Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярсайханы Ундраа |
Хэргийн индекс | 101/2020/01705/И |
Дугаар | 101/ШШ2020/02289 |
Огноо | 2020-06-23 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2020/02289
2020 06 23 101/ШШ2020/02289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.О
Хариуцагч: Ц.П
Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 9,070,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн У.О нь 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Пид 6,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, хугацаанд нь үүргийг гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан.
У.О нь зээлийн гэрээний дагуу 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн нотариат дээр гэрээг баталгуулахдаа бэлнээр 6,000,000 төгрөгийг өгсөн.
Зээлдэгч нь 2018 оны 9, 10 дугаар сарын хүү төлснөөс өөр үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөөгүй, сураггүй болж өнөөдрийг хүрсэн.
Үндсэн зээл 6,000,000 төгрөгийг Зээлийн гэрээний 3.7-д зааснаар 3,000,000 төгрөгийн алданги, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу зээлдэгчийг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад гарсан зардал буюу улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 9,070,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.
Хариуцагч Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа: У.Оээс зээлж авсан 6,000,000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги гэх 3,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т зээлийг хүлээлгэж өгснөөр гэрээ нь хүчин төгөлдөр болно. Гэрээ байгуулж гарын үсэг зурсан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл биш. Гэрээний дагуу Ц.П нь 6,000,000 төгрөгийг аваад захиран зарцуулсан бол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах асуудал яригдна. Хариуцагч Ц.Пид мөнгө өгсөн эсэх үйл баримт тодорхойгүй байна. Ц.Поос өгсөн мэдээллээр бол У.О нь өөрийн найз н.Боролдойд мөнгө өгсөн гэдэ. Ц.П н.Боролдой хоёр нь хамтарч ажилладаг байсан. н.Боролдой нь У.Оээс мөнгө аваад, зээлийн гэрээг хийчих гээд Ц.Пийг явуулсан. Энэ 6,000,000 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөнгө зээлж авсан хүн нь н.Боролдой. н.Боролдой, Ц.П нар хамтарч ногоо тарьдаг. Гэрээ хийсэн болохоор би төлөх ёстой гэж ойлгоод бичгээр тайлбар өгсөн. Бодитоор мөнгө зээлсэн зүйл миний үйлчлүүлэгчийн хувьд байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.О нь хариуцагч Ц.Пид холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу эрэн сурвалжлуулсан зардал 70,200 төгрөг, нийт 9,070,200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь үндсэн зээл 6,000,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргасан.
Харин хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээг хариуцагч Ц.П байгуулсан боловч зээлийн мөнгийг бодитоор хүлээн аваагүй буюу мөнгийг өөр этгээд захиран зарцуулсан гэх тайлбарыг гаргаж талууд мэтгэлцсэн.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч У.О нь 6,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүйг үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нь уг зээлийн мөнгийг бодитоор хүлээн аваагүй буюу мөнгийг өөр хүн захиран зарцуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч У.Оюундэлгэр, Ц.П нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгчид олгосон болох нь хариуцагч Ц.П болон түүнтэй хамтарч ногоо тарьдаг гэх хүн зээлийн мөнгийг захиран зарцуулсан гэх хариуцагч талын тайлбараар тогтоогдов.
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Харин Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 776 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Пийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж, хариуцагчийн оршин суух хаягийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар олж тогтоосон байх боловч дээрх шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгагдаагүй байх тул гэрээний үүрэг гүйцэтгээгүйгээс учирсан хохирол гэх 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Поос 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,073 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Поос улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА