Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00921

 

  “ ****- ****” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй

                                                                                    иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01176 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1919 дүгээр магадлалтай, 

“ ****- ****” ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох 

Гэрээний дагуу цэвэр ус, халаалт, халуун усаар хангасан, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөр, алданги нийт 13,358,515 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн төлөөлөгч ****ийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, хариуцагчийн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ ****- ****” ААТҮГ нь “ ****” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу цэвэр ус, халаалт, халуун усаар хангасан, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөр, алданги нийт 13,358,515 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлд хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3-д зааснаар хариуцагч “ ****” ХХК-аас нийт 12,143,884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****- ****” ААТҮГ-т олгож, үлдсэн 1,214,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “ ****- ****” ААТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “ ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 209,252 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1919 дүгээр магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлсон буюу уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь “ ****” ХХК мөн эсэх нь тодорхойгүй байхад, энэ талаар нэхэмжлэгчээс баримт гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан зохигчийн хооронд 2016.09.16-ны өдрийн 01/15 дугаартай Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээний хугацаа 2018.09.16-ны өдөр дуусгавар болсон, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан, тийм ч учраас нэхэмжлэлдээ “ ****” ХХК нь 2018.09.16-ны өдрөөс цуцлах санал гаргаагүй бөгөөд гэрээний оролцогчдын хүсэл зоригийн дагуу гэрээг дахин 2 жилээр сунгаж... хэмээн тодорхой дурджээ. Гэрээ байгуулагдсан, сунгагдсан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлсон, жинхэнэ хариуцагч мөн эсэхийг тодорхойлох, энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах буюу гэрээг сунгасан эсэх талаар тодруулах шаардлага зүй ёсоор үүснэ. Шүүх энэ талаар тодорхой ажиллагаа явуулаагүй нь хариуцах учиргүй этгээдэд төлбөр ногдуулахад хүргэсэн. Угтаа ариутгах татуургын үйлчилгээг үзүүлсэн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч, эзэмшигч нь “ ****” ХХК бус, харин өөр иргэд болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдэж байсан болох нь түүний нотлох баримтаар гаргасан тооцооллуудаар нотлогдоно. Эдгээр баримтуудаас барилгыг барьж ашиглалтад оруулсан этгээдийнх нь хувиар “ ****” ХХК-тай, харин бодитойгоор өмчилж эсхүл эзэмшиж буй этгээдүүдтэй төлбөр тооцооны асуудлаар харилцаж ирсэн болох нь нотлогдож байгааг шүүх анхаарч үзээгүй.

4.1. Шүүх зарлан дуудсан даруйд хүрэлцэн ирээгүй гэх тухайд хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авах харилцаанд төлөөлөгч томилж, гардан авсан ба тэр даруйдаа нэхэмжлэлийг хариуцах учиргүй, тэдгээр байрны өмчлөгчид нь иргэд болсон. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаа солих буюу зөв тодорхойлох шаардлагатай тухай тайлбарыг шүүхэд хэлснээр цаашид уг харилцаанд оролцох шаардлагагүй болохоо тайлбарласан. Компанийн захирал ****т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн зүйлгүй, зарыг хүргэсэн гэх боловч тэрхүү баримт дах гарын үсгийг хэн зурсан нь тодорхойгүй буюу зөвхөн хүний нэр бичсэн байдал нь зарыг хүлээн авсныг нотлохгүй буюу шүүх зарыг зохигчдод хүргүүлэх үүргээ өөрсдөө хэрэгжүүлээгүй нөхцөл байдлыг “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” хэмээн хаацайлан өнгөрүүлж байгаа нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан үйл ажиллагаа болсон.

4.2. Ариутгах татуургын болон цэвэр усны хангамжийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр авч ирсэн орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн явдал нь талуудын хооронд байгуулагдсан энэ талаарх гэрээ дуусгавар болох үндэслэл байгаа ч шүүх анхаараагүй орхигдуулсан нь дээрх алдаатай шийдвэр гарах үндэслэл болсон. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...хариуцагч нь уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол ...хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар ...сольж болно” гэж заасны хариуцагчийг солих, улмаар хариуцагч нарын оршин суугаа газрын шүүхэд хэргийг шилжүүлэх ажиллагааг явуулах учиртай байсан. Түүнчлэн энэ маргаан нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргаан байх, тиймээс шүүхийн онцгой харьяаллын маргаан буюу үл хөдлөх хөрөнгө байгаа газрын шүүхэд хандаж гаргавал зохих маргаан байсныг шүүх анхаараагүй. Хэрэв үл хөдлөх эд хөрөнгийн байгаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргасан бол өмчлөгч буюу жинхэнэ хариуцагчийн талаар ийнхүү төөрөлдсөн шиг алдаа гарахгүй байсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, жинхэнэ хариуцагчаар солих, харьяаллын шүүхэд хэрэг маргааны шийдвэрлэх боломжийг хангаж дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгч ****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ ****” ХХК-аас нийт 12,143,884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****- ****” ААТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,214,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүхнэхэмжлэлийн шаардлагаас 1,214,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу хариуцагчийнгомдолд дурдсан хэмжээнд дүгнэлт хийнэ. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээний шинжтэй гэж буруу тодорхойлж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчгүй хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх уг алдааг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэжээ. 

9. “ ****- ****” ААТҮГ нь “ ****” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу 2017.04.30-ны өдрөөс 2019.12.30-ны өдрийг хүртэл цэвэр ус, халаалт, халуун усаар хангасан, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөр 13,358,515 төгрөг гаргуулах шаардлагад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

10. Нэхэмжлэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйл, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д зааснаар дулаан, цэвэр усыг дамжуулан түгээх, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба уг үйлчилгээг нийлүүлсэн тул хэрэглэгчээс ашиглалтын төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагад хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.3-т заасан хэм хэмжээг хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна. 

11. “ ****- ****” ААТҮГ нэхэмжлэлийн шаардлагаа нотолж талуудын хооронд байгуулсан 2016.09.16-ны өдрийн Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах 01/15 дугаартай гэрээ, 2019.11.25-ны өдрийн  ****” ХХК-д хаягласан төлбөр барагдуулах тухай албан бичгийг шүүхэд ирүүлжээ. 

12. Дээрх гэрээний 1.1, 1.6, 2.6, 4.7-д зааснаар “ ****- ****” ААТҮГ-аас **** дүүргийн 70 дугаар байрны 104 тоот, 71 дүгээр байрны 102 тоот үл хөдлөх хөрөнгийн цэвэр ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэх, “ ****” ХХК-д хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны төлбөр төлөх үүрэг хүлээсэн нь талуудын хооронд үүссэн харилцаа худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна. Тодруулбал:

Гэрээний үнэ эрх бүхий байгууллагаас баталсан нэгж үнийн тариф, худалдан авагчийн хэрэглэсэн хэмжээгээр тогтоогддог, хэрэглэгч хариу төлбөр төлөх үүрэг хуулиар үүссэн, энэ харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний төрөл, уг зохицуулалтаар талууд үүргээ харилцан биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй нь тогтоогджээ. 

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хариуцагчийн үүргийг тодорхойлж, “ ****” ХХК-аас цэвэр ус, халаалт, халуун усаар хангасан, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний төлбөр 12,143,884 гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлбөр, алданги нийт 1,214,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. “ ****” ХХК нь шүүхийн удаа дараагийн дуудлагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9-д зааснаар түүнийг шүүхэд албадан ирүүлж байжээ. 

Анхан шатны шүүх 2020.03.27-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Түвшинсайханд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан танилцуулсан байна. 

15. Давж заалдах шатны шүүхийн “ ****” ХХК нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүйд тооцно гэсэн дүгнэлт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасантай нийцжээ. 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.” гэж, 77 дугаар зүйлийн 77.2-т “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, ...утас, факс, цахилгаан буюу ...мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баталгаажуулсан байна” гэж тус тус зохицуулсан. 

Анхан шатны шүүхээс шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч байгууллагын ажлын хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд 2020.05.04-ний өдөр н.Батцэцэг гэх хүний гарын үсэг зурж хүлээн авсан баримтыг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.    

17. Давж заалдах шатны шүүхийн 2020.09.02-ны өдрийн мэдэгдэх хуудсанд “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батцэцэгийн 89975555 дугаарын утас руу 2020.09.02-ны өдөр мэдэгдэхэд за ойлголоо...” гэж бичигдсэн байна. 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан шаардлагыг хангажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д “...Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй” гэсний дагуу давж заалдах шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. 

18. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгч ****ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1919 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “ ****” ХХК-аас нийт 12,143,884 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ ****- ****” ААТҮГ-т олгож, үлдсэн 1,214,630 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,174 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД 

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                    Д.ЦОЛМОН