Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 68А

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал

улсын яллагч У.Солонго,

шүүгдэгч У.Отгонбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Угтахбаярын Отгонбатад холбогдох эрүүгийн 2016 2601 1040 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн танхимд энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигин овгийн Угтахбаярын Отгонбат Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Сүмбэр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, ах дүү нарын хамт амьдардаг,  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 43-р гудамжны 18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл:

-2015 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Сум дундын 21 дүгээр шүүхийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, НШ95101410 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч У.Отгонбат нь 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн орчим  согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” худалдааны төвийн гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг “гар утас өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Отгонбат: Мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг гаргасан. Шүүхэд мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Энхбаатар мэдүүлэхдээ: Хавтаст хэргийн материалаар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1284 тоот дүгнэлтийг гаргасан. Хэрэг үйл явдал нь 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө болсон гэдэг. Хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудаснаас үзвэл А.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ЭХЭМҮТ-д “бүрэн зулбаа” гэсэн оноштой үзүүлсэн байдаг. Арван хоёр долоо хоногоос доош ураг зулбалтыг эрт үеийн ураг зулбалт гэж тодорхойлдог. А.Мөнх-Эрдэнийн ураг хэрэг үйл явдал болсноос хойш 10 хоногийн дараа зулбасан байна. Ураг зулбах нь маш олон шалтгаантай. Тухайлбал эхийн биеийн эсэргүүцэл муу байх, үр хөндөлт хийлгэсэн, бэлгийн замын халдварт өвчтэй байсан, удамшлын өвчин, гэмтлийн шалтгаан гэх мэт олон шалтгаанаас болно. Гэмтэлтэй холбоотой ураг зулбалт нь тэр даруй цус алдах шинж тэмдэг илэрч, ураг зулбана. Арван хоёр долоо хоногоос доош хугацаатай ураг бол хурууны өндөг шиг жижиг хэмжээний ураг байгаа учраас гэмтлээс болсон бол тэр даруй л ураг зулбах шинж тэмдэг илэрч мэдэгдэнэ. Иймд хэрэг үйл явдал болсноос хойш 10 хоногийн дараа ураг зулбасан явдлыг У.Отгонбатын цохилтын улмаас болсон гэж үзэх боломжгүй юм гэв.

 

Мөн 2016 2601 1040 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

1.Хохирогч А.Мөнх-Эрдэнийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн үед Отгонбат Ганбаяр гэх хүнтэй хамт манай “Жи Эм Жи” нэртэй бааранд орж ирээд тамхины өрөөнд пиво уугаад хоорондоо юм яриад сууж байсан. Хэсэг хугацааны дараа Отгонбат гэх хүний найз Ганбаяр миний хажууд ирээд “манай найзыг анхаарч байгаарай жаахан архи уучихсан байгаа” гэж хэлсэн. Отгонбат бааранд сууж байсан хүмүүстэй маргалдах гээд яваад байсан. Манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс миний хажууд ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байна гэхээр нь нөгөө залуугийн хажууд очоод “чи битгий хүмүүстэй маргалдаад бай, танай найз чинь надад захиад явсан” гэж хэлсэн. Отгонбат надад хэлэхдээ “би гар утсаа хаях гээд байна” гэж хэлээд 2 ширхэг гар утас гаргаж өгөөд буцаад ширээн дээрээ суусан. Хэсэг хугацааны дараа Отгонбат миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би “чи надад өгсөн ш дээ” гэж хэлсэн чинь за за уучлаарай гэж хэлээд надад 5000 төгрөг өгөөд пиво авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд баарнаас гарч АТМ орж мөнгө авах гэсэн юм гэж хэлээд гараад явсан. Буцаад удалгүй 20,000 төгрөг аваад орж ирсэн. Бааранд Отгонбат сууж байхдаа Тэмүүжин гэх хүнтэй маргалдаад зодолдоод байсан. Манай баар хаах цаг нь болоод Отгонбатыг гаргасан чинь хаалганы дэргэд “чи миний 400,000 төгрөгийг авсан” гэж хэлээд миний нүүрэн тус газар руу хэд, хэдэн удаа гараараа цохисон. Отгонбат намайг эхлээд нэг удаа цохисоны дараа газар унасан. Дараа нь босоод ирсэн чинь дахиад нэг удаа нүүрэн тус газар руу цохисон. Би тухайн үед нь эмнэлэгт үзүүлээгүй шууд гэртээ харьсан. Маргааш өглөө нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очтол миний хамар хугарсан байсан. Шинжээчийн 4938 дугаартай дүгнэлттэй танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлэж миний хохирлыг барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг [1] ,

-2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг Отгонбат гэх залуу гараараа нүүрэн тус газар нэг удаа цохих үед би газар унаагүй, зүгээр доошоо хамраа дараад явган суусан. Отгонбат нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж миний хүүхэд зулбасан гэж бодохгүй байна. Би Отгонбатад цохиулахаас өмнө л доошоо юм гараад зулбах гээд байсан юмаа. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан нь үнэн, гэхдээ зодуулснаас болж хүүхэд зулбасан зүйл байхгүй. Отгонбаттай маргалдсан шалтгаан нь У.Отгонбатын гар утаснаас болсон. Отгонбат надад гар утсаа хадгалж бай гэж өгсөнөө мэдэхгүй намайг хулгайлсан гээд байсан. Тэгээд л хоорондоо маргалдсан. Би Отгонбатыг цохиогүй байхад, миний нүүрэн тус газар цохиж гэмтээсэн. Надад одоо гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг [2] ,

-2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Отгонбат ирээд миний нүүрэн тус газар руу гараараа цохиж гэмтээсэн. Намайг Отгонбат гараараа цохисоны дараа би газар унасан. Хэрэг болох үед Цэрэндэжид, Тэмүүжин, Эрдэнэ-Отгон, Зэвгээ бид байсан. Тэмүүжин Солонгос улс руу явсан. Эрдэнэ-Отгон, Зэвгээ нар Улаанбаатарх хотод байхгүй. Орон нутаг руу явсан гэж байсан. Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Би ямар шалтгаанаар ураг зулбасан талаар мэдэхгүй. У.Отгонбатын цохилтоос болж ураг зулбаагүй. Харин У.Отгонбатын цохилтоос хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхитй гэмтэл учруулсан. Ураг 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бүрэн зулбаа оноштой үзүүлсэн. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг [3],

 

2.Гэрч Б.Цэрэндэжидийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найзуудынхаа хамтаар 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “Жи Эм Жи” нэртэй бааранд бармен хийдэг болохоор зүс төдий танина. Мөнх-Эрдэнэтэй нэг ширээнд хамт сууж байсан чинь Отгонбат гэх залуу ширээний хажууд ирээд хамт сууж байгаад баарнаас гарч АТМ-с мөнгө авахаар гарсан. Би 04 цагийн орчимд баарнаас гараад хаалганы ойролцоо байж байсан чинь Отгонбат, Мөнх-Эрдэнэ нар хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би Мөнх-Эрдэнийн хажууд “очоод юу болсон” талаар асуутал Отгонбат маргалдах гээд байсан. Отгонбат гэх залуу “миний түрүүвчинд байсан 400,000 төгрөг алга болсон байна аваад ир” гээд Мөнх-Эрдэнэд хандаж хэлсэн. Мөнх-Эрдэнэ Отгонбатын урдаас “юу яриад байгаа юм гэж хэлээд” хоорондоо маргалдаад байсан. Отгонбат гэх залуу Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар руу нь 1 удаа гараараа цохиод газар унагасан. Намайг очсон чинь Мөнх-Эрдэнийн хамар хэсэг нь хавдсан байдалтай цус гарч байсан. Отгонбат харин таксинд суугаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Отгонбат буцаж ирээд “би гинжээ хаячихсан байна” гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг [4] ,

-2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдүүлсэн “... Отгонбат гэх хүн Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар гараараа цохиж гэмтээсэн. Хэрэг болох үед миний таних Мөнх-Эрдэнэ, Отгонбат, Тэмүүжин, Эрдэнэ-Отгон, Зэвгээ нар байсан. ... “ гэх мэдүүлэг [5],

 

3.Гэрч Л.Ганбаярын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 22 цагийн орчимд манай найз Отгонбат Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” нэртэй бааранд ирсэн. Отгонбат бааранд орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Отгонбат бид хоёр тус бүр 1 ширхэг пиво уусан. Өөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бааранд намайг байж байсан чинь найз охин дуудаад байхаар нь Отгонбатыг үлдээгээд 23 цаг өнгөрөөгөөд гарсан. Отгонбат бааранд ганцаараа үлдсэн. Намайг гарсаны дараа хэнтэй юу уусан талаар нь мэдэхгүй байна. Би хохирогч А.Мөнх-Эрдэнэд баарнаас гарахдаа Отгонбатыг анхаарч байгаарай архи жаахан уучихсан гэж хэлсэн зүйл ерөөсөө байхгүй. А.Мөнх-Эрдэнэ хэрэг болсон өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. У.Отгонбатад 2 ширхэг гар утас байсан. Харин 400,000 төгрөг байсан талаар сайн мэдэхгүй байна. Эрдэнэ-Отгон хөдөө орон нутагт байгаа байх, харин Зэвгээ, Тэмүүжин нар гадаад улс руу явсан гэж сонссон. Хохирогч А.Мөнх-Эрдэнэ надад нэг удаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “би жирэмсэн энэ хүүхдийг би авахуулах гэж байгаа” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг [6] ,

 

4.У.Отгонбатын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим найз Ганбаяр утсаар дуудаад байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” бааранд орсон. Би “Жи Эм Жи” бааранд орохоосоо өмнө ажлынхаа Хурцбилэг гэх залуутай билъяарданд 4 ширхэг пиво уугаад гараад, дахин пабд орж 2 ширхэг пиво уусан. Тэгээд шууд Баянхошууны “Жи Эм Жи” нэртэй бааранд орсон чинь найз Ганбаяр найзуудтайгаа ширээ захиалаад суусан. Би бааранд ороод 2 ширхэг пиво ууж, Ганбаярын найзуудын хийж өгсөн архинаас 1-2 удаа уусан. Хэсэг хугацааны дараа манай найз Ганбаяр гэртээ харилаа гээд гараад явсан. Би Ганбаярын найзуудтай үлдээд “Жи Эм Жи” баарны караокед орсон. Би хэсэг хугацаанд их согтсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн чинь Ганбаярын найзуудтай маргалдаад байсан. Ганбаярын найзууд надтай маргалдах гээд байхаар нь гэртээ харья гэж бодоод караокенээс гарсан чинь “I Phone-4” маркийн гар утас байхгүй байсан. Би буцаж ороод Ганбаярын найзуудаас гар утсаа авъя гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нарт чиний гар утас байхгүй” гээд байсан. Би гар утсаа нэхээд өгөхгүй болохоор нь маргалдаад дотор байсан танихгүй 3 эрэгтэй, 2 охинтой хамт баарнаас гарсан. Баарнаас гараад дахин гар утсаа авъя гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй надад чиний гар утас байхгүй гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа цохиод, маажаад байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “за одоо болъё, зүгээр миний гар утсыг өгчих” гэж хэлсэн чинь намайг доромжлоод гараараа цохих гээд байсан. Тэгээд миний уур хүрээд Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Намайг цохих үед Мөнх-Эрдэнэ газар явган суухад хажууд байсан хүмүүс нь “чи эмэгтэй хүний хамар руу нь цохичихлоо ш дээ” гээд байсан. Намайг Мөнх-Эрдэнийн найз залуу гэх “туранхай өндөр залуу” найзуудтайгаа нийлээд зодох гээд байхаар нь би зугтаад замын хажуу талаас такси бариад явсан. Таксинд суугаад Ганбаярын найзуудыг гаднаас нь ажиглаад байж байгаад гар утсаа авах гээд таксинаас буугаад буцаад очсон. Би баарны хаалгыг 04 цагийн орчим нүдэж байгаад орсон. Намайг бааранд орсон чинь нэг туранхай өндөр залуу “чи яах гээд байгаан, чиний утас бид нарт байхгүй гээд хувцаснаас барьж аваад байсан. Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй цаанаас гарч ирээд намайг цагдаад хэлэхгүй, адилхан хамар руу чинь цохино гээд миний нүүрэн тус газар руу цохиод байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнэ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би тухайн үед  жирэмсэн байсан талаар нь мэдээгүй. Би маргааш өглөө нь буюу 2016 оны 07 дүгээр сарын 07-ны өглөө “Жи Эм Жи” бааранд очиж гар утсаа буцааж авсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнээс болж ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна...” [7] гэх мэдүүлэг,

Мөн түүний 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 цагийн орчим ажлынхаа газрын нэг залуутай Драгон төвийн ойролцоо байдаг билъяарданд орж 2 ширхэг пиво уусан. Билъяарднаас гараад дахин пабд орж 3 ширхэг пиво уусан. Би 00 цагийн орчим найз Ганбаярын гар утас руу залгаад уулзах уу гэж хэлсэн чинь “Баянхошууны Жи Эм Жи нэртэй бааранд хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад очсон. Намайг бааранд орсон чинь Ганбаяр хэдэн хүмүүстэй хамт пиво, архи уугаад сууж байсан. Би Ганбаярын хэдэн найзуудтай нь хамт ширээнд суугаад архинаас нь 2 удаа уугаад, дандаа пиво уусан. Хэсэг хугацааны дараа найз Ганбаяр гэртээ харилаа гээд гараад явсан. Би Ганбаярт хандаж “чи жаахан сууж байгаад гэртээ харь” гэж хэлээд ганцаараа бааранд суугаад үлдсэн. Би хэсэг хугацааны дараа пиво ууж сууж байгаад ухаанаа алдсан бололтой ой ухаан маань орж гараад байсан. Би Ганбаярын найзуудтай хамт караокед сууж байгаад маргалдах гээд байхаар нь караокены сандал дээр байсан савхин куртикээ аваад гарсан чинь куртикны халаасанд байсан гар утас байхгүй байх шиг байсан. Би Ганбаярын найзуудаас “би гар утсаа аваад гэртээ харьлаа, миний гар утас хаана байна” гэж хэлсэн чинь танихгүй эмэгтэй “чиний гар утас бид нарт байхгүй” гээд байсан. Би гар утаснаас болоод Ганбаярын найзуудтай маргалдсан. Ганбаярын найзууд гар гээд байхаар нь гарсан. Тэгээд баарны гадна талд зогсож байсан чинь Ганбаярын 3 найз гараад ирсэн. Би тэд нарт гар утсаа авмаар байна гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нар чиний гар утсаар яах юм, бид нар хулгайч биш шүү, чи өөрөө надад гар утсаа хаячих байх авч бай гээд өгөө биз дээ, чи маргааш эрүүл болохоороо аваарай” гээд байсан. Би тухайн үед их согтсон байсан болохоор Мөнх-Эрдэнэтэй маргалдаад, жаахан агсам тавьсан чинь намайг Мөнх-Эрдэнэ алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Би Мөнх-Эрдэнийн хамрыг цохичихоод шууд такси бариад ороод сууж байсан чинь Мөнх-Эрдэнэ найзуудынхаа хамт баар руугаа буцаад орсон. Би араас нь гар утсаа авах гээд орсон чинь Мөнх-Эрдэнийн найз залуу нь намайг зодох гээд байхаар нь би баарнаас гараад гэртээ харих гээд явсан.  зугтаад замын хажуу талаас такси бариад явсан. Би Мөнх-Эрдэнийг 2 сартай  жирэмсэн байсан талаар нь огт мэдээгүй. Мөнх-Эрдэнэ жирэмсэн байсан байж надтай хамт архи согтууруулах ундааны зүйл уугаад байсан болохоор миний цохисноос болж зулбасан зүйл байхгүй гэж үзэж байна...” [8] гэх мэдүүлэг,

 

-2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн “... би ерөөсөө Мөнх-Эрдэнийг хэд хэдэн удаа гараараа цохисон. Нэг удаа л нүүрэн тус газар нь цохисон. Мөнх-Эрдэнэ газар унасан зүйл байхгүй. Мөнх-Эрдэнийг жирэмсэн байсныг мэдээгүй. Мөнх-Эрдэнэ жирэмсэн байж хэрэг болсон шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан. Би Мөнх-Эрдэнийн ургийг зулбуулсан зүйл огт байхгүй. Хохирогч А.Мөнх-Эрдэнэд 920,000 төгрөг бэлнээр төлж барагдуулсан. Хэрэг болсон өдөр нь 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цагийн үед болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг [9]

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4938 тоот актын:

 “...1.Мөнх-Эрдэнийн биед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой./Шинжээч Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт...” [10],

 

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1284 тоот актын:

“...1.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 4938 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2, 5, 6.-д Хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг зулбасан нь хэрэг болсон гэх 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнөөс хойш буюу 2016 оны 04 дүгээр сарын 17-нд ЭХЭМҮТ-д “бүрэн зулбаа” гэсэн оноштой үзүүлсэн нь яллагдагч У.Отгонбатын цохилтоос үүссэн байх боломжгүй байна.

3.Хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг ямар хүчин зүйлийн улмаас зулбасан эсэхийг тогтоох боломжгүй байна.

4.Ураг зулбах гэх нэр томъёог шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3-т жирэмслэлт таслагдах үүнд: гэмтлийн улмаас жирэмслэлтийн хугацаанаас үл хамааран дутуу төрөх, ураг зулбах, ураг амьгүй болох тохиолдол хамаарна гэж заасан байдаг.

7.А.Мөнх-Эрдэнийн биед тухайн үед хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

8.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /Шинжээч Г.Энхбаатар, Н.Туяа, Т.Сэлэнгэ/  гэсэн дүгнэлт...” [11],

7.2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн яаралтай түргэн тусламж үйлчилгээний хуудсын хуулбар [12],

8.Хохирол нэхэмжилсэн баримтууд [13],

9.Хохирогч А.Мөнх-Эрдэнийн өвчний түүхийн хуулбар [14],

10.Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсын хуулбар [15],

11.Шүүгдэгч У.Отгонбатын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [16] болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

Нэг.Шүүгдэгч У.Отгонбат нь 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө 04 цагийн үед согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” караоке, баарны гадна иргэн А.Мөнх-Эрдэнийг “гар утас өгсөнгүй, 400,000 төгрөгийг авчихсан байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж нүүрэн тус газар нь гараараа цохиж хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогч А.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 23 цагийн үед Отгонбат Ганбаяр гэх хүнтэй хамт манай “Жи Эм Жи” нэртэй бааранд орж ирээд ....пиво уугаад хоорондоо юм яриад сууж байсан. ...Отгонбат надад хэлэхдээ “би гар утсаа хаях гээд байна” гэж хэлээд 2 ширхэг гар утас гаргаж өгөөд буцаад ширээн дээрээ суусан. Хэсэг хугацааны дараа Отгонбат миний гар утас алга болчихлоо гэж хэлэхээр нь би “чи надад өгсөн ш дээ” гэж хэлсэн чинь за за уучлаарай гэж хэлсэн. ...Манай баар хаах цаг нь болоод Отгонбатыг гаргасан чинь хаалганы дэргэд чи миний 400,000 төгрөгийг авсан гэж хэлээд миний нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа гараараа цохисон....” гэсэн мэдүүлэг [17], түүний 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Отгонбаттай гар утаснаас болж маргалдсан. Отгонбат надад гар утсаа хадгалж бай гэж өгсөнөө мэдэхгүй намайг хулгайлсан гээд байсан. Тэгээд л хоорондоо маргалдсан. ...” гэсэн мэдүүлэг[18], шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Отгонбатыг таксинд суулгаад өгье гэтэл надаас 400,000 төгрөгийг авсан байна гээд нэхсэн. Би “чи юу яриад байгаан, чи надад гар утсаа л хадгалуулсан” гэж хэлээд эргэтэл Отгонбат гараараа миний нүүр нүд рүү цохисон. ...” гэсэн мэдүүлэг,

-гэрч Б.Цэрэндэжидийн мөрдөн байцаалтад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Отгонбат гэх залуу “миний түрүүвчинд байсан 400,000 төгрөг алга болсон байна аваад ир” гээд Мөнх-Эрдэнэд хандаж хэлсэн. Мөнх-Эрдэнэ Отгонбатын урдаас “юу яриад байгаа юм гэж хэлээд” хоорондоо маргалдаад байсан. Отгонбат гэх залуу Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар руу нь 1 удаа гараараа цохиод газар унагасан. Намайг очсон чинь Мөнх-Эрдэнийн хамар хэсэг нь хавдсан байдалтай цус гарч байсан....” [19] гэх мэдүүлэг,

-шүүгдэгч У.Отгонбатын мөрдөн байцаалтад 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 23 цагийн орчим найз Ганбаяр утсаар дуудаад байхаар нь Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Эм Жи” бааранд орсон. ...Би бааранд ороод 2 ширхэг пиво ууж, Ганбаярын найзуудын хийж өгсөн архинаас 1-2 удаа уусан. ...гэртээ харъя гэж бодоод караокенээс гарсан чинь “I Phone-4” маркийн гар утас байхгүй байсан. ...Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нарт чиний гар утас байхгүй” гээд байсан. ...дахин гар утсаа авъя гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй надад чиний гар утас байхгүй гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа цохиод, маажаад байсан. Би Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйг “за одоо болъё, зүгээр миний гар утсыг өгчих” гэж хэлсэн чинь намайг доромжлоод гараараа цохих гээд байсан. Тэгээд миний уур хүрээд Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэйн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. ...” [20] гэх мэдүүлэг,

-түүний 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...гар утсаа авмаар байна гэж хэлсэн чинь Мөнх-Эрдэнэ гэх эмэгтэй “бид нар чиний гар утсаар яах юм, бид нар хулгайч биш шүү, чи өөрөө надад гар утсаа хаячих байх авч бай гээд өгөө биз дээ, чи маргааш эрүүл болохоороо аваарай” гээд байсан. Би тухайн үед их согтсон байсан болохоор Мөнх-Эрдэнэтэй маргалдаад, жаахан агсам тавьсан чинь намайг Мөнх-Эрдэнэ алгадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. ...” [21] гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4938 тоот акт, дүгнэлт [22],  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1284 тоот акт, дүгнэлт, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуулбар [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч У.Отгонбат нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба шүүгдэгч У.Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь мөрдөн байцаалтад  “...Намайг Отгонбат гэх залуу гараараа нүүрэн тус газар нэг удаа цохих үед би газар унаагүй, зүгээр доошоо хамраа дараад явган суусан. Отгонбат нүүрэн тус газар нэг удаа цохисноос болж миний хүүхэд зулбасан гэж бодохгүй байна. Би Отгонбатад цохиулахаас өмнө л доошоо юм гараад зулбах гээд байсан юмаа. Би тухайн үед 2 сартай жирэмсэн байсан нь үнэн, гэхдээ зодуулснаас болж хүүхэд зулбасан зүйл байхгүй....” гэж мэдүүлсэн байдаг ба 2016 оны 07 дугаар сарын 22-ы өдрийн шүүх хуралдаанд “...би 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2 сартай жирэмсэн байсан, шүүгдэгч У.Отгонбатад цохиулсаны улмаас ураг зулбасан гэж мэдүүлсэн.

Мөн хохирогч А.Мөнх-Эрдэнэ нь Шүүх эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үзүүлэхдээ жирэмсэн байсан талаараа хэлээгүй гэж 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4938 тоот акт, дүгнэлтээр А.Мөнх-Эрдэнийн биед “...хамар ясны хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан...” байх ба А.Мөнх-Эрдэнийн биед өөр ямар нэг ил харагдах шарх гэмтэл тогтоогдоогүй бөгөөд, дүгнэлтийн  зовиур гэсэн хэсэгт “...нүүрний баруун талаар хөндүүр, хүзүүний баруун хажуу хэсгээр таталдаж өвдөнө...” гэж тэмдэглэгдсэн.

Нөгөө талаас хэрэг үйл явдал 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө болсон байх ба хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбарт 2016 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн үзлэгээр умайн тонустой гэж тэмдэглэгдсэн, яаралтай тусламж үйлчилгээний хуудсанд “... яаралтай тусламжийн тасагт ирсэн огноо 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 20 цаг гэж тэмдэглэгдсэн, мөн 19 цагаас хойш доош цус ихээр гарсан гэж тэмдэглэгдсэн, байх ба эдгээр нь хэрэг үйл явдал болсноос хойш нилээдгүй хугацааны дараа болжээ.

Иймд дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тогтоохоор, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 4938 тоот акт, дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар болон хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг зулбалт буюу жирэмсэний тасалдалт нь шүүгдэгч У.Отгонбатын үйлдэлтэй холбоотой эсэхийг тогтоох зорилгоор мөрдөн байцаалтад тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж дүгнэлт гаргуулахад, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1284 тоот актаар “... Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 4938 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг зулбасан нь хэрэг болсон гэх 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнөөс хойш буюу 2016 оны 04 дүгээр сарын 17-нд ЭХЭМҮТ-д “бүрэн зулбаа” гэсэн оноштой үзүүлсэн нь яллагдагч У.Отгонбатын цохилтоос үүссэн байх боломжгүй байна. Хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг ямар хүчин зүйлийн улмаас зулбасан эсэхийг тогтоох боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт гарсан байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч Г.Энхбаатараас мэдүүлэхдээ “...Гэмтэлтэй холбоотой ураг зулбалт нь тэр даруй цус алдах шинж тэмдэг илэрч, ураг зулбана. Арван хоёр долоо хоногоос доош хугацаатай ураг бол хурууны өндөг шиг жижиг хэмжээний ураг байгаа учраас гэмтлээс болсон бол тэр даруй л ураг зулбах шинж тэмдэг илэрч мэдэгдэнэ. Иймд хэрэг үйл явдал болсноос хойш 10 хоногийн дараа ураг зулбасан явдлыг У.Отгонбатын цохилтын улмаас болсон гэж үзэх боломжгүй юм гэсэн мэдүүлгийг гаргасан.

Иймд хохирогч А.Мөнх-Эрдэнийн ураг зулбалт буюу жирэмсний тасалдалт нь шүүгдэгч У.Отгонбатын үйлдэлтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23 гэсэн байх боловч хохирогч А.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад гаргасан гомдолдоо “...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн үүрээр ажлаасаа гарч байхад манай бааранд үйлчлүүлсэн залуу нүүрэн тус газар цохисон. ...” гэж бичсэн, шүүгдэгч У.Отгонбат нь яллагдагчаар мэдүүлэхдээ “...2016 оны 04 дүгээр сарын 06-наас 7-нд шилжих шөнийн 04 цагт баарнаас гарсан. Утсаа нэхсэн, хохирогчийг цохисон гэж тус тус мэдүүлсэн, гэрч Б.Цэрэндэжидээс “...2016 оны 04 дүгээр сарын 6-наас 07-нд шилжих шөнийн 04 цагийн орчим болсон” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл гэмт хэрэг нь 2016 оны 04 дүгээр сарын 06-наас 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 04 цагийн орчим болсон нь тогтоогдож байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацааг шүүх зөвтгөн дүгнэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Мөнх-Эрдэнийн хамрын ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хавтаст хэрэгт толгойн компьютер томографийн шинжилгээний хариу, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /тус хуудсанд төлбөр 150,000 төгрөг, 50,000 төгрөг гэж гараар бичсэн/ мөн эм тариа, шатахуун, усан үзэм, чихэр, нойлын цаас, шүдний оо, компот, гурилан боов, тор гэх зэрэг ахуйн хэрэглээний бараа зэргийн үнийг нэхэмжилсэн баримтуудыг[24] ирүүлсэн байна.

2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч А.Мөнх-Эрдэнээс “миний бие нь шүүгдэгч У.Отгонбатад цохиулсны улмаас миний толгой их өвдөж, мэдрэлийн эмчид үзүүлж, эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гээд Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гаднаас эм тариагаа авч хэрэглэсэн гэж мэдүүлж, энэ талаар эмчилгээний зардлыг нэхэмжилсэн баримтуудын хуулбарыг ирүүлсэн гэж тайлбарласан.

Мөрдөн байцаалтад хохирогч А.Мөнх-Эрдэнийн хэвтэн эмчлүүлсэн эмнэлгээс өвчний түүхийг хэрэгт хуулбарлан авсан байх ба уг өвчний түүхийг үзвэл А.Мөнх-Эрдэнэ нь Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдийн нэгдсэн эмнэлгийн Арьс харшлын тасагт 2016 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн өвчний түүхэнд “өвчний түүх гэсэн хэсэгт “...сарын өмнөөс биеэр юм гарч эхэлсэн. Жилийн өмнөөс толгой өвдөх, үе мөч өвдөх зовиур эхэлсэн. ...” гэж тэмдэглэгдэж, арьс харшлын эмчилгээ хийлгэжээ.

Түүнчлэн хохирогч А.Мөнх-Эрдэнийн толгой өвдөх зовиур нь хэрэг үйл явдал болохоос 1 жилийн өмнө эхэлсэн байна. Нөгөө талаас хохирогч А.Мөнх-Эрдэнийн  мэдрэлийн эмчилгээ хийлгэсэн гэх эм тариагаа ямар эмчийн заавар, жороор хийлгэсэн нь ч тодорхой бус байна.

Мөн хохирогч А.Мөнх-Эрдэнийн хэрэгт ирүүлсэн баримтууд хуулбар, үүн дотор зарим нь засвартай, уншигдахгүй, худалдан авагчийн нэр, хүлээн авагчийн нэр байхгүй  зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх эдгээр баримтаар хохирлыг тооцож гаргах боломжгүй гэж шүүх үзсэн.

Харин шүүгдэгч У.Отгонбат нь мөрдөн байцаалтад бэлнээр 500,000 төгрөг, хохирогчийн компьютер томографикийн гэрэл зургийн төлбөр 120,000 төгрөг, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байхад хохирогчид 300,000 төгрөг нэмж өгч, нийт 920,000 төгрөгийг нөхөн төлсөн гэж тус шүүх хуралдаанд мэдүүлсэн.

Түүнчлэн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хохирол төлсөн тухай баримтад[25] У.Отгонбатын үйлдсэн гэмт хэргийн улмаас А.Мөнх-Эрдэнэд 920,000 төгрөг бэлнээр төлөв. А.Мөнх-Эрдэнэ миний бие шүүгдэгч У.Отгонбатад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ.

Иймд хохирогч А.Мөнх-Эрдэнэ 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 2,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч У.Отгонбатыг хохирогч А.Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй гэж үзэв.

Тус шүүх хуралдаанд хохирогч А.Мөнх-Эрдэнэд удаа дараа шүүх хуралдааны товыг хаягаар нь хүргэхэд хүлээн авсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдал, бусад асуудлын талаар.

Шүүгдэгч У.Отгонбат нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүх уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж,

          -мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг...” хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

          Шүүгдэгч У.Отгонбат нь 2015 онд хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон байх ба Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамаарах зүйл хэсэгт хамаарч байх тул У.Отгонбатад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч У.Отгонбатад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч У.Отгонбатын 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297.1.1-297.1.4, 298, 299 дүгээр зүйлийн 299.3-р зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар шүүгдэгч Угтахбаярын Отгонбатад Сум дундын 21 дүүргийн шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Боржигон овгийн Угтахбаярын Отгонбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Отгонбатыг 3 (гурав) жил 10 (арав) хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Отгонбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар У.Отгонбатын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч У.Отгонбат нь хохирогч А.Мөнх-Эрдэнэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Отгонбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Отгонбатад авсан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 180-181 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 197 дугара тал.

[6] Хавтаст хэргийн 195-196 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 21-22дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[9] Хавтатс хэргийн 198-199 дүгээр тал.

[10] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 185-186 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 51-55 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 58-66 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 72-78 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 8 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 85-86 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 9 дүгээр тал.

[20] Хавтаст хэргийн 21-22дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 25 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 80 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 56-66 дугаар тал.

[25] Хавтаст хэргийн 159 дүгээр тал.