Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2016/0794

 

Иргэн Ж.*******, Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Очирбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон, гуравдагч этгээд Ц.Маяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Наранцэцэг нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ж.*******, Б.Баярсайхан, Ж.Ялалтбаяр нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 648 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн Г.Тамир, Ж.******* нарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: “2016 оны 09 дүгээр 12-ны 648 дугаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна.

1. Ж.******* нь Сонгинохайрхан дүүргийн болон Нийслэлийн Өмчийн харилцааны газарт удаа дараа өргөдөл гаргасны үндсэн дээр Г.Тамирт гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн ба өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа болно.

2. Ж.******* нь өөрийн өмчөө хэрхэн захиран зарцуулах нь зөвхөн түүний асуудал бөгөөд нэгэнт өөрөө зөвшөөрч өөрчлөлт хийхийг хүссэн байхад Ж.Ялалтбаяр хамтран эзэмшиж өмчилдгийн хувь түүний хүсэл зоригт нөлөөлөх ёсгүй.

3. Шүүх хоосон хаяг бий болгон газрын албанд хандсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Засаг захиргааны байгууллага хаягжилтыг бий болгосон 2000 оноос Г.Тамир, Ц.Маяа бид маргаан бүхий газрыг эзэмшиж, ашигласаар өдий хүрсэн. Үүний үндсэн дээр газрын алба газрыг өмчлүүлэхээр болж шийдвэрлэсэн. Ж.*******, Ж.Ялалтбаяр нар нь төрсөн ах дүү нар бөгөөд миний өндөр настай, хүү Г.Тамирыг эзгүйд далимдуулан газрыг маань дээрэмдэн авах гэж байна.

4. Өндөр настай, сонсгол муу, биеийн өвчтэй байснаас шүүхийн шатанд юу яригдсан, эрхээ хэрхэн хамгаалуулах талаар хэлж зөвлөөгүйгээс хөгшин миний эрх ашиг ноцтой зөрчигдсөн.

5. Ж.*******, Ж.Ялалтбаяр нар нь 117б тоотод байрлах газраа хамтран эзэмшиж, өмчилж байсан газрынхаа асуудлыг өөрсдөө шийдвэрлэх ёстой ба бидний газар руу орж болохгүй юм.

Дээрх маргаантай хамаатай зарим баримтыг газрын албанаас гаргуулаагүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч нар нь “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн 3 дугаар хавсралтын 238, 245 дугаарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэг шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага ихэсгээгүй, өөрчлөөгүй байна. 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн Г.Тамир, Ж.******* нарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж, 117а тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.*******, Б.Баярсайхан, Х.Ариунболор нарт, 117б тоот хаягт байрлах газрыг нэхэмжлэгч Ж.Ялалтбаярт өмчлүүлсэн захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж,

4. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/853 дугаар захирамжийн иргэн захирамжийн иргэн Г.Тамир, Ж.******* нарт холбогдох хэсэг хүчингүй болох байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бол “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” агуулгатай шийдвэрийг шүүх гаргадаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон атлаа дахин захиргааны акт гаргахыг даалгах, түүнчлэн түдгэлзүүлэх байдлаар шийдвэрлэсэн нь буруу. Мөн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргад захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн атал дахин түдгэлзүүлэх болон хэрэгсэхгүй болгох агуулгатай заалт оруулж байгаа нь шүүхийн шийдвэрийг ойлгомжгүй болгож, улмаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэхэд хүргэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж, 116 тоот хаягт байрлах 639.5 м.кв газрыг гуравдагч этгээд Г.Тамир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болсон. Дээрх газар /Ц.Маяагийн тайлбарлаж буйгаар/  2000 оны 5 дугаар сард авсан, хашааг нь хатгаж бий болгосон, 17 жил амьдарч байгаа, миний хөрөнгө, ... одоо ч тухайн газраа амьдарсаар /Цэнд-Аюуш гэдэг иргэн, охины хамт/ байгаа” гэжээ. Хавтаст хэрэгт энэхүү байдлыг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байна. Гэтэл түүний амьдарч байсан гэх газар нь Ц.Маяагийнх биш болохыг шүүх хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 19 дүгээр гудамж 117а тоот хаягт байрлах газрыг Ж.*******, 117б тоот хаягт байрлах газрыг Ж.Ялалтбаяр өмчлөх эрхтэй болсон байна. Өөрөөр хэлбэл ах дүү 2 нэг захирамжаар нэг тоотын газрыг өмчлөн авсан байна. Гэхдээ тухайн үед 117а болон 117б гэсэн тус тусдаа 2 хашааны газар, эсхүл ямар нэг байдлаар /хамар хашаа хатгах гэх мэт/ тусгаарлагдсан, хил зааг бүхий 2 тусдаа газрыг өмчлөн авсан эсэхийг шүүх нотлох баримтаар тогтоогоогүй байна.

Мөн Хаягжуулалтын тухай Монгол Улсын хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд хаягжуулалт хийхэд уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан зарчмыг баримталж,  4 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулахаар байна. Гэтэл талууд тайлбартаа “хаяг өөрчилсөн” талаар дурдаж, мэтгэлцсэн /энэ байдал нь газар давхацсан тухай маргаан гарах эх үүсвэр болсон байх магадлалтай/ байхад анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй байна.

Шүүх “хаяг өөрчилсөн, кадастрын зураг өөрчилсөн, нэгж талбар өөрчилсөн” гэх мэт талуудын тайлбарт ач холбогдол өгч бодит байдал дээр кадастрын зурагт хэрхэн өөрчлөлт орсон, нэгж талбарын дугаар хэрхэн өөрчлөгдсөн эсхүл өөрчлөгдөөгүй талаарх баримтыг кадастрын мэдээллийн сангаас тодруулж тогтоох шаардлагатай гэж үзэв.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121 дүгээр зүйлийн 121.3.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 648 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, гуравдагч этгээдэд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:           

            ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР