Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00845

 

 

 

 

 

 

2022           09            22                                          001/ХТ2022/00845

“ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр магадлалтай,

“ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Ш Г” ХК-д холбогдох

0626, 0627, 0628 дугаартай ДА40 маркийн нугасан холбоост машинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс 426,542,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “ЭМ” ХХК нь “Ш Г” ХК-д холбогдуулан 0626, 0627, 0628 дугаартай ДА40 маркийн нугасан холбоост машинуудын сэлбэгийн үнэ, засварын ажлын хөлс 426,542,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш Г ХК-аас 285 765 800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭМ ХХК-д олгож, 140 777 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 290 664 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 586 779 төгрөг, шинжээчийн зардалд 5 118 000 төгрөг, нийт 6 704 779 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭМ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 587 дугаар шийдвэрийг Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 247 дугаар зүйлийн 247.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш Г ХК-аас 285.765.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож, 140.777.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.2.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ш Г ХК-аас 285.765.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Эбердигм Монгол” ХХК-д олгож, 140.777.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэж өөрчилж хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.586.779 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү гомдлыг гаргаж байна. Нэг. Улсын Дээд шүүхийн тогтоолын талаар: Улсын дээд шүүхийн 2018 оны 001/ХТ2018/001459 дугаартай тогтоолтой иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь маргааны зүйл болох 3 тоног төхөөрөмжийг буцаан гаргуулах, түрээсийн төлбөр гаргуулах шаардлага байсан болно. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг буцаан гаргуулах тухай байсан. Ингээд Улсын дээд шүүхийн дээрх тогтоолоор Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй” гэж заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнг 3 тоног төхөөрөмжийг биет байдлаар гэрээ байгуулагдахаас өмнөх байдалд нь буцаах боломжгүй тул 3 тоног төхөөрөмж дээр нэмээд ямар нэгэн нотлох баримт үндэслэлгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор 600,000,000 төгрөгийг харилцан тооцон суутгасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасан 3 үндэслэл нь тухайн гэрээний зүйлийг анхны байдлаар буцааж өгч чадахгүй бол мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт тул 3 тоног төхөөрөмжийг буцаан бүрэн бүтэн гаргуулах шаардлагын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Тиймээс бид тухайн хэсгийг мөнгөөр төлсөн. Нэхэмжлэгч талд төлсөн 600,000,000 төгрөг нь засварт хүрэлцэхгүй бол бид хохирол хэлбэрээр нэмж төлөхөд татгалзах зүйл байхгүй. Засварын зардал нь 285,000,000 төгрөгөөр тогтоогдсон ба энэ нь 600,000,000 төгрөгөөс хэтрээгүй болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “дээрх тогтоолоор ашиглалтын төлбөрийг шийдвэрлэсэн” гэж үзсэн байна. “ЭМ” ХХК ашиглалтын төлбөр нэхэмжлээгүйн дээр ашиглалтын төлбөр болон өөр бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллага хоорондын аливаа гэрээний үнэ, төлбөрийг шүүх тогтоох эрхгүй. Хоёр. Шинжээчийн дүгнэлтийн талаар: Шүүхээс томилогдсон “Ашидбилгүүн” ХХК нь шинжээчийн дүгнэлтийг өөрөө гаргаагүй бөгөөд өөр бусад этгээдээр гүйцэтгүүлэн шүүхэд ирүүлсэн байсан. Харин хариуцагчаас шүүхэд хүсэлт гаргаснаар засуулсан гэх боловч компанийн бланк тамга дарагдсанаар шинжээчийн дүгнэлтийг тухайн компани бодитоор хийсэн гэдгийг нотлохгүй юм. Тодруулбал, шүүхээс томилогдсон этгээд нь тухайн үүргээ биечлэн гүйцэтгэх ёстой боловч “Ашидбилгүүн” ХХК энэ үүргээ зөрчсөн юм. Улмаар шинжээчийн дүгнэлтэд дараах зөрчлүүд байдаг. Үүнд: Шинжилгээний объектед шинжилгээ хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагад 3 тоног төхөөрөмжийн тухай байдаг бол нэхэмжлэл гаргах үед 0628 арлын дугаартай тоног төхөөрөмжөө бусдад түрээслүүлсэн байсан бол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн нэгийг нь түрээслүүлээд нэг нь хашаанд байгаа тухай шүүхэд мэдүүлсэн. Улмаар шинжээчдийн 2019.06.17-ны өдрийн 12/61 дугаар дүгнэлтийн хариулт нэгд “0628 арлын дугаартай автомашинд үзлэг хийсэн видео бичлэгээс үзэхэд эвдрэл, гэмтэлтэй байна” гэх хариулсан байдаг. Мөн 2020.04.08-ны өдрийн №003 дугаар дүгнэлтэд “Жич: Шинжээчид бид тэвшний арын хаалгыг биечлэн үзэж танилцаагүй болно” гэж тусгасан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий шинжилгээний объектод шинжээчид өөрсдөө үзлэг хийгээгүй болох нь тогтоогддог. Үүний дараа 2020.03.05-ны өдрийн 002 дугаартай Авто машины хохирлын үнэлгээний тайланд доороосоо 2 дахь догол мөрт...албан ёсны борлуулагч “Doosan” ХХК-ийн үнийн саналд тулгуурлан...гаргасан гэжээ. Гэтэл цахим хайлт болох www.google.com, www.burtgel.gov.mn гэсэн нийтлэг хайлтын цахим хуудас болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын цахим хуудаст хуулийн этгээдийн тус нэрээр нь шүүлт хийхэд тийм нэртэй хуулийн этгээд байхгүй байх бөгөөд харин нэхэмжлэгч “ЭМ ХХК-ийн www.Everdigm.mn цахим хуудаст “Манай компани нь Солонгосын Doosan корпорацийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлдэг. 2012.06.15-нд БНСУ-ын Doosan infacore корпорацийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон” гэж танилцуулгаа нийтэлсэн байдаг. Дугуйны хувьд 2019.11.22-ны өдрийн 13/04 дугаар шинжээчийн дүгнэлтэд дугуйг “хадгалалтын болон ашиглалтын горим алдагдсаны улмаас резин дугуйн техникийн байдал өөрчлөгдсөн байна” гэсэн. Мөн шинжээчдийн дүгнэлтэд туссан зарим сэлбэгийн үнэлгээ нь нэхэмжлэлийн шаардлагын зарим зүйлийн хүрээнээс хальсан байдаг. Товчхон өгүүлэхэд шинжээчид нь Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлд элэгдэл хорогдол тооцох хугацаа, журмыг тогтоосон бөгөөд ийнхүү дээрх үнэлгээг гаргахадаа ямар компаниас, хэд гэсэн үнийн саналыг ирүүлж, үүнээс нь хэдэн хувиар элэгдэл хорогдол тооцсон болох нь шинжээчдийн дүгнэлт хийгээд түүнд хавсаргасан баримтаар тогтоогдохгүй байгаа болно. Иймээс шинжээчид нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гарсан эсэх нь эргэлзээтэй байсан тул бид тухай бүр нь буюу тодруулбал, 2019.05.31-ний өдөр дахин шинжээч томилуулах тухай гомдол гаргасныг 2019.06.13-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол дараа нь 2019.07.19-ний өдөр дахин гомдол гаргасныг 7 дугаар сарын 30-д хүлээж авалгүй хэрэгсэхгүй болгосон. Ингээд дахин гуравдах удаагаа буюу 2019.09.27-ны өдрийн шүүгчийн захирамжид гомдол гаргахад 10 дугаар сарын 16-нд мөн хүлээж аваагүй юм. Дөрөв удаад 2020.01.17-ны өдөр гомдол гаргахад 1 дүгээр сарын 27-нд хэрэгсэхгүй болгож шийдсэн. Улмаар шүүх хуралдаанаас өмнө гомдлууд маань огт хангагдаагүй учраас шинжээчийг нь биечлэн оролцуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “гомдол, хүсэлт гаргах боломжтой байсан ч энэ талаар хариуцагч шүүхэд хандаж байгаагүй байна” гэж илтэд бодит үйл баримтад нийцээгүй дүгнэлт нь тухайн шүүх бүрэлдэхүүн хэргийн материалыг огт хараагүй гэдгийг нь нотолж байна. Гурав. Давж заалдах шатны шүүхийн огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан зүйлсийн талаар: Маргаан бүхий 3 тоног төхөөрөмжийг эргүүлж өгөхөд аливаа хэлбэрээр татгалзсан, саад учруулсан зүйл хариуцагчид байгаагүй. Маргаан эхлэхээс өмнө буюу 2016 оноос хойш машинаа аваачээ гэдэг талаар хандаж байсан боловч 2015.11.23-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойш тухайн автомашинуудыг авах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Өөрсдөө ашиглах боломжгүй болгож унтрааж гэрээгээ цуцалсан хэрнээ шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулсан. Бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-т заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн. Машинаа татан авах боломжтой байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх бүх зүйл нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн зүйлс болно. Хариуцагчийн хувьд худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цуцлагдсан тул бид ашигласан хугацааны эрсдлийг хүлээнэ. Тодруулбал, энэ бүх цаг хугацаа зарцуулсан үйл баримтад хэний буруутай эс үйлдэхүйгээс болсныг шүүх огт анхаарч үзээгүй байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “ЭМ” ХХК нь хариуцагч “Ш Г” ХК-д холбогдуулж зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсны улмаас буцаан авсан эд хөрөнгөд учирсан хохирол буюу эд ангийн үнэ, засварын зардал нийт 426,542,800 төгрөгийг нэхэмжилсэн.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, энэ маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, шүүх манайхаас эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ “...3 тоног төхөөрөмжид элэгдэл хорогдлыг тооцоогүй, ашигласан байдлыг харгалзаж үзээгүй байна, энэ талаарх нотлох баримт байхгүй боловч 50 хувийг тооцож 600,000,000 төгрөгийг манайд гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн байхад дахиад элэгдэл хорогдлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, анх гэрээ байгуулаад 2013 онд тоног төхөөрөмжүүдийг авч ашигласан, гэтэл нэхэмжлэгч гэрээг цуцлаад 2015.11.23-ны өдөр тоног төхөөрөмжийг сансраас унтраасан, нэгэнт ашиглах боломжгүй болсон тул тоног төхөөрөмжөө буцааж ав гэхэд өөрсдөө огт аваагүй, үүнээс хойшхи гэмтлүүдийг бид хариуцах ёсгүй гэсэн үндэслэл зааж мэтгэлцжээ.

7. Анхан шатны шүүх хариуцагчаас 285,765,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

8. Талууд 2013.10.09-ний өдөр байгуулсан тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг Дархан-Уул аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.22-ны өдрийн 328 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.18-ны өдрийн 55 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.10.19-ний өдрийн 001/XT2018/001459 дугаар тогтоолоор шийдвэрлэхдээ “Ш Г” ХК-иас тоног төхөөрөмжийг буцаан гаргуулж, “ЭМ” ХХК-иас ...600,000,000 төгрөгийг “Ш Г” ХК-д олгожээ. /хх-39-44/

Улсын Дээд шүүхийн тогтоолд “...хариуцагч “Ш Г” ХК нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг 2013 оны 10 сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл ашиглаж үр шимийг хүртсэн байна, ...гэрээг цуцалж буй нөхцөлд талуудын гэрээгээр авсан бүх зүйлийг харилцан буцаах ёстой, ...эд хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны төлбөрийг тодорхой тогтоох боломжгүй тул хариуцагч “Ш Г” ХК-ийн төлсөн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэгчид үлдээх боломжтой гэж дүгнээд “ЭМ” ХХК-иас 622,686,470 төгрөгийг гаргуулж “Ш Г” ХК-д олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан ба уг шийдвэрээр ашиглалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, харин тоног төхөөрөмжийг гэмтээсэн муутгасан асуудал шийдвэрлэгдээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны зүйлийг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцсэн, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болохоос гадна үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол хохирлыг төлөх үүрэг үүсэх нь мөн хуулийн 205.2.3-т хуульчлагджээ.

“ЭМ” ХХК эд хөрөнгийг буцаан авахад дутуу, эвдэрсэн байсан эд ангийн үнэ болон түүнийг засварлах засварын хөлс шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3-т заасан гэрээг цуцалсны улмаас нөгөө талын биелүүлбэл зохих үүргийг хангуулах агуулгатай, хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн. Талууд эрсдэл үүссэн, эрсдэлийг хариуцах эсэх үйл баримтыг маргаагүй, энэ нь маргааны зүйл болоогүй тул хэрэглэх ёсгүй хуулийг буюу Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсгийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн алдааг залруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй болжээ.

10. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Ш Г” ХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нөгөө тал нь гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ. “Ш Г” ХК нь түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгийн ердийн элэгдэл хорогдлыг хариуцахгүй бөгөөд харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-т зааснаар үүнээс гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад эд хөрөнгө хураах тухай тогтоолд 3 машин тус бүрт илэрсэн доголдол, эвдрэл, гэмтлийг тусгажээ. /хх-2 дугаар хавтас 27,28,34/

Нэхэмжлэгч нь 0626 арлын дугаартай машинд 68,804,700 төгрөг, 0628 арлын дугаартай машинд 36,843,100 төгрөг, 0627 арлын дугаартай машинд 320,895,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон ба шүүхээс томилогдсон шинжээч ШУТИС-ийн Механик техникийн сургуулийн 2019.06.17, 2019.11.22-ны өдрийн дүгнэлтээр дурдагдсан эд ангиуд алга болсон, гэмтсэн, 6 ширхэг резинен дугуйг ашиглах боломжгүй гэж үзэж, энэ нь ердийн ашиглалтаас хамаарахгүй болох нь тогтоогдсон гэж, “Ашидбилгүүн” ХХК нь хохирлыг арилгахад 285,765,800 төгрөгийн зардал гарна гэж тус тус дүгнэсэн, шүүх бүрэн эрхийн дагуу маргааны үйл баримтыг дүгнэсэн байна./хх-104,135,143, дугаар хавтас 70, 117/

Шинжээчийн дүгнэлтээр эвдрэл, дутсан эд ангийг тус тус тодорхойлсон, эд хөрөнгийн уг байдал нь ашигласны улмаас үүсэх ердийн элэгдэл хорогдлын шинжийг агуулаагүй, түүнээс гадуур буюу эд хөрөнгөд хохирол учруулсан шинжтэй, шүүх уг эрх зүйн асуудлыг хэрэгт байгаа баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэж чадсан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.3-т заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөл тогтоогдсон байна.

11. Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэж, 2019.05.31, 2019.07.19, 2019.09.27, 2020.01.17-ны өдөр дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон гэх боловч хамгийн сүүлийн дүгнэлт болох “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлтэд гомдол гаргаагүй, шүүх уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн “Ш Г” ХК нь 2018.03.13-ны өдөр, 2018.04.09, 2018.12.25-ны өдөр “ЭМ” ХХК-д хандаж, тоног төхөөрөмжөө буцаан авч, газар чөлөөлж өгөхийг тус тус мэдэгдэж байсан, “ЭМ” ХХК хариу өгч байсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч тоног төхөөрөмжөө аваагүй үйл баримт тогтоогдсон гэж үзнэ. Гэвч тоног төхөөрөмжийн эвдрэл, дутагдал нь тоног төхөөрөмжийг хүлээн аваагүйгээс шалтгаалсан гэж үзэх баримт байхгүй тул “...нэхэмжлэгч нь эд хөрөнгөө өөрөө аваагүй нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

12. Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль ёсны байгаад үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 1,586,779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                         ШҮҮГЧ                                                           Н.БАЯРМАА

                                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                                Б.МӨНХТУЯА

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД