Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00894

 

Л.М-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01997 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1847 дугаар магадлалтай,

Л.М-гийн нэхэмжлэлтэй,

Б.У, Л.Д нарт холбогдох,

20,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Б.У, хариуцагч нарын өмгөөлөгч С.Батцэрэн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.М нь хариуцагч Б.У, Л.Д нарт холбогдуулан 20,910,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01997 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 479 дүгээр зүйлийн 479.3-т заасны дагуу хариуцагч Б.У, Л.Д нараас 6,328,763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,581,237 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.М-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У, Л.Д нараас 116,210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1847 дугаар магадлалаар  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 116,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын өмгөөлөгч С.Батцэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.28-ны өдрийн 1847 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй. Шүүх талуудын төлсөн хураамжийн хэмжээ, оногдох хувийг тодорхойлохдоо Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг буруу тайлбарлан нэхэмжлэгчид оногдох хувийг 39.6 гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний хураамж нэрийдлээр 2019.01.07-ны өдөр 19,635,000 төгрөгийг нийлүүлсэн боловч 14 хоногийн дараа 2019.01.21-ний өдөр хамтын үйл ажиллагаа эхлээгүй байхад 11,600,000 төгрөгийг буцааж авсан нь хэрэг хянан хэлэлцэх явцад нотлогдсон. Өөрөөр хэлбэл хамтын үйл ажиллагаанд 11,600,000 төгрөг огт зарцуулагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хураамжид 19,635,000-11,600,000=8,035,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгчид оногдох хувь 21.1, харин хариуцагчид оногдох хувь 78.9 байх атал шүүх нэхэмжлэгчийн хувийг 39.6 гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д заасантай нийцэхгүй.

4.2. Автомашины засварын зардалд нийт 11,691,700+464,000=12,155,700 төгрөг зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байхад шүүх 12,480,700 төгрөг гэж буруу тооцсонд гомдолтой байна. Хавтаст хэргийн арын хавтсанд үдэгдсэн нэхэмжлэгчийн өдөр тутмын ашиг, орлогоо тэмдэглэж байсан дэвтрээс шатахууны зардлыг түүвэрлэхэд 6,357,373 төгрөг болсон боловч баримттай нь 1,790,000 төгрөг, баримтгүй нь 4,567,373 төгрөг бөгөөд баримтгүй зардлын ар талд дэвтэр, баримттай зардлын ар талд “И” баримт гэж тэмдэглэснийг шүүх анхаарч үзээгүй. Энэхүү түүвэр тооцоо хэргийн 192 дахь хуудаст, 1,790,000 төгрөгийн шатахууны баримтууд хэргийн 51-53 дахь хуудаст авагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч тал шатахууны зардал 6,357,373 төгрөг гэж дэвтрээс түүвэрлэсэн тооцоог дурдсан болохоос зөвшөөрөөгүй. Гэтэл шүүх зөвшөөрсөн мэтээр буруу дүгнэн баримтгүй шатахууны зардлыг төлбөр болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэхгүй тул баримтгүй 4,567,373 төгрөгийн шатахууны зардлыг хасаж өгнө үү. (6,357,373-1,790,000=4,567,373 төгрөг)

4.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.М-д тодорхой хэмжээний мөнгө үлдсэн байна гэж зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгчид оногдох мөнгөн дүнгээс хасаж тооцсон нь зөв боловч орлогыг 12,480,700 төгрөг, автомашины засварын зардлыг 12,480,700 төгрөг, шатахууны зардлыг 6,357,373 төгрөг гэж буруу тооцсон. Анхан шатны шүүх орлого, автомашины засварын зардал 2-ын дүнг 12,480,700 төгрөг (техникийн алдаа сору) гэж яг ижил байдлаар буруу тооцсоныг давж заалдах шатны шүүх орлогыг 16,290,472 төгрөг гэж зөвтгөн гомдлыг хангаж шийдвэрлэсэн, харин автомашины засварын зардал болон нэхэмжлэгч Л.М-д үлдсэн мөнгөний талаар огт дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчид оногдох хувиас өөрт нь үлдсэн мөнгийг хасаж тооцоогүй нь буруу. Учир нь талуудын нийлүүлсэн хөрөнгө, ашиг орлого зэрэг бүх мөнгө нэхэмжлэгч Л.М-гийн дансанд байсан бөгөөд үүнээс бүх зардлыг хасаад үлдсэн мөнгийг зөвхөн нэхэмжлэгч захиран зарцуулсан байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхиж, нэхэмжлэгчид үлдсэн мөнгийг оногдох хувиас нь хасаж тооцоогүйд гомдолтой. Нэхэмжлэгчид үлдсэн мөнгөнөөс өөрт нь оногдох хувийг хасаж, хариуцагчид байсан 38,000,000 төгрөгөөс түүнд оногдох хувийг хасаж тооцоход бүх тооцоо нэг ч төгрөгийн зөрүүгүй таарч байгааг анхаарч үзэхийг хүсье. (Тооцооллыг дор харуулав.)

1. Талуудын нийлүүлсэн хөрөнгө: Хариуцагч нар 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч 8,035,000 төгрөг, нийт 38,035,000 төгрөг.

2. Нэхэмжлэгчид байсан мөнгө: Орлого 16,290,472+38,035,000=54,325,472 төгрөг.

3. Нийт зардал: БНХАУ руу явсан зардал 2,784,500 төгрөг, автомашины үнэ 25,000,000 төгрөг, автомашины засварын зардал 12,155,700 төгрөг, шатахууны зардал 1,790,000 төгрөг, жолоочийн ажлын хөлс 1,050,000 төгрөг, хоолны зардал 578,900 төгрөг, нийт 43,359,100 төгрөг.

4. Нэхэмжлэгчид үлдсэн мөнгө: 54,325,472-43,359,100=10,966,372 төгрөг.

5. Автомашин худалдсан үнэ: 38,000,000 төгрөг.

6. Талуудын өр: 876,840 төгрөг

7. Талуудын дундын хөрөнгө: 10,966,372+38,000,000=48,966,372-876,840=48,089,532 төгрөг

8. Нэхэмжлэгчид оногдох хувь: 48,089,532*21.1%=10,146,891 төгрөг

9. Хариуцагчид оногдох хувь: 48,089,532*78.9%=37,942,640 төгрөг

10. Нэхэмжлэгчид оногдох мөнгөн дүн: 10,966,372-10,146,891=819,480 төгрөг

11. Хариуцагчид оногдох мөнгөн дүн: 38,000,000-37,942,640=57,359 төгрөг

12. Талуудын өр: 819,480+57,359=876,840 төгрөг.

Иймд гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгч Л.М-гаас хариуцагч Б.У, Л.Д нарт холбогдуулан 20,910,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагч нараас 6,328,763 төгрөг гаргуулж, үлдэх 14,581,237 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

7. Нэхэмжлэгчээс “... Б.У бид хоёр 2018 оны 12 сараас эхлэн хамтарч ажиллахаар болж би өөрөөсөө 20,000,000 төгрөг, Б.У 30,000,000 төгрөг гаргаж HOWO маркийн автомашин авсан. Бид машинаа хэн нэгнийхээ нэр дээр шилжүүлэлгүйгээр хуучин эзэмшигчийнх нь нэр дээр байлгаж, би өөрөө барьж ажил хийж байтал Б.У надад мэдэгдэлгүйгээр 2019 оны 6 сард өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан байсан... Б.У машиныг зарсан атлаа машин авахад оруулсан миний 20,000,000 төгрөгийг надад өгөөгүй намайг хохироосон. Хамтран ажилласан үе буюу 2018.12.20-ны өдрөөс хойш 7 сар ажиллах хугацаандаа олсон орлогын талаар тэмдэглэл хөтлөн, Б.У болон Л.Д-гийн данс руу байнга мөнгө шилжүүлж байсан. Б.У надаас 2019.5.17-ны өдөр автомашиныг аваад 5 сараас эхлээд Таван толгой утаагүй түлшний нүүрсний компанитай гэрээ байгуулан, Улаанбаатар хот руу нүүрс тээвэрлэж, ашиг орлого олж байсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй, одоо мөнгөө нэхэхээр бүх мөнгөө чи гаргаад авчихсан гэдэг бөгөөд утсаа ч авахаа больсон. Иймд машин авахад өөрөөсөө гаргасан 20,000,000 төгрөгийг гаргуулж авна. Мөн Б.У нь миний хувийн багажуудыг өгөхгүй хохироож байгаа тул ... нийт 910,000 төгрөгийн үнэ бүхий багажууд болон багажийн үнийг гаргуулж өгнө үү...” гэснийг,

хариуцагч нар эс зөвшөөрч “... Бид 2018 оны 12 сараас хамтран ажиллахаар тохиролцож нэхэмжлэгч Л.М 19,635,000 төгрөгийг, Б.У 34,365,000 төгрөгийг нийлүүлсэн. Нэхэмжлэгч нь өөрийн нийлүүлсэн 19,365,000 төгрөгөөс 11,600,000 төгрөгийг 2019.01.21-ний өдөр буцааж авсан. Бидний нийлүүлсэн дундын хөрөнгийг Л.М барьж байсан, хэдэн төгрөгийг юунд зарцуулсан талаар огт тооцоо нийлээгүй. Харин засвар, үйлчилгээ, шатахуун зэрэгт шаардлагатай мөнгийг Л.М-гийн данс руу шилжүүлж байсан. Автомашиныг ажилд явуулж олсон ашиг орлогоосоо надад ногдох хувийг огт өгч байгаагүй атлаа эвдэрмэгц нь хаяж алга болсон. Түүнийг 10,000,000 төгрөгөөр засаж янзалсан. Нэхэмжилж буй машины түлхүүр, багажууд нь бүгд байгаа, ирээд авбал хүлээлгэн өгөхөд бэлэн тул мөнгөөр төлөх үндэслэлгүй. Бүх орлого, зарлагыг нэгтгэн тооцоход нэхэмжлэгч нь Б.У-т 1,880,738 төгрөг өгөх ёстой байна, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч оруулсан хөрөнгө болох 20,000,000 төгрөгийг буцаан шаардах үндэслэлгүй, харин хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, үлдэх хөрөнгөөс төлсөн хураамжид хувь тэнцүүлэн авахаар шаардах эрхтэй. Хамтран ажиллахаар төлсөн нийт хураамж 49,635,000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 19,635,000 төгрөг буюу 39.6 хувь, хариуцагч нар нь 30,000,000 төгрөг буюу 60.4 хувиар алдагдал, ашиг, хөрөнгө хуваарилагдахаар байна. Нэхэмжлэгч нь 2019.01.21-ний өдөр дундын хөрөнгөөс 11,600,000 төгрөгийг авсан болох нь нотлогдсон... Хариуцагч HOWO маркийн автомашины засварт 12,480,700 төгрөг, шатахууны зардалд 6,357,373 төгрөг, жолоочийн ажлын хөлс 1,050,000 төгрөг зарцуулсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй. Мөн машинд засвар хийхэд Л.Д-гээс зээл авснаас үлдэгдэл 867,840 төгрөг төлөх төлбөртэй. Хамтын үйл ажиллагааны дагуу олсон орлого 10,424,456 төгрөг нэхэмжлэгчийн дансанд орсон болох нь нотлогдсон... Иймд анхны нийлүүлсэн нийт хөрөнгө 49,635,000 төгрөгөөс БНХАУ руу явсан зардлаа хасахад нэхэмжлэгчийн дансанд 46,850,500 төгрөг үлдсэн, үүнээс HOWO маркийн автомашины үнэ 25,000,000 төгрөг, автомашины засварын зардал 12,480,700 төгрөг, шатахууны зардал 6,357,373 төгрөг, жолоочийн ажлын хөлс 1,050,000 төгрөг, хоолны зардал 578,900 төгрөгийг хасахад үлдэгдэл 1,383,527 төгрөг байна. Тээвэрлэлтийн орлого 12,480,700 төгрөгийг нэмж нийт 13,864,227 төгрөг нэхэмжлэгчид үлдсэн, хариуцагч нарт автомашин зарсан мөнгө 38,000,000 төгрөг, талуудын нийт хөрөнгө 51,864,227 төгрөг, үүнээс бусдад буюу Л.Д-д төлөх төлбөр 867,840 төгрөгийг хасахад үлдэх хөрөнгө 50,992,387 төгрөг, үүнээс нэхэмжлэгчийн төлсөн хураамж 39.6 хувиар тооцвол нэхэмжлэгчид 20,071,190 төгрөг ногдоно. Нэхэмжлэгчид хамтын хөрөнгөөс 13,864,227 төгрөг үлдсэн нь нотлогдсон тул хариуцагч нараас зөрүү 6,330,342 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Харин нэхэмжлэгчийн шаардаж буй багаж, тоног төхөөрөмжийг хариуцагч авч явсан, багаж тоног төхөөрөмжийн үнэ зэргийг нотолж чадаагүй, нэхэмжлэлд дурдсан багаж, төхөөрөмжийг хариуцагч авсан болох нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийсэн.

9. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч “...анхан шатны шүүх талуудыг хамтран ажиллах гэрээний дагуу 10,424,456 төгрөгийн ашиг олсон гэж дүгнэсэн боловч 16,290,472 төгрөгийн ашиг олсон байх боломжтой... Гэвч талуудын нийлүүлсэн нийт хөрөнгө 49,635,000 төгрөгөөс БНХАУ руу явсан зардал 2,748,500 төгрөг, автомашины үнэ 25,000,000 төгрөг, засвар, шатахуун, жолоочийн ажлын хөлс, хоолны зардал 20,466,973 төгрөгийг хасвал 1,383,527 төгрөг үлдсэн, дээр нь тээвэрлэлтийн орлого 16,290,472 төгрөг, автомашин худалдсан үнэ 38,000,000 төгрөгийг нэмээд 55,673,999 төгрөг болно. Үүнээс хариуцагч Л.Д-д төлөх 876,840 төгрөгийг хасвал талуудын нийт хөрөнгө 54,797,159 төгрөг, үүний 39.6 хувь буюу нэхэмжлэгчид ногдох хувь нь 21,699,674 төгрөг болох бөгөөд нэхэмжлэгчийн авсан 11,600,000 төгрөгийг хасвал 10,099,674 төгрөг болно. Уг дүн нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 6,328,763 төгрөгөөс их байна. Үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй...” хэмээн хэргийн үйл баримтыг өөрөөр дүгнэсэн байна.

10. Ийнхүү хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг өөр өөрөөр дүгнэхдээ аль аль нь тооцооллын алдаа гаргасан байна. Тодруулбал, анхан шатны шүүх хамтын үйл ажиллагаанаас олсон орлогыг дутуу тооцсон, ингэхдээ  “... хамтын үйл ажиллагааны дагуу олсон орлого 10,424,456 төгрөг нэхэмжлэгчийн дансанд орсон...” гэж, мөн “... тээвэрлэлтийн орлого 12,480,700 төгрөгийг нэмж нийт 13,864,227 төгрөг нэхэмжлэгчид үлдсэн...” гэж дүгнэснээс гадна “...нэхэмжлэгч нь 2019.01.21-ний өдөр дундын хөрөнгөөс 11,600,000 төгрөгийг авсан болох нь тогтоогдсон...” гэж үзсэн атлаа нэхэмжлэгчид ногдох хувиас уг мөнгийг хасаагүй нь зөрчилтэй болсон, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн авсан 11,600,000 төгрөгийг хассан боловч нэхэмжлэгчид хамтын үйл ажиллагаанаас орсон орлого буюу түүний дансанд үлдсэн мөнгийг хасаж тооцоогүй (анхан шатны шүүхийн дүгнэснээр 13,864,227 төгрөг) нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4, 478 дугаар зүйлийн 478.8-д нийцээгүй байна. Иймд энэ талаарх хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол (Тодорхойлох хэсгийн 4.3) үндэслэлтэй.

11. Нэгтгэн дүгнэвэл, зохигч нь тус тусын хураамжийг мөнгөн хэлбэрээр төлж, хамтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн, уг үйл ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээний орлого олсон, мөн зардал гарсан, талуудын хамтын ажиллагаа нь тэдний дундын хөрөнгө болох авто машиныг зарснаар бодит байдалд цаашид үргэлжлэх боломжгүй болсон энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.4-т зааснаар хамтран ажиллах гэрээнээс гарч, анх оруулсан хөрөнгөө буцаан шаардах боломжгүй, түүнчлэн хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг, үлдэх хөрөнгөөс талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн тооцоход нэхэмжлэгчид ногдох хувь байхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.    

12. Иймд хэдийгээр уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-4.2-т заасан гомдол үндэслэлгүй боловч дээр дурдсанаар нэхэмжлэгчид ногдох хувь нэгэнт үлдэхгүй байх тул хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг бүхэлд нь хангах нь зүйтэй.

13. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01997 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1847 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б.У, Л.Д нарт холбогдох 20,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 118,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЦОЛМОН

                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД