Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2019/04081/и |
Дугаар | 001/ХТ2022/00836 |
Огноо | 2022-09-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2022/00836
2022 09 15 001/ХТ2022/00836
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01548 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1639 дүгээр магадлалтай,
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“И Ү Э” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83,530,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2014.05.28-ны өдөр байгуулсан 2014/112014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149,270,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баасанжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, Ш.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “Б” ХХК нь “И Ү Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83,530,660 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч “И Ү Э” ХХК нь талуудын хооронд 2014.05.28-ны өдөр байгуулсан 2014/112014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149,270,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг тухай нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Талууд эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01548 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “И Ү Э” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 83.530.660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдох талуудын хооронд 2014 оны 05 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149.270.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч “И Ү Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч “И Ү Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 575.605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575.605 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904.305 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1639 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 321 953 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэлээ. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 1. Захиалагч талын төлбөр төлөх үүрэг үүсээгүй байсан. Хариуцагч “И Ү Э” ХХК нь үйлчилгээний төв, гаражийн барилгад агаарын дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр “Б” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд “Б” ХХК-ийн нийлүүлсэн агаарын дулаан хөшиг нь ашиглалтын шаардлага хангахгүй, зориулалтын бус байсан тул энэ талаарх санал, шаардлагаа ажил гүйцэтгэгч байгууллагын удирдах болон гүйцэтгэх түвшний бүх хүнд тавьж байсан. Гэсэн ч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй, ажлаа хүлээлцэж, гэрээгээ дүгнээгүй байгаа тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлбөрийн үүргийг манай компани хүлээхгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “...захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 343,2-д “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, 346 дугаар зүйлийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө”, 346.2-т “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж; Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ тус бүрийн 1.1-д “...Захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөхтэй холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулна”, 2.4-д “Ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд Захиалагчид акт баримтаар хүлээлгэн өгнө. Ажлыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт нь гэрээний салшгүй хэсэг болно...”, 2.5-д “Актад талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүлээн авсанд тооцно”, 4.1.4-д “...гэрээнд заасан хугацаанд амжихгүйгээр хугацаа алдсан тохиолдолд захиалагч төлбөрийг төлөхгүй байх эрхтэй” гэж тус тус заасны дагуу хуулийн шаардлага болон гэрээгээр тохиролцсон талуудын тохиролцоог шүүх анхаарсангүй. Нэхэмжлэгч “Б” ХХК нь ажил гүйцэтгэгч болохынхоо хувьд “Агаарын дулаан хөшиг нийлүүлэх, угсрах” ажлаа хүлээлгэж өгөөгүй өдийг хүрсэн. Гэрээнд зааснаар талуудын эрх бүхий албан тушаалтнууд гэрээг дүгнэж, акт үйлдэх ёстой. Гэтэл ийм акт, баримт байхгүй байхад шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасны дагуу захиалагч байгууллагын гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер л ажлыг хүлээн авч, гэрээг дүгнэх эрхтэй болно. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д “Ажил гүйцэтгэгч нь дараах үүрэг хүлээнэ”, 350.1,6-д “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” 351.1-д “Захиалагч дараах үүрэг хүлээнэ”, 351.1.1-д “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” гэж тус тус заасны дагуу талууд үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч зохих ёсоор ажлын үр дүнгээ хүлээлгэн өгснөөр л төлбөрөө авах эрхтэй юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1, 350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1, 350.1.1 дэх хэсгийг болон талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дээр дурдсан заалтуудыг хэрэглэж шийдвэрлэх ёстой байсан. 2. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Б” ХХК болон “И Ү Э” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2014.05.12-ны өдрийн 2014/039 дугаар, 2014.05.28-ны өдрийн 2014/11 2014/040 дугаар, 2015.04.03-ны өдрийн 2015/05, 2015/029 дугаар Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүргийн хүрээнд тодорхойлжээ. Энэхүү 3 гэрээгээр гүйцэтгэгч ажлыг 2-3 сарын хугацаанд актаар хүлээлгэн өгч, захиалагч мөн хугацаанд төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гүйцэтгээгүй үүрэг байгаа гэж үзсэн тохиолдолд тус үүргээсээ захиалагч тал бүрэн татгалзсан болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу төлбөр төлөх графикт заасан хугацаанаас хойш 3 жилийн дотор “Б” ХХК шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байжээ. Шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг хэрэглэн нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байсан. Хэдийгээр нэхэмжлэгч гомдлын 1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөх үүрэггүй гэж маргаж байгаа ч, шүүх төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах юм. Иймд гомдлын 1 болон 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдийг харилцан нэгнээ үгүйсгэсэн гэж үзэхгүй байхыг хүсье. 3. “Хариуцагч нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна” гэх дүгнэлтийн тухайд. Шүүх шийдвэртээ “...Хариуцагч нь татгалзлын үндэслэл болсон ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ашиглах боломжгүй дулаан хөшиг нийлүүлсэн гэх доголдолтой нь холбогдуулан шаардлага гаргаж байсан эсэх, уг доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоож өгсөн эсэх, тогтоосон хугацаанд доголдлыг арилгасан эсэх, баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргаж байсан эсэхтэй холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойгүй болгожээ...” гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтийг хийхээс өмнө “Доголдол гэж юуг ойлгох вэ?” гэдэг асуулт урган гарч ирэх ёстой. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.1, 353 дугаар зүйлийн 353.2, Гэрээний 5.4-д тус тус зааснаар доголдол нь ажлыг зохих ёсоор хүлээлцэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн дараа яригдах ёстой. Гэрээг дүгнэж, хүлээлцэхээс өмнө ажил гүйцэтгэгч зохих ёсоор ажлаа гүйцэтгэх, ажил хүлээлцсэний дараа доголдол арилгах үүрэг хүлээх тухай хууль зохицуулжээ. Захиалагч байгууллагын хувьд гомдол, санал шаардлагаа удаа дараа тавьж, биечлэн уулзаж, утсаар харилцаж байсан ч ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй. Иймд доголдолтой холбоотой шаардлага гаргасан талаарх баримтыг гаргаагүй нь хариуцагчийн буруутгах үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл шүүх доголдолтой холбогдуулан дүгнэлт хийх хууль зүйн боломж бүрдээгүй байна. Ажлыг буруу, ашиглалтын шаардлагад нийцэхээргүй гүйцэтгэсэн талаарх баримтыг хариуцагч байгууллагын инженер, техникийн албанаас бүрдүүлэн шүүхэд өгсөн ч хоёр шатны шүүх тус баримтыг үнэлсэнгүй. Гүйцэтгэгч “Б” ХХК нь өөрийнхөө үйлдсэн зургийн дагуу ажлыг гүйцэтгээгүй, тоо ширхэг зөрсөн, буруу газар байрлуулснаас дулаан хөшиг үр ашиггүй болсон зэрэг баримт, тайлбар, зураг, танилцуулгыг гаргаж өгснийг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс үнэлсний эцэст хуулийг зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэхийг хүсэж байна. 4. “Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн, сорилтоор шалгасан акт, туршилт хийсэн актыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй” гэх дүгнэлтийн тухайд: Талууд гэрээг хэрхэн дүгнэх, ажлаа хэрхэн хүлээлцэх журмаа гэрээгээрээ тодорхойлсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, байгууллагын тэмдэг бүхий гэрээг дүгнэсэн, ажлыг хүлээлцсэн акт байхгүй байгаа нь хариуцагчийг зөвтгөх хангалттай үндэслэл болно. “Ажлаа хүлээлцээгүй” гэх үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлохыг хариуцагчаас шаардсан шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна. Ажил гүйцэтгэх хугацаанд талууд явцын акт үйлдэж болох ч энэ нь ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн, эцсийн акт биш гэдгийг хариуцагчийн зүгээс удаа дараа шүүх хуралдаанд тайлбарлаж байсныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Тоног төхөөрөмжийг хэрхэн хүлээлцэх талаарх журмаа талууд гэрээгээр тохиролцсон бөгөөд энэ тухай гомдлын 1 дэх хэсэгт дурдсан болно. Давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ “Түүнчлэн, хэргийн 143-162 дахь талд авагдсан “Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт “Тоног төхөөрөмжид туршилт хийсэн акт”, “Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн акт”, “Ажил хүлээлцсэн акт” ... зэргийг харьцуулан үнэлбэл” гэжээ. Талуудын маргаж буй Агаарын дулаан хөшгийн гүйцэтгэлд зөвхөн “Тоног төхөөрөмжид туршилт хийсэн акт” л хамаарах бөгөөд энэхүү акт нь ажил хүлээлцэж, гэрээг дүгнэсэн баримт бичиг биш, явцын хяналтын акт юм. Гаражийн халуун, хүйтэн агаарыг тусгаарлах үүрэг бүхий тоног төхөөрөмжийг 05 дугаар сарын 01-ний өдөр буюу дулааны улиралд эцэслэн хүлээлцэж, гэрээг дүгнэх боломж огт байхгүй. Иймд тодорхой үйл баримтуудад шүүх хэт нэг талыг барьсан дүгнэлт хийжээ. Агаарын дулаан хөшгийн ашиглалт, үйл ажиллагаа хангалтгүйгээс Их монгол төвөөр үйлчлүүлэгчид, Ихмонгол резиденс хорооллын 200 гаруй өрхийн оршин суугчид ихээхэн хохирч, гараж дулаанаа хадгалж чадахгүйгээс мөөгөнцөртөж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хүйтэн байх болсон. Барилгын компаниуд, туслан гүйцэтгэгчдийн энэ мэт үйл ажиллагаанаас олон оршин суугчид хохирсоор байгаа бөгөөд “Б” ХХК-ийн зохих ёсоор, бүрэн гүйцэтгээгүй ажлаас шалтгаалж манай компанийн нэр хүнд ч унаж байгаад харамсаж байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “И Ү Э” ХХК нь “Б” ХХК-тай 2014.05.28-ны өдрийн 2014/11 2014/40 дугаар гэрээгээр “Их Монгол” үйлчилгээний төв, оффис, гаражийн барилгын агаарын дулаан хөшгийг нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэгч нь дулаан хөшигний тооцоо, зураг, тоног төхөөрөмжийн сонголт, нийлүүлэлт, угсралтыг бүрэн хариуцаж гүйцэтгэсэн ба мэргэжлийн зүгээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Энэхүү гэрээний төлбөрт “И Ү Э” ХХК нь 2014.05.29-ний өдөр 66,343,000 төгрөг, 2014.06.27-ны өдөр 66.343.000 төгрөг, 2014.07.25-ны өдөр 16,585,000 төгрөг /нийт 149,271,000 төгрөг/-ийг төлсөн. Улмаар гэрээний хугацаа дуусаж, ажил хүлээлцэх болоход “Б” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил ашиглалтын шаардлага хангаагүй болно. Дулаан хөшиг нь хаалгаар алдагдал дулааныг хөшиг болон хаах зориулалттай ба хүйтэн халуун агаарыг хаалга онгойх явцад тусгаарлаж өгөх үүрэгтэй боловч гүйцэтгэгч талын нийлүүлэн угсарсан дулаан хөшиг нь шаардлагад нийцэхгүй байгаа, агаарын хүйтэн урсгал байгууламжид шууд орж ирдэг. Үүний дагуу гүйцэтгэгч байгууллагад удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй, хоёр талаас хэд хэдэн удаа уулзсан боловч шийдэлд хүрч чадаагүй тул угсралтын ажлыг хүлээж аваагүй билээ. Тоног төхөөрөмжийг угсарснаас хойш захиалагч тал ашиглаагүй. Иймд гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 149,271,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй”, 355.3-д “Энэ хуулийн 226 дугаар зүйлд заасан тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй” гэж заасны дагуу захиалагч “И Ү Э” ХХК гэрээг хэдийд ч цуцалж, учирсан хохирол, төлсөн төлбөрөө шаардах эрхтэй болно. Гэтэл шүүх энэхүү эрхийг маань хязгаарлаж хууль болон гэрээг буруу тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн тухайд дүгнэлт хийхдээ “...гэрээний үр дүнгийн доголдлын талаар гүйцэтгэгч талд шаардлага гаргаж байсан, улмаар уг доголдлыг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоосон, нэхэмжлэгчийн зүгээс доголдлыг арилгахад зардал гарсан зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй, ...Өөрөөр хэлбэл ажлын үр дүн доголдолтой байсан нь баримтаар нотлогдоогүйн гадна захиалагчаас доголдлын талаар шаардлага гаргаж байгаагүй нь тогтоогдсон гэж үзлээ” гэжээ. Захиалагч “И Ү Э” ХХК-ийн хяналтын инженер Ц.Мөнхжаргал. “Б” ХХК-ийн инженер Г.Энхтүвшин нарын 2015.05.04-ний өдрийн “Ажил хүлээлцсэн (баталгаажаагүй) акт”-ын дүгнэлт хэсэгт “1. Уг гэрээт ажил нь угсрагдсан боловч ашиглалтын зорилгыг биелүүлэхгүй, дулаан тусгаарлах үүргээ биелүүлэхгүй байгаа болно. 2. Ажлын зургийн техникийн шаардлага хангагдахгүй байгаа болно. 3. Угсарснаас хойш ашиглах боломжгүй байгааг гүйцэтгэгчийн инженер техникийн ажилтан нар болон гүйцэтгэгчийн удирдах ажилтнуудад хэлж, хүсэлт шаардлагаа амаар болон утсаар өөр хоорондоо ярилцаж, газар дээр нь хоёр талаасаа үзэн ярилцаж байсан, хэрхэн сайжруулж ашиглалтын шаардлага хангуулах ёстойг мэргэжлийн байгууллага болох гүйцэтгэгч “БТ” ХХК-д хүсэлт болгон анхааруулав. Үүний дараа ажлыг хүлээлцэхийг анхааруулав. Дүгнэлтийг Энхтүвшин инженерт дахин танилцуулав” гэсэн байна. Үүнээс дүгнэхэд ажлыг хүлээн аваагүй, хүлээлцээгүй гэдэг нь ойлгомжтой байгаа бөгөөд актад гүйцэтгэгч талын инженер гарын үсэг зуржээ. Дээр дурдсанчлан “доголдол” гэдэг нь хууль зүйн утгаараа ажлыг бүрэн хүлээлцсэний дараа яригдах ойлголт болохоос, ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хүлээж аваагүй байхад доголдол яригдах боломжгүй. Хуулийг буруу тайлбарлан, ийнхүү алдаатай дүгнэлт хийснээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүй байгаад гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
6. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “И Ү Э” ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 83,530,660 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба 2014.05.28-ны өдрийн дулаан хөшиг нийлүүлж, угсрах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149,270,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.
“Б” ХХК нь ажил гүйцэтгэх 3 гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж 2016.10.21-ний өдрийн тооцоо нийлсэн актыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон бол хариуцагч нь “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэгч нь ажлыг хүлээлгэн өгөөгүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй, мөн 2014.05.28-ны өдрийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн зүйл нь доголдолтой байсан тул уг гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 149,270,000 төгрөгийг гаргуулна...” гэж мэтгэлцсэн байна.
7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, талууд 2014.05.12-ны өдөр 927,485,450 төгрөгийн үнэ бүхий агаар сэлгэлтийн систем болон хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах, 2014.05.28-ны өдөр 165,856,680 төгрөгийн үнэ бүхий дулаан хөшиг нийлүүлж, угсрах, 2015.04.03-ны өдөр 58,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээ тус тус байгуулсан, ажил хүлээлгэн өгсөн актууд, 2016.10.21-ний өдрийн тооцоо нийлсэн актын дагуу хариуцагч нь эдгээр гэрээний үлдэгдэлд 83,530,660 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн нь баримтаар тогтоогдсон, хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
9. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй. Харин нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн, ажлын үр дүн хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар хариуцагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах захиалагчийн үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт хийсэн нь маргааны үйл баримтад нийцээгүй ба энэ талаарх дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл, захиалагч ажлын үр дүнг хүлээж аваагүй гэх маргаан талуудын хооронд үүсээгүй бөгөөд харин хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаа хүлээлгэн өгөөгүй гэж татгалзсан хэдий ч нэхэмжлэгч ажлыг хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш юм.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.
10.1. Хэргийн 143-162 дахь талд авагдсан Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгарсан акт, Тоног төхөөрөмжид туршилт хийсэн акт, Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт, Ажил хүлээлцсэн акт, 2016.10.21-ний өдөр “И Ү Э” ХХК, “Б” ХХК хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн акт /хх 8/ зэрэг 2 талын гарын үсэг бүхий баримтад гүйцэтгэсэн ажил, ажлын чанарыг зааж, илэрсэн доголдлыг зассаны дараа хүлээлцсэн агуулга тусгагдсан, шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан байх ба “ажил хүлээлгэн өгөөгүй тул хөлс төлөх үүрэг үүсэхгүй, эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зураагүй, энэ нь зөвхөн явцын акт бөгөөд эцсийн акт биш” гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй.
10.2. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэх үеэс эхлэн тоолох бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж 75.2.1-д тусгайлан зохицуулжээ.
Талууд 2016.10.21-ний өдөр ажил гүйцэтгэх 3 гэрээний санхүүжилт, үлдэгдэл төлбөрийн тооцоог нийлсэн нь үүргийг тогтоосон сүүлийн хугацаа бөгөөд энэ үеэс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2019.10.21-ний өдөр хугацаа дуусах боловч нэхэмжлэгч нь 2019.10.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
10.3. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх 3 гэрээнээс 2014.05.28-ны өдрийн дулаан хөшиг угсрах ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээлцсэн баримт хэрэгт байхгүй боловч хариуцагч нь тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хийсэн ажил нь шаардлагад нийцээгүй, ашиглаагүй гэж маргасан ба энэ нь ажлыг хүлээлгэн өгсөн боловч доголдолтой байсан гэх утгыг илэрхийлжээ.
Энэ тохиолдолд хариуцагч нь уг ажлыг чанарын шаардлага хангаагүй, ашиглах боломжгүй гэдгийг нотлох үүрэгтэй байхад доголдлыг арилгуулах талаар амаар харилцан тохирч байсан гэх тайлбараас өөр баримтаар нотлоогүй. Амаар харилцан тохирч байсан гэдгийг нэхэмжлэгч маргаагүй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэх ба нэхэмжлэгч маргасан учраас хариуцагч нотлох үүрэгтэй байсан.
Гэвч хариуцагчийн зүгээс дулаан хөшиг нийлүүлж, суурилуулсан ажил чанарын шаардлага хангахгүй байгаа талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн баримт байхгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд талуудын тооцоо нийлсэн баримт буюу уг гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө хүлээн зөвшөөрсөн баримтыг үндэслэж үүргийг хангуулсан шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. Энэ талаар болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
11. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01548 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1639 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,321,953 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД