Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1585

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Б.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00944 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Ө-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ө-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сараас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16-д даргаар ажиллаж байгаад 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажил авах үед тус төвийн борлуулалтын орлогын төлөвлөгөө хангалттай биелэгддэггүй, хэрэглээний усны нэг хүний хоногийн хэрэглээ батлагдсан хэмжээнээс хэтэрдэг, усны алдагдал өндөртэй, ажлын байрны орчин нөхцөл хэвийн үйл ажиллагаа явуулахад хангалтгүй, нийт ажилтнууд хурал хийх заалгүй байсныг засч сайжруулах, өсгөн нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд дээр дурдагдсан ажлууд бүгд тодорхой түвшинд сайжирсан. Түүнчлэн ажилтнуудад олгодог үр дүнгийн урамшуулал нь тогтмол бага хувиар бодогддог байсныг нэмэгдүүлж хамгийн өндөр хувь болох 40 хувь хүргэсэн. Улмаар ОСНААУГ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг байгууллагуудаас өгсөн үүрэг даалгавар, төлөвлөгөөнүүдийн биелэлтийг тогтмол хангаж, тайлан мэдээг цаг тухайд нь хүргүүлж ажилласан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохиролцсон гэх заалтыг удирдлага болгосон боловч бидний хооронд ямар ч харилцан тохиролцоо хийгдээгүй. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нэг сарын 1 821 769 төгрөг, нэг өдрийн 82 807 төгрөгөөр тооцож гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах, ажлын байрны онцлог шаардлагыг харгалзан ажилчдыг өөр хооронд нь шилжүүлэн ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ болон хэлцэлд үндэслэн байгууллагадаа өөр хооронд нь шилжүүлэн ажиллуулдаг ба Б.Ө-тай хөдөлмөрийн гэрээ болон хэлцлээр тохиролцсоны дагуу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/353 дугаартай тушаалаар Төв түгээх төвийн ахлах инженерээр ажиллуулахаар тохиролцсон. Иймд Б.Ө- нь ажлын зайлшгүй шаардлагаар шилжүүлсэн төв түгээх төвийн ахлах инженерийн ажлыг өөрөө хийхээс татгалзаж байгаа учир ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 тоот тушаал хууль бус байх тул нэхэмжлэгч Б.Ө-ыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16 даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 626 723 төгрөгийг хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Ө-д олгон, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-аас 56 978 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Ажил олгогч ажилтан нар нь харилцан тохиролцож бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-16"-ийн дарга Б.Ө-тай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулахдаа /Ажил олгогчийн эрх, үүрэг 2.1.7 ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан шилжүүлэн ажиллуулах, 2.2.6 ажилтан өөрөө зайлшгүй шаардлагаар шилжин ажиллах бичгээр тохиролцож хийсэн бөгөөд Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох ажлын байрны тодорхойлолтын ажил, чиг үүргийн ерөнхий болон тусгай шаардлагад ажлын зайлшгүй шаардлагаар Түгээх төв болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд сэлгэн ажиллах болон багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой байхаар тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Б.Ө-ыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд зааснаар тухайн ажлын байртай холбоотой үүссэн нөхцөл байдал, ажлын үр дүн, шаардлага, хариуцлага зэргийг харгалзан үзэж зөвхөн шилжүүлэн ажиллуулах үүднээс цалин хөлсийг бууруулахгүйгээр Газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/350 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/353 дугаар тушаалаар Төв түгээх төвд Ахлах инженерийн ажилд авсан тушаал гаргасан ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлөн ажил, амралтын тооцоог хийх шаардлага байгаагүй гэрээгээр тохирсон хүрээнд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтын эгүүлэн тогтоосныг завшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ө- нь хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс үүссэн байх бөгөөд хариуцагч ОСНААУГ ОНӨААТҮГ-ын дарга 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б/350 тоот тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хх-4 дэх тал/

Нэхэмжлэгч уг тушаалыг “... бидний хооронд ямар ч тохиролцоо хийгдээгүй ... ” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллага татгалзлын үндэслэлээ “...Б.Ө- даргыг томилоод ...төвийн төлөвлөгөө биелэгдээгүй, ... хөдөлмөрийн гэрээнд сэлгүүлэн ажиллахаар заасан, ... байгууллагын дотоод журамд ажил олгогч, ажилтныг байгууллага дотроо ... шилжүүлэн буюу сэлгүүлэн ажиллуулах эрхтэй гэж заасны дагуу түүнийг төвийн инженерээр томилсон ...” гэж тайлбарлан шүүхэд тус газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б/353 тоот тушаалыг нотлох баримтаар гарган өгчээ. /хх-88 дахь тал/ Уг тушаалаар нэхэмжлэгч Б.Ө-ыг мөн өдрөөс Төв түгээх төвийн ахлах инженерээр ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно” гэж заажээ. Талууд гэрээний 2.1.7, 2.2.6 дахь заалтаар ажил олгогч, ажилтан нар нь ажлын зайлшгүй шаардлагыг харгалзан өөр ажилд шилжүүлэх, шилжин ажиллах талаар тохиролцсон хэдий ч хөдөлмөрийн дотоод журмын 4.1-д ОСНААУГ нь бүтэц зохион байгуулалт, өөрчлөлт, ажлын шаардлагаар буюу сул зогсолтын үед ажилтныг өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болохоор заасан байна. /хх-93 дахь тал/

Хариуцагчийн дээрх тайлбараас үзвэл нэхэмжлэгчийг өөр ажилд түр шилжүүлэх талаар тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахдаа тооцооллын алдаа гаргасан” гэх давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлоход Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг бөгөөд уг журмын 7-д ажлаас буруу халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан.

Нэхэмжлэгч Б.Ө-ы 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтад 2018 оны 01 дүгээр сард 2 950 000 төгрөг, 2 дугаар сард 1 381 195 төгрөг, 3 дугаар сард 1 134 114 төгрөгийн цалингийн дүн бичигдсэн байна. /хх-7 дахь тал/ Анхан шатны шүүх энэ дүнгээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 2018 оны 01 дүгээр сарын цалин дээр 2017 оны үр дүнгийн урамшуулал нэмэгдсэн гэж тайлбарлан, өөрийн сарын дундаж цалинг “1 300 000-1 400 000 төгрөг” гэж, хариуцагч тал “1 572 000 төгрөг” гэж тус тус тодорхойлж байх тул шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд дундаж цалин хөлсийг тодорхойлон ажилгүй байсан хугацааны олговор /1 572 000٪21.5Ч31 хоног/ 2 266 627 төгрөгийг гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/00944 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 626 723” гэснийг “2 266 627” гэж, 3 дахь заалтын “56 978” гэснийг “51 216” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД