Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1584

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01199 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Т-, Л.Б- нарт холбогдох

 

Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Л.Б-ын өмгөөлөгч Ц.И

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “ХС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Амияа ББСБ-ын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3/26 тоот албан бичгээр зээлийн хороогоороо хуралдаж Н.Т-д 200 000 000 төгрөгийн зээлийг 2015 оны 4 дүгээр сарын 15-ны дотор олгохоор шийдвэрлэсэн тул танай байгууллага үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлыг Н.Т-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсний дагуу “ХС” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан гэрээг Н.Т-тай байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байр, 7 давхар, 19 тоот 109,72 м.кв орон сууцыг 257 842 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Н.Т-ын нэр дээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргасан. Мөн орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлөөгүй тохиолдолд тус орон сууц нь “ХС” ХХК-ийн өмчлөлд байхаар гэрээ байгуулсан боловч Н.Т- нь 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээгээр иргэн Л.Б-д худалдсан. Иймд Н.Т-, Л.Б- нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хийгдсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байр, 7 давхар, 19 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцож “ХС” ХХК-ийг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

   Хариуцагч Н.Т- болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ”ХС” ХХК нь нэхэмжлэлдээ хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулан бодит байдлаас илтэд зөрүүтэй худал тайлбар гаргасан. Би “ХС” ХХК-аас Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хороолол /13344/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 37 дугаар байр, 19 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204068534 тоот эд хөрөнгийг худалдан авч төлбөрт нь их хэмжээний мөнгө төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

   Анх байр авна гэж тохиролцоод үлдэгдэл төлбөрийг зээлээр төлнө гэсэн боловч зээл гараагүй тул өөр газраас 50 000 000 төгрөг зээлээд байраа барьцаалж Л.Б-тай гэрээ байгуулсан. Мөн 10 000 000 төгрөгийн гэрээ бас байдаг. Н.Т-ын итгэлийг эвдэж Л.Б-ын нэр дээр шилжүүлсэн байдаг. Л.Б- нь цагдаагаар шалгагдаж эхлэнгүүт М.Т уруу шилжүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд гэрээний зүйл бодит байдалд шилжээгүй, худалдах-худалдан авах гэрээ эргэлзээтэй гэсэн байдаг. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар мөнгө төлснөөр өмчлөх эрх шилжих байтал зээлийг нь далимдуулаад Л.Б- өөрийн нэр дээр авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох өмчлөгчөөр тогтоолгоё гэдгийг дэмжиж байгаа. Анхнаасаа Л.Б-д худалдах зорилгогүй байсан ба хуурч зуруулсан. Одоо маргаж буй байр нь нэхэмжлэгчийн өмч гэж үзэж байна гэжээ.

 

   Хариуцагч Л.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэн Н.Т-, Л.Б- нарын хоорондын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь тухайн цаг хугацаанд хэрэгжээд дуусгавар болсон. Би дээрх орон сууцыг 2016 оны 6 дугаар сарын 17-ний өдөр иргэн М.Тд орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдсан ба тухайн үед гэрээг хууль тогтоомжийн дагуу байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу өмчлөх эрхийг олж авсан. Гэрээний эрх үүрэг хэрэгжээд дуусгавар болсон, хуульд заасны дагуу өмчлөх эрх шилжсэн. Л.Б-, Н.Т- нар гэрээ хийхэд өмчлөгч нь Н.Т- байсан, хамтран өмчлөгч байгаагүй. Сөрөг нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч болон хариуцагч Н.Т- нар нь үгсэн хуйвалдаж байна. Тухайн үед гэрээ байгуулж мөнгөө төлөөд хөрөнгөө шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрөө хариуцагч Н.Т-д өмчлөх эрхээ өгсөн. Өмчлөх эрхийг хязгаарласан зүйлгүй, хэлцэл хийх эрхтэй. Хариуцагч Л.Б- нь уг байрыг М.Тд 140 000 000 төгрөгөөр зараад мөнгөө бүрэн авч өмчлөх эрхээ шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан байрны өнөөдрийн өмчлөгч нь М.Т. Баримт нь хэрэгт байгаа. Энэ байрыг 140 000 000 төгрөгөөр худалдаж авч улсын бүртгэлд өмчлөх эрх шилжсэн. Өмчлөх эрх шилжих үед М.Т нь маргаж байгаа гэрээг огт мэдээгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар шударга өмчлөгч юм. Н.Т-, Л.Б- нарын гэрээ нь М.Тын өмчлөх эрхийг хөндөхгүй. Н.Т-, Л.Б- нарын хооронд зээлийн гэрээ байсан гэх баримтгүй. Харин эрүүгийн журмаар шалгагдах үед боломжоороо төлж байраа авна гээд аваагүй тул Н.Т-ын өмчлөх эрх дуусч Л.Б- нь М.Тд зарсан. Хариуцагч Л.Б-ын төлөөлөгч Ц.Ихбаярын тайлбартаа санал нэг байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Н.Т-ын өмгөөлөгч мэтээр ярьж байна. Н.Т- нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж байснаа одоо төлөөлөгч зөвшөөрөөд байгаа мэт байна. Нэхэмжлэгч нь Н.Т-тай байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө нэхэх эрхтэй болохоос гуравдагч этгээдийн өмчлөх эрх уруу халдах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, худалдагч тал Н.Т-, худалдан авагч Л.Б- нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 37 дугаар байр, 7 дугаар давхар, 19 тоот хаягт байрлах, 109,72 м.кв талбайтай, орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч “ХС” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 629 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нарыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хавтаст хэрэгтэй танилцахаар шүүгчийн туслахтай уулзахад хэрэг ирээгүй байна, ирэхээр нь хэлье гэсэн бөгөөд 3 дугаар сарын 30-ны өдөр хөдөө явж байхад гэнэт 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүх хуралтай тухай утсаар мэдэгдсэн. Үүнээс болж хавтаст хэрэгтэй танилцаж нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулж тодруулах зүйл байсан боловч цаг хугацааны хувьд боломж олгоогүй. Шүүх хуралдааны үед миний бие хөдөө орон нутагт явж байсан бөгөөд хүнээр дамжуулан өмгөөлөгч Д.Нямдоржтой хийсэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу өмгөөлөгчтэй оролцох хүсэлт хүргүүлсэн боловч хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг зөрчсөн. Хурлын тов мэдэгдэх баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд түүний төлөөлөгчид утсаар мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нарт мэдэгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг зөрчсөн.

Хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Н.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн шүүх хурал давхцсан болон сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тухай хүсэлтийг хангалгүй, зөвхөн хариуцагч Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нарыг байлцуулан шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн өмнө эрх тэгш байх мэтгэлцэх зарчмыг ноцтой алдагдуулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “ХС” ХХК нь хариуцагч Н.Т-, Л.Б- нарт холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Тодруулбал талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүхээс хуульд заасан журмын дагуу явуулах нь чухал ач холбогдолтой. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарган, шүүх хуралдааныг товлоогүй атлаа хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан журмыг зөрчсөн гэж үзэх бөгөөд уг захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл, товлосон хугацаа тодорхой болох учиртай тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжоор хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, талуудын хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Мөн анхан шатны шүүх хариуцагч Н.Т-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхисон алдаа гаргасаныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

           

                                          ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                 Ч.ЦЭНД