Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2017/0012

 

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2017/0012

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, О хороолол, .. дүгээр байрны ... тоотод оршин суух Г.Б,

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/223 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т.Ц, Х.С, иргэдийн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч Д.С нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие цагдаагийн байгууллагад 10 жил ажилласан бөгөөд Цагдаагийн ерөнхий газар болон бусад анги, салбаруудад мэргэжилтэн, нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийн ажлыг хийж байгаад хамгийн сүүлд Нийслэлийн цагдаагийн газрын санхүү хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг холбогдох хууль, журмын дагуу гүйцэтгэж ирсэн. Гэтэл Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.9, 40 дүгээр зүйлийн 40.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар учирсан хохирлыг төлүүлж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хамгаалалтын 1 дүгээр газрын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын байцаагчийн эрхтэй хүн шалгах ёстой бөгөөд эрх бүхий улсын байцаагч нар албан ёсны хэвлэмэл хуудас дээр тамга,
тэмдэг, гарын үсэгтэй, төсөв захирагч, нягтлан бодогчийн тайлбартайгаар
хариуцлага тооцдог нь хуулийн дагуу тогтсон жишиг юм. Гэтэл улсын байцаагчийн эрхгүй Цагдаагийн ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын ажилтан Т.Ц, Х.С нар нь шалгалт явуулж, танилцуулга, дүгнэлт гаргасан явдал нь бодит байдалд нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4, 70 дугаар зүйлийн 70.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 23 дугаар зүйлийн 23.1, Засгийн газрын 2002 оны 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм-ийг тус тус зөрчсөн. Үүнийгээ ч зөвлөлийн хурал дээр өөрсдөө танилцуулахдаа хэлж байсан.

Улсын байцаагчийн эрхгүй этгээд хууль зөрчиж, шалгасан баримт /танилцуулга, дүнгийн хүснэгт/ нь Г.Б т сахилгын шийтгэл ногдуулах хууль ёсны нотлох баримт болж чадахгүй. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д зааснаар нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан баримт, танилцуулга нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Нөгөөтээгүүр Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон хяналт шалгалт хийх байцаагчийн эрхгүй этгээдүүд нь зөвхөн буруутгах байдлаар хэт нэг талыг баримтлан шалгалтыг явуулсан бөгөөд Хамгаалалтын 1 дүгээр газрын хэмжээнд заагдсан 22 төрлийн алдаа дутагдлаас 15-ыг нь тухайн үеийн дарга М.Л, нягтлан бодогч Б.Б нарын нэр дээр заасан бөгөөд ихэнх нь шалгалтын үеэр засаж залруулсан байдаг. Байгууллагын хэмжээний асуудлыг ганцхан би ажиллаж байсан юм шиг надад холбогдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Харин маргаан бүхий тушаалаар Г.Б ийг 3 үндэслэлд буруутган, 16.941.343 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн. Уг шалгалтын танилцуулгыг Г.Б т танилцуулж, тайлбар тодруулга асуугаагүй, танилцуулга хийгдээгүй, гарын үсэг зуруулаагүй, тайлбар гаргах боломж олгоогүй, шалгасан хүмүүс өөрсдөө гарын үсэг зураагүй, танилцуулга болон баримтуудад, дурдагдаж байгаа зөрчил дээр он сар өдөр байхгүй, хариуцах эзэнгүй ийм баримтаар Г.Б ийг буруутгасан.

Миний бие шалгалтаар илэрсэн зөрлийг гаргаагүй, хууль, журам зөрчөөгүй, төрийн албыг хохироосон зүйл байхгүй.

Цагдаагийн ерөнхий газраас томилогдсон шалгалтын ажлын хэсгийн хууль зүйн үндэслэлгүй танилцуулга, дүгнэлтийг үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 сарын 28-ны өдрийн Б\223 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь миний эрх ашгийг хохироож байна.

Г.Б нь маргаан бүхий тушаалд баримталсан хуулиудыг зөрчөөгүй, гаргасан гэх зөрчлүүд нь баримтаар нотлогдохгүй байхад ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайлбал: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан ерөнхий заалт баримталсан байх бөгөөд энэ нь Г.Б ийг шууд буруутгах үндэслэл болохгүй. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан "Албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх" гэсэн заалтыг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл Г.Б ямар албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэрсэн гэдэг нь нотлогддоггүй.

Мөн буруутгаж буй Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн гэх заалт нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан "Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах" гэсэн заалт нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар тус тус хүчингүй болсон.

Г.Б нь албан тушаалаа урвуулж, хөрөнгө, мөнгө хувьдаа ашигласан зүйл байхгүй, энэ нь нотлогдоогүй, тухайн байгууллагад Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар ямар нэгэн хохирол учраагүй.

Нэхэмжлэгч Г.Б ийг буруутгаж буй 3 үндэслэлийг авч үзэхэд,

Нэг. Хамгаалалтын 1 дүгээр газрын цайны газрыг түрээслүүлж, 2013 онд 6.14.1.100 төгрөг, 2014 онд 6.000.000 төгрөг, олсон нийт 12.1 сая төгрөгийг юунд зарцуулсан тодорхойгүй гэж үзсэн.

Тухайн үед Хамгаалалтын 1 дүгээр газрын удирдлагаас өгсөн чиглэл, хяналтын дор цайны газраа түрээслүүлж, олсон орлогыг байгууллагын хэрэгцээнд зарцуулах шийдвэр өгсөн. Уг мөнгөөр худалдан авсан эд хөрөнгө, баримтууд бүгд байгаа, юунд зарцуулсныг тодорхой тайлбарлаж өгсөн. Уг мөнгийг хувьдаа ашиглаагүй, байгууллагад зарцуулсан болох нь мөрдөн байцаах байгууллагад гаргаж өгсөн санхүүгийн баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

ХоёрДанс андуурч хийгдсэн 1.6 сая төгрөгийг бэлнээр гаргуулж авсан гэж үзсэн. Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхад төсвөөс гадна, н.Г гэгчээс данс андуурч,П ХХК-ийн картын данс руу 1.673.450 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Уг мөнгө нь төсвийн санхүүжилт биш тул зарцуулах боломжгүй, учир шалтгааныг олохоор шилжүүлсэн мөнгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бэлэн мөнгөөр гаргуулан авч, 99972... дугаар руу удаа дараа лавлахад эзэн шалтгаан нь тодроогүй. Уг мөнгө над дээр бэлнээр хадгалагдаж байсныг шалгалтын хүмүүст тайлбарлан хүлээлгэж өгсөн. Миний бие уг мөнгийг хувьдаа ашигласан зүйл байхгүй. Тэгээд ч сахилгын шийтгэл тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Гурав. 3.126.893 төгрөгийн шатахуун илүү тооцож олгосон гэж үзсэн.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Автомашины тоо, хоногийн гүйлтийн хэмжээг шинэчлэн батлах тухай 157 дугаар тушаалыг үндэслэн санхүү, аж ахуйн үйлчилгээнд Мазда маркийн автомашины шатахууны лимитээр зарцуулахаар сар бүр баталж явдаг байсан.

Автомашин хүрэлцээгүй тул санхүү, аж ахуйн үйлчилгээнд Цагдаагийн ерөнхий газраас актлагдсан А маркийн 02-.. УБҮ дугаартай автомашиныг явуулахаар шийдвэрлэж, тухайн үед батлагдсан лимитээр зарцуулсан нь хууль, журам зөрчөөгүй бөгөөд Г.Б ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Тэгээд ч Г.Б А маркийн авто машиныг барьж байгаагүй, Г.Б А маркийн автомашины жолооч нь биш, жолооч нь шатахууны карт авч цэнэглэж байсан асуудал байгаа. Иймээс тооцооны нягтлан бодогч, аж ахуйн ажилтан, асуудал хариуцсан нягтлан бодогчийн хувьд ялгаатай, жолооч болон тооцооны нягтлан бодогчтой хамааралтай асуудлыг Г.Б т холбогдуулж байгаа нь үндэслэлгүй. Г.Б ийг шатахууны карт авсан гэх хардлага байгаа болохоос ямар дугаартай машинд бензин хийсэн талаар нотлох баримт байхгүй бөгөөд уг асуудлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шатахуун хувьдаа ашигласан, хувь хүн болон байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүйг нотолсон. Дээрх асуудлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгасан боловч нотлогдоогүй тул Прокурорын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2361 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг тогтоол нь Г.Б ийг ажлаас халах тушаал гарснаас 1 жил 8 сарын дараа гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан ...зөрчил үйлдсэнээс 6 сар, илрүүлэх хугацаа 1 сарын хугацаа өнгөрсөн тул зөрчил гэж үзэхгүй.

Г.Б нь сайн ажилласан гэж сайшаагдан албан тушаал дэвшиж ажилласан гэж үзэж байгаа бөгөөд Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалыг хүлээлгэн "Тойрох хуудас"-ыг зуруулахад ямар нэгэн тооцоо, өр төлбөр байхгүй гэсэн байдаг.

Иймд Г.Б нь сахилгын зөрчил гаргаагүй, хууль, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хууль зүйн үндэслэлгүй гарсан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/223 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Т.Ц, Х.С нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 81 дүгээр тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын Захиргааны удирдлагын газрын ахлах нягтлан бодогчоор 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж, санхүүгийн баримт, мэдээ тайланд 2 дугаар гарын үсэг зурдаг байсан. Уг ажлын байрны тодорхойлолтод заасан гол зорилго нь хууль эрх зүйн актуудын хүрээнд байгууллагын санхүүгийн төсөв, тайлан баланс гаргах, бараа үйлчилгээ худалдан авах, байгууллагын өмч хөрөнгийг хадгалах, хамгаалахад хяналт тавих үүрэгтэй. Мөн санхүү аж ахуйн ажилтнуудыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах, төсөв алба хаагчдын хувцасны хангалт, хадгалалт хамгаалалт, хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой тушаал шийдвэрт хяналт тавих, санхүүгийн алба хаагчдын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн хөтлүүлэх, биелэлтэд хяналт тавих, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэн санхүүгийн программаар тайлан баланс гаргах, улсын төсвийн болон улсад хандив тусламжаар ирсэн бараа материалыг тухай бүрд данс бүртгэлд тусгуулан тушаал, шийдвэр гаргуулах үүрэгтэй. Мөн ашиглаж байгаа бараа материал, үндсэн хөрөнгөнд хуулийн дагуу тооллого явуулах ажлыг зохион байгуулах, үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг бүртгэлээр зарцуулалтад хяналт тавих ажлыг зохион байгуулах зэрэг үүрэгтэй.

Цагдаагийн байгууллагын хувьд төсвийн үйл ажиллагаа явуулдаг 55 анги, байгууллага байдаг бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар Цагдаагийн ерөнхий газарт Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтэс нь төсвийг зохистой үр бүтээлтэй зарцуулах, эрсдэлийг хангах чиглэлээр харьяа байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах, үйл ажиллагаанд үнэлэлт өгөх чиг үүрэгтэй ажилладаг.

Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтэс нь Цагдаагийн ерөнхий газрын даргын2015 оны 02 дугаар сарын 18 өдөр баталсан удирдамжийн дагуу Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд явуулахад Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газар нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг болон бусад санхүүгийн холбогдох эрх зүйн актуудын холбогдох заалтуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлээгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримталж ажиллаагүй, санхүүгийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дутмаг, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлээгүй зэргээс шалтгаалж 26 төрлийн 374.3 сая төгрөгийн зөрчил илэрч, уг зөрчлөөс 365.7 сая төгрөгийн зөрчил нь Г.Б ийн үйл ажиллагаатай хамааралтай байсан.

Шалгалтын дүнгийн танилцуулгыг холбогдох алба хаагчдад хамгаалалтын 1 дүгээр газрын дарга, ахлах нягтлан бодогч, нягтлан, аж ахуй хариуцсан, санхүү хариуцсан ажилтнуудад танилцуулж, гарын үсэг зуруулан шалгалтын дүнг 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 03 дугаар хуралдаанд танилцуулж, илэрсэн зөрчилд холбогдох алба хаагчдыг байлцуулан сахилгын шийтгэл ногдуулсан. Хамгаалалтын 1 дүгээр газрын үйл ажиллагаанд шалгалт хийхэд нийт 26 төрлийн санхүүгийн зөрчил илэрсэн. Түүнээс нэхэмжлэлд дурдсан 3 зөрчилд нь холбогдуулан түүнд хариуцлага ногдуулаагүй, харин 3 зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул цагдаагийн байгууллагад шалгуулж Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан.

Г.Б нь Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд буюу 2013 оны 12 дугаар сард Хамгаалалтын 1 дүгээр газрын дансанд1.673.450 төгрөг орсон. Гэтэл уг мөнгийг 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр П ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах ШТС-6-аас 4390111388 дугаарын шатахууны картыг 4 удаа уншуулж, 1.673.450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авч, өөр дээрээ байлгаж, ашиглаж байсан бөгөөд өөр ажилд шилжихдээ энэ талаар жилийн эцсийн тайланд тусгалгүйгээр авч явсан. Энэ нь шалгалтын үеэр илэрэхэд бэлнээр гаргаж өгсөн. Мөн Хамгаалалтын 1 дүгээр газрын сул объектыг өөр байгууллагад түрээсийн гэрээ байгуулахгүйгээр цайны газрын зориулалтаар түрээслүүлж, төлбөрийг бэлэн мөнгөөр сар бүр авч, төсвийн данснаас гадуур зарцуулсан. Хяналт шалгалтын явцад цайны газрын түрээсийн талаар огт дурдаагүй, ямар нэгэн санхүүгийн баримт байхгүй, сар бүрийн түрээсийг юунд зарцуулж байсан талаарх баримт тухайн шалгалт хийх хүртэл байгаагүй. Уг асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэхээр шалгуулж шилжүүлэх үед зарлагын падаан баримт бүрдүүлж өгсөн байдаг. Ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцон 3.1 сая төгрөгийг завшсан болох нь нотлогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх зөрчлийг прокурорын байгууллага гэмт хэрэг биш гэж үзсэн боловч данс андуурсан болон цайны газрын түрээс авсан нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг тэр чигт нь зөрчсөн гэдгийг эрүүгийн хэрэг шалгах үед эдийн засгийн шинжээч нар дүгнэж, тогтоосон бөгөөд санхүүгийн зөрчил гэж үзсэн. Г.Б нь дээрх 3 төрлийн зөрчил гаргаагүй гэж байгаа ч эдгээр 3 төрлийн зөрчлөөс гадна 22 төрлийн байгууллагын санхүүгийн зөрчилд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй, Г.Б ийн үйл ажиллагаатай шууд холбоотой зөрчил байдаг.

Тухайлбал: Мөнгөн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой.

1. Улаанбаатар цахилгаан түгээх станц, Ус сувгийн удирдах газартай тайлант хугацаа бүрээр тооцоо нийлээгүйгээс 2014 онд 375.5 мянган төгрөгийг илүү шилжүүлсэн, 638.9 мянган төгрөгийн цайны газрын ашиглалтын зардлыг төсвийн зардлаас төлсөн.

2. Харилцах /нэмэлт санхүүжилт/ данснаас 144.8 сая төгрөгийг хүчин төгөлдөр анхан шатны баримтгүй зарцуулсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд хүчин төгөлдөр баримтыг үндэслэн санхүүгийн тайлан гарах ёстой. Гэтэл хүчин төгөлдөр баримтгүйгээр уг гүйлгээг хийсэн нь Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 294 тоот тушаалыг зөрчсөн.

Сангийн сайдын 2012 оны 294 тоот тушаалд нягтлан бодогчийн шалгуур, үүрэг бүртгэгдсэн байдаг бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1.8-т анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн данс, санхүүгийн тайлан, тооллого тооцооны бүх баримтыг төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын дагуу хөтөлж, эмхлэн цэгцэлж, бүрэн гүйцэд бүрдэлтэйгээр архивд актаар шилжүүлэх 4.1.11-т эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлөгдөхөд өөрийн хариуцаж байсан тайлант хугацаанд хамаарах байгууллагын санхүүгийн тайланг бүрэн гаргаж, нягтлан бодох бүртгэлийн баримт, бусад холбогдох материалыг хүлээлгэж өгөх гэж заасныг зөрчиж, ажлаа хүлээлгэж өгөхөд эдгээр баримт байгаагүй.

3. П ХХК, Хамгаалалтын 1 дүгээр газрын хооронд байгуулсан 4189 тоот
гэрээний холбогдох дансанд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1.5 сая төгрөгийн
орлого орсныг тооцоо нийлж, санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй.

4. Харилцах, касс, бараа материалын данснаас анхан шатны баримтын бүрдлийг
хангаагүй, зарцуулалтын тайлан гаргаагүй, материалыг нэгжийн үнэлгээгээр бүртгээгүй, материаллаг шинж чанаргүй зүйлсийг орлогоор бүртгэсэн.

5. Хувь хүнээс худалдан авсан 15.2 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээний төлбөрөөс 1.5 сая төгрөгийн хувь хүний орлогын албан татвар суутган авч, татварын
тайланд тусгаагүй.

Орлогын бүртгэл хөтлөлттэй холбоотой.

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өөрийн өмчийг түрээслүүлэх эрх нь Төрийн өмчийн хороонд байдаг. Гэтэл Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр хувь хүнтэй амаар гэрээ байгуулж, түрээсийн мөнгө авч байсан нь Төрийн өмчийн хорооны Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" 2007 оны 42 дугаар тогтоол, Засгийн газрын 134 дугаар тогтоол, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг зөрчсөн. Түрээсийн мөнгөтэй холбоотой асуудлыг шалгалтын хугацаанд нуун дарагдуулсан. Шалгалтын дараа эрүүгийн хэрэг үүсэхэд баримт гаргаж үзүүлсэн. Энэ нь санхүүгийн зөрчил гэж үзэж байна.

2. Хөл бөмбөг, Эвт мастер кросс, Дүнжингарав, Хангарьд зэрэг уралдаан, тэмцээнд хамгаалалт хийж, нийт 20.3 сая төгрөгийн орлогыг бэлэн мөнгөөр авч төсвийн данс бүртгэлд тусгаагүй, санхүүгийн тайлан тэнцэлд илэрхийлээгүй нь Төсвийн тухай хуульд тухайн орлогыг тухай бүрд нь дансанд тушааж, орлогыг бүртгэж буцаан зарцуулна гэснийг, мөн Төсвийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т төсвийн байгууллага нь төвлөрүүлсэн төсвийн орлого болон өөрийн үйл ажиллагааны орлогыг Төрийн сангийн нэгдсэн дансанд саадгүй байршуулна гэснийг зөрчиж дээрх орлогыг төрийн сангийн дансанд байршуулаагүй.

Бараа материал, үндсэн хөрөнгийн бүртгэлтэй холбоотой.

1. Бараа, материал үндсэн хөрөнгийн данснаас гүйлгээ хийхдээ эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зуруулаагүй, зарцуулалтын тайлангүй, тооллого, тооцоог зохих журмын дагуу хийгээгүй зэрэг 47.8 сая төгрөгийн зөрчил,

2. Хөрөнгийн хэсэгчилсэн тооллогоор 7 нэр төрлийн 7.2 сая төгрөгийн хөрөнгө дутагдаж, 6 нэр төрлийн 7.5 сая төгрөгийн хөрөнгө илүүдэж, Завхан аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн 5 нэр төрлийн 2.8 сая төгрөгийн хөрөнгийг данс бүртгэлээс хасаагүй,

3. Зөвшөөрөл олгогдсон үндсэн хөрөнгийг ажлын хэсэг байгуулаагүйгээс аж ахуйн алба хаагчид 73.9 сая төгрөгийн хөрөнгийг акталж, устгаагүй. Мөн зөвшөөрөл олгогдоогүй нэр бүхий 30.2 сая төгрөгийн хөрөнгийг акталж устгаснаар баримт бүрдүүлэн, данс бүртгэлээс хассан,

4. Хөрөнгийн чанартай ашиглагдаж байгаа 1.8 сая төгрөгийн бараа материалыг 18 удаагийн гүйлгээгээр данс бүртгэлээс шууд хасаж, тайлант үеийн үр дүнг буруу илэрхийлсэн

Цалин хөлсний бүртгэлтэй холбоотой.

1. Холбогдох журмыг зөрчин алба хаагчдын цалингаас 27.3 сая төгрөгийг суутган хуримтлалын санд төвлөрүүлсэн, 6.1 сая төгрөгийг анхан шатны баримтгүй зарцуулсан, ажлын цаг ашиглалтын бүртгэлийг батлагдсан маягтын дагуу хөтлүүлээгүй, удирдлагын гаргасан тушаал шийдвэрийг бүрэн хэрэгжүүлээгүй, цалинг давхардуулж олгосон, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хувь хүний орлогын албан татварыг хуулийн дагуу тооцоогүйгээс 171 алба хаагчдад 18.7 сая төгрөгийн цалин хөлсийг илүү, дутуу тооцож олгосон.

2. Цагдаагийн орон тоон дээр 8 тамирчдыг сар бүр бүтэн ажилласнаар тооцож, цалинжуулсан бөгөөд дээрх тамирчид нь 2014 онд дунджаар 1-54 хоног ажилласан

Шатахууны бүртгэлтэй холбоотой.

1. Хамгаалалтын 1 дүгээр газрын жолооч нар 2014 онд ажилд гараагүй үедээ шатахууны картаас 13.4 сая төгрөгийг зарцуулан, замын хуудсанд гүйлт километрийг ахиулж бичсэн, батлагдсан лимит, жишиг нормыг 20.3 сая төгрөгөөр хэтрүүлж зарцуулсан үйлдэлд ахлах нягтлан бодогчийн хувьд хяналт тавиагүй, шатахуун нэмэлтээр олгохдоо удирдлагаас зөвшөөрөл аваагүй, гадны автомашинуудад шатахуун олгосон тооцоог тухайн байгууллагад мэдэгдэж тооцоо нийлээгүй, хяналт тавьж ажиллаагүй.

2. Хамгаалалтын 1 дүгээр газрын аж ахуйн үйлчилгээний автомашинд ашиглагдах шатахууны картыг Г.Б нь хариуцсан жолооч нарт бүрэн эзэмшүүлээгүй, өөртөө байлгасан, 2014 оны 1-3 дугаар саруудад шатахуун олгосноор баримт бүрдүүлж, данс бүртгэлд тусгасан, 4-12 дугаар саруудад А маркийн автомашин ажил үүрэг гүйцэтгэж байхад жишиг нормоос илүү тооцсон.

3. Г.Б ийн удирдлага доор ажиллаж байсан тооцооны нягтлан бодогч Б.Б нь 2013 онд 439011243 дугаарын картыг 100.0 мянган төгрөгөөр, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 439011315 дугаарын шатахууны картыг 1.5 сая төгрөгөөр, 2014 оны 1, 2 дугаар сард 439014385 дугаарын картыг 190.0 мянган төгрөгөөр, 439011505 дугаарын картыг 209.0 мянган төгрөгөөр, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 439024555 дугаарын шатахууны картыг 560.0 мянган төгрөгөөр тус тус албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, цэнэглэж, 2.5 сая төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авч ашиглаж байсан болох нь тогтоогдсон.

4. Г.Б нь нягтлан бодох бүртгэлээр хяналт тавиагүйгээс цагдаа жолооч А.Т нь 2014 оны 2, 3, 4, 5, 6, 9 дүгээр саруудад өөрийн эзэмшиж байсан шатахууны картыг П ХХК-ийн ажилтантай утсаар ярьж, цэнэглүүлэн хувьдаа 2 сая төгрөгийг авсан, замын хуудсанд гүйлт, километрийг ахиулж бичсэн.

Г.Б ийн шууд удирдлагад ажиллаж байсан Б.Б, А.Т нарын дээрх зөрчил нь Г.Б т шууд хамааралтай гэж үзэж байна.

Хяналт шалгалтыг хууль, журмын хүрээнд явуулсан бөгөөд хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүргийг хүрээнд дотоод хяналт шалгалтыг явуулахад заавал улсын байцаагчийн эрхтэй байх шаардлагагүй бөгөөд олж авсан мэдээ, мэдээлэл, баримт сэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ гэж үзэж байна.

Г.Б ийн энэхүү үйлдэл нь Төвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсан Төсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам, мөн оны 294 дүгээр тушаалаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 4.1 дэх Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогч...үүрэг хүлээнэ хэсэг болон санхүүгийн холбогдолтой эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, санхүүгийн хяналт шалгалтыг сулруулсан, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, ...төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 13.1.9-д албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглах заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон.

Шалгалтын ажлын хэсэг дүнг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зөвлөлийн хуралд танилцуулж, Г.Б т Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан сахилгын арга хэмжээ авах саналыг гаргасны үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, түүний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад шилжүүлэн шалгуулахаар шийдвэрлэсэн.

Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар Г.Б ийн дээрх хууль бус үйлдлүүд санхүүгийн болон бусад баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр шалгалтын үеэр өгсөн тайлбартаа хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: Санхүүгийн албыг удирдаж байгаа нарийн, няхуур ажиллаж, санхүүгийн хууль, дүрэмд заасны дагуу хяналт тавьж ажиллах шаардлагатай. Гэтэл өөрөө зөрчил дутагдал гаргаж байгаа нь буруу бөгөөд санхүүг удирдах албан тушаалд тохироогүй гэж харагдаж байна.

Г.Б нь зөрчил дутагдал гаргасныг Цагдаагийн ерөнхий газрын холбогдох хүмүүс нь шалгалтын явцад илрүүлж, хангалттай нотолсон гэж үзэж байх тул Г.Б ийг ажлаас чөлөөлсөн нь зөв гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь тус шүүхэд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халах тухай Б/223 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Б нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Цагдаагийн ерөнхий газрын шалгалтын хэсэг зөвхөн буруутгах байдлаар, хэт нэг талыг баримтлан шалгалтыг явуулсан. Миний зүгээс тушаалд заагдсан сахилгын зөрчлийг гаргаагүй, хууль зөрчөөгүй, хувьдаа ашиглаагүй, төрийн албыг хохироосон зүйлгүй. Тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж, хариуцагч нь ...Г.Б ийн хууль бус үйлдлүүд нь санхүүгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халах тухай Б/223 дугаар тушаалаар[1] Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4-т заасныг тус тус үндэслэн 2 дахь заалтаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч, цагдаагийн ахмад Г.Б нь Хамгаалалтын газарт нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.9, 40 дүгээр зүйлийн 40.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасныг тус тус зөрчсөн тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д зааснаар учирсан хохирлыг төлүүлж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, Хууль зүйн сайдын 2014 оны А/194 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн албан тушаалын цол олгох журам-ын зургадугаар бүлгийн 6.1.2-д заасныг баримтлан албан тушаалын цагдаагийн ахмад цолыг хураахаар шийдвэрлэжээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд анх Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 70 дугаар тушаалаар[2] Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтэц, албан тушаал, орон тоо, цол, цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталсантай холбогдуулан Нийгмийн хэв журам хамгаалах газрыг татан буулгаж, Хамгаалалтын газар болгон өөрчлөн байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б ийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 81 дүгээр тушаалаар Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын Захиргааны удирдлагын газрын ахлах нягтлан бодогчоор 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн томилжээ. Улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 837 дугаар тушаалаар[3] Г.Б ийг Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажил, албан тушаалаас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Улаанбаатар хотын цагдаагийн газарт Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор томилсон байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын хяналт шалгалтын хэлтсийн удирдамжийн дагуу тус хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч цагдаагийн дэд хурандаа Т.Ц, Х.С нар нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар нэхэмжлэгч Г.Б ийн өмнө нь ажиллаж байсан Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын 1 дүгээр газрын 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалтыг явуулж,энэхүү шалгалтаар 374.291.210 төгрөгийн 22 төрлийн санхүүгийн зөрчлийг илрүүлэн, шалгалтын дүнгийн талаар танилцуулга[4] бичсэн байх бөгөөд танилцуулгаар цагдаагийн ахмад Г.Б нь Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа цайны газрын түрээсийн төлбөрийг бэлэн мөнгөөр авсан, шатахууны картнаас бэлэн мөнгө гаргуулж авсан, аж ахуйн үйлчилгээний автомашины лимитийг жишиг нормоос илүү тооцон зөрүүг авч байсан зэрэг нийт 16.941.343 төгрөгийг ашигласан, түүнд удирдлагын зүгээс хяналт тавьж ажиллаагүй гэж дүгнэн, түүнийг Хамгаалалтын 1 дүгээр газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа /2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл/ Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, Цагдаагийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар баталсанТөсвийн байгууллагад мөрдөгдөх мөнгөн кассын ажиллагааны журам, 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын холбогдох заалтууд болон бусад санхүүгийн холбогдолтой эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан, Төрийн албан тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.1.9 дэх хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасныг тус тус зөрчин, нийт 16.941.343 төгрөгийг авч /үүнээс түрээсийн төлбөрийг юунд зарцуулсан нь тодорхойгүй/ төсөвт буцаан төвлөрүүлээгүй гэж үзэж,түүнийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт зааснаар хохирлыг төлүүлж, ашиглалтын болон албан тушаалын шинжтэй асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах саналыг хүргүүлсэн байх бөгөөд уг танилцуулга, шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар[5] хэлэлцээд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Г.Б ийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж, орох эрхгүйгээр халахаар шийдвэрлэжээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаарч байх бөгөөд Г.Б нь төрийн жинхэнэ албан хаагч байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийг ногдуулна, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан нийтлэг бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20 дугаар зүйлийн 20.1.12-т хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу албан тушаалын цол олгох, бууруулах, хураан авах асуудлыг шийдвэрлэх гэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-т хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, ... сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах гэж тус тус тодорхойлон заажээ.

Нэхэмжлэгч Г.Б нь Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа Э Э ХХК-тай түрээсийн гэрээ байгуулахгүйгээр цайны газар ажиллуулан 2013 онд 6.141.100 төгрөг, 2014 онд 6.000.000 төгрөг, нийт 12.141.000 төгрөгийн орлогыг бэлэн мөнгөөр авч, төсвийн данснаас гадуур зарцуулсан, мөн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4390111388 дугаарын шатахууны картыг П ХХК-ийн Сонгино хайрхан дүүрэгт байрлах Шатахуун түгээх станц 6-аас 4 удаа уншуулж, 1.673.450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авсан, Хамгаалалтын 1 дүгээр газрын аж ахуйн үйлчилгээний автомашинд 2014 оны 01 дүгээр сараас 12 дугаар саруудад 3.126.893 төгрөгийн шатахууныг жишиг нормоос илүү тооцож олгосон болох нь шалгалтын танилцуулга[6], зөрчлийн жагсаалт[7], шатахууны зарцуулалтыг шалгасан баримт[8], эд зүйл түр хураан авсан тэмдэглэл[9], Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2361 дүгээр тогтоол[10], гэрч Г.Бын тайлбар[11] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Б ийн гаргасан дээрх зөрчлүүд нь Төсвийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Төсвийн байгууллага дараах шаардлагыг хангасан тохиолдолд туслах үйл ажиллагаа явуулж, орлого олж болно, 44.1.1-д төсвийн ерөнхийлөн захирагч урьдчилан бичгээр зөвшөөрсөн байх, 44.1.4-т санхүүгийн тайлан болон үр дүнгийн гэрээнд уг үйл ажиллагааны талаар зохих ёсоор тусгасан байх гэснийг, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12-т батлагдсан маягт, зааврын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...байгууллагын нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно гэснийг, мөн Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам-ын 2.6-д Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаа /бусад орлого/-наас орох орлогыг мөнгөн касстаа бэлнээр хүлээн авч, энэхүү орлогыг /түүнийг шууд захиран зарцуулах эрхгүй/ ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана гэснийг, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 4.1.2-т ...төсөв, санхүүгийн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны бүртгэлийн батлагдсан загвар аргачлалын дагуу бүртгэж, баримтын бүрдэлд хяналт тавина гэснийг, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэснийг тус тус зөрчсөн байна.Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн ... сахилгын зөрчлийг гаргаагүй, хууль зөрчөөгүй, сахилгын зөрчил гаргасан гэх асуудал нь нотлогдоогүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Харин хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Г.Б т нэхэмжлэлд дурдагдсан 3 зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулаагүй, Г.Б нь 25 төрлийн санхүүгийн зөрчил гаргасан, энэхүү зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан гэж маргаж байх боловч хариуцагч нь дээрх 22 төрлийнзөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, шалтгааныг шалгаж тогтоогоогүй, дээрх 3 зөрчлөөс бусад 22 төрлийн зөрчлийг нэхэмжлэгч гаргасан эсэх талаар шалгалтын танилцуулга болон маргаан бүхий захиргааны актад нэгэнт заагаагүй, энэхүү 22 төрлийн зөрчил нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байна. Хэдийгээр тус газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б нь хууль тогтоомжид заасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байх боловч санхүүгийн шалгалтаар Хамгаалалтын 1 дүгээр газрын хэмжээнд илэрсэн санхүүгийн зөрчлийг тус газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Б ийг дангаар гаргасан гэж үзэж түүнийг буруутгахболомжгүй юм. Түүнчлэн тус газрын ажилтнуудын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтоор Хамгаалалтын газрын дарга, ахлах нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч, аж ахуйн офицер, эд хариуцагч, нярав нарын ажлын байр /албан тушаалын/-ны тодорхойлолт, чиг үүрэг тусдаа байх бөгөөд маргаан бүхий захиргааны актаар тэдгээр албан тушаалтнуудыг холбогдох хууль, журмыг зөрчиж, санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулжээ. Үүний зэрэгцээ шалгалтын танилцуулгын хавсралт дахь зөрчлийн жагсаалтад[12] санхүүгийн зөрчлийг 29 гэж, шүүхэд гаргасан тайлбартаа хавсаргаж ирүүлсэн хавсралтад[13]Г.Б ийн гаргасан санхүүгийн зөрчлийг 25 гэж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа санхүүгийн зөрчлийг 22, 26 гэж өөр өөрөөр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байна.

Иймд хариуцагчийн ... Г.Б нь нэхэмжлэлд дурдагдсан 3 төрлийн зөрчлөөс гадна 22 төрлийн санхүүгийн зөрчил гаргасан гэсэн тайлбар үндэслэлгүй.

Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь хууль, тогтоомжоор өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч Г.Б ийг албан тушаалаа урвуулан ашиглан, 3 төрлийн санхүүгийн зөрчил гаргасан гэж үзэж, төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд орох эрхгүйгээр халж, албан тушаалын цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтад заасныг зөрчөөгүй байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Үүний зэрэгцээ Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т Цагдаагийн байгууллагад ... дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж байгуулна, 13 дугаар зүйлийн 13.2-т Цагдаагийн нийт байгууллага,алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтныг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргах явдалтай тэмцэх, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, цагдаагийн албаны дотоод хяналт- аюулгүй байдлыг хангана, 13.8-т Дотоод хяналт- аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийнхээ хүрээнд ... хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс сэргийлэх, илрүүлэх, ... цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх ... гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 3.1-д ... дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг ... байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж, ажилтан /дотоод хяналт, шалгалтын нэгж, ажилтан/ гүйцэтгэнэ, 3.6-д Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэнэ, 3.7-д Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь дараах нийтлэг эрх, үүрэгтэй байна, 3.7.5-д шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх гэж тус тус заажээ.

Дээрх хууль, тогтоомжийн зохицуулалтаас үзэхэд Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч нар нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт, шалгалтыг явуулах, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байна. Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Засгийн газрын 2002 оны 54 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм-ийн 2-т зааснаар нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч хэрэгжүүлэхээр тодорхойлон заажээ. Дээрхээс үзэхэд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт шалгалтын хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч нар нь дотоодын хяналт, шалгалтыг явуулах бүрэн эрхтэй байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч хэрэгжүүлэхээр байна. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн ...улсын байцаагчийн эрхгүй этгээд шалгалтыг явуулсан гэсэн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 4390111388 дугаарын шатахууны картыг П ХХК-ийн Сонгино хайрхан дүүрэгт байрлах Шатахуун түгээх станц 6-аас 4 удаа уншуулж, 1.673.450 төгрөгийг бэлэн мөнгөөр гаргуулан авсан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч энэхүү зөрчлийг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явуулсан шалгалтаар илрүүлсэн, улмаар Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар шалгалтын дүн, танилцуулгыг хэлэлцэж, нэхэмжлэгч Г.Б т Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэснийг зөрчөөгүй байна. Учир нь нэхэмжлэгч Г.Б нь Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалтад зааснаар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах ажлыг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэгтэй албан тушаалтан байх ба дээрх шалгалтаар илэрсэн санхүүгийн зөрчлүүд нь тус тусдаа үйлдэгдсэн хэдий ч нэхэмжлэгч нь санхүүгийн зөрчлүүдийг үргэлжилсэн үйлдлээр давтан гаргасан байх тул сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

Үүний зэрэгцээ маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Г.Б ийг Хамгаалалтын 1 дүгээр газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд гаргасан санхүүгийн зөрчилтэй нь холбогдуулан Улаанбаатар хотын цагдаагийн газрын Санхүүгийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэсэнтэй нийцсэн байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь эрх хэмжээнийхээ хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад зааснаар аж ахуйн нэгж,байгууллагын нягтлан бодох бүртгэлд тасралтгүй байх зарчмыг баримтлах ёстой тул энэхүү үндэслэлээр лмаргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн болно.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 2.6.1.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1,20.1.12, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 19.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б ийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах, албанаас халах тухай Б/223 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдлүүдийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц. БАТСҮРЭН

ШҮҮГЧИД Н.ДАМДИНСҮРЭН

Л.ӨЛЗИЙСАЙХАН

.

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтасны 19 дүгээр хуудсанд

[2]Хэргийн дүгээр хуудсанд

[3]Хэргийн 66 дугаар хуудсанд

[4]Хэргийн 23-35 дугаар хуудсанд

[5] 4 дүгээр хавтасны 78 дугаар хуудас,

[6]1 дүгээр хавтасны 23-35 дугаар хуудас,

[7]1 дүгээр хавтасны 36-39 дүгээр хуудас,

[8]1 дүгээр хавтасны 154-155 дугаар хуудас,

[9]1 дүгээр хавтасны 101 дүгээр хуудас,

[10] 2 дугаар хавтасны 29-30 дугаар хуудас,

[11] 3 дугаар хавтасны 45-48 дугаар хуудас,

[12] 1 дүгээр хавтасны 36-39 дүгээр хуудас,

[13] 1 дүгээр хавтасны 234-237 дугаар хуудсанд