Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 626

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

                                                                    хэргийн тухай                      

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

хохирогч А.Хишигжаргал,

яллагдагч Б.Н-, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 816 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Б.Н-д холбогдох эрүүгийн 1832000020253 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Б.Н-, 1994 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэг, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсгүүдэд зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Б.Н- нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Халзангийн даваа” гэх газарт амь хохирогч О.Ууганбаярыг зодож “хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал” бүхий олон тооны шарх, гэмтлийг учруулж өвтгөн шаналгаж, онц хэрцгийгээр санаатай алсан,

            мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хосмандах” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Хишигжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

             Төв аймгийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Прокуророос Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Шүүх яллагдагчаар татагдаагүй гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр ... харьяалал тогтоон шилжүүлнэ.” гэсэн өөрчлөлт орж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл тус шүүхэд харьяалагдахгүй хэргийг дээрх хуульд заасан шийдвэргүйгээр ирүүлсэн байна. Мөн сүүлд гэмт хэрэг үйлдэгдсэн газрын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа бол энэ нь Хан-Уул дүүргийн шүүхэд харьяалагдахаар байгааг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор П.Даваасүрэн тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай” хүсэлтийг хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан боловч судлагдаагүй, хэлэлцэгдээгүй асуудлыг дурдаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн талаар энэхүү шийдвэртээ огт тусгаагүй, хүлээн авсан эсэх нь тодорхой бус байна. Шүүхийн шийдвэрт дурдсан асуудлын тухайд:

            1. Б.Н-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдсан эрүүгийн хэргийг нэгтгэсэн ба тогтоолыг хүчингүй болгоогүй байхад өөрчлөн сонсгох тогтоолд дурдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, прокурорт мэтгэлцэх боломж олгоогүй.

            2. Хэргийн харьяаллын асуудлыг шүүх дээд шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр заасан байхад хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

            Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч А.Хишигжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

            Яллагдагч Б.Н-гийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийг хуульд заасан журмын дагуу явуулж шүүгчийн захирамж гаргахдаа “яллагдагчаар татаагүй байгаа хүнд яллах дүгнэлт үйлдсэн, шүүхийн харьяаллыг тогтоогоогүй зөрчил гаргасан” гэх хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Энэ хэрэг нь 2017-2020 он хүртэл хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтдээ урьд мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн заалт биелэгдээгүй гэсэн үндэслэлийг тусгасан. Уг асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж үзээд шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамж нь хууль зөрчсөн, хүний эрх ашгийг хохироосон гэж үзэхээргүй байх тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            Яллагдагч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Н-г 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 07 цаг 30 минутын үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Халзангийн даваа” гэх газарт амь хохирогч О.Ууганбаярыг зодож “хамрын дээвэр яс, хамар ясны 2 хажуугийн хана /нөмөрцөг яс/, зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын цөмөрсөн нийлмэл хугарлаас үүссэн амьсгал бүтэлт, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, өвчүү ясны хөндлөн хугарал, баруун талын 5, 6, 8, 9, 10 дугаар хавирга, зүүн талын 5, 6, 7, 11, 12 дугаар хавирганы хугарал” бүхий олон тооны шарх, гэмтлийг учруулж өвтгөн шаналгаж, онц хэрцгийгээр санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хосмандах” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Хишигжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, өөрийн санаачилгаар “...прокуророос Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллагдагчаар татсан атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Шүүх яллагдагчаар татагдаагүй гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр ... харьяалал тогтоон шилжүүлнэ.” гэсэн өөрчлөлт орж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Гэтэл тус шүүхэд харьяалагдахгүй хэргийг дээрх хуульд заасан шийдвэргүйгээр ирүүлсэн байна. Мөн сүүлд гэмт хэрэг үйлдэгдсэн газрын шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхээр шилжүүлж байгаа бол энэ нь Хан-Уул дүүргийн шүүхэд харьяалагдахаар байгаа...” хэмээн дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

            Прокурор П.Даваасүрэн “...шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх тухай” хүсэлтийг үндэслэн, урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан боловч шийдвэр гаргахдаа огт өөр үндэслэлийг дурдаж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн...” гэж эсэргүүцэл гаргажээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:”  1.1-д “хэргийг буруу тусгаарласан бол;”, 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол;”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол;” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг хянасны үр дүнд шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна.        

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж тус тус заасан.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Төв аймгийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1832000020253 дугаартай прокурорын тогтоол /1хх 175-176/-оор Б.Н-г “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Халзангийн даваа” гэх газарт иргэн О.Ууганбаярыг зодож амь насыг нь хохироосон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1810028010303 дугаартай прокурорын тогтоол /3хх 51-52/-оор “2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “Хосмандах” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Хишигжаргалтай маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. 

            Төв аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 66 дугаартай прокурорын тогтоол /3хх 111/-оор Б.Н-д холбогдох 1810028010303 дугаартай эрүүгийн хэргийг 1832000020253 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэн мөрдөн байцаалт явуулсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 69 дугаартай прокурорын тогтоол /3хх 199-200/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаныг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн байна.

             Улмаар тус аймгийн прокурорын газраас Б.Н-г тухайн зүйл, хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг /4хх 22-27/ явуулаад, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дагуу прокурорын газраас 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоол /4хх 31-32/-оор Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд дахин ирүүлжээ. 

            Эдгээрээс үзэхэд, Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.” гэж, 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж зааснаас үзвэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Б.Н-д холбогдох 1832000020253 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, Б.Н-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Н-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Түүнчлэн прокурор П.Даваасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд “...анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо зөвхөн “шүүхийн харьяалал тогтоогдоогүй” гэсэн үндэслэлийг дурдсан, харин “яллагдагчаар татаагүй гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн” гэх үндэслэлийг дурдаагүй...” гэж тайлбарладаг боловч энэ нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, яллагдагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын тус шүүх хуралдаанд гаргасан “...анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо эдгээр хоёр үндэслэлийг хоёуланг нь дурдсан...” гэсэн тайлбараар тус тус үгүйсгэгдсэн болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 816 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Н-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                            ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН