Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 582

 

 

 

 

                                                                       

 

   2020            2              12                                        2020/ДШМ/582                          МАЛАЛ

 

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогч П.Энхтогтох, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,

шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/631 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 9 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Мд холбогдох 1908030751538 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Олхонууд овгийн Б.М, 1986 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 1 дүгээр гудамжны 06 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансар 4 дүгээр гудамжны 67 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ДЕ86031319/;

            Б.М нь бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч П.Энхтогтоход “үйлчилгээний төвтэй байр Баянхошуунд барьж байгаа, 2017 оны 10 дугаар сард барьж дуусгаад буцаагаад төлнө” гэж итгүүлэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 79б дугаар байрны 06 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкны Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Престиж” төвд байрлах “Зүүн дөрвөн зам” бизнес зээлийн төвд зээлийн барьцаанд тавиулж 64.377.000 /жаран дөрвөн сая гурван зуун далан долоон мянга/ төгрөг, 2015 оны 6 дугаар сарын орчим “Баян-Өлгий аймагт 38.000.000 /гучин найман сая/ төгрөгт машин борлуулж өгнө” гэж итгүүлэн “Тоёота Ланд круйзер-100” загварын 09-03 УНУ улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс итгэмжлэлээр шилжүүлэн авч, М.Хуанган гэгчид худалдан борлуулж төлбөрийг авсан боловч хохирогчид өгөлгүй хувьдаа хэрэглэж 29.000.000 /хорин есөн сая/ төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бэлэн мөнгө 40.610.000 /дөчин сая зургаан зуун арван мянга/ төгрөг нийт 133.987.000 /нэг зуун гучин гурван сая есөн зун наян долоон мянга/ төгрөгийн эд хөрөнгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хянаад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох шаардлагатай.

-64.377.000 төгрөг залилсан гэх үйлдлийн хувьд хохирогч П.Энхтогтох 50.000.000 төгрөгийн зээл авсан байх боловч 41.290.000 төгрөгийг шүүгдэгчид дансаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл яллах дүгнэлтэд 50.000.000 төгрөгийн зээлийг бүхэлд нь хохиролд тооцсон нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна. Дээрх хохирлын дүнтэй холбогдуулан гэмт хэргийн улмаас хор уршиг болох банкны зээлийн хүүг 14.377.000 төгрөг байхаар тооцсон байгааг үндэслэлгүй гэж үзсэн болно.

-машины үнэ 29.000.000 төгрөг залилсан гэх үйлдлийн тухайд шүүгдэгч Б.Мы “...Баян-Өлгий аймаг руу авч яваад 34.000.000 төгрөгөөр зарчихаад тухайн мөнгөөр барилгадаа бараа материал авч дуусгасан...” гэх мэдүүлэг /1-хх-179-180/,

хохирогч П.Энхтогтохын “...”Ланд-100” загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийг 38.000.000 төгрөгөөр зарж өгнө гэж авч яваад мөнгө, машиныг өгөөгүй...” гэх мэдүүлэг /2-хх-111/,

гэрч М.Хуанганы “...Би 09-03 УНУ улсын дугаартай “Ланд-100” загварын ногоон өнгийн тээврийн хэрэгслийг 36.000.000 төгрөгөөр худалдаж авсан. “Ланд прадо-95” загварын тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн. Мөн 400 кг ноолуурыг 22.000.000 төгрөгөөр үнэлж өгсөн...” гэх мэдүүлэг /2-хх-113/ зэрэг хэрэгт авагдсан байхад “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19/107 дугаар хөрөнгийн үнийн тодорхойлолтод дурдагдсан 29.000.000 төгрөгөөр уг үйлдлийн улмаас учирсан хохирлыг тогтоосон нь үндэслэлгүй байна.

- 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл бэлэн 40.610.000 төгрөгийг залилсан гэж яллах дүгнэлт үйлджээ. Хэзээ, хэдэн төгрөгийг хэрхэн яаж шилжүүлэн өгсөн, хүлээн авсан талаар үйлдэл тус бүрээр яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд бичих нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол...”-ыг тусгаагүй байна гэж шүүх үзэв.

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Ж.Мөнхжаргал, Л.Төмөрбаатар нарын өгсөн мэдүүлэг /3-хх-10-11, 12-13/ зэргээс дүгнэхэд оролцогч нарын хооронд самартай холбоотой харилцаа үүсч байсан нь тогтоогдож байна. Талууд шүүх хуралдааны явцад самрын мөнгө хүлээн авсан, буцаагаад самар өгсөн, самрын мөнгийг дансаар шилжүүлж байгаагүй, барилгын ажилд зориулж мөнгө шилжүүлсэн гэх зэргээр мэтгэлцсэн бөгөөд дээрх хугацаа буюу 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны мөнгөн шилжүүлгийн асуудлыг дахин сайтар шалгаж гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоох нь зүйтэй.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1908030751538 дугаар 3 хавтас эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Мд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Сүхчулуун бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг прокурорт буцаасан захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

 1. Хохирогч П.Энхтогтох /2-хх-111/ “... Би “Хаан” банкнаас 50.000.000 төгрөгийн зээл үл хөдлөх хөрөнгө барьцаалж авсныхаа дараа Б.Мд 41.290.000 төгрөг шилжүүлж, 8.210.000 төгрөгийг нь өөрөө авсан нь үнэн, 8.710.000 төгрөгийн 500.000 төгрөгийг нь банкны шимтгэлд авч, үлдэгдэл 8.210.000 төгрөгийг өмнө надаас “ковш” нэртэй техник авах гэсэн юм мөнгө дутаад байна гэж хэлээд 8.210.000 төгрөг зээлж авчихсан байсан болохоор тэр мөнгөндөө суутгаж аваад гүйлгээний утган дээр 50.000.000 төгрөг шилжүүлж өгч байгаагаар бичүүлсэн. Нэг ёсондоо 50.000.000 төгрөгөө бүгдийг нь Б.Мд өгсөн. Миний банкны барьцаанд тавьсан байр 2014 оны 1 дүгээр сард ашиглалтад орсон, ямар компани барьсан эсэх талаар сайн санахгүй байна. Үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэхэд 66.821.400 төгрөг болсон. Тухайн үнэлгээтэй санал нийлж байна. Би зээлийн барьцаанд тавьсан төлбөрийг бүгдийг нь өөрөө төлсөн. Б.М орон сууцны зээлийн төлбөр төлөөгүй. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 79б байрны 6 тоотод байрлах 45.41 мкв 2 өрөө байр манай эхнэр С.Алтанцэцэгийн нэр дээр байж байгаад зээлээ төлж дуусгаад ээж С.Янжмаад бэлэглэлийн гэрээгээр өгчихсөн...” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний өгсөн мэдүүлгийг шалгаж яллагдагч Б.Маас /2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр /1хх178-180/ мэдүүлэг авахад “...Би 2015 оны 3 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 1 дүгээр гудамжны 6 тоотод байрлах өөрийн хашаандаа 4 давхар үйлчилгээний төв барихаар болж мөнгө дутаад байхаар нь танил П.Энхтогтох ахын гэрт очиж дүү нь 4 давхар үйлчилгээний төв хашаандаа барих гэсэн чинь мөнгө дутаад байна. Та дүүдээ 21 дүгээр хорооллынхоо байрыг барьцаанд тавиад 50.000.000 төгрөгийн зээл аваад өгөөч гэж гуйгаад, дүү нь 2015 оны 10 дугаар сардаа багтааж хүүтэй нь төлөөд дуусгаад өгчихье, танд 10.000.000 төгрөг нэмж өгье гэж хэлээд 2015 оны 5 дугаар сарын сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ П.Энхтогтох 21 дүгээр хорооллын 2 өрөө байраа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах “Хаан” банкны салбарт 50.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж зээл авчихаад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хорооллын “Хаан” банкин дээр ирж өөрийн эхнэр Бадамцэцэгийн 5017068704 дугаарын данс руу 41.290.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би өмнөх авсан мөнгөтэйгөө нийлээд П.Энхтогтох ахад 50.000.000 төгрөгийн өртэй болсон.

/2-хх-130-132/ “...Би П.Энхтогтохын байрыг 2015 оны “Хаан” банкинд барьцаалж 50.000.000 төгрөгийн зээл авахуулахаас өмнө 7 хоногийн өмнөхөн санагдаж байна 8.000.000 төгрөгийг хашаа барих гэж авсан юм. Тухайн хашааг Толгойтод барих гэж байгаад чадаагүй юм. 3.000.000 төгрөгийг тухайн хашааг тэгшлэх гэж шороо асгуулсан, том тэрэгний жолоочид өгсөн. 5.000.000 төгрөгийг өөрийнхөө хувийн хэрэгцээнд дуусгасан...” гэх мэтээр мэдүүлэг өгсөн байна.

Эндээс үзвэл 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Хаан” банкнаас 50.000.000 төгрөгийн зээл авахаас өмнө хохирогч П.Энхтогтох нь шүүгдэгч Б.Маас 8.000.000 төгрөгийн авлагатай байсан, уг мөнгийг Б.М хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, уг авлагатай холбоотой бичгээр үйлдсэн болох бусад баримт 2 талаас гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдэд баримт үйлдээгүй талаар ярьсан байна.

Мөн хохирогч П.Энхтогтох нь банкнаас мөнгө зээлж авахаас өмнө Б.Мд өгсөн 8.210.000 төгрөгийг багтааж нийт 50.000.000 төгрөг зээлсэн гэж мэдүүлснийг яллагдагч хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн “Хаан” банкнаас авсан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл авах болсон шалтгаан нь яллагдагч Б.Мд бэлэн мөнгөний хэрэгцээ гарсны улмаас түүнд мөнгө өгөх зорилгоор зээл авч, авсан зээлийг бэлэн мөнгөөр Б.Мы гэр бүлийн хүний данс руу шилжүүлсэн, Б.М уг мөнгийг хүлээн авч хувийн хэрэгцээндээ ашигласан болох нь зээлийн гэрээ, бэлэн мөнгө дансаар шилжүүлсэн талаарх баримтууд, хохирогч П.Энхтогтох, яллагдагч Б.М, түүний эхнэр Т.Бадамцэцэг, гэрч С.Алтанцэцэг нарын өгсөн мэдүүлэг, “Хаан” банкнаас гаргуулан авсан зээл, зээлийн хүү төлсөн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Хохирогч П.Энхтогтох нь Б.Мд итгэж, түүний ярьсан үйлдэл, хугацаа зааж зээлж авсан мөнгөө бүрэн төлнө гэж итгүүлсэн байдалд нь автаж “Хаан” банктай өөрийн нэрээр зээлийн гэрээ байгуулан уг зээлийг хүү, үндсэн зээлийн хамт банкнаас тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулж улмаар, барьцаа хөрөнгийг чөлөөлж авсан байна. Иймд бодитойгоор төлсөн зээл, зээлийн хүүг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож яллах дүгнэлт үйлдсэн болно.

2. Хохирогч П.Энхтогтохын өмчлөлийн “Ланд-100” загварын 09-03 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулах зөвшөөрлийг П.Энхтогтох өгөхдөө 38.000.000 төгрөгт тооцож зарж борлуулахаар тохиролцсон гэж мэдүүлсэн. Яллагдагч Б.М нь тухайн тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймагт авч очиж М.Хуанган гэх хүнд 400 кг ноолуур 22.000.000 төгрөгт тооцож, “Ланд прадо-95” загварын тээврийн хэрэгсэл 14.000.000 төгрөгт тооцож нийт 36.000.000 төгрөгөөр худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Мөн 14.000.000 төгрөгт тооцож авсан “Ланд прадо-95” загварын тээврийн хэрэгслийг газар дээр нь буюу Баян-Өлгий аймагт 12.000.000 төгрөгөөр үл таних хүнд худалдан борлуулсан. Мөн тухайн үед Баян-Өлгий аймагт ямааны ноолуур 1 кг нь ямар үнэ ханштай борлуулагдаж байсан талаарх лавлагааг Хөдөө аж ахуйн биржээс гаргуулан авч хэрэгт хавсаргасан. Дээрх баримтууд хавтаст хэрэгт цугларсан тул хохирогч П.Энхтогтохын “Ланд-100” загварын тээврийн хэрэгслийн бодит үнийг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар тогтоолгож, уг үнийн дүнг талуудад танилцуулж санал хүсэлтийг нь авсан бөгөөд “Мастер үнэлгээ” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19/107 дугаартай хөрөнгийн үнийн тодорхойлолтод дурдсан 29.000.000 төгрөгийн үнэлгээг хохирогч болон шүүгдэгч 2 тал хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ үнэлгээгээр тээврийн хэрэгсэл залилан мэхэлсний улмаас учирсан хохирлыг тогтоосон.

Мөрдөгч эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгох зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулсан болно.

3. Хохирогч П.Энхтогтохоос өөрийн “Хаан” банк дахь харилцах данснаас 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 40.610.000 төгрөгийг дансны гүйлгээгээр Б.Мы эзэмшлийн данс руу шилжүүлсэн, Б.М тухайн мөнгийг дансаараа хүлээн авч зарцуулсан болох мөрдөн байцаалтын шатанд цугларсан хохирогч П.Энхтогтох, гэрч С.Алтанцэцэг нарын дансны зарлагын баримтууд, шүүгдэгч Б.Мы “Хаан” банк дахь дансны дэлгэрэнгүй мэдээлэл, түүний эхнэр Т.Бадамцэцэгийн дансны дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтуудаар хангалттай нотлогдсон. Мөн хохирогч П.Энхтогтох, яллагдагч Б.М нараас удаа дараалан авсан мэдүүлэгт 2 хүний хооронд дансаар шилжсэн мөнгөн гүйлгээ тус бүрийг он, сар, өдөртэй нь тулган дэлгэрэнгүй мэдүүлэг авч хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч Б.М хохирогчоос харилцах дансаар шилжүүлэн авсан мөнгөн гүйлгээг хохирогчтой хамтран хийж байсан гэх самрын наймаатай холбоотой гэж мэдүүлдэг боловч энэ талаарх баримт нотолгоог мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, түүний мэдүүлэг бусад баримтаар нотлогдоогүй, яллагдагч Б.М дээрх хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүнг 141.000.000 төгрөгөөр тохиролцож хохирогчид хугацаа заан нөхөн төлөхөө илэрхийлж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчийн гэр бүлийн хүн болох С.Алтанцэцэгтэй зээлийн гэрээ гэх баримтыг байгуулж, нотариатаар батлуулсан нь хэрэгт авагдсан байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд цугларсан баримтуудад тулгуурлан Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад, анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүйгээр прокуророор дамжуулан нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/631 дугаартай хэргийг прокурорт буцаасан захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч П.Энхтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Хохирогч П.Энхтогтохын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хохирлын хэмжээг тодорхой баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоосон байхад анхан шатны шүүх тодорхойгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.М нь хохирогч П.Энхтогтохтой 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 141.000.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлнө гэж гэрээ байгуулсан. Гэхдээ тухайн гэрээний хугацаа дуусахаас өмнө Б.М нь үл хөдлөх хөрөнгөө Одбаярт шилжүүлчихсэн байсан. Тэгээд шүүх хуралдаанд Б.М нь “самрын мөнгө байсан” гэх мэт худлаа зүйл яриад хэргийг прокурорт буцаагаад байдаг. Түүнээс уг хэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдсон. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 64.377.000 төгрөгийн хохирлын 50.000.000 төгрөгөөс 41.290.000 төгрөгийн хохирол баримтаар авагдсан боловч 8.710.000 төгрөг хавтас хэрэгт баримтаар авагдаагүй. Үүнийг зөвхөн хохирогчийн мэдүүлгээр тогтоосон. Баримтаар тогтоогдоогүй байхад хохиролд тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. 14.377.000 төгрөгийн зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол юм уу, эсхүл гэмт хэргийн шууд хохирлоос үүссэн хор уршиг, үр дагавар юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа учир шууд хохирол гэж тооцох боломжгүй байна. Б.М болон өмгөөлөгчийн зүгээс “Ланд-100” загварын автомашины үнэлгээн дээр маргахгүй байгаа. Шүүгдэгч уг тээврийн хэрэгслийг авч явж зараад мөнгийг хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Харин 40.610.000 төгрөгийн тухайд Б.М анхнаасаа мөрдөн шалгах ажиллагааны явцад “энэ нь самар наймаалсан буюу Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах харилцаан дээр тулгуурлаж хохирогч П.Энхтогтох тухайн цаг хугацаандаа самраа авчихсан. Самраа авчихаад одоо намайг Цагдаагийн байгууллагад их хэмжээний мөнгө залилсан болгож харагдуулаад байна” гэж мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зөвхөн хохирлын хэмжээг үнэн бодитоор тогтоож өгнө үү гэж хүсэж байгаа. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Б.Мд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүгдэгч Б.Мы гэм буруу болон хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 9 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Б.Мд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/631 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Мд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ