалд гарсан үлдэгдэд 5.500.000 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ мөнгийг төлүүлээд авчихвал гомдол санал гэх зүйл алга байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

- Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст хохирлын мөнгө хүлээн авсан баримт (хавтаст хэргийн 107 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Улаанбаатар хотын цагдаагийн 3 дугаар хэлтэс болон Тээврийн прокурорын газарт хандаж гаргасан ...Раншин би...талийгаачийн эмчилгээний зардал болон оршуулгын зардалд гарсан 8.300.000 мянган төгрөгийг жолоочийн талаас нөхөн төлүүлж авсан. Манай гэр бүлийн зүгээс жолоочид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцмооргүй байна... гэх өргөдөл (хавтаст хэргийн 108 дахь тал)

2. Гэрч Б.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Баярт-Ирээдүй бид хоёр...1 дүгээр хорооллын хойд дэнж дээр байдаг Чандмань дэлгүүрийн үүдэнд тааралдсан. Намайг тааралдахад Баярт-Ирээдүй нь Пүрвээ, Сайхансамбуу, Энхбат, Алтангэрэл нартай юм ярьсан зогсож байсан. Тэд нарын хэн нь архи авсаныг мэдэхгүй 0.75 граммын Монгол Стандарт үйлдвэрийн архи гаргаж ирээд бүгд хувааж уусан. ...архиа ууж дуусахад Пүрвээ, Сайхансамбуу 2 харьлаа гээд, Энхбат гэр рүүгээ ороод, Алтангэрэл хувьцааны 100.000 төгрөгөө авлаа гээд явсан. Талийгаач бид хоёр юм ярьж, тамхи татаж байгаад Алтангэрэлийн араас Цамбагарав худалдааны төвийн хойд талын Титэм плаза дотор байдаг Төрийн банк руу яваад ирэхэд Энхбат бас тэнд оччихсон сууж байсан. ...Энхбат, талийгаач бид гурав Титэм плазагийн урд замын харалдаа... сүүдэрт сууж байтал Алтангэрэл мөнгөө авсан бололтой гараад ирэхээр нь...бид гурав өөдөөс нь очиж байгаа нь гээд Титэм плаза төвийн урд талын туслах зам дээр зогсож байсан хойноо том амбаартай, амбаар дээрээ Kowar гээд биччихсэн машины араар гарахад гэнэт нөгөө машин ухрах үйлдэл хийгээд намайг эхэлж мөргөсөн, тэрнээс хойш юу болсоныг түрхэн зуур мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь замын хашлага дээр хөлөө жийгээд суучихсан, талийгаач миний урд талд зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. Энэ үед түргэн тусламж ирээд талийгаач бид хоёрыг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Энхбат, талийгаач бид гурав зэрэгцээд явж байсан ба би ертөнцийн зүгээр зүүн талд нь, голд нь талийгаач хамгийн баруун захад Энхбат явж байсан. ...тэгсэн тэр машин гэнэт маш хүчтэй ухарсан. ...Талийгаач халчихсан л байсан болохоос тасраад, гуйвж дайваад явсан юм бол байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

3. Гэрч А.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...тэр гурав намайг гадаа хүлээж байсан. Би банкнаас мөнгөө авчихаад эргээд гараад ирэхэд тэр 3 замын урд талд сүүдэрт сууж байсан. Тэгээд намайг нэг шил юм аваач гэхээр нь үгүй ээ энд архи уухгүй, гэр рүүгээ дөхөж очоод ууя гэхэд тэр гурав дэмжээд...сууж байсан газраасаа хөдлөөд...би түрүүнд нь алхаад зам хөндлөн гарч явтал гэнэт нэг машин ухраад миний ард түс хийх чимээ гарахаар нь эргээд хартал Баярт-Ирээдүй, Батмөнх хоёрыг мөргөчихсөн байсан. Батмөнх болохоор газар суучихсан, Баярт-Ирээдүй машинаас 1 метр орчим зайтай газар уначихсан, ухаангүй байдалтай байж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

4. Гэрч О.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед би Л.Батмагнай түгээгчтэй хамт түүний жолооддог 04-11 УНК улсын дугаартай Ford Tranzet маркийн машинтай явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол Цамбагарав худалдааны төвийн арын замд Макс супермаркет руу ороод ачаа буудаг тэрэг зохицуулчихаад эргээд гараад иртэл манай машины хажууд бөөн хүмүүс оччихсон байхаар нь яваад очтол Батмагнай машинаасаа гараад ирчихсэн хүн мөргөчихлөө гээд зогсож байсан. Ингээд яасан чи ухарсан юм уу гэхэд би 20 см орчим л ухарсан, гэтэл энэ согтуу хүмүүс араар явж байгаад мөргүүлээд эхний хүн нь дараагийн хүнээ түлхээд унагаачихлаа, уг хүн нь босохгүй байна гэхээр нь харсан чинь цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 35 орчим насны эрэгтэй хүн зам дээр хөлөө жийгээд суучихсан ухаангүй байдалтай байсан. Тэгсэн түүнтэй хамт явж байсан нэг эрэгтэй хүн нь энэ хүн амьсгалахгүй байна гээд газар хэвтүүлээд цээжин дээр нь хиймэл амьсгал хийх гээд дараад байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

5. Иргэний хариуцагч Т.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Л.Батмагнай нь 2013 онд ажилд орсон хүн, ажилд орсон цагаас ямар нэгэн сахилга, хариуцлагын доголдол гаргаж байгаагүй, машин энэ жил оношилгоонд орсон байсан санагдаж байна. Учруулсан хохирлыг хуулийн дагуу төлөх үүрэгтэй бол төлж барагдуулна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),

- Улаанбаатар хотын цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт (хавтаст хэргийн 105 дахь тал),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1320 дугаартай актад:

...Хэсэг газрын үзлэг: зулай хэсэгт хаван хавдартай, ухаангүй, рентгенд зулай яс хугаралтай. Бриллианс 2016.07.07-ны КТГ-д: баруун талд коронал заадаснаас эхэлж улмаар арагш дээш зулай яс руу үргэлжилсэн хуучин хугаралтай, зулайн хэсгийн ясанд 2.2см хүртэл өргөн хэмжээтэй мэс заслын хуучин цооногтой, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдэд 9.2Ч2.2Ч2.0 см хэмжээтэй, духны хэсэгт 5.6Ч3.1 см тархины эдийг хамарсан янз бүрийн хэмжээтэй +63 нягтралтай цус хуралтууд тодорхойлогдоно. Мөн баруун чамархай хэсэгт 7.6Ч2.3Ч2.0 см хэмжээтэй +64 нягтралтай СД цус хуралт тодорхойлогдоно. Тал бөмбөлгүүдийн таславч хоорондын, тархины суурь хэсгийн тенториумын атираа ховил хоорондын СА зайнуудад цус харвалттай. ...тархи хавантай. Голын бүрдэл зүүн тийш 0.3 см орчим хазайлттай. Баруун талын нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хуучин хугаралттай ...гэжээ. 2016.07.08-ны мэс заслын тэмдэглэлээс:...баруун зулайд хугаралтай байв. Баруун зулайд цооног гарган хатуу хальсан дээрх хурсан цусыг авч...Төгсгөлийн онош: 1а. Гавал тархины битүү гэмтэл, тархины 2 дух, чамархайн дэлбэнгийн эдийн доторх олон тооны цусархаг няцрал, аксионы тархмал гэмтэц, баруун чамархай хэсгийн хатуу хальс доорх цусан хураа, тархмал аалзан бүрхүүл доорх цус харвалт...гэжээ.

...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Гавал тархины битүү гэмтэл: тархины баруун дух, чамархайн эдийн доторх цусан хураа, няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальс доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун зулайн ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт...ДҮГНЭЛТ:

1. Баярт-Ирээдүйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун дух, чамархайн эдийн доторх цусан хураа, няцрал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, баруун зулайн ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна.

3. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна.

4. Талийгаач нь ВIII бүлгийн цустай байсан байна.

5. Талийгаач нь нас барах үедээ эмчлэгдэж байсан тул цусанд согтууруулах ундааны зүйл үзээгүй болно.

6. Талийгаач нь элэгний хатуурал, дэлүү томрол, улаан хоолойн венийн судасны өргөсөлтэй байсан ба эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),

7. Шинжээч эмч З.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид ямар нэгэн хуучны тархины гэмтэл тогтоогдоогүй. Үхэлд хүргэсэн гэмтлүүд нь бүгд шинэ, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байсан. Талийгаачийн үхлийн гол шалтгаан нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 186-187 дахь тал),

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 6005 дугаар дүгнэлт:

...Шинжилгээнд ирүүлсэн цуснаас шинжилгээний дээж авч спиртийн агууламж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж UNICO 7200 спектрофотометр багаж дээр 590 нм долгионы хэмжилтийг 3 удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж олж хэмжээг тодорхойлоход П.Баярт-Ирээдүйгийн гэх цусанд 2.7 промилли спиртын агууламж илэрч байна. ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн П.Баярт-Ирээдүйгийн гэх цус нь 5 мл орчим байсан нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн П.Баярт-Ирээдүйгийн гэх цусанд 2.7 промилли спиртийн агууламж илэрч байна.

3. Цусан дахь 2.7 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн182 дахь тал),

 

9. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны  өдрийн 01 дугаартай дүгнэлт:

...1. 04-11 УНК улсын дугаартай Ford Tranzet маркийн автомашины жолооч Л.Батмагнай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиролдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигт Баярт-Ирээдүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

3. 16.1 5.30 тэмдэгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно гэснээр явган зорчигч П.Баярт-Ирээдүй нь хөдөлгөөнд давуу эрхтэй оролцоно.

4. Техникийн шинжээч...Д.Батзоригийн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №410 тоот дүгнэлт үндэслэлтэй байна... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 184, 185 дахь тал),

 

10. Шүүгдэгч Л.Батмагнайгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим Баясах Интернэйшинл ХХК-ийн эзэмшлийн 04-11 УНК улсын дугаартай Ford Tranzet маркийн автомашинтай Сонгинохайрхан дүүрэг Цамбагарав худалдааны төвийн хойд талын Макс супермаркетад бараа буулгах гэхэд...дараалал ихтэй, надтай хамт явж байсан туслах ажилтан Мөнхбат түрүүлж буугаад Макс супермаркет руу орчихоод гарч ирж байсан. Энэ үед уг Макс супермаркетад ачаа буулгасан машин буцаж гарах гэхээр нь би зам тавьж өгөх санаатай хойшоо ухрах үйлдэл хийсэн. Ухрах үйлдэл хийхээс өмнө зүүн талын толиндоо харахад миний машины ард талд баруунаас зүүн чиглэлтэй хоёр эрэгтэй хүн зорчих хэсэг дээр  над руу ирж явсан ба би дуут дохио өгөөд дөнгөж ухартал түс хийх чимээ гарахаар нь машинаа зогсоогоод зүүн талын толиндоо харахад харагдсан хоёр эрэгтэй хүний нэг нь буюу хар өнгийн фотболктой залуу нь бөгсөөрөө суучихсан байдалтай...би машинаасаа бууж очоод харахад анх мөргүүлсэн залуу нь босоод зогсчихсон, цаад талд нь явсан хар өнгийн фотболктой залуу нь суучихсан, ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийхгүй, гөлийсөн байдалтай байсан. ...Хар өнгийн фудболктой залуу нь гэмтлийн эмнэлэгт очоод ухаан орохгүй байсаар байгаад нас барсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72 дахь тал),

11. Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-5), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 6-7), зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3), цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10), жолооч болон явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа (хавтаст хэргийн 11), Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (хавтас хэргийн 46-52), Замын цагдаагийн газрын шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 55),

 

12. Хохирогчийг төлөөлөх итгэмжлэл (хавтаст хэргийн 18), хохирогчийн иргэний үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 90), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 91-92), Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх (хавтаст хэргийн 110-125, 127-139),

13. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 75), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 74), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73), хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 77-82, 84, 85) дахь талуудад авагдсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Л.Батмагнай нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төвийн хойно Титэм Плаза худалдааны төвийн урд замд Ford Tranzit маркийн 04-11 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дахь хэсэг Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх гэсний 7.17 дахь зүйл Бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагагүй тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй-ийг зөрчсөний улмаас хүнд зэргийн согтолттой байсан явган зорчигч П.Баярт-Ирээдүйг мөргөж, амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Батмагнайг Тээврийн прокурорын газраас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Л.Батмагнайгийн гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Батмагнай нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (хавтаст хэргийн 73 дахь тал)

 

Шүүхээс шүүгдэгч Л.Батмагнайд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг  үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй (хавтас хэргийн 108) гэснийг болон шүүгдэгчийн хувийн байдлыг үндэслэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Раншинд талийгаачийн оршуулгын зардал 8.300.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 107 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэм хорын хохирол төлөгдсөн гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B,С ангиллын 221456 дугаартай үнэмлэхийг хэрэгт хавсаргаж ирүүлснийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ял хэрэглэсэнтэй холбогдуулан тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж шийдвэрлэв.

 

 Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бичээч овогт Лодойн Батмагнайг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Л.Батмагнайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч,  3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Батмагнайд оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч И.Раншин гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Батмагнайд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Батмагнайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Л.Батмагнайгийн жолоодох эрхийн В,С ангилалын 221456 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхжилд даалгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт   зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Батмагнайд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ