Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 416

 

                                              Э.У-д  холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гантулгабат,

хохирогч З.С, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/598 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Гантулгабатын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр Э.У-д  холбогдох эрүүгийн 1706 00658 0152 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч овгийн Э-н У, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “М а” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

Э.У нь 2017 оны 01 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны .... тоот 61 м/кв байрыг “манай эгч авах гэж байгаад гадаад явсан” хэмээн хуурч мэхлэн бусдад худалдахаар тохирч, улмаар “Орон сууцны барилга захиалгын гэрээ” байгуулахдаа өөрийн нөхөр Ж.Б-н гарын үсгийг дуурайлган зурж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурамч бичиг баримт ашиглан залилж иргэн З.С-т нийт 55.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.У-д  холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна.

Тус шүүх хэргийг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 2434 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн ба үүнээс хойш хэрэгт авагдсан баримтыг үзэхэд 2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр талд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ, 55 дугаар талд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулсан талаарх тодорхойлолт авагдсан байна.

Яллагдагч Э.У-г 2017 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн С.И-н худалдан авсан .... байрны ... тоот, 61 м/кв байрыг иргэн З.С-т давхардуулан гэрээ хуурамчаар үйлдэн 55.000.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн атал хавтаст хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, 55 дугаар талд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн төлбөр тооцоо барагдуулсан талаарх тодорхойлолт авагдсан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь өөр хүний нэрээр орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, төлбөр тооцоог барагдуулсан баримт авагдсан байх тул энэ талаар зайлшгүй тодруулах шаардлагатай гэж шүүх дүгнэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр Э.У-д  холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Э.У-д  холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Прокурорын зүгээс Э.У гэх хүн залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан тухай асуудалд 1706 00658 0152 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн, улмаар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтооход хангалттай хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах  боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, маргаж буй дээрх үл хөдлөх хөрөнгийг яллагдагч Э.У-н нөхөр Ж.Б нь Д.Н гэх хүнтэй хамтарч барьсан байх ба 1 дүгээр хавтас хэргийн 43 дугаар талд буй Д.Н-н гэрчээр өгсөн мэдүүлэгт тухайн үл хөдлөх хөрөнгө нь анхнаасаа Ж.Б-н эзэмшлийнх гэдгийг тодорхой, дэлгэрэнгүй дурдсан байдаг.

Мөн дээрх гэмт хэрэг нь иргэн Ж.Б, Д.Н нарын 2017 оны 10 дугаар сарын огноотой “Орон сууц захиалан бариулах гэрээ”, төлбөр тооцоо барагдуулсан талаарх тодорхойлолт зэргээс үл хамаарч, өөрөөр хэлбэл, түүнээс өмнө 2017 оны 1 дүгээр сард үйлдэгдсэн болох нь хохирогч, гэрч нарын удаа дараагийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдсон.

Энэ бүгдийг нэгтгэн үзвээс, яллагдагч Э.У-н залилах гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар бүтэн тогтоогдсон ба харин иргэн Ж.Б, Д.Н нарын 2017 оны 10 сард үйлдсэн тухайн баримтууд нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхүйц, шууд ач холбогдол бүхий нотлох баримт биш юм.

Хэрэв анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг эргэлзээтэй бөгөөд хэрэг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой гэж дүгнэж буй бол гэрч Ж.Б, Д.Н нарыг анхан шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд дуудан оролцуулж, шүүх хуралдаанд дахин мэдүүлэг авах байдлаар эргэлзээг тайлах, бодит  нөхцөл байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/598 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч З.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэрэг шийдэгдэхгүй их удлаа. Хэргийг хурдан шийдвэрлүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч З.С-н өмгөөлөгч Д.Саранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэргийг хангалттай удаан шалгасан. Хавтаст хэргийн хүрээнд шүүх хуралдаанд шаардлагатай гэрчүүдийг оролцуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв. 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас хойш маргаж буй үл хөдлөх хөрөнгө өөр хүний нэрээр орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, төлбөр тооцоо барагдуулсан баримт авагдсан тул энэ талаар зайлшгүй тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр Э.У-д  холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тухайлбал, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хугацаанаас хойш маргаж буй үл хөдлөх хөрөнгө хэний нэр дээр шилжихээс үл хамааран Э.У-н тухайн үеийн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор П.Итгэлийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Э.У-д холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.